Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

 

    Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

Улсын яллагч Б.Эрдэнэбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйийн 107.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г нарт холбогдох 201607000080 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын **-ны өдөр Алтай сумд төрсөн,  ** настай, эрэгтэй, ам бүл 5, ***** хамт ***** оршин суудаг, дээд боловсролтой, Гадаад худалдаа гаалийн менежмент мэргэжилтэй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй Б овогт Б.Г гэв.      

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 6, ***** хамт **** тоотод оршин суудаг, Халх овогт Б-ы Б гэв.

Холбогдсон хэргийн талаар: Б.Г нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр *** ГАЗ улсын дугаартай Мустанг загварын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалант багийн ** тоот хашааны гадна 6 настай М.М-ийг мөргөж бие мах бодид нь хүнд зэргийн гэмтэл учруулж улмаар зам тээрийн осол гарсан талаар зохих байгууллага албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэлгүй осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан,

Бямбачулууны Б нь насанд хүрээгүй хохирогч М.М-ийг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 16-ны өдөр найзуудтайгаа тоглож байхад М гэдэг багын найз маань талаас очиж найзыгаа авах гэсэн юм хамт явъя гээд явсан. Очих үед Э согтуу байсан намайг мотоцикль унаад яваатах гэсэн би найз нь үнэмлэх байхгүй унаж чадахгүй гэтэл зүгээрээ унаад яв найз нь согтуу байна мотоциклио унаж чадахгүй гээд өөрөө машинд суугаад надаар мотоциклио унуулаад явсан. Би найз охин У-ээ Хөрс ШТС дээр очиж уулзсан. Тэр үед Б.Г ирсэн байсан би Б.Гийг намайг очоод аваатах энэ хүмүүс архи уугаад надад уулгах гээд байна би архи уухгүй чи намайг аваад ир гээд бид 2 хамт явсан. Найрамдалын хорооны урдуур яваад нэлээд явж байгаад эргээд харсан чинь Б.Г зогсож байсан. Намайг даллаад дуудаар байхаар нь өмнөөс нь явж байтал хажуугаар явъя явъя гээд гараад явсан. Би эргэж байхдаа харахад цагаан цамцтай хүүхэд доошоо харсан цэнхэр хаалга руу гүйгээд орж байсан. Би юу ч бодоогүй яваад Э-ын хашааны үүдэн дээр очих үед миний утас дуугарсан аваад харах үед Г залгаж байсан. Би утсаа аваад хаана байгаа юм бэ гэхэд Г хойно байна гэсэн. Би чи цэвэр усны энд ирээд намайг авчих гэхэд Г би хүүхэд дайрчихлаа гэсэн. Би юу яриад байгаа юм бэ? хаана дайрсан юм гэхэд сая зогсож байсан газар дайрчихлаа чи манай эхнэр рүү залгаад Наранбаатараар хүргүүлээд ирээч би гэрлүүгээ явлаа гэсэн. Мотоциклийг нь өгөөд буцаж явсан. Г-тэй эргэж ярих боломж байгаагүй найз охин руугаа яриад “нэг цагаан цамцтай охин гүйгээд орж байсан тэр л байх гайгүй байхаа” гэж яриад өнгөрсөн. Манай найз охин Б.Гийн эхнэр рүү ярихдаа “цагаан цамцтай хүүхэд гүйгээд орж байсан” гэнээ гайгүй байх гэж ярьсан байсан. Шөнө унтаж байхад 3 цагийн үед цагдаа нар гэрээс ирээд аваад явсан гэв.

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 16-ны үдээс хойш 17 цаг 30 минутын үед эхнэр Уранчимэгийн хамт Хөрс ШТС дээр очсон тэр үед манай найз Б.Б ирсэн. Би найздаа хүний мотоцикль хүргэж өгнө тэгээд чи намайг буцааж аваад ир гээд бид хоёр хамт явсан. Би араас нь дагаад явж байсан Найрамдлын хороонд явж байхад нэг хашааны хаалга нээлттэй байсан тэр хашаанаас нэг охин шууд гүйгээд гараад ирсэн. Би тормос гишгээд зогсолгүй очоод мөргөсөн. Тэр охин ээжээ гээд уйлж байсан би хажуу тийш нь болгосон тэгээд айж сандраад яваад өгсөн. Өндөрлөгийн тэнд явж байхад Б ярьсан. Би хүүхэд дайрчихлаа чи манайд очоод Н-т хэлээд хүргүүлээд ирээч гэж хэлсэн. Маргааш нь цагдаа ирээд аваад явсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д: Би гэртээ байх үед манай хүргэн хүүхэд тэвэрч орж ирээд мотоцикльтой хүн дайрчихлаа гэсэн. Тэгээд бид нар эмнэлэг явсан. Энэ хүүхдүүд эмчилгээний бүх зардалыг дааж хүүхдийг маань босгож ирсэн. Бидний зүгээс гомдолгүй байна. Харин хүүхдэд маань одоо нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх тул дараа нь гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хавтаст хэргийн 60-р хуудас гэрч Б-ийн мэдүүлэг, 58-рт Э-н мэдүүлэг, 60-рт С-ын мэдүүлэг, 66-рт 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 175 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтад үзлэг хийв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хүсэлтээр: 2016 оны 05 сарын 31-ний өдрийн автын байцаагчаас гарсан шинжээчийн дүгнэлт, 116-рт ял шалгуулах хуудас, шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт, хохиролд өгсөн бэлэн мөнгөний болон кассын баримт зэрэг зарлагын баримууд зэрэг нотлох баримтад үзлэг хийв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Хавтаст хэргийн 44-45-рт насанд хүрээгүй гэрч Э-н мэдүүлэг, 55-56-рт гэрч У-ийн мэдүүлэг, 133-рт гэрч Т- мэдүүлэг, 134-рт М-ын мэдүүлэг, 135-рт багш Б-тын тодорхойлолт, 150-рт ял шалгах хуудас зэрэг нотлох баримтад үзлэг хийв.

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр **** улсын дугаартай Мустанг загварын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Жаргалант багийн 2-4 тоот хашааны гадна 6 настай М.М-ийг мөргөж бие мах бодид нь хүнд зэргийн гэмтэл учруулж улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв бөгөөд түүний гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогч М.М-ийг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй зориуд орхисон гэх үйлдэл нь яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Б.Б нь Даюун загварын мотоцикль, шүүгдэгч  Б.Г нь 36-34 ГАЗ улсын дугаартай Мустанг загварын мотоцикль унаж явсан бөгөөд улмаар осол болсон гэх тухайн цаг хугацаанд шүүгдэгч Б.Б нь Б.Гийн  урд явж байсан ба уг осол болсон гэх газрын нөхцөл байдлаас шалтгаалан осол гарсан эсэхийг  мэдэх бололцоогүй байсан, улмаар өөр цаг хугацаа, газар оронд шүүгдэгч Б.Гтэй утсаар ярьж мэдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон тухайн осол болсон гэх газрын нөхцөл байдлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон насанд хүрээгүй гэрч М.Энхжаргалын мэдүүлэгүүдээр нотлогдож байх тул бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь туслах бололцоотой бөгөөд халамжлах үүрэгтэй этгээд тусламж үзүүлээгүй зориуд  орхисон гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Гт холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсгүүдэд зааснаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Б.Гт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Гийн эзэмшлийн 36-34 ГАЗ улсын дугаартай хөх өнгийн Мустанг маркын мотоцикль, иргэн Б.Энхжаргалын эзэмшлийн улсын дугааргүй шар өнгийн Да Юун маркын мотоциклийг тус тус битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Г нь 3 хоног цагдан хоригдсон, Б.Б нь цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид нийт 5.011.560 төгрөгний хохирол төлсөн бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.         Шүүгдэгч Б овогт Б.Г-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Б-ны Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.         Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нь багтааж, Б.Г-ийн жинхэнэ эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Г-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Г-т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.

7. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Б.Г нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

8. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс ялтан Б.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар битүүмжилсэн ялтан Б.Г-ийн эзэмшлийн 36-34 ГАЗ улсын дугаартай хөх өнгийн Мустанг маркын мотоцикль, иргэн Б.Энхжаргалын эзэмшлийн улсын дугааргүй шар өнгийн Да Юун маркын мотоциклийг тус тус битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Б.Г-ийн 36-34 ГАЗ улсын дугаартай мотоциклийн 00722164 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0771656 дугаартай автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээг өөрт нь буцаан олгож, 783792 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлсүгэй.

11. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан Б.Г нь 3 хоног цагдан хоригдсон, Б.Б нь цагдан хоригдоогүй,  тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид нийт 5.011.560 төгрөгний хохирол төлөгдсөн  бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.МӨНХТУЯА