Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 428

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Д.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******, Д.******* нарт холбогдох 68 бог болон бод мал гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Д.******* нь 1965 онд төрсөн. Би 1985 онд хүү Ц.*******ыг төрүүлж хоёул амьдарч байгаад 1999 онд *******тай ханилан гурвуулаа амьдрах болсон. Миний хүү 2007 онд өрх тусгаарлан гарснаар Д.******* бид 2 хамт амьдрах болсон. Бид хамт амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй. Учир нь Д.******* *******ийн өвчний улмаас 60 хувийн групп тогтоолгосон. Би 2016 оны 09 сарын 10-ны өдөр тархиндаа даралт харвасны улмаас хүний асаргаанд орж, 50 хувийн группт орсон. Ингээд намайг цус харвасны дараа Д.******* нь өвчтэй хүнтэй зууралдаж чадахгүй сална гэж дүү *******гаа дагуулан ирээд 2017 оны 03 сарын 20-ны үед гэр орон, мал хөрөнгөө аваад явсан. Би өөрийн хүү Ц.*******ындоо үлдсэн. Би одоогоор суга таягтай муухан явдаг бөгөөд хүү, бэр хоёрынхоо асаргаанд амьдарч байна. Бид хоёр анх нэг гэрт орохдоо би 65 бог мал, 2 үхэр, 2 адуутай, Д.******* 105 бог, 10 адуу, 5 үхэр, 3 тэмээтэй ирж малаа хамтдаа өсгөн үржүүлж байтал 2009 оны зуднаар манай бод мал бүгд үхэж, 82 бог малтай үлдсэн. Үүнээс хойш мал өсөж 248 малтай болсон. Д.******* *******ийн өвчнөө эмчлүүлэхээр эмнэлэгээр их явдаг, тайван байлгах үүднээс амралт сувилалд их явуулдаг байсан. Би өөрөө голчлон малаа хариулдаг байсан. Ингээд намайг цус харваснаас хойш 248 толгой малнаас надад 5 хургатай хонь, 10 эм ямаа, 10 борлон, 10 эр ямаа, 4 эр хонь, 5 төлөг, 5 бага хонь буюу нийт 54 бог мал үлдээгээд өөрөө дүүтэйгээ 194 толгой малыг туугаад явсан. Тэдний аваад явсан мал нь 2017 оны хавар төллөж одоо бүр 200 гаруй болсон байх. Ийм учраас би хөдөлмөрийнхөө үр шимийг адил тэнцүү хүртэх ёстой гэж үзэж байна. Иймд Д.******* болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.*******гаас 4 тугалтай үхэр, 2 бяруу, 3 шүдлэн үхэр, хязаалан үхэр1, 2 ат тэмээ, 5 эм хонь, 10 төлөг, 5 эр хонь, 10 эм ямаа, 10 эр ямаа, 10 борлон нийтдээ 50-н бог 18-н бод малыг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Талууд 2017 оны 09-р сарын 05-ны өдөр шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Д.*******, түүний төлөөлөгч *******, хариуцагч Д.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.******* бид бүгд байлцсан. Доорхи зүйлийг харилцан тохиролцохдоо:

  1. 3 шүдлэн үхэр / хар халтар үхэр, хүрэн халтар, охин шүдлэн/
  2. 2 тугалтай үнээ өгөхөөр зөвшөөрөв/ *******, *******/ гэжээ Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Д.*******, Д.******* нараас 68 бог болон бод мал гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар харилцан тохиролцож 3 шүдлэн үхэр / хар халтар үхэр, хүрэн халтар, охин шүдлэн/, 2 тугалтай үнээ өгч авалцахаар эвлэрсэн болох нь тэдний шүүхийн өмнө байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Иймд шүүх зохигчдыг эвлэрсэн гэж үзэж эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142950 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :

1. Д.*******гийн нэхэмжлэлтэй Д.*******, Д.******* нарт холбогдох 68 бог болон бод мал гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар харилцан тохиролцож 3 шүдлэн үхэр / хар халтар үхэр, хүрэн халтар, охин шүдлэн/, 2 тугалтай үнээ өгч авалцахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 142950 төгрөгний 71475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 71475 төгрөг, хариуцагчаас 71475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.

4.Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

5.Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ