| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2017/0286/Ý |
| Дугаар | 2017/ШЦТ/283 |
| Огноо | 2017-10-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2017/ШЦТ/283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2017/0286/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ц.Б холбогдох 1718001870085 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Их барууныхан овогт Ц.Б Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын …суух иргэн Т.О гэрт нэвтэрч хурган дотортой дээл 1 ширхэг, эрэгтэй нимгэн саарал дээл 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж 1 хос, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, жаазтай фото зураг 2 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, 40 литрийн бетон 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 740000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул
D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\7.3\Hyalbar\Shiitgeh togtool-Baasansuren 17.1.docx
аймгийн Дархан сумын ….....тоотод оршин суух иргэн Т.***гэрт нэвтэрч, хурган дотортой дээл 1 ширхэг, эрэгтэй нимгэн саарал дээл 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж 1 хос, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, жаазтай фото зураг 2 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, 40 литрийн бетон 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан, 740000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр нэлээн согтуу явж байгаад хүнтэй тааралдсанаа мэдэж байна. Тэгээд нэг мэдсэн эрүүлжүүлэх байранд байсан. Би ямар ч байсан 40 бетоны хажууд байсан. Яг юу юу авснаа мэдэхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Т.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр 13 цагийн үед гэртээ иртэл баруун талын айлын авгай “танай гэрт хулгай орсон. Хулгайчийг нь Буяа барьсан байгаа, чи юу ч гэсэн гэртээ ороод хараатах” гэсэн. Буяа гэдэг нь манай баруун талын айлын өвгөний хүүхэд юм. Тэгээд намайг хашаандаа ороод явж байтал Буяа нэг залуутай цуг манай гэрийн 40 литрийн бетоныг бариад орж ирсэн. Тэгээд гэрээ хартал манай 5 ханатай монгол гэрийн маань цоожийг эвдээд хаалга онгорхой байсан. Гэрт ороод хартал хаалганы зүүн талд байсан 40 литрийн бетон байхгүй, гадаа тэр танихгүй залуугийн авч явсан бетон манайх байсан. За тэгээд гэрийнхээ эргэн тойрныг хартал манай гэрийн зүүн хойморт байх цоожлоогүй байсан авдарны цүүг дээш нь болгочихсон байсан. Тэгэхээр нь авдараа онгойлгоод хартал дотор нь байсан юмнууд бүгд алга болчихсон байсан. Дотор нь гялгар ууттай хурган дотортой, хөх гадартай эмэгтэй дээл, ханцуйн дотор нь миний 3 цэнтэй бөгж нь кольцо, ээмэг нь унжлагатай мөнгөн ээмэг бөгж, хадганд ороолттой манай 2 талийгаач болох аав, нөхөр хоёрын маань хөөрөг байсан. Эдгээр зүйлс алга болсон.
…Өнөөдөр би манай гэрт орж хулгай хийсэн Б хорин мянгатын дэвсгэртээр 33 ширхэг буюу 660000 төгрөг хохирлоо барагдуулж авлаа. Цаашид надад санал хүсэлт болон нэхэмжлэх зүйлгүй болно.” гэх мэдүүлэг /хэргийн 15-18/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-9/,
-Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэр өдөр би гадуур ажилтай явж байгаад 12 цагийн үед гэртээ ирээд аавтайгаа цуг цайгаа уугаад сууж байтал хажуу буюу зүүн талын айлын хаалга дуугараад, нохой хуцаад байхаар нь гэрээсээ гараад зүүн талын Оюунаа эгчийн гэрийг хартал 40 литрийн усны бетон барьсан үл таних, урд нь харж байгаагүй 45-50 орчим насны согтуу эрэгтэй хүн ганцаараа хашаанаас гараад хойшоо гудамж чиглээд алхаж байсан. Тэгэхээр нь би араас нь “хөөе, зогсож бай” гээд алхаад очиход тэр хүн нилээд согтуу гуйваад зогсож байсан. Тэгээд би тэр хүнээс “та яагаад эзэнгүй айлаас юмыг нь аваад гарч байгаа юм бэ?” гэтэл “өө тийм ээ, би эндээс ганц бетон авчихсан юм аа, ахыгаа явуулчихаач” гээд явах гээд байхаар нь би зуураад зогсож байтал арын айлын эмэгтэй хашаан дотроо 00-с гараад явж байхаар нь би дуудаад хүрээд ирэхээр нь “энэ хүн эзэнгүй айлаас хулгай хийгээд явж байна, та цагдаа дуудаад өгөөч” гэхэд тэр хүн утсаараа цагдаа дуудсан. Тэгээд тэр залуутай зогсож байтал гэрийн эзэн О эгч арын хаалгаар хашаандаа ороод ирсэн. Тэгээд би учир байдлыг нь хэлтэл О эгч энэ манай гэрт байсан бетон байна гээд гэртээ ороод гэрээ шалгаад авдар дотор байсан юмаа үзээд авдарнаас бас янз бүрийн юм алга байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал цагдаа нар ирээд тэр хүнийг аваад явсан.
…Орж байхыг нь бол хараагүй. Харин барьчихаад гэрийн эзэн О эгч ирсний дараа Монгол гэрийнх нь үүдэнд ирэхэд цоожных нь цүүг цоожтой нь цуг суга татаад онгойлгочихсон юм шиг харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19-21/,
-Гэрч Ч.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр санагдаж байна 12-13 цагийн хооронд би гэртээ үүдний амбаараа янзалж байхад хажуу айлын Б хашааны цаанаас “хөөе, хөөе” гээд дуудаад байхаар нь эхлээд согтуу хүн байна гэж бодоод тоогоогүй юм. Тэгээд дахиад дуудаад байхаар нь яваад очсон чинь Б нэг үл таних залууг заамдаад барьсан тэгээд “та надад цагдаа дуудаад өгөөч, энэ хүн айлын амбаараас 40 литрийн бетон аваад явж байхаар нь би барилаа” гэхээр нь би “цагдаа дуудлаа гээд ямар нэгэн асуудалд орохгүй биз” гэхэд Б “үгүй ээ” гэхээр нь би өөрийн дугаарын утаснаас …..... руу залгаж дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 22-23/,
-“…Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2017 оны 9 дүгээр сарын 6-ны байдлаар 740000 төгрөгөөр тодорхойлов.” гэх 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 27-28/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлжээ.
Шүүгдэгч Ц.Б үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.О 740000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.О хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй тухай тодорхойлолт Цагдаагийн байгууллагад гаргасан /хэргийн 37/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын …..оршин суух иргэн Т.О гэрт нэвтэрч, хурган дотортой дээл 1 ширхэг, эрэгтэй нимгэн саарал дээл 1 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж 1 хос, эрэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, жаазтай фото зураг 2 ширхэг, бугуйн цаг 2 ширхэг, 40 литрийн бетон 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан, 740000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-9/, гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …О эгчийн гэрийг хартал 40л усны битон барьсан үл таних, урд нь харж байгаагүй 45-50 орчим насны согтуу эрэгтэй хүн ганцаараа хашаанаас гараад, хойшоо гудамж чиглээд алхаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19-21/, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 27-28/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгаа нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Иймд шүүгдэгч Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал прокурор гаргасныг шүүгдэгч Ц.Б хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Ц.Б 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Их барууныхан овогт Ц.Б 1 жил 1 хоног /нэг жил нэг хоног/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б оногдуулсан 1 жил 1 хоног хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ