| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2018/0587/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/598 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/598
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц овогт Ж-ийн Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 18100 2256 0717 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сод Монгол” группийн 40 дүгээр салбарт ээлжийн ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ц овогт Ж-ийн Б- /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцаас Н.Д-ийн гээгдүүлсэн шатахууны картыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 1.413.153 төгрөгийн түлш авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.Б-өөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно. Би бичиг, үсэг мэднэ, бүрэн бус дунд боловсролтой. Би 1-3 насны 2 хүүхэдтэй. Манай эхнэр одоо жирэмсэн. Хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Миний сарын үндсэн цалин 360.000 төгрөг, шатахууны борлуулалтын мөнгө нэмэгдээд ойролцоогоор 600.000-700.000 төгрөгийн цалин орлоготой. Тухайн үед автобусны буудал дээр нэг танихгүй эгч тухайн шатахууны картыг авчирч өгсөн. Тэгээд би картанд бүртгэлтэй байсан утасны дугаар руу залгахад холбогдохгүй байсан. Шатахууны үнэ 2100 төгрөг байсан. Би 1 литр шатахууныг 1800 төгрөгөөр зарж, 1.200.000 төгрөг авсан. Би хүнээс зээлээд хохиролд 1.486.294 төгрөг төлсөн. Би мөрдөн байцаагчид “өр төлбөрөө төлж барагдуулна, битгий байгууллагад мэдэгдээ ч, ажилгүй болчихвол үр хүүхдээ тэжээж чадахгүй” гээд гуйсан юм. Би авсан мөнгөө хадгаламж зээлийн хоршоонд зээлтэй байснаа төлж барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний 3 хүүхдийг бодоод хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэв.
Эрүүгийн 18100 2256 0717 дугаартай хэргээс:
1. Хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Б-гаас мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н.Д- нь 2015 оноос манай Зорчигч Тээврийн Нэгтгэл Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 1 дүгээр баазад автобусны жолоочоор ажилд орсон. Н.Д- нь өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл өгөөд тойрох хуудсаа зуруулж байх хугацаанд буюу 2018 оны 08 дугаар сарын сүүлээр манай санхүүгийн албанаас “жолооч Н.Д- нь байгууллагын шатахууны картнаас их хэмжээгээр буюу картанд байсан бүх мөнгөөр түлш авсан байна” гэсэн мэдээлэл өгсөн. Үүний дагуу жолооч Н.Д-ийг дуудаж уулзахад “2018 оны 08 сарын 10-ны өдөр хамгийн сүүлд ажилдаа гарахаасаа өмнө түлшээ хийчихээд, тэрнээс хойш картаа олохгүй байгаа, хаана хаясанаа мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, байгууллагын өмчит картыг гээгдүүлсэн гэсэн асуудлаар албаны хурлаар оруулж, өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлсөн. Байгууллагад учирсан 1.413.513 төгрөгийг Н.Д- өөрөө бүрэн төлж барагдуулсан. Картыг бид нар үнэгүй авдаг учраас манай байгууллагын зүгээс үнэлэх боломжгүй. Картын мөнгө нэхэмжлэхгүй. Манай байгууллага жолооч Н.Д-оор хохирлоо бүрэн төлүүлсэн учир ямар нэгэн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй. Жолооч Н.Д- өөрийнхөө хохирлыг барагдуулж авах талаар явах байхаа. Манай байгууллагын зүгээс цагдаад гаргасан гомдол байхгүй. Шүүх хуралд оролцохгүй, хэргийн материалтай танилцахгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-16х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Д-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би ажилдаа гарахдаа шатахууны картаараа 54 литр түлш авсан. Маргааш нь дахиад ажилдаа гарахаасаа өмнө түлш авах гээд картаа хайгаад үзтэл олоогүй учраас гэрт байгаа байх гэж бодсон. Тэгээд тэр үедээ хөдөө яаралтай ажил гараад ажлаасаа нэг сар шахуу чөлөө аваад явсан.
Хөдөөнөөс ирээд ажилдаа ортол ахлах нягтлан бодогч Баатархүү дуудаад “чи яагаад түлшний картнаас их хэмжээгээр түлш авсан бэ, картанд байсан бүх мөнгөөр түлш авсан байна” гэхээр нь “би аваагүй хөдөөнөөс ирсэн” гэж хэлсэн. Тэгээд яаралтай байгууллагын хохирлыг төлж барагдуул гэсний дагуу би байгууллагад учирсан 1.413.153 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан.
Тэгээд миний түлшний картнаас мөнгө гарсан нь Нисэхэд байрлах “Сод Монгол”-ын шатахуун түгээх станц байсан учир Хан-Уулын дүүргийн цагдаад гомдол гаргаж хандсан. Картаа хаана гээгдүүлсэнээ сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн хүнд дамжуулж өгөөгүй, би өөрөө хаячихсан, яг хаана картаа гээгдүүлсэнээ сайн санахгүй байгаа.
Уг карт нь манай байгууллагын эзэмшилд байдаг “Сод Монгол” группын түлш авдаг карт юм. Миний картанд үлдэгдэл 1.413.513 төгрөг буюу 672 литр 930 грамм түлшний мөнгө байсан. Миний картанд байсан бүх мөнгө буюу 1.413.153 төгрөгөөр 672 литр 930 грамм түлш авсан байсан. Үлдэгдэл “0” болчихсон байсан. Шатахууны карт үнэгүй учраас би үнэлэхгүй.
Манай нэгдүгээр баазын автобуснууд олон чиглэлд ээлжлэн явдаг. Нисэх рүү Буянт-Ухаа 2 хороолол, Өлзийт хороолол, Туул тосгон, Сонсголон гэсэн 4 чиглэлийн автобус явдаг.. Надад нийт 1.413.153 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөнөөс 1.000.000 төгрөгийг нь нөхөн төлсөн. Одоо үлдэгдэл 413.153 төгрөг төлөөгүй байна. Энэ мөнгөө нөхөн төлүүлмээр байна. Улсын дугаар нь мэдэгдэхгүй зориулалтын түлш авдаг машинаар Хан-Уул дүүргийн спорт цогцолборын хажуу талын “Сод Монгол”-ын ШТС-аас түлш авсан бичлэгийг манай нягтлан бодогч хэрэггүй байх гээд устгасан. Би “Сод Монгол” дээр очоод бичлэгийг авах гэтэл 7 хоног хадгалдаг гэж хэлсэн. Одоо камерийн бичлэг байхгүй.
...Надад нийт 1.413.153 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөнөөс 1.200.000 төгрөгийг нь нөхөн төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 213.153 төгрөг төлөөгүй байна. Энэ мөнгөө нөхөн төлүүлвэл надад гомдол санал алга. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-20х, 21-22х/,
3. Гэрч Д.Саранзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 08 сарын 22-ны өдөр миний анхны ажлын өдөр байсан. Тухайн өдрийн 22 цаг өнгөрч байхад цэнхэр өнгийн газ тээвэрлэдэг гэдэг юмкостой цистерн машин ирээд их хэмжээний түлш ачиж авч явсан. Тэр машины улсын дугаарыг би хараагүй. Тухайн машинд надтай хамт ажиллаж байсан Баттөмөр гэдэг ах үйлчилсэн. Тэр түлш авсан ахийг Баттөмөр таньдаг юм шиг “юу байна ах” энэ тэр гэж хоорондоо яриад байсан. Тэр ахыг түлш авахдаа картаар үйлчлүүлсэн үү, бэлэн мөнгөөр үйлчлүүлсэн үү гэдгийг мэдэхгүй байна. Тэр түлш авсан ах нь шар футболка өмссөн, өтгөн жирвэгэр сахалтай маш туранхай 60 гаруй насны ах байсан. Би ажилдаа нэг удаа 24 цагаар гарч 48 цаг амардаг.
Миний дараагийн гараан дээр өдөр нөгөө түлш авсан ах том зуурмагийн машин барьчихсан ирж түлш авч байсан. Би тухайн үед ямар картаар түлш авсаныг одоо санахгүй байна. Тэр түлш авдаг хүн нь манайхаар байнга үйлчлүүлдэг юм шиг байна. Би тэгж л ойлгосон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,
4. Иргэний нэхэмжлэгч Н.Д-оос НЗТНэгтгэл ОНӨААТҮГ-т 1.486.294 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 05х/,
5. Иргэний нэхэмжлэгч Н.Д-оос Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хохирол хүлээн авсан талаарх гаргасан тодорхойлолт болон Хан-Уул дүүргийн прокурорын газарт бичгээр гаргасан “1.414.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт /хэргийн 57х, 65х/,
6. Шүүгдэгч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр танихгүй 27-30 орчим насны эгч ирээд “Сод Монгол”-ын шар карт байна, танай карт мөн үү” гээд авчирч өгсөн. Би тухайн картыг аваад диллерийн компьютер дээр тавьчихсан байсан. 3 хоногийн дараа ээлжинд гарч байхдаа нөгөө картыг хараад, дотор нь түлш авах мөнгө байна уу гэж диллерийн компьютер дээр шалгаж үзэхэд автобус 1 дүгээр бааз, жолооч гээд 88-тай утасны дугаар нь бүртгэлтэй байсан. Би тэр дугаар руу нь залгахад утас нь холбогдох боломжгүй байсан. Дараа нь 2018 оны 08 сарын 22-ны өдөр ээлжинд гарч байхдаа орой нь байнга түлш авдаг том тэрэгтэй ах ирээд түлш авахад нь би “1800 төгрөгөөр хямдхан түлш авах хүн байна уу” гэж асуухад “ах нь асуугаад өгье” гээд миний утасны дугаарыг тэмдэглээд явсан.
Тэр орой над руу тэр ах яриад “түлш авах хүн байна одоо очлоо” гээд нөгөө ах өөрөө том Майти маркийн машин унаад ирэхээр нь би 672.93 литр түлшийг 1800 төгрөгөөр бодож тэр хүнд өгсөн. Тэгтэл удалгүй Цагдаагаас намайг дуудсан, би цагдаад бүх үнэнгээ хэлсэн. Би 1.200.000 төгрөг төлсөн. Одоо 213.513 төгрөг төлөх дутуу байгаа. Шүүх хурлаар орохоосоо өмнө төлж барагдуулна. Би түлш авсан ахын утсыг мэдэхгүй. Ирж түлш авах байх гээд хүлээгээд байсан огт ирээгүй. Нэрийг нь мэдэхгүй, хааяа ирж түлш авдаг байсан учраас зүс танидаг болсон.
Түлш зарсан мөнгийг би зээлтэй байсан учир зээлэндээ төлөөд дуусгасан. Тухайн үед надад мөнгөний хэрэг их байсан. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Би дахиж ийм хэрэг хийхгүй, дахиж алдаа гаргахгүй, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-42х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48х/, “Сод Монгол” группийн албан бичиг /хэргийн 44-45х/, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шатахууны зарлагын мэдээ /хэргийн 04х/, Ж.Бийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хэргийн 64х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг /хэргийн 64х/ прокурорт гаргаснаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 112 дугаартай прокурорын тогтоолоор холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтож, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хаоиуцлагын талаарх саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрснөөр /хэргийн 72-73х/ Прокуророос Ж.Бт холбогдох 18100 2256 0717 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцаас Н.Д-ийн гээгдүүлсэн шатахууны картыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 1.413.153 төгрөгийн түлшийг картнаас уншуулж бусдад зарж, мөнгийг нь өөрийн хувийн хэрэглээнд захиран зарцуулж завшсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Б-гийн мэдүүлэг /хэргийн 14-16х/, иргэний нэхэмжлэгч Н.Д-ийн мэдүүлэг /хэргийн 18-20х, 21-22х/, гэрч Д.Саранзаяагийн мэдүүлэг /хэргийн 24х/, Иргэний нэхэмжлэгч Н.Д-оос НЗТНэгтгэл ОНӨААТҮГ-т 1.486.294 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 05х/, иргэний нэхэмжлэгч Н.Д-оос Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хохирол хүлээн авсан талаарх гаргасан тодорхойлолт болон Хан-Уул дүүргийн прокурорын газарт бичгээр гаргасан “1.414.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаан оролцохгүй” гэсэн хүсэлт /хэргийн 57х, 65х/, шүүгдэгч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хэргийн шүүгдэгч Ж.Б нь Н.Д-ийн гээгдүүлсэн шатахууны картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж “Сод Монгол” ШТС-д ажиллахдаа 1.413.153 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга зуун тавин гурав/ төгрөгийн түлшийг картнаас уншуулж бусдад зарж, мөнгөөр нь зээлээ төлсөн үйлдэл нь “гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө, ...завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилан тогтоож тодорхойлсон.
Хэргийн шүүгдэгч Ж.Бийн шатахууны картнаас уншуулсан 1.413.153 төгрөг нь Эрүүгийн хуулиар тогтоосон бага хэмжээний хохирлоос дээш хэмжээнд хамаарна.
Түүнчлэн хэргийн шүүдэгч Ж.Б нь гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл, эзэмшилийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1.413.153 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга зуун тавин гурав/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул Ж.Бийг “гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Шүүгдэгч Ж.Бийн үйлдсэн гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн улмаас Зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эд хөрөнгөд учирсан шууд хохирол 1.413.153 төгрөгийг уг картыг эзэмшиж хариуцаж байхдаа хаяж үрэгдүүлсэн жолооч Н.Д- байгууллагад нөхөн төлж барагдуулсан, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохиролд тооцон 1.413.153 төгрөгийг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан Н.Д-оос НЗТНэгтгэл ОНӨААТҮГ-т 1.486.294 төгрөг төлсөн бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 05х/, иргэний нэхэмжлэгч Н.Д-ийн “1.414.000 төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт /хэргийн 65х/ зэрэг баримтаар тогтоогдсон байна.
Иймд шүүх, гэмт хэргийн хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэн шүүгдэгч Ж.Бөөс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 48х/ зэрэг тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх, шүүгдэгч Ж.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Ж.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ц овогт Ж-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.413.153 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга нэг зуун тавин гурав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ж.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазар, түүний төлөөлөгч Ц.Б, иргэний нэхэмжлэгч Н.Д нар нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ж.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД