Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

хохирогч С.З,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн 2134004080032 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 252 цаг албадаг ажил хийлгэх ялаар,

-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Г.Б

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутаг 1-6 тоот гэртээ эхнэр С.Зг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь нүүрний зүүн тал зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, хүзүү, цээж, зүүн мөр, баруун бугалга, шуу, баруун дал, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Г.Б нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч С.З нь: “Миний хувьд гомдолгүй, би эмнэлэгт мэс заслын тасагт үйлчлэгчээр ажиллаж байсан. Орой унтах гэж байхад мэс заслын тасгийн эмч залгаж ажлын талаар асуусан. Тэгтэл манай нөхөр яагаад чам руу залгаад байдаг юм бэ гэж уурлаж байгаад унтсан. Энэ хэрүүл нь бүр даамжраад намайг зодсон асуудал болсон. Одоо миний эрүүл мэнд зүгээр болсон” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134004080032 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутаг 1-6 тоот гэртээ эхнэр С.Зг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь нүүрний зүүн тал зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, хүзүү, цээж, зүүн мөр, баруун бугалга, шуу, баруун дал, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

-Хохирогч С.Згийн “2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би Аймгийн нэгдсэн эмнэлэгт ажил дээрээ байж байгаад мэс заслын тасаг руу хлормин гуйх гээд орсон чинь мэс заслын тасгийн үйлчлэгч нар их цэвэрлэгээ хийж байсан. Би ороод юм ярьж сууж байгаад миний төрсөн өдөр 11 дүгээр сарын 24-ний өдөр болно гэж хэлэхэд мэс заслн үйлчлэгч нар бид нар маргааш дахин уулзаж чадахгүй юм чинь чамд ганц пиво аваад өгье гээд 2.5 литрийн нийслэл нэртэй пиво авч өгсөн. Би авч өгсөн пивоноос ганц аяга уучхаад амбулаторын тасагтаа очиж цэвэрлэгээ хийчихээд эргэж мэс заслын тасагт орсон чинь үйлчлэгч нар жаахан халчихсан байж байсан. Ажил тарж байгаа юм чинь дахиад нэг пиво ууя гээд нэмэг нэг том 2.5 литрийн хэмжээтэй нийслэл нэртэй пивонд явуулсан. Авч ирсэн пивоо уучхаад тарсан. н.Ариунтуяа, н.Одончимэг нарыг та хоёр байж бай би хүний пиво уучихсан юм чинь яаж зүгээр байх юм бэ дүү нь ганц пиво авч өгнө гэж хэлсэн чинь нөгөө хоёр зөвшөөрсөн. Нөхөр Г.Б намайг авах гээд эмнэлгийн гадаа зогсож байсан юм. Бид гурав гараад нөхрийн машинд суугаад Цэц гүн гэх хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй нэг пиво авсан. н.Одончимэг бас 2.5 литрийн нэг пиво аваад усны аж ахуйн цэцэрлэгийн хойно манай нөхрийн машин дотор хоёр пиво уугаад сүүлийн пивоо бараагүй. н.Ариунтуяаг буулгаад н.Одончимэг эгчийг буулгах гээд явж байгаад эгчид нь танай дүү тэнэг, намайг харддаг гэх зэргээр эгчид нь хэлсэн юм билээ. Би согтчихсон байсан юм. Зарим үйлдлээ санаад, заримыг нь санахгүй байгаа юм. Эгч н.Одончимэг тасарчихсан байсан. Гэрт нь оруулах гэхэд хашааны гадаа савж унаад байхаар нь нөхөр Г.Бд уурлаад чи ямар тэнэг пизда вэ эгч чинь уначихаад байхад гээд харааснаа санаж байна. н.Одончимэг эгчийн хүүхдүүд нь гарч ирээд авчихсан юм. Бид хоёр гэр рүүгээ явж байх замдаа нөхөр Г.Бд би уйлаад юм яриад байсан гэсэн. Г.Б намайг тайвшруулах гээд гэрээс орж аяга аваад хүү н.Даваадоржид ээж нь согтуу байна. Ээжийг нь тайвшруулчихаад аваад ирье гэж хэлээд гарсан гэсэн. Бид хоёр Зуунмод сумын 2 дугаар баг дэнжийн улаан дээр үлдсэн хагас пивоо хувааж уугаад гэр рүүгээ явах замдаа би уурлаад Г.Б машин барьж явж байхад нь надад амьдрах хүсэл алга би үхмээр байна гээд машины үрүүлийг булаацалдсан. Тэгтэл нөхөр яах гээд байгаа юм бэ гээд намайг хойш нь дараад нэг гараараа миний хоолойг багалзуурдсан. Тэгээд хэрэлдэж хэлэлцэж явсаар байгаа хашааны хаалгыг мөргөөд хашаандаа ороод гэрийн хаяанд машинаа тавиад н.Даваадоржоо ээжийгээ аваараа гээд орилсон чинь хүү н.Даваадорж гарч ирээд намайг гэрт оруулсан. Би нэг мэдэхэд жижиг шар иштэй хутга барьчихсан хүү н.Даваадорж надаас булаах гээд зогсож байсан. Манай нөхөр чи өөрийгөө дандаа ална, хядна гээд хутга шөвөш барьж байх юм чи чамайг алчихая гээд гараараа миний нүүр рүү цохиод миний хэвлий хэсэг рүү дэвссэн, би уйлаад за болъё гэж гуйсан. Доошоо халуу оргиод болихгүй байсан. Би дараад өмдөө үзсэн чинь өмдөндөө шээчихсэн байсан. Тэгээд би хүүгээсээ гуйгаад нойл ороод өөрийнхөө нүүрний зургийг аваад фэйсбүүк дээр тавиад тусламж гуйх гэж байгаад стори хийчихсэн байна лээ. Гэртээ ороод байж байтал манай хамаатны хүүхэд хараад та яачихсан юм бэ, хэзээ ийм болчихсон юм гэхэд нь би дөнгөж сая Г.Б намайг цохисон, чи эгчдээ цагдаа дуудаад өг гэж чат бичсэн чинь аниа би хаягийг чинь мэдэхгүй шдээ гэхэд би хаягаа чатаар явуулсан, удаагүй хоёр цагдаа ирээд Г.Бг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

-

Насанд хүрээгүй гэрч Б.Ариунжаргалын “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ах н.Даваадорж, эгч н.Хонгорзул бид гурав гэртээ байж байтал аав, ээж хоёр гаднаас орж ирсэн. Ээж гуйваад орж ирсэн. Аав халамцуу байх шиг байсан. Аав, ээж хоёр хэрэлдээд, аав ээжийг янхан гэж хэлсэн чинь ээж би үхнэ гээд хутга барьж аван чинь аав, агаа хоёр хутгыг нь булаагаад авчихсан. Агаа миний хоёр дүү машинд гараад сууж бай гэж хэлэхээр нь би эгч н.Хонгорзултай хамт өвөөгийн машинд сууж байтал өвөө бензин аваад ирсэн чинь ээжийн нүд нь хавдчихсан байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Тэгээд байж байтал гаднаас цагдаа ороод ирсэн. Аав би эхнэрээ зодчихлоо намайг аваад яв гээд цагдааг дагаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Хонгорзулын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ах н.Даваадоржийг ээжийгээ оруулаад ир гэж хэлсэн. Ах н.Даваадорж ээжийг унтчих гэж хэлсэн. Ээж согтуу байсан болохоор унтахгүй байсан. Ээж ташуур аваад өөрийгөө ороолгоод байснаа хутга аваад амиа хорлоно гэж хэлэхээр нь аав ах хоёр ээжийн хутгийг булаагаад авчихсан. Ах н.Даваадорж дүү бид хоёрыг гэрээс дагуулаад гарсан. Ах н.Даваадорж, дүү н.Ариунжаргал бид гурав өвөөгийн байшинд ороод сууж байтал өвөө бензин авна гэж хэлэхээр нь дүү н.Ариунжаргал бид хоёр өвөөтэй хамт төв рүү бензин авчаад гэртээ ирсэн чинь гэрийн доторх тавилга эмх цэгцгүй болчихсон, аав, ах хоёр орон дээр ээж нэг орон дээр тусдаа сууж байсан. Гэрийн эд зүйлийг цэгцлээд байж байтал цагдаа нар ирээд аавыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Даваадоржийн “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би дүү Б.Хонгорзул, Б.Ариунтуяа нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг энгэрийн 1-6 тоотод гэртээ байж байтал аав Г.Б гаднаас орж ирээд ээжийгээ аваарай гэж хэлсэн. Би гараад машинаас ээжийг түшиж гэрт оруулсан, ээж согтуу байсан. ээж өөрийгөө суран ташуураар нуруу цээж хэсэг рүүгээ ороолгож байснаа жижиг шар иштэй хутга аваад амь хорлоно гээд байхаар нь аав ээж бид хоёр хүчээр ээжээс хутгийг нь булааж авсан. Ээжийн гарын хурууг нэг нэгээр нь тэнийлгэж байгаад хутгийг нь булааж авсан. Тэгээд би хоёр дүүгээ аваад гэрээс гараад машин дотор сууж байгаад гэртээ орсон. Гэрт ороход гэрийн тавилга эмх цэгцгүй болчихсон байсан. Ээж зүүн талын орон дээрээ сууж байсан. Аав баруун талын орон дээр сууж байсан. Юу болсон юм бэ гэж асуухад аав ээж чинь дургүй хүргээд байхаар нь ээжийг чинь зодчихлоо гэж хэлсэн. Танай ээж чинь та гурвыг миний хүүхэд биш гэж хэлсэн гэж аав хэлэхээр нь миний уур хүрээд ээжийн толгой хэсэг рүү нэг удаа гараараа цохисон чинь аав намайг болиулсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд аавыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 481 дугаартай “...С.Згийн биед нүүрний зүүн тал зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, хүзүү, цээж, зүүн мөр, баруун бугалга, шуу, баруун дал, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 57 тал/,

Шүүгдэгч Г.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан байгаа. Надад өөр нэмж ярих зүйл алга байна. Би гэр бүлийнхээ хүний биед халдсандаа мах их гэмшиж байна би эхнэрээсээ уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 тал/ болон шүүгдэгч Г.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн нутаг 1-6 тоот гэртээ эхнэр С.Зг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь нүүрний зүүн тал зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, хүзүү, цээж, зүүн мөр, баруун бугалга, шуу, баруун дал, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

                            

Прокуророос шүүгдэгч Г.Бгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Г.Бгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Б нь хохирогч С.Зг зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

 

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Г.Б нь хохирогч С.Зг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Улмаар гэр бүлийн харилцаатай хүн болох хохирогч С.Зг цохиж зодож хөнгөн гэмтэл учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байгаараа хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11:6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд нүүрний зүүн тал зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, хүзүү, цээж, зүүн мөр, баруун бугалга, шуу, баруун дал, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Н.Цэнгэлбаяраас: “Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх” ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгч Г.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоох шаардлагагүй гэж үзсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч Г.Бд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

 

Шүүхээс шүүгдэгч Г.Бд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Г.Бд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Г.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Згийн биед нүүрний зүүн тал зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацар зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд шарх, хүзүү, цээж, зүүн мөр, баруун бугалга, шуу, баруун дал, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

    

Хохирогч С.З нь шүүгдэгч Г.Бгээс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Бг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн 2134004080032 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

            Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Бг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн 2134004080032 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ю.ЭНХМАА