Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00269

 

 “Т Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00693 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 890 дугаар магадлалтай,

“Т Б”ХХК-ний нэхэмжлэлтэй

Д.Уд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 11 066 380.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Золзаяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбажав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.А, Д.У нар 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Т Б”ХХК-аас өмнөх цалингийн зээлийн үлдэгдэл болох 5 619 537 төгрөг дээр нэмэлт зээл 4 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зөрчиж 2016 оны 6 дугаар сараас зээлийн эргэн төлөлтөө хийхгүй алга болсон тул 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд хандаж, хариуцагч нарыг эрэн сурвалжлуулсан бөгөөд үндсэн зээлдэгч О.А нас барсан нь баримтаар тогтоогдсон. Иймд үндсэн зээлдэгч нас барсан тул хамтран зээлдэгч Д.Уас үндсэн зээлийн төлбөр 6 734 372.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 3 757 924.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 571 083.56 төгрөг, нотариатын зардал 3 000 төгрөг, нийт 11 066 380.95 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 012.09 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нөхөр О.А нь 2014 оноос хойш бидэнтэй хамт амьдраагүй. Биднээс тусдаа амьдарч байхдаа “Т Б”ХХК-аас зээл авч сургалтын төлбөрөө төлөхөөр болж надад хамтран зээлдэгч хэрэгтэй байна, намайг гарын үсэг зураад хамтран зээлдэгчээр ороод өг гэж гуйсны дагуу би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Би уг зээлээс нэг ч төгрөг аваагүй. О.А нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зуурдаар нас барсан бөгөөд “Т Б”ХХК нь түүнийг нас барснаас хойш нэг ч удаа чи зээл төлөх ёстой гэж хэлж шаардаагүй. Би оршин суугаа хаягаа өөрчилсөн зүйл байхгүй. Сарын орлого бага амьжиргаанд хүрэлцдэггүй тул уг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00693 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191 246.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 890 дугаар магадлалаарСонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00693 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Уас зээлийн гэрээний үүрэгт 7 195 597 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т Б”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 3 870 783.95 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж гэж, хариуцагч Д.Уас 130 079 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 192 012 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Золзаяа хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 1. Нэхэмжлэлийн үндэслэлд хариуцагч нь би зээлийн гэрээний дагуу 4 000 000 төгрөг, 9 000 000 төгрөгийг зээлж аваагүй, нөхөр О.А нь 2014 оноос хойш бидэнтэй хамт амьдраагүй Сэлэнгэ аймагт тусдаа амьдрах болсон. Биднээс тусдаа амьдарч байхдаа Төрийн банкнаас зээл авч “Сургалтын төлбөрөө төлнө гэж” ярьж байсан. 2016 онд О.А нь зээл авах үедээ хамтран зээлдэгч хэрэгтэй байна намайг хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэж гуйсан учир зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Д.У би уг зээлнээс нэг төгрөг ч аваагүй. Зээлийн гэрээ нь цалингийн зээлийн гэрээ зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн цалингаас суутган төлөх нөхцөлийг заасан байдаг. Мөн зээлдүүлэгч “Т Б”нь мөнгийг О.Агийн дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээг мөнгө шилжүүлснээр байгуулагдсанд тооцох билээ. Нөхөр О.А нь 2016 оны 12 сарын 05-ны өдөр зуурдаар нас барсан. Зээлдэгч нас барснаар Иргэний хуулийн 240.1.2-д зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэж болох байна. 2. Зээлийн гэрээнд Д.У нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа учир зээлийн үүргийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг тодорхойлсон нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна. 3. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.” гэж заажээ. Үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдэгч нь үүргийг шаардахын тулд хамтран үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нарт үүрэг үүссэн болохыг нотолж чадаагүй байхад үүрэг үүссэн мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 2015 оны 05 сарын 04-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээний зээлийн зориулалт хэсэгт сургалтын төлбөр гэсэн агуулага бүхий мэдээлэл байдаг. Энэ нь зээлдэгч О.А нь зээлийг өөрийн сургалтын төлбөртөө ашиглахаар харилцан тохиролцож, зээл авсан гэдгийг харуулдаг. Түүнчлэн Д.У нь зээлийг төлөх талаар болоод ямар нэгэн байдлаар Уянгаас зээлийг төл гэсэн байгууллага бүхий шаардлагыг банкны зүгээс тавьж байгаагүй, нэг ч удаа Д.У нь зээлийн төлбөрийг төлж байгаагүй. 4. Барьцаат зээлийн гэрээний барьцаа бол талийгаач О.Агийн цалин байсныг мөн анхаарч үзсэнгүй. Хариуцагч Д.У нь зээлийг хүлээн авсан, зээл төлж байсан гэх үүрэг үүссэн байдал хэрэгт байгаа баримтын хэмжээнд нотлогдоогүй тул нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэх эрх үүсээгүй гэж үзэх боломжтой. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Т Б”ХХК нь хариуцагч Д.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 066 380.95 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...нөхөр О.Агийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, ...зээлийг авч, хэрэглээгүй, ...бид тусдаа амьдарч байсан, О.А нь 2016 оны 12 сарын 05-ны өдөр нас барсан...” гэх үндэслэлээр маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хариуцагчаас 7 195 597 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулжээ.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжтой байна.

Хоёр шатны шүүх хариуцагч Д.У хамтран үүрэг гүйцэтгэгч мөн эсэх талаар өөр өөр хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэр гаргажээ. Анхан шатны шүүх хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдал, хүлээх үүргийн талаар Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх “...Д.У нь гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болсон, ...зээлдэгч О.Ад зээлийн мөнгөн хөрөнгийг “Т Б”ХХК-аас шилжүүлсэн гэх үйл баримтыг талууд маргаагүй, ...”Т Б”Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.3 дах хэсэгт зааснаар хамтран зээлдэгчийн нэг болох О.Ад мөнгийг шилжүүлэн өгсөн..., нэхэмжлэгч нь хариуцагч Д.Уас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дах хэсэгт зааснаар зээл төлөх үүргийг шаардах эрхтэй.” гэж дүгнэхдээ зээлийн гэрээний төрөл, Д.У хамтран үүрэг гүйцэтгэгч мөн эсэхийг хэрэгт байгаа баримтад тулгуурлан дүгнэж чадаагүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Т Б”ХХК болон О.А, Д.У нарын байгуулсан гэрээ нь барьцаат зээлийн гэрээ буюу цалингийн зээлийн гэрээ болохыг шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу үндэслэлтэй дүгнэсэн байна. Зээлдэгч О.А нь 2016 оны 12 сарын 05-ны өдөр нас баржээ.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ. Зохигчийн хооронд үүссэн үүргийн зүйл үл хуваагдах шинжийг агуулаагүй, хуулиар үүрэг үүсээгүй тул гэрээгээр хамтран хүлээх үүрэг үүссэн эсэх талаар шүүх зайлшгүй зохих эрх зүйн дүгнэлтийг хийх ёстой байна.

Зохигч талуудын байгуулсан гэрээнд зааснаар О.А нь зээлдэгч, барьцааны зүйл нь түүний цалингийн орлого, хөдлөх хөрөнгө байх ба Д.У нь хамтран үүрэг гүйцэтгэгч гэж гэрээнд гарын үсгээ зуржээ. Зээлийн гэрээний төрлүүдээс “цалингийн зээлийн гэрээ” байгуулсан болохыг талууд гэрээндээ тусгаж, цалин барьцаалсан, О.А нь цалингийн орлоготой учраас зээл олгосон байдал тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл цалингийн орлогыг зээлдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор авч үзэж, үүргийг хангуулах арга болгосон гэрээний агуулгаас үзэхэд зээлдэгч нь үүргээ биелүүлэх, биелүүлээгүй бол үүргийг цалингийн орлогоос хангуулах эрх зүйн үндэслэлийг бий болгожээ. Ийм нөхцөлд зээлдэгч үүргээ биелүүлэх асуудал байх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч зээлдэгчийн нэгэн адил хүсэл зориг, ашиг сонирхолтой байсан нөхцөлд хамтран хүлээх үүрэг үүснэ. Д.У нь гэрээний дагуу зээлийг хүлээж аваагүйгээс гадна О.Ад зээлийн мөнгийг шилжүүлснийг Д.У зөвшөөрсөн гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй байна.

Банкнаас зээл олгох гэрээгээр банк буюу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээнэ. Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

“Т Б”ХХК нь Д.Уянгыг хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд заасан 9 619 537 төгрөгийг зээлүүлсэн, мөнгийг О.А, Д.У нарт олгосон гэх байдлаа тус тус нотлоогүйгээс гадна “...мөнгө хүлээж аваагүй...” гэх агуулга бүхий Д.Уянгын тайлбарыг үгүйсгэж чадаагүй байна.

Цалингийн зээлийн гэрээний 3.1.4-т “Зээлдэгчийн харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө зээлийн төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, дээрх данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж банкин дахь хугацаатай хадгаламжийн дансанд барилт хийх” гэж зааснаас үзэхэд зээлдэгч нь эхлээд үүргээ биелүүлэх, боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас суутган гаргуулах агуулгатай байх ба улмаар Д.Уянгыг хамтран хариуцагч гэж үзэх боломжгүй болох нь тогтоогджээ.

Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 890 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 079 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА