Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2014/0096

 

Ч.О, Л.Ц, Л.Ч нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Ч.О, Л.Ц, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.О, Л.Ц, Л.Ч нарын нэхэмжлэлтэй, Улаанбаатар хот дахь Гаалийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "... Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэгч нарт холбогдох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "... Гаалийн байгууллагын шат шатны албан тушаалтнууд уг автомашин нь БТКУС-ийн 87.03-т хамаарах тээврийн хэрэгслийн шалгуур үзүүлэлт /а,Ь,сДе/-тэй бүрэн тохирч байгаа тул БТКУС-ийн зүйл 87.03-т хамаарах хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй тээврийн хэрэгсэл гэж үзэж шийдвэр гаргасан байгаа бөгөөд Олон улсын гэрээ, Монгол Улсын хууль, Улсын Дээд шүүхийн тайлбарыг үндэслэн уг автомашинд онцгой албан татвар ногдуулж төлүүлэх нь хуульд нийцэж байх тул энэ асуудлыг авч хэлэлцэн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: Онцгой албан татварын тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.О, Л.Ч, Л.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын "... Бүгд Найрамдах Солонгос Улсаас импортолсон автомашиныг суудлын автомашинд хамааруулж онцгой албан татвар ногдуулахаар шийдвэрлэсэн” шийдвэрийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1/229 албан тоотоор ИрүүлсниЙГ 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гардан авч, танилцаад шүүгчийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Иргэн Ч.О, Л.Ч, Л.Ц нар нь 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр БНСУ-аас “Ззапдуопд Когапбо” маркийн КРАБЕ4М81ҮР099330, КРА1_А4А01ХР070163, КРА1Е4М812Р160374 арлын дугаар бүхий автомашинуудыг Туушин дахь гаалийн хяналтын бүсээр оруулж, гаалийн бүрдүүлэлт хийлгэхээр мэдүүлсэн.

Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар дээрх автомашинуудад үзлэг хийж, Дэлхийн гаалийн байгууллагын уялдуулсан системийн хорооны зөвлөмж, Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэм, Улсын дээд шүүхийн “Онцгой албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтын тайлбарлах тухай” 2007 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар тогтоолын нэгд заасныг үндэслэн Барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн 87.03-р зүйлд хамруулан дүгнэлт гаргасан.

Иргэн Ч.О, Л.Ч, Л.Ц нар нь тус гаалийн газраас гаргасан шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч Гаалийн ерөнхий газарт хандсан бөгөөд Гаалийн ерөнхий газрын барааны ангилал, үнэлгээ хариуцсан нэгжийн албан тушаалтнууд гомдлыг нягтлан шалгаж, автомашинд үзлэг хийн Улаанбаатар хот дахь гаалийн газрын шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэн Гаалийн татвар, тарифын газрын дарга Ц.Гэндэнцэвээний гарын үсэг бүхий 03-1/1781, 03-1/1782, 03-1/1783 дугаар албан бичгээр 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуг өгсөн болно.

  1. Уг тээврийн хэрэгсэлд тус гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар болон ГЕГ ын ажилтнууд үзлэг хийхэд доорх нөхцөл байдал тогтоогдсон байна. Үүнд:

 

  • Үйлдвэрлэгч: Ззапдууопд то^огз
  • Гарал үүсэл: БНСУ
  • Марк: Ззапдуопд Когапс1о
  • 2 хүний суудалтай, жолоочийн ард тээшний хэсэгтэй
  • Тээшний хэсэгт суудал, суудлын бүс, бариул суурилуулах зориулалтын бэхэлгээний нүхтэй
  • Тээшний хэсгийн 2 хажуу талд хуванцар битүү панельтай
  • Панельны дотор талд параллель 2 төмөр хамгаалалт суурилуулсан
  • Жолоочийн эгнээний хэсэг тээшний хэсгийн хооронд хөдөлгөөнгүй суурилуулсан битүү хаалтгүй
  • Үйлдвэрийн бус аргаар хашлага суурилуулсан
  • Тээшний хэсэг ба зорчигчийн салон бүхэлдээ нэг бүхээг, нэг гэрэлтүүлэг, нэг доторлогоотой байна.
  1. Улсын Дээд Шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 12 ны өдрийн 13 дугаар тогтоолд “Суудлын автомашин гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон БТКУС-ийн тухай 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ОУ-ын конвенцын 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно. Түүнчлэн автомашины үндсэн онцлог шинжийг хадгалж буй бүрэн бус суудлын автомашин болон суудлын автомашины анхны зориулалтыг нь өөрчилсөн тээврийн хэрэгсэл үүнд хамаарна” гэж тодорхой тайлбарласан байна. Дээр дурдсан үзүүлэлтүүдийг харахад энэ тайлбарт бүрэн нийцэж байгаа ба хуулийг хэрэгжүүлэхдээ ямар ч субъект өөрийн ойлголтоор хандах, тайлбарлах, дүгнэлт гаргах эрх зүйн зохицуулалт, боломж байхгүй бөгөөд тэр тусмаа Улсын дээд шүүхийн тайлбарласан асуудлыг анхан шатны шүүхийн шүүгч буруу тайлбарлаж, хэрэглэх нь зүйд нийцэхгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийн 5 дахь нүүрний “Үндэслэх нь" хэсэгт “БНСУ- аас импортолсон автомашиныг суудлын автомашинд хамааруулж онцгой албан татвар ногдуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэлээ” хэмээн илт хүч нэмэгдүүлсэн, хэт нэг талыг барьсан дүгнэлт өгч, онцгой албан татварын тухай хуулийн зарим зүйл, заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэхээр гаргасан Улсын дээд шүүхийн тайлбартай авцалдаагүй, хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн, яагаад хууль бус гэж дүгнэсэн нь тодорхойгүй байх ба шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн байна. Учир нь тухайн томилсон шинжээч нь барааны талаар дүгнэлт гаргаж болох боловч энэ дүгнэлт нь 87.03-т заасан хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай машин уу, 87.04-т заасан ачааны машин уу гэдгийн алийг илэрхийлэх вэ? Гадаад худалдаанд барааны ангиллыг гагцхүү олон улсын конвенцын дагуу уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрмийг баримтлан тогтоодог ба үүнд шинжээчийн дүгнэлт ямар үүрэгтэй вэ? гэдэг анхаарал татаж байна.
  2. Шүүгч шийдвэртээ /7 дугаар нүүрний эхний өгүүлбэр/ Корандо маркийн автомашинууд үйлдвэрээсээ “ачааны” зориулалтаар үйлдвэрлэсэн байх бөгөөд уг зориулалтыг өөрчлөөгүй болох нь ... тогтоогдож байна” гэжээ. Энэ төрлийн тээврийн хэрэгслийн үйлдвэрээсээ ачааны зориулалттай байна гэж юуг үндэслэн дүгнэсэн юм бол? Илт ачааны тэвштэй, даацын нумтай эсхүл зохион бүтээгч нь баталсан юм болов уу? гэмээр ...

Харин Корандо маркийн автомашин нь үйлдвэрээсээ огт ачааны зориулалтаар үйлдвэрлэгддэггүй, энэ загварыг анх Мерседес Бенз үйлдвэрийн Зеер Си~7 загварын лицензээр үйлдвэрлэж эхэлсэн байх ба одоогоор 5 загварын Корандо кабриолет, Корандо универсал гэсэн 2 төрлийн суудлын 3 хаалга бүхий, туулах чадвар сайтай суудлын машин үйлдвэрлэдэг тухай олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Википедия сайтаас Ззапдуопд Когапбо гэж бичин хайлт хийхэд л тодорхой харагдаж байна. Мэдээлэл технологи өндөр хөгжсөн өнөө үед хэн ч иймэрхүү мэдээллийн олж авах, ашиглах боломжтой.

Нөгөө талаар анхан шатны шүүхийн шүүгч Монгол Улсын нэгдэн орсон конвенцоос цөөнгүйг иш татаад "... гэж зааснаас үзэхэд уг конвенцод нэгдсэн улсууд нь аливаа барааг аль болох ижил байдлаар уялдуулан тодорхойлох, экспорт, импортын мэдээ нь үйлдвэрийн статистик, мэдээтэй аль болох холбоотой байлгах зорилгоор барааны ангиллын жагсаалт гаргаж түүнийг мөрдөхийг зөвшөөрсөн байна” өөрийнхөө ойлголтоор дүгнэсэн байх ба тийнхүү ойлгосон бол БНСУ-ын Корандо маркийн автомашин нь огт ачааны зориулалтаар үйлдвэрлэдэггүй байхад ачааны зориулалттай гэж гаалийн бүрдүүлэлт хийн. статистик мэдээ гарвал улсад учрах хохирлыг эс тооцдог юмаа гэхэд Монгол Улсын гаалийн байгууллага, цаашилбал Монгол Улсын нэр хүндэд хэрхэн нөлөөлөх вэ? гэдгийг бодолцон асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй байжээ.

Түүнчлэн, гаалийн байгууллагын хэд хэдэн шатанд мэргэжлийн түвшинд шалгаж тогтоосон шийдвэр, дүгнэлт нь ижил байгаагийн учрыг тунгаах, түүний дүгнэснээр илт хууль зөрчин байж ийнхүү шийдвэрлэх субьектив санаа зорилго байгаа эсэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй байсан.

  1. Корандо маркийн автомашины ангилал, гаалийн татвартай холбоотой маргаан өмнө нь нэг бус удаа гарч, захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байсан ба ийнхүү шийдвэрлэхдээ 87.03 буюу суудлын автомашин гэсэн шүүхийн шийдвэр гарч, нэхэмжлэгчийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож байсан болно. Тухайлбал, 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн

шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалсан шүүх хуралдаанаар “Иргэн Л.Лаагансүрэнгийн Корандо маркийн машиныг суудлын автомашины ангиллаар ангилсан нь үндэслэлгүй” гэсэн нэхэмжлэлийг шүүн хэлэлцэж, 282 тоот шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг.

Шүүхийн байгууллага нь нэг төрлийн хэрэг маргааныг шүүгчдийн мэдлэг чадвар, туршлага, хувь хүний үзэл бодол, нэхэмжлэгчийн хэн байхаас шалтгаалан өөр өөрөөр гаргадаггүй гэдэгт бид итгэдэг. Түүнчлэн, гаальчид илт хууль зөрчин, мэргэжлийн алдаа гарган байж татвар хураадаг, тэдний гаргасан алдааг шат шатанд шалгахдаа хамгаалдаг удирдлагуудтай гэж ойлговол томоохон эндүүрэл болох биз.

Гаалийн байгууллагын ажилтнууд хууль тогтоомжийн дагуу үүргээ биелүүлсэн, түүний зөв бурууд удирдлага болон дээд газраас нь хяналт тавьж, мэргэжлийн түвшинд дүгнэлт өгснийг илт хууль бус гэж хөнгөмсгөөр дүгнэх нь бүхэл бүтэн хамт олны ажлын үр дүнг үл тоомсорлосон байх ба ийнхүү гаргасан шийдвэр нь ашиг хонжоо хайгч, гаалийн зөрчилд холбогдогчдод гаалийн болон бусад татвараас зайлсхийх боломж бүрдүүлэх, хойшид энэ төрлийн зөрчилд жишиг тогтоох, улсын төсөвт багагүй хохирол учруулах сөрөг үр дагавартай.

Дээр дурдсанаар хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримтад суудлын автомашины /БТКУС-ийн 87.03-аар зүйл/ шалгуур үзүүлэлтүүдийг хангалттай хангасан, Монгол улсын дээд шүүхийн тайлбар /2007.03.12-ны өдрийн дугаар 13/-Т “Суудлын автомашин гэдэгт Монгол Улсын нэгдэн орсон БТКУС-ийн тухай 1983 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ОУ-ын конвенцын 87.03 ангилалд хамаардаг, хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашиныг ойлгоно. Түүнчлэн, автомашины үндсэн онцлог шинжийг хадгалж буй бүрэн бус суудлын автомашин болон суудлын автомашины анхны зориулалтыг нь өөрчилсөн тээврийн хэрэгсэл үүнд хамаарна” гэж тодорхой зааж, мэргэжлийн байгууллагын хяналтын шатнаас эрх зүйн үндэслэлтэй шийдвэр гэдгийг тогтоосон төдийгүй энэ төрлийн хэрэг маргааныг шийдвэрлэж ирсэн шүүхийн практик байсаар байтал Шүүгч С.Мөнхцэцэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц болон хуулийг тайлбарлах оролдлого хийж, мэргэжлийн бус хөндлөнгийн шинжээч томилох замаар Улаанбаатар хот дахь гаалийн газрын шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, иргэн Ч.О, Л.Ч, Л.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангах шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн, илтэд нэхэмжлэгчийн талд үйлчилсэн шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх Монгол Улсын нэгдэн орсон “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” /цаашид “Уялдуулсан систем" гэх/ олон улсын конвенцын холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Барааг гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалтад хамааруулах, түүнчлэн гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээг эрхлэн гаргах зорилгоор Уялдуулсан системийг хэрэглэнэ”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Мэдүүлэгч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ангиллын кодыг Уялдуулсан системийн дагуу тодорхойлно” гэж заасны дагуу барааны ангиллыг тодорхойлоход Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг буюу “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай” олон улсын конвенцыг баримтлан тогтоох нь зүйтэй.

Гэтэл шүүх нэхэмжлэгч нарын тайлбар, автомашины бүртгэлийн гэрчилгээ, тодорхойлолт, шүүхээс томилогдсон шинжээч Авто тээврийн үндэсний төвийн Баянгол салбарын дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад баримтуудад үндэслэн Бүгд Найрамдах Солонгос Улсаас нэхэмжлэгч нарын импортолсон КРА1_Е4М812Р160374, КРА1_Е4М81 ҮР099830, КРА1_А4А01ХР070163 арлын дугаартай Корандо маркийн автомашинууд нь үйлдвэрээсээ ачааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн бөгөөд уг зориулалтыг өөрчлөөгүй нь тогтоогдсон гэсэн нь буруу дүгнэлт болсон байна.

Учир нь хэдийгээр тухайн автомашины бүртгэлийн гэрчилгээ, тодорхойлолтод үйлдвэрээсээ ачааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн гэх боловч энэ баримтыг машины зориулалтыг тогтооход дангаараа хэрэглэгдэх хөдөлшгүй баримт гэж үзэх боломжгүйн дээр гаалийн тарифын болон тарифын бус хязгаарлалттай холбоотойгоор машины зориулалт, ангиллыг тогтооход автомашины үйлдвэрлэгчийн баримтыг бус Уялдуулсан системийг баримтлах ёстой.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтын нэг болох Автотээврийн үндэсний төвийн Баянгол салбарын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 87 дугаар бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт нь “бодит байдал дээр болон арлын дугаар кодыг үндэслэн дүгнэлт гаргав” гэсэн боловч нэхэмжлэгч нарын импортолж авчирсан автомашинуудын техникийн тодорхойлолт, арлын дугаарыг үндэслэн шүүхээс тавигдсан асуултад хариулт өгч, "... жолоочийн ард талын хэсэг нь ачаа ачих зориулалтаар үйлдвэрлэгчээс тоноглогдсон хамгаалалтын бүсгүй, цонх тусгаарлагч хаалттай, үнсний сав байхгүй” гэх зэргээр ачааны машин гэсэн дүгнэлт хийснээс биш Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцын Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрмийн дагуу аль ангилалд хамаарахыг тогтоох тээврийн хэрэгслийн шинжүүдийг тусгай мэдлэг ашиглан шинжлэн дүгнэсэн гэхэд учир дутагдалтай, уг дүгнэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийн ангиллыг тогтооход ач холбогдол багатай байх тул шинжээчийн тус дүгнэлтийг машины зориулалтыг тогтооход ач холбогдолтой баримт гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч нарын импортолсон Ззапуопд Когапбо автомашины хувьд хэдийгээр жолоочийн ард талын хэсэг нь үйлдвэрлэгчээсээ тоноглогдсон хамгаалалтын бүс байхгүй, цонх тусгаарлагч хаалттай, үнсний сав байхгүй1 зэрэг нь Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрмийн 87.04-т заасан “жолоочийн эгнээний хойд хэсэгт зорчигчийн тав тух, аюулгүй байдлыг хангах хэрэгслээр тоноглогдоогүй, үнсний савгүй зэрэг” шинжүүдтэй таарч байх боловч тээшний хэсэгт суудал, суудлын бүс, бариул суурилуулах зориулалтын бэхэлгээний нүхтэй, тээшний хэсгийн 2 хажуу талд шилэн цонхтой, хоёр хажуу талдаа цонхтойгоос гадна хойд талдаа гадагшаа онгойдог хаалгатай, тээврийн хэрэгслийн салон нь бүхэлдээ зорчигчийн хэсэгтэйгээ адил доторлогоотой, нэг бүхээг, гэрэлтүүлэгтэй байгаагаас үзвэл Уялдуулсан системийн 87.03 ангиллын буюу хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй суудлын автомашины шинжийг агуулж байна.

Шүүх шийдвэртээ “анхнаасаа ачааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн, зориулалт тоноглолыг ямар нэг хэлбэрээр өөрчлөөгүй, Бүгд найрамдах солонгос улс “ачааны автомашин” гэсэн ангиллаар экспортолсон, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон барааг дагалдах бүхий л бичиг баримтаар эргэлзээгүй тогтоогдож байна” гэж үзсэн боловч шүүхийн дээрх дүгнэлтэд үндэслэл болгосон баримтууд нь машины зориулалтыг тогтоох эргэлзээгүй нотлох баримт болж чадахгүй байх тул уг автомашинд үзлэг хийсний дагуу Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэмд заасан тээврийн хэрэгслийн ангиллын аль шинжийг агуулж байгааг нь харьцуулан дүгнэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

Ийнхүү Корандо автомашиныг гаалийн бүрдүүлэлт хийхэд зөвхөн ачааны зориулалттай автомашин гэж дүгнэх боломжгүй, Уялдуулсан системийн 87.03-т заасан тээврийн хэрэгслийн шинжийг агуулж байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсанаар суудлын автомашины анхны зориулалтыг өөрчилсөн тээврийн хэрэгсэл суудлын машинд хамаарахаас бус Корандо автомашин нь анхнаасаа ачааны зориулалттай байсан” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.О, Л.Ц, Л.Ч нарын “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэгч нарт холбогдох шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧИД

 

 

П.СОЁЛ-ЭРДЭНЭ