Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 38

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:         

          прокурор С.Цэрэндорж,

          шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Ц.Батмөнх,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э,

          нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Ц.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Б-д холбогдох 1803 0080 80406 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Д-гийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Завхан аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ............, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ......................тоотод оршин суух, /РД:............../;

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Д.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МИАТ” Төрийн өмчит ХК-ийн катерингийн төвийн 1 давхарт “Нүхт Тур” ХХК-д ачигчаар ажиллаж байхдаа агаарын худалдааны тэргэнцрээс 1226 ам.доллар буюу 3.178.926 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-гийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Д.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Ц.Батмөнх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ яллах талыг сайн дүгнэсэн атлаа цагаатгах талын хэргийн холбогдогчийн ар гэр, ахуй амьдрал, ирээдүйн амьдралынх нь нөхцөл байдал, өмгөөлөгч аваагүйн учир холбогдлыг шүүгдэгч ойлгож байгаа зэргийг нягтлан шалгаагүй шийдвэрлэсэн нь шийдвэр гаргаж болох дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

- Хэргийн материалтай танилцахад хэрэгт холбогдогчид эрх, үүргийг өөрт нь ойлгомжгүйгээр тайлбарлаж өгснөөс түүний зарим эрх ноцтойгоор зөрчигдсөн байна.

Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаа эхэлж, улмаар мэдүүлэг авч эхлэхэд өмгөөлөгч авах эрхийг нь хангаж өгөөгүй нь “чиний хэрэг тодорхой юм байна чи өөрөө хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо бүрэн төлснөөс хэрэг тань гайгүй шийдэгдэх юм иймд өмгөөлөгч аваад бөөн зардал гаргаж байснаас хуульд зааснаар өмгөөлөгч авалгүйгээр дуусгачих” гэж буруу ойлголтыг өгснөөс хэрэгт холбогдогч Д.Б- “тийм юм байлгүй” гэж бодоод “шүүх хуралдаан болох хүртэл өмгөөлөгчгүй орно” гээд хэлсэн. Түүнээс заавал хорих ял авах байсан бол би өмгөөлөгч авах байсан. Нөгөөтэйгүүр мөрдөгч “чиний хэрэг хөнгөн хэрэг, өмнө нь хэрэг үйлдсэн чинь дахин гэмт хэрэг үйлдсэн гэж тооцогдохгүй. Эрүүгийн шинэ хуулиар шалгагдаж байгаа юм чинь анх удаагаа гэж явна, иймд тэнсэнгийн ял авах боломжтой” гэж хэлж байсан нь түүнийг төөрөгдүүлсэн явдал болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан ... яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.”, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн заалтуудыг хэрэгжүүлэхэд тухайн эрх бүхий албан тушаалтан нар онцгой анхаарсангүй гэж үзэж байна.

Учир нь, прокурор нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд болон 6 сарын хугацаагаар хорих ял авахад гомдолгүй гэдэг нь өөрөө өөрийгөө өмгөөлөх эрх нь зөрчигдөж байна. Мөн мөрдөгч нь “миний өрөөг тохижуулж өгөөрэй тэгвэл хурдан шийдвэрлүүлэх болно” гэхчлэнгээр дарамтлан өөрийн ажлын байрны өрөөг өөрөөр нь болон эцэг, эхээр нь мөнгө гаргуулан тохижуулж авсан байгаа зэрэг нь хууль бус аргаар албан тушаалаа ашиглан мөрдөх үйл ажиллагааг явуулсан байна. Энэ тухай асуудлаар мөрдөн байцаагч н.Батцэнгэлд зохих арга хэмжээг авахуулахаар холбогдох газарт нь хандах болно.

Шүүх хуралдаан болонгуут шүүгдэгчийн ар гэрийнхэн өмгөөлөгч миний биетэй уулзан, өмгөөлөгч авна гэсээр байхад өмгөөлөгчгүй шүүх хуралдаан хийж, хорих ял аваад явчихсан, бид учрыг нь олохгүй байна та өмгөөлөгчөөр ороод өгөөч гэж хүсэлт ирүүлэхэд нь түүний эцэг Р.Даваахүүтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан хэргийн материалтай танилцахад мөрдөгчийн мэдүүлэг авах үеэс өмгөөлөгч авахгүй, хэргээ хүлээн зөвшөөрч байна, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, улсын яллагчийн гаргасан 6 сарын хугацаагаар хорих ялыг зөвшөөрч байна, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэх мэтчилэн татгалзсан нь хуульд заасан шаардлагыг хангасан байна гэсэн хариуг эцэг, эх хоёрт нь тайлбарлаж өгсөн болно. Харин эцэг, эх нь мөрдөн байцаагч нь танай хүүхдийн хэрэг гайгүй шийдэгдэнэ ээ, өмгөөлөгч авах шаардлагагүй, хурдан шийдвэрлүүлэх болно гэж байсанд бид итгэсэн болно гэв.

Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад өмгөөлөх эрхээр хангахын тулд шүүх түүнээс лавлахад /урьд нь дарамтад ороод татгалзаж байсан тул/ өмгөөлөгчгүй бөгөөд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэж шүүгдэгч Д.Б- мэдүүлжээ. Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж чадах чадвар, түүний хор уршгийг ойлгож байгаа зэргийг өөрөө ойлгож байгааг тодруулах нь чухал юм.

Харин шүүх үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2, 4.3, 4.4, 4.5 дахь заалтыг зөрчсөн нь мөрдөгчийн буруутай үйлдлээс эхлэлтэй бөгөөд мөн зүйлийн 4.6 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг шүүх орхигдуулсан гэж үзэж байна. Хууль зүйн эсрэг үр дагаврыг сайн ойлгуулсан бол өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч авах, хялбаршуулсан журмаар ял оногдуулах, хорих ял авах зэргээс урьдчилан сэргийлж чадах байсан ба шүүгдэгч зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжтой байжээ. Үүнийг шүүхээс баталгаажуулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй тодорхой байна. Нөгөө талаар нэгэнт өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхээр хангасан учир өөрийгөө хорих ялаас хөнгөлөх /цагаатгах/ талаар ямар нэгэн тайлбар хийж чадаагүй нь харагдаж байна. Өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаан дээр “боломжтой бол шүүхээс тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэсэн ганц өгүүлбэр хэлсэн нь өөрийгөө өмгөөлсөн гэж үзэхэд хангалттай биш байна гэж үзэж байна. Харин яаж эвлүүлж хэлж чадав гэдэг нь эргэлзээтэй.

Өөрөөр хэлбэл, түүний ар гэрийн амьдрал хүнд байгаа талаар нэг ч дурдсангүй. Эцэг нь групптэй бөгөөд зүрхний хавдартай, одоо эмнэлэгт хэвтэж  байгаа бөгөөд эрүүл мэндийн хүнд байгаа, хүүгээ хүлээсээр өнөө маргаашаа хүлээн эмчлүүлж байна, эх нь тэтгэвэрт гарсан нөхрөө сахин эмнэлэгт хамт байгаа. Энэ айлын гар хөл нь болж байгаа ганц хүүхэд нь шоронд орсон зэрэг нь энэ өрхийн ар тал бүрхэг болж байгааг эрхэм шүүгчид анхаарч өгнө үү.

Иймд Д.Б-д оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, түүний улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж хохиролгүй болгосон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний ар гэр, хувийн байдлыг харгалзан мөн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.Б- нь учруулсан хохирлоо төлсөн. Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдлуудыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Д.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МИАТ” Төрийн өмчит ХК-ийн катерингийн төвийн 1 давхарт “Нүхт Тур” ХХК-д ачигчаар ажиллаж байхдаа агаарын худалдааны тэргэнцрээс 1226 ам.доллар буюу 3.178.926 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э /хх-36-40/, гэрч Л.Б /хх-44-47/, М.Б /хх-48-51/, Т.Ө /хх-56-58/, Г.Т /хх-59-61/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/644 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-7-16/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-3, 4-6/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-17-18/, эд зүйл хурааж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-19, 20-21, 22, 24/, мөнгө хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх- 23, 25/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-27-30/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-31-32, 33-35/, хохирол төлсөн баримт /хх-85/, Д.Б-гийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэлийг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Ц.Батмөнх давж заалдах гомдолдоо: “... Д.Б-д оногдуулсан 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, түүний улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж хохиролгүй болгосон, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний ар гэр, хувийн байдлыг харгалзан мөн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Д.Б-д хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч гарын үсэг зуруулан, өмгөөлөгч авах эрхээр хангасан байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцохоо илэрхийлсэн болно.

Мөн хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал танилцуулан, яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан” тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг төлсөн хэдий боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэн үзэх, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Ц.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 552 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Ц.Батмөнхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ