Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

 

 

 

 

 

   

            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

         Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Нд холбогдох эрүүгийн 2219000000100 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Н.Н

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Н.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Будар гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Батчимэгийг отрын түр сууцнаас хөөж гаргахдаа шатнаас түлхэж унагаан, зүүн хөлийн шагай, тавхайн хэсэгт гэмтэл учруулсан,

   Мөн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Батчимэгтэй маргалдан, нүүр рүү нь зэс аяга шидэж зодон, зүүн хөмсөгний шарх, эрүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Ж.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Айраг сумын төв дээр аав Жаргалсайханы гэрт 3 хүүхдийн хамт байж байхад нөхөр Н хөдөөнөөс ирээд “хэдүүлээ хөдөө явъя, бүтэн сайнд хамт ирье” гээд хөдөө гэр рүүгээ 19 цагийн орчимд явсан. Хөдөө явах замдаа автомашины жолоо барьж байхдаа суудал доороос 0,75 литрийн архи гаргаж ирээд шилээр нь уугаад байсан. Би архи ууж байхад нь хажуугаас нь юм хэлдэггүй юм. Юм хэлэхээр намайг зодно. Гэртээ архи уусан үедээ намайг манайхаас зайл гээд гэрээс гаргаад оруулдаггүй байсан. Ойролцоогоор 5 удаа ... Хөдөө гэртээ 22 цагийн үед очоод хэсэг байж байгаад, үлдсэн архиа уугаад шөнө 01 цагийн орчим нөхөр Н уурлаад миний нүүр рүү зэс аяга шидээд, миний хөмсөгнөөс цус гараад, эрүү рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд дахиад миний нүүр рүү 2 удаа алгадсан ... Мөн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хөдөө гэртээ байж байхад нөхөр Н Сайншандаас найзаараа хүргүүлж ирсэн ба ирэхдээ согтуу байсан. Ирээд гэртээ нэмж архи уугаад, үглээд байсан ба намайг гэрээс хөөж гаргасан. Хөөхдөө сууцны шатнаас түлхэж унагаад, миний зүүн хөлийн хурууны савхан яс гэмтсэн, хөөгдөж гараад автомашинд сууж байгаад үүрээр 4 цагт гэртээ орсон ... Надад гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 20-21 дүгээр хуудас/,

          Гэрч Ш.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Н нь охин Батчимэг рүү зэс аяга шидэж, толгойг нь хагалсан. Толгойгоо хагалуулсны дараа манайд ирэхдээ хэлж байсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,

          Насанд хүрээгүй гэрч Б.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Аав ээжийг зодож, ээжийн толгой хагарсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,

          Шүүгдэгч Н.Номин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр орой сумын төв дээр ирээд хөдөө явах гэхэд эхнэр хамт явна гээд явсан. Хөдөө явж байхдаа замд автомашины суудал дороос 1 шил 0,5 литрийн цагаан нэртэй архи гарч ирсэн. Тэр архийг би сумын төвөөс авсан. Эхнэр Батчимэг тэр архийг харчихаад задлахгүй юм уу гээд байхаар нь задлаад эхнэр бид 2 архинаас 1, 1 балгасан. Тэгээд хөдөө гэртээ очоод үлдсэн архиа эхнэртэйгээ хувааж уусан. Архи ууж байхад эхнэр над руу “чи эгчийн хүүхдэд мөнгө өгчихөөд миний хүүхдэд мөнгө өгсөнгүй” гээд хэл амаар доромжлоод, гөлөг минь гээд байхаар нь миний уур хүрээд би эхнэрийн эрүү хэсэг рүү 1 удаа зүүн хөлөөрөө өшиглөхөд эхнэр арагшаа унасан. Тэгээд босож ирэхдээ толгой нь хагарсан цус гоожиж байхаар нь би толгойг нь боож цусыг нь тогтоосон. Эхнэр дараа нь надад хэлэхдээ толгой руу зэс аяга шидсэн гэж хэлж байсан. Тухайн үед би архи уусан байсан болохоор зэс аяга шидсэн үгүйг санахгүй байна. Эхнэр сумын эмнэлэгт үзүүлж, 6 оёдол хөмсөг дээрээ оёулсан ... Энэ хэрэг болохоос өмнө 2 дугаар сарын дундуур манай найз Мөнхбаатар Сайншандаас ирэхэд нь 1 шил архи гаргаж өгөөд хамт явсан 2 найзтай нь хувааж уусан. Тухайн үед эхнэр сууц руу шатаар орж байхад би гарч таараад шатан дээрээс унаад хөлөө гэмтээсэн   ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39, 101 дүгээр хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02/0141 дугаартай “... Ж.Батчимэгийн биед зүүн хөмсөгний шарх, эрүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

          Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-12 дугаар хуудас/,

          Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 22-25 дугаар хуудас/,

          Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 26-34 дүгээр хуудас/,

          Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас/,

          Хохирогч Ж.Батчимэгийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 92 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

   Шүүгдэгч Н.Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Будар гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Батчимэгийг отрын түр сууцнаас хөөж гаргахдаа шатнаас түлхэж унагаан, зүүн хөлийн шагай, тавхайн хэсэгт гэмтэл учруулсан, мөн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ж.Батчимэгтэй маргалдан, нүүр рүү нь зэс аяга шидэж зодон, зүүн хөмсөгний шарх, эрүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж уг гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог.

Хохирогч Ж.Батчимэг нь шүүгдэгч Н.Нтэй гэрлэлтийн баталгаагүй боловч аж ахуйгаа хамтран эрхэлж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, хамт амьдарч байгаа тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд хамаарч байна.

 Шүүгдэгч Н.Номин-Эрдэнийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Батчимэгийн эрүүл мэндэд зүүн хөмсөгний шарх, эрүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 02/0141 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу бүрэн биш, тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Н.Н нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоотой байх тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч Н.Н нь гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Ж.Батчимэг нь шүүгдэгчийн хүсэлтийг эсэргүүцээгүй, дэмжиж буйгаа болон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр гаргасан нь хавтаст хэргийн 107-108 дугаар талд авагдсан байна.

          Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч Н.Номин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогч Ж.Батчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

          Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг зэс аягыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Н.Н нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Н.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг зэс аягыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА