Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/761

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Энхболд, шүүгдэгч Б.Д-, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М овогт Б-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010009570850 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн М овогт Б-ын Д,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д- нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 51 дүгээр байрны гаднаас иргэн Г.Ж-ы заруулах зорилгоор өгсөн Тоёота ВВ маркийн автомашины мөнгийг итгэл эвдэх аргаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч  Б.Д-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн эмдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлыг үнэлгээнд гарсан үнийн дүнгээр төлсөн, торгуулийн ялыг хуульд заасны дагуу багаар оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Ж- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 7 дугаар сарын 28-нд танил дүү Б.Д- миний автомашиныг зараад өгье гэхээр нь Тоёота ВВ маркийн машинаа 12,000,000 төгрөгөөр заруулахаар харилцан тохирч Б.Д-д худалдан борлуулах итгэмжлэл хийж өгсөн. Ингээд 2019 оны 10 дугаар сард машиныхаа мөнгийг асуухад Ниссан Х Трайл маркийн машинаар сольсон, зөрүү 2,500,000 төгрөгийг дүүгийнхээ хуриманд хэрэглэсэн. Танд өгөх үлдсэн 6,500,000 төгрөгөө машинаа зарчихаад нэг мөр өгье гэсэн. ...2019 оны 11 дүгээр сард Б.Д-тай уулзаад Ниссан Х Трайл маркийн машинаа авья гэхэд асааж чадахгүй байгаа, ...би өөрөө асаагаад танд хүргэж өгье гэхээр нь тухайн машиныг би өөрийн дүү Цэрэнбатын нэр дээр шилжүүлж авахаар болж Автотээврийн газарт Д-гийн хамт очиж, хувьдаа хэрэглэсэн гэх 2,500,000 төгрөгийн үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан. Тэрнээс хойш Б.Д- 54-01 УБМ улсын дугаартай Ниссан Х Трайл маркийн машиныг авчирч өгөөгүй. ...Дараа нь Ч.Батсайхан гэх хүнтэй уулзахад тухайн машин нь тэр хүнийх бөгөөд Д- зарж өгнө гээд өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан гэсэн...” /хх-ийн 16-18, 19/ гэсэн,

 

Гэрч Б.Байгальмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би улаан хүрэн өнгийн 83-46 УНП улсын дугаартай машиныг 2019 оны 07, 08 сарын үед Да хүрээ зах дээр нэг залуутай өөрийн аксио маркийн машинаар солиод зөрүү 1,700,0000 төгрөг бэлнээр өгөөд авсан...” /хх-ийн 30/ гэсэн,

 

Гэрч Д.Хүрэлшагай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тоёота ВВ маркийн улаан өнгөтэй машиныг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод 13 дугаар хороололд 50 гаруй настай эмэгтэйгээс аваад эхнэрийнхээ дансаас 7,460,000 төгрөгийг шилжүүлж авсан...” /хх-йн 31/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...Ж- ах надад 2019 оны 7 дугаар сард ах хөдөө явахдаа машинаа үлдээлээ, чи зарчихаарай гэхээр нь хэдээр зарах вэ гэхэд 8,500,000 төгрөгөөр зараад өгчих гээд Тоёота ВВ маркийн машинаа үлдээсэн. Би тухайн машиныг 2019 оны 08 дугаар сард тухайн машиныг нэг эмэгтэйд 8,500,000 төгрөгөөр зарахаар тохироод эмэгтэйгээс Тоёота Аксио макийн машиныг нь аваад дээр нь 1,700,000 төгрөг бэлнээр авсан. ...Өөрийн гэм бурууг  хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлж барагдуулна... /хх-ийн 104-105/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 13/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 53-54, 57/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 109-116/,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 129, 138-139/,

- Шүүгдэгч Б.Д-гийн хувийн байдалтай холбоотой гэрч С.Даваадоржийн мэдүүлэг /хх-ийн 106/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 36-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 128/,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 131/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 132/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Д- нь нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 51 дүгээр байрны гаднаас иргэн Г.Ж-ы заруулах зорилгоор өгсөн Тоёота ВВ маркийн автомашины мөнгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсаны улмаас түүнд 9,880,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Ж-ы “...2019 оны 7 дугаар сарын 28-нд танил дүү Б.Д- миний автомашиныг зараад өгье гэхээр нь Тоёота ВВ маркийн машинаа 12,000,000 төгрөгөөр заруулахаар харилцан тохирч Б.Д-д худалдан борлуулах итгэмжлэл хийж өгсөн. Ингээд 2019 оны 10 дугаар сард машиныхаа мөнгийг асуухад Ниссан Х-трайл маркийн машинаар сольсон, зөрүү 2,500,000 төгрөгийг дүүгийнхээ хуриманд хэрэглэсэн. Танд өгөх үлдсэн 6,500,000 төгрөг машинаа зарчихаад нэг мөр өгье гэсэн. ...2019 оны 11 дүгээр сард Б.Д-тай уулзаад Ниссан Х-трайл маркийн машинаа авья гэхэд асааж чадахгүй байгаа, ...би өөрөө асаагаад танд хүргэж өгье гэхээр нь тухайн машиныг би өөрийн дүү Цэрэнбатын нэр дээр шилжүүлж авахаар болж автотээврийн газарт Д-гийн хамт очиж, хувьдаа хэрэглэсэн гэх 2,500,000 төгрөгийн үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан. Тэрнээс хойш Б.Д- 54-01 УБМ улсын дугаартай Ниссан Х-трайл маркийн машиныг авчирч өгөөгүй. ...Дараа нь Ч.Батсайхан гэх хүнтэй уулзахад тухайн машин нь тэр хүнийх бөгөөд Д- зарж өгнө гээд өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан гэсэн...” /хх-ийн 16-18, 19/ гэсэн, гэрч Б.Байгальмаагийн “...Би улаан хүрэн өнгийн 83-46 УНП улсын дугаартай машиныг 2019 оны 07, 08 сарын үед Да хүрээ зах дээр нэг залуутай өөрийн аксио маркийн машинаар солиод зөрүү 1,700,0000 төгрөг бэлнээр өгөөд авсан...” /хх-ийн 30/ гэсэн, гэрч Д.Хүрэлшагайгийн “...Тоёота ВВ маркийн улаан өнгөтэй машиныг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод 13 дугаар хороололд 50 гаруй настай эмэгтэйгээс аваад эхнэрийнхээ дансаас 7,460,000 төгрөгийг шилжүүлж авсан...” /хх-йн 31/ гэсэн, шүүгдэгч Б.Д-гийн ...Ж- ах надад 2019 оны 7 дугаар сард хөдөө явахдаа ах нь машинаа үлдээлээ, чи зарчихаарай гэхээр нь хэдээр зарах вэ гэхэд 8,500,000 төгрөгөөр зарчих гээд Тоёота ВВ маркийн машинаа үлдээсэн. Би тухайн машиныг 2019 оны 08 дугаар сард тухайн машиныг нэг эмэгтэйд 8,500,000 төгрөгөөр зарахаар тохироод эмэгтэйгээс Тоёота Аксио макийн машиныг нь аваад дээр нь 1,700,000 төгрөг бэлнээр авсан. ...Өөрийн гэм бурууг  хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлж барагдуулна... /хх-ийн 104-105/ гэсэн мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 53-54, 57/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 109-116/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулах ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэх бөгөөд шүүгдэгч Б.Д-гийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ж-ы эд хөрөнгөд 9,880,000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан /хх-ийн 129, 138-139/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 /хоёр мянган таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн ажил эрхлэлтийн байдал, орлого зэргийг харгалзан торгуулийн ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэх нь зүйтэй.  

 

Эрүүгийн 2010009570850 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Д- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

1. Шүүгдэгч М овогт Б-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Д-г 2,500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 2,500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д- оногдуулсан 2,500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 

5. Эрүүгийн 2010009570850 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Д- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР