Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Н.Адъяа, шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,  

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Иргэдийн төлөөлөгч Г.Болормаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 2219000000011 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Г

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний 03 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Викториа” нэртэй баарны зүүн талд хохирогч М.Мтай миний найзыг мөрлөсөн гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газар гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” төвийн зүүн талд байрлах өөрийн гэрийн үүдэнд хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч Э.Нгийн цээжин тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... М бид нар 13 тоглож байгаад орой ажлаас буугаад шөнийн 02 цагийн үед тарсан. Ялалтын тэнд манай найзыг мөрлөхөөр нь би буцаагаад алгадахад утсаар ахыгаа дуудна гэхээр нь уурандаа толгой руу нь цохисон, салахгүй байхаар нь У, С бид 3 намын хорооны баруун талаар урагшаа явсан ...” гэв.

 Хохирогч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед ажлын ах Этай хамт ажлын гадаа түүний машин дотор Сэнгүр нэртэй пиво 3 том сав, Эдэн нэртэй архи 0,75 литрийн хэмжээтэй архи зэргийг хувааж уугаад, 2021 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 03 цагийн үед харих гээд Хас банкнаас хойшоо алхаад Викториа баарны замын эсрэг талаар хойд зүг рүү явж байхад баарны хажуу талаас 3 залуу согтуу шинжтэй гарч ирээд “Хөөе юун хүмүүс явж байна” энэ тэр гээд өдөөд байсан. Тэгсэн манай ах түрүүлээд зам гарч очоод Викториа баарны баруун талд байх машины зогсоолын ойролцоо нөгөө 3 залуутай муудсан. Араас нь би очоод тэр хэдийг салгаж болиулах гээд зууралдаад байтал замын эсрэг тал буюу ертөнцийн зүгээр баруун талд нь гарсан. Тэгээд би “би зодолдож чадахгүй, та хэд үнэхээр зодолдмоор байгаа бол би найзуудыгаа дуудчихъя” гэж хэлээд Э ахын утсыг аваад ярих гэтэл нөгөө залуучуудын нэг нь булаагаад авсан. Тэгээд эвээр ярьж байгаад утсаа аваад байж байтал зүүн талд зогсож байсан залуу миний дух хэсэг рүү 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би нүүрээ дараад доошоо болтол баруун талд зогсож байсан залуу хажуу талаас миний гуя руу 3 удаа өшиглөж, нүүр рүү 3 удаа гараараа цохисон. Тэгээд би “одоо болсон” гэж хэлээд арагшаа ухраад харахад 2 залуу нь над руу ирж явсан. Харин нөгөө залуу нь манай ахтай муудалцаж байсан. Ингээд нөгөө 3 залуу яваад өгсөн ба ах бид 2 шууд эмнэлэг явсан. Духны зүүн хэсэгт 2 оёдол тавиулсан, тархи доргисон, хамар хугарсан, гуя болон гар, зүүн нүдний доод хэсгүүд хөхрөл үүссэн зэрэг гэмтэл учирсан ... Нүдний харааны шилны төлбөр 250,000 төгрөг, эм тарианы зардал 652,144 төгрөг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17, 52, 161 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тухайн үед тэр залуучууд бид хоёрыг өдөх шинжтэй үг хэлээд байсан санагдаж байна. Тэгээд нэг мэдсэн чинь тэр хэдтэй зууралдчихсан маргалдаж байгаад Скай рестораны урд хэсэгт очсон байсан. Тэгсэн нэг нь миний утсыг авчихаад өгөхгүй байсан санагдаж байна. Тэгээд дахиад бужигналдах шиг болсон, яг юу болсон талаар үнэндээ сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн үед би нэлээд согтчихсон байсан. Нэг мэдсэн Мгийн духнаас цус гарчихсан зогсож байгаа харагдахаар нь түргэн тусламж дуудсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэр хоёр залуугийн нэг нь Сыг мөрлөсөн. Тэгээд яаж байна гэсэн чинь тэр залуу Сыг алгадаад унагаасан. Тэгэхээр нь Г “яаж байгаа юм бэ, манай найзыг цохидог нь яаж байгаа юм” гэсэн чинь тэр залуу “тэгээд яадаг юм, танай найз чинь мөрлөсөн биз дээ” гээд байсан. Тэгээд тэр залуу Гтай муудалцаад байсан. Г тонгорч унагаад 1 удаа цохисон. Тэгэхэд би тэр хүмүүстэй уулзаад байж байсан. Тэгээд С тэр хоёрыг салгасан ... Тэр залууг Гд цохиулсны дараа харахад духнаас нь цус гоожоод байсан ... М гэх залуу нүдний шил зүүж явсан ба зодоон болсны дараа нүдний шил нь байсан үгүйг би анзаараагүй. М гэх залуутай маргалдах үед Г баруун талд нь зогсож байсан, С зүүн талд нь тамхи татаад байж байсан. Гыг цохих үед М гэх залуу тонгойж байх тэр үед С очиж салгаж байх шиг харагдсан. Би Сыг цохисон эсэхийг анзаарч хараагүй, цохиогүй байх гэж бодож байсан. Гэтэл өчигдөр цагдаа дээр ирэхийн өмнө С “би тухай залууг анх намайг алгадсаны дараа гуя руу нь өшиглөсөн” гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 167 дугаар хуудас/,

 

Гэрч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ялалт худалдааны төвийн эсрэг талын зам дээр согтуу 2 залуу зөрөхдөө намайг мөрлөсөн. Тэгээд яаж байгаа юм бэ гэсэн чинь нэг залуу нь миний зүүн рүү алгадсан. Тэгсэн чинь манай найз Г уурлаад муудалцсан. Тэд нар өөрсдөө эхлээд бид нарыг өдсөн. Бид нар эрүүл байсан. Тэгээд би Гыг боль гээд хориод байсан ч дийлдэхгүй байсан. Бас нөгөө залуу нь улам өөдөөс асаад байсан. Г тухайн согтуу залуутай заамдалцаж зогсож байгаад мөргөөд, хөлөөрөө дэгээдэж газарт унагаад, босож ирэхээр нь тонгойлгож байгаад, нүүр рүү нь цохисон. Тухайн үед У арай зайдуу хамт явсан согтуу залуутай нь уулзаад зогсож байсан. Гыг тэр залууг цохисны дараа аваад явах гэтэл согтуу залуу өөдөөс дайраад байхаар нь 2-3 удаа нүүр рүү нь гарынхаа алгаар түлхсэн ... Миний хувьд согтуу залуу намайг цохисны дараа хөл рүү нь 1 удаа өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33, 165 дугаар хуудас/,

 

Хохирогч Э.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 11-ний өглөө гэрээсээ гараад өөрийн танил Бамбууш ахын гэрт очоод 0,75 литрийн Хараа архи худалдан авч, Бамбууш ах, Ө гэх хүмүүстэй хувааж уусан. Архиа дуусгаад Дэнжийн дэлгүүр рүү архинд явсан. Дэлгүүрийн үүдэнд өөрийн найз Гтай таараад, дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад Гаас салаад Бамбууш ахын гэрт ирсэн. Архиа дуусгаад Өгийн хамт Гы гэр рүү явсан. Гы гэрт очиход Г архи уусан байдалтай байсан. Гы гэрт танил Ч нь согтуу унтаж байхаар нь дуудаад мөнгөө авъя гэж хэлээд Чгийн хацар руу 1 удаа алгадсан чинь Г Чг өмөөрч, надтай зодолдоод эхэлсэн. Гэрт байсан Гы ээж болон Ө салгаад, би гараад явсан чинь араас Г модон иштэй хутга авч ирээд, миний зүүн суганы доод хэсэгт хутгалсан. Тэгээд гадуур явж байгаад 16 цагийн үед эмнэлэг орж үзүүлж, 3 оёдол тавиулсан ... Би аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 1,478,951 төгрөгийг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72, 130 дугаар хуудас/,

 

Гэрч П.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Н найзынхаа гэр рүү явна гээд Х дэлгүүрийн зүүн талд байх хашаанд очоод гэр рүү орсон. Удалгүй араас нь ороод орон дээр сууж байсан чинь гэнэт Н найз Ганаа гэх залуутай зодолдоод эхэлсэн. Юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Би голоор нь орж салгаад Н түрүүлээд Ганаагийн гэрээс гараад явсан. Би араас нь Нгийн гадуур хувцсыг авч хашааны хаалгаар гарах гэж байтал араас нь Ганаа гарч ирээд хутгаар хутгалсан. Яг хаана нь хутгалсныг мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Гы мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... Тухайн шөнийн 2 цагийн орчим найз Огийн гэрээс У, С нарын хамт гарсан. Огийн гэр Баяраа эмчийн бөөний төвийн зүүн талд байдаг. Гараад зүүн урд зүг рүү чиглэн, Ялалт худалдааны төвийн урд талын замаар алхаж явсан. Явж байтал өөдөөс 2 залуу ирж яваад манай найз Сыг нэг залуу нь мөрлөөд гарсан. Тэгэхээр нь бид нар “яаж байгаа юм бэ, зүгээр явж чаддаггүй юм уу” гээд асуусан чинь тэр мөрлөсөн залуу нь Сын цээж рүү гараараа цохисон. Тэгэхээр нь бид нарын уур хүрээд тэр 2 залуутай муудсан ... Тэгээд би боль гээд хэлсэн чинь нэг залуу нь “би араа дуудчихъя” энээ тэрээ гээд байхаар нь би утсыг нь булаагаад авчихсан. Тэгээд “одоо болъё оо, хэн хэн нь ажилтай дэмий биз дээ” гэж хэлсэн. Уг нь тэр залуу нь гайгүй ярьж хөөрөөд байсан ... тэр хоёр залуу бид 3 руу дайраад байсан. Дайраад байхаар нь би М гэх хар куртиктэй, хар өмдтэй залуугийн нүүр хэсэг буюу духанд 1 удаа атгасан гараараа цохисон. Намайг цохих үед М гэх залуугийн зүүж явсан нүдний шил хагарч унасан ... 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн гэртээ найз У, Ч нарын хамт архи ууж байсан. Тухайн өдөр 13 цагийн үед Х дэлгүүрт найз Нтэй таарсан ба Н архи аваад явж байсан. Би Нгээс салаад гэртээ ороод байж байтал араас Н 2,5 литрийн том пивотой орж ирсэн. Орж ирээд Чг унтаж байхад нь “Ч надаас мөнгө зээлсэн, одоо болтол өгөөгүй байна” гэж хэлээд Чгийн цамцнаас заамдаж босгож ирээд, толгой хэсэг рүү нь алгадаад унагасан. Би боль гэхэд өөдөөс “хуц, пизда минь” гэж хэлээд манай зуухыг өшиглөхөөр нь уур хүрээд Нтэй зодолдсон. Н нь миний хамраас цус гартал мөргөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Н манай гэрээс гараад явахаар нь уур хүрээд араас нь хүрэн модон иштэй хутгыг аваад, айлгах гээд чичилсэн чинь хутгалсан юм. Тэгээд Н дээр очоод эмчид үзүүлэх үү гэхэд эмчид үзүүлэхгүй гээд машинд суугаад явсан ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 48, 77-78, 117, 126, 163 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/005 дугаартай “... М.Мгийн биед тархи доргилт, духанд шарх, хамрын таславчийн мурийлт, зүүн зовхинд зулгаралт, нуруу, баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/051 дугаартай “... Э.Нгийн биед цээжний хөндийд нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн шарх, цээж хэвлийн дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 539 дугаартай “... Нүдний шил /харааны хамелион/ 1 ширхэг, 100,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ  /хавтаст хэргийн 173 дугаар хуудас/,

Хохирогч М.Мгийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

Хохирогч М.Мгийн хохирлын баримт /хавтаст хэргийн 54-57 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 4-9 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 64-66 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,

 Хохирогч Э.Нгийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас/,

Хохирогч Э.Нгийн өвчний түүх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэх /хавтаст хэргийн 95-109, 132 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 134, 137-146 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай  гэм буруутай үйлдэл,эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Хэрэгт авагдаж,шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч  Б.Г нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний 03 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Викториа”  баарны зүүн талд хохирогч М.Мтай миний найзыг мөрлөсөн гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг тонгорч унаган босч ирэхээр нь нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” төвийн зүүн талд байрлах өөрийн гэрийн үүдэнд хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогч Э.Нгийн цээжин тус газарт хутгалж цээжний хөндийд нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн шарх, цээж хэвлийн дотуур цус алдалт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус нотлогдон тогтоогдож байна.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй нотлох баримтууд болох хохирогч М.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “... зүүн талд зогсож байсан залуу миний дух хэсэг рүү 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би нүүрээ дараад доошоо болтол баруун талд зогсож байсан залуу хажуу талаас миний гуя руу 3 удаа өшиглөж, нүүр рүү 3 удаа гараараа цохисон. Тэгээд би “одоо болсон” гэж хэлээд арагшаа ухраад харахад 2 залуу нь над руу ирж явсан. Харин нөгөө залуу нь манай ахтай муудалцаж байсан. Ингээд нөгөө 3 залуу яваад өгсөн ба ах бид 2 шууд эмнэлэг явсан. Духны зүүн хэсэгт 2 оёдол тавиулсан, тархи доргисон, хамар хугарсан, гуя болон гар, зүүн нүдний доод хэсгүүд хөхрөл үүссэн зэрэг гэмтэл учирсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Нэг мэдсэн Мгийн духнаас цус гарчихсан зогсож байгаа харагдахаар нь түргэн тусламж дуудсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэр залуу Гтай муудалцаад байсан. Г тонгорч унагаад 1 удаа цохисон. Тэгэхэд би тэр хүмүүстэй уулзаад байж байсан. Тэгээд С тэр хоёрыг салгасан ... Тэр залууг Гд цохиулсны дараа харахад духнаас нь цус гоожоод байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч А.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Г тухайн согтуу залуутай заамдалцаж зогсож байгаад мөргөөд, хөлөөрөө дэгээдэж газарт унагаад, босож ирэхээр нь тонгойлгож байгаад, нүүр рүү нь цохисон. Тухайн үед У арай зайдуу хамт явсан согтуу залуутай нь уулзаад зогсож байсан. ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/005 дугаартай дүгнэлт, хохирогч М.Мгийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудас, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл,

Мөн хохирогч Э.Нгийн мөрдөн шалгах ажиллаганд өгсөн: “... Гы ээж болон Ө салгаад, би гараад явсан чинь араас Г модон иштэй хутга авч ирээд, миний зүүн суганы доод хэсэгт хутгалсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч П.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Н түрүүлээд Ганаагийн гэрээс гараад явсан. Би араас нь Нгийн гадуур хувцсыг авч хашааны хаалгаар гарах гэж байтал араас нь Ганаа гарч ирээд хутгаар хутгалсан ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02/051 дугаартай дүгнэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Э.Нгийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн Яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Гы хохирогч М.Мг цохиж, зодсон, хохирогч  Э.Нг хутгалсан дээрх үйлдэл нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд уг үйлдлийг хийснээр хохирогчдод хохирол учрахыг мэдсээр байж өөрөө хүсэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно “ гэж заасантай нийцэж байна.

 

Иймд прокуророос шүүгдэгч Б.Гы 2021 оны 12 дугаар сарын 04-ний 03 цагийн үед хохирогч М.Мгийн биед халдаж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Э.Нгийн биед нь халдаж зүүн суганы доод хэсэгт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж шүүх дүгнэлээ. Энэ нь гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн бол Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д хуульчилжээ.

Хэрэгт авагдсан,  шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судалсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн нотлох баримтуудыг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс үгүйсгээгүй, эдгээр нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шинжээчийн 02/005, 02/051 дугаартай дүгнэлтүүдийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчид танилцуулсан ба шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Улсын яллагч дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 сар зорчих эрх хязгаарлах ял, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 1 сар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 5 жил 4 сарын хорих ялаар тогтоох ...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ”... шүүгдэгчид хуульд заасан хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү ...” гэсэн дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг “гэм буруутай” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Гд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Гд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоов.    

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан тул шүүгдэгч Б.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирол төлбөрийн талаар

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.М нь нүдний шилний үнэ 250,000 төгрөг, эм тарианы зардал 652,144 төгрөг, нийт 902,144 төгрөгийг шүүгдэгч Б.Гаас нэхэмжилсэн байна.

Хохирогч М.Мгаас мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн  хавтаст хэргийн 54-57 дугаар талд авагдсан “Монос” эмийн сангаас авсан эмийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзлээ. Учир нь, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулах байтал эм худалдан авсан баримт нь гэмт хэрэг гарсан хугацаанаас хойш 1 сарын дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 2, 3, 5-ны өдрүүдэд худалдан авсан нь ойлгомжгүй, худалдан авсан эмийг хэрэглэх талаар эмчийн үзлэг зааваргүй, реналган, АЦЦ, терафлю /ханиадны/ зэрэг тухайн гэмтэлтэй хамааралгүй эмийн баримт хавсарсан байна.

Харин тухайн үед зүүж явсан /харааны хамелион/ нүдний шилний хохирлыг “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 539 дугаартай үнэлгээгээр  үнэлсэн 100,000 төгрөгөөр тогтоож гаргуулан олгохоор, 

 нэхэмжлэлийн шаардлагаас эмийн үнэ болох 652,144 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн, жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

Хохирогч Э.Н нь шүүгдэгч Б.Гаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 1,478,951 төгрөгийг нэхэмжилсэн ба Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмчилгээний төлбөрийн талаарх нэхэмжлэхийг шүүхэд ирүүлжээ. Хохирогч Э.Н нь 2021 оны 12 сарын 15-наас 12 сарын 23-ныг хүртэл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн болох нь иргэний нэхэмжлэгчээс ирүүлсэн 352 тоот нэхэмжлэхээр тогтоогдож байх тул 1,478,951 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.         

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас 100,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Мд, 1,478,951 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Мгийн нэхэмжлэлийн шаардлагаас 652,144 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохиролтой холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн, жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН

                       ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            Н.АДЪЯА

                                ШҮҮГЧ                            Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ