Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 8

 

 

 

 

 

 

 

        

           Х.Т-, Г.М-, Ц.А-,

   Н.Б-, Э.Э-, Б.Н-,

Э.Б- нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Энхбат,

            өсвөр насны шүүгдэгч Х.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандсүрэн, түүний өмгөөлөгч Н.Жамъяандорж,

            өсвөр насны шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

            өсвөр насны шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,

            өсвөр насны шүүгдэгч Н.Б-, хууль ёсны төлөөлөгч Н.Наранцэцэг, түүний өмгөөлөгч А.Ганбат,

шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Э.Шинэзориг,

            шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

            хохирогч Н.О-ын хууль ёсны төлөөлөгч О.Гэрэлцэцэг, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал,

            хохирогч А.М хууль ёсны төлөөлөгч Н.Батсайхан,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч С.Оюунчимэг, шүүгч Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Гэрэлцэцэг, өсвөр насны шүүгдэгч Э.Э-, Н.Б-, насанд хүрээгүй хохирогч М.Г- хууль ёсны төлөөлөгч Ж.Монголжингоо нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б-, Б.Н-, өсвөр насны шүүгдэгч Х.Т-, Ц.А-, Г.М-, Н.Б-, Э.Э- нарт холбогдох 1708000000056 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ………. овгийн X.Т, 20... оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ……………… тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: ........../;

2. ............ овгийн Ц.А, 20... оны.... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгч нарын хамт ……………….. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: .................../;

3. ............. овгийн Г.М, 20... оны ... дугаар сарын .....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ............... сургалт үйлдвэрлэлийн төвийн хэвлэлийн эх бэлтгэл, дизайнерийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт ……………..тоотод суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД:................/;

4. .............. овгийн Б.Н, 19.. оны .. дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ……………. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: .............../;

5. ............ овгийн Э.Б, 20...оны дугаар …. сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт …………. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: ............../;

6. .............. овгийн Н.Б, 20... оны..... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ……………….. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: ......................../;

7. ............... овгийн Э.Э, 20.. оны... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ………………. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, /РД: ....................../;

1. Өсвөр насны шүүгдэгч Х.Т-, Ц.А-, Г.М- нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хархорин захын хойд талын зүүнээс, баруун чиглэлтэй 19-ийн гэх автобусны буудлын орчмоос иргэн Н.О-ын жолоодон явсан “Приус-20” загварын 58-34 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож, “таксигаар үйлчлүүлнэ” гэж сууж явахдаа дээрмийн гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэн, тус дүүргийн 26 дугаар хороо, Алтан-Овооны 46-06 тоот эзэнгүй хашаанд хүргүүлж, улмаар уг хашаанд дээрмийн гэмт санаагаа хэрэгжүүлэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар өсвөр насны шүүгдэгч Г.М- нь баруун гараараа амь хохирогч Н.О-ын ар талаас давуулан хоолойг нь боож, Н.О-ын дээрх довтолгооны эсрэг хийсэн блок, тоосгыг Х.Т- лүү шидсэн үйлдлийг өсвөр насны шүүгдэгч Х.Т- таслан уг, блок тоосгоор Н.О-ыг цохин, зодож үргэлжлүүлэн өсвөр насны шүүгдэгч Х.Т-, Ц.А- нар нь Н.О-ыг ээлжлэн боож унаган нүүр, ам, гар, хөлийг нь хүлж, 13.300.000 төгрөгийн үнэ бүхий 58-34 УБЯ улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл, 42.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг С Интер” загварын гар утас, биет 60.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, бусдад 13.402.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

2.  Өсвөр насны шүүгдэгч Х.Т-, Ц.А-, Г.М- нар нь бүлэглэж, 2017 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө дээрх үйлдсэн дээрмийн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогч Н.О-ыг өөрсдийн өмчлөлд шилжсэн 58-34 УБЯ улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл рүү дамжлан зөөж, тээшинд оруулан, тээвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгч Х.Т- нь тээврийн хэрэгслийг жолоодон тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ар гүнт” гэх газар аваачиж, өсвөр насны шүүгдэгч Х.Т-, Г.М- нар нь уулын энгэр модтой хэсэгт нүх ухан бэлдэж, ухсан нүхэндээ хохирогч Н.О-ыг доош харуулж хэвтүүлэн өсвөр насны шүүгдэгч Х.Т-, Ц.А-, Г.М- нар нь бүлэглэж, онц харгис хэрцгийгээр буюу 96 см-ийн урттай арматур төмрөөр Н.О-ын толгойн дагзны дунд хэсэгт 2*0.7 см шарх, уг шархнаас доош 3 см зайд хөндлөн байрлалтай 3.3*0.8 см зах ирмэг тэгш бус гүн шарх бүхий шархны түвшинд гавлын ясны хэлбэр, дүрсийг алдагдтал удаа дараа ээлжлэн цохиж, цөмлөн үйрүүлж бүлэглэн алсан, улмаар цогцосыг шороогоор булсан /Эрүүгийн 1708000000056 дугаартай/ гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч Б.Н- нь өсвөр насны шүүгдэгч М.М, шүүгдэгч Д.Т нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байрны 2 дугаар орцонд насанд хүрээгүй хохирогч С.Д-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж “Айфоне S4” загварын гар утас, бор өнгийн хэтэвч, бэлэн 11.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, бусдад 14.000 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1709000000025 дугаартай/ гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч Э.Б-, өсвөр насны шүүгдэгч Н.Б- нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 12 дугаар байрны зүүн хойд талд насанд хүрээгүй хохирогч М.Д-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлон, “Эл Жи-2” загварын гар утас, “Жи Шок” загварын бугуйн цаг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, бусдад 160.000 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1711005590077 дугаартай/ гэмт хэрэгт,

5. Шүүгдэгч Б.Н-, өсвөр насны шүүгдэгч Г.М- нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.Мөнхтөрийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон, “Самсунг Эс-4” загварын гар утас, бэлэн 20.500 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, бусдад 212.5000 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1711003860076 дугаартай/ гэмт хэрэгт,

6. Шүүгдэгч Б.Н-, Э.Б-, М.М нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талын хаалга орчим Д.С, Г.Т нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон, Д.С-ын “Эл Жи Жи-5” загварын гар утас, бэлэн 10.500 төгрөг, Г.Т-ийн 10.000 төгрөг, “Блүтүүт” чихэвч, хар өнгийн бугуйн цаг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Д.С-д, 290.500 төгрөгийн, Г.Т-д 46.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдад нийт 336.500 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1709009420269 дугаартай/ гэмт хэрэгт,

7. Шүүгдэгч Э.Б-, М.М нар нь Г гэгчтэй бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайн урд талд насанд хүрээгүй хохирогч Н.М, Л.З нарын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэн довтолж, “Ай фоне-5” загварын гар утас, мөнгөн гинж, пүүз, автобусны карт, бэлэн 3000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Н.М-д 41.600 төгрөгийн, Л.З-д 193.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан /Эрүүгийн 1711005240081 дугаартай/ гэмт хэрэгт,

8. Шүүгдэгч Б.Н-, Э.Б-, өсвөр насны шүүгдэгч Г.М- нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудлын орчим М.М-ын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн заналхийлж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, довтолж “Жи Шок” загварын бугуйн цаг дээрэмдэж, бусдад 21.000 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 170500400182 дугаартай/ гэмт хэрэгт,

9. Өсвөр насны шүүгдэгч Х.Т-, Г.М-, Н.Б- нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудлын орчим Л.Г, О.М нарын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, “Прада” загварын гар утас, савхин хүрэм, малгай, бэлэн 3000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Л.Г-д 145.8000 төгрөгийн, О.М-д 54.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан /Эрүүгийн 1705003830144 дугаартай/ гэмт хэрэгт,

10. Шүүгдэгч Б.Н-, Э.Б-, М.М нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Г, Э.А нарын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, “Ай Фоне-6” загварын гар утас, хар өнгийн хүрэм, малгай, бугуйн цаг, пүүз зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, М.Г-т 494.000 төгрөгийн, Э.А-д, 126.000 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 170611800075 дугаартай/ гэмт хэрэгт,

11. Шүүгдэгч Э.Б- нь М.М-тай бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдэх үедээ Э.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

12. Шүүгдэгч Б.Н-, М.М нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны урд талд насанд хүрээгүй Г.М, А.Т нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “Ай Фоне-6”, “Самсунг галакси эс 3” загварын гар утаснуудыг дээрэмдэж, А.Т-д 54.000 төгрөгийн, Г.М-д 408.000 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1706014960367 дугаартай/ гэмт хэрэгт,

13. Шүүгдэгч Э.Б- нь М.М, А.Е, Э.Т нартай бүлэглэн 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран шоп” дэлгүүрийн орчим иргэн А.Г-ын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэнлэн довтлон “Асус” загварын зөөврийн компьютер, хулгана, компьютерийн цүнх зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, бусдад 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1806000000314 дугаартай/ гэмт хэрэгт,

14. Шүүгдэгч Э.Б-, өсвөр насны шүүгдэгч Э.Э- нар бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Э.Т-ын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлон бугуйн цаг, чихэвч, гар утас зэргийг дээрэмдэж, бусдад 124.200 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1708013290218 дугаартай/ гэмт хэрэгт,

15. Шүүгдэгч Б.Н-, өсвөр насны шүүгдэгч Г.М-, Х.Т- нар нь Г.Г-, Б нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арктай шар байрны орчим иргэн А.М, Ц.М нарын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлон “Самсунг эс-5”, “ЗТЕ-598” загварын гар утаснуудыг дээрэмдэж, А.М-д 576.000 төгрөгийн, Ц.М-д 132.000 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1705011380285 дугаартай/ гэмт хэрэгт,

16. Өсвөр насны шүүгдэгч Г.М- нь дээрхи гэмт хэргийг үйлдэх үедээ А.М-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан /Эрүүгийн 1705011380285 дугаартай/ гэмт хэрэгт,

17. Шүүгдэгч Б.Н-, өсвөр насны шүүгдэгч Х.Т- нар нь Г.Г, Б нартай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар байрны орчим иргэн П.Б-н эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “Ай Фоне-6 плас” загварын гар утсыг дээрэмдэж, 624.000 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1705002010363 дугаартай/ гэмт хэрэгт,

18. Шүүгдэгч Б.Н-, өсвөр насны шүүгдэгч Н.Б- нар нь М.М-тай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.Г, Э.М нарын эд хөрөнгийг авахаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, хүч хэрэглэн довтолж бэлэн 110.000 төгрөг, куртик, “Ай Фоне-5 эс” загварын гар утас зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Э.М-д 390.000 төгрөгийн, М.Г-д 32.400 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1705005930253 дугаартай/ гэмт хэрэгт,

19. Шүүгдэгч Э.Б-, Б.Н- нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Гранд Хилл” зочид буудлын орчим Э.Г-ын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон улаан өнгийн футболк, “Ай Фоне-5с” загварын гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, 331.000 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1705003930351 дугаартай/ гэмт хэрэгт,

20. Шүүгдэгч Э.Б-ий дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг санаачилснаар шүүгдэгч Б.Н-, өсвөр насны шүүгдэгч Г.М- нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 64 дүгээр байрны орчим далан дээр насанд хүрээгүй хохирогч Ш.Э, Г.И нарын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “Гранд-2”, “Самсунг эс-5”, загварын гар утаснууд, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, Ш.Э-д 158.000 төгрөгийн хохирол, Г.И-д 192.000 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1705003940348 дугаартай/ гэмт хэрэгт,

21. Шүүгдэгч Б.Н- нь өсвөр насны шүүгдэгч Г.М-, Х.Т- нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Макс Молл” худалдааны төвийн орчим Б.Б-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж “Ай Фоне-5с” загварын гар утас, саравчтай малгай, жинсэн өмд, бугуйн цаг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж бусдад 245.600 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1705003760349 дугаартай/ гэмт хэрэгт,

22. Шүүгдэгч Б.Н- нь өсвөр насны шүүгдэгч Н.Б-, Х.Т- нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 5А байрны орцонд Б.Т-ийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлон, “Нексус” загварын гар утас, срочкон цамц, гутал зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, 243.000 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1705003920350 дугаартай/ гэмт хэрэгт,

23. Өсвөр насны шүүгдэгч Х.Т-, Н.Б-, Э.Э- нар нь Ө.Б Ө.Т, Д.Х, С.С, Д.Э нартай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын автобусны буудал орчим иргэн Б.Д-ийн эзэмшлийн 45-80 СЭҮ улсын дугаартай “Тоёото кроун” загварын тээврийн хэрэгсэлд сууж байхад нь эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “Хаан банк”-ны виза картанд байсан 4.070.000 төгрөг, “Ай Фоне-6 плас” загварын гар утас, “Афле” загварын бугуйн цаг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, иргэн Б.Д-д 5.033.416 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1809000000431 дугаартай/ гэмт хэрэгт,

24. Өсвөр насны шүүгдэгч Н.Б-, Х.Т-, Э.Э- нар нь Ө.Т, Д.Э, Ө.Б нартай бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар сургуулийн баруун талд иргэн С.А-т хүч хэрэглэж, эд хөрөнгийг авахаар довтлон “Самсунг Эс-7ж эдж” загварын гар утсыг дээрэмдэж, 544.000 төгрөгийн хохирол учруулсан /Эрүүгийн 1809000000446 дугаартай/ гэмт хэрэгт,

25. Өсвөр насны шүүгдэгч Н.Б-, Х.Т-, Э.Э- нар нь Ө.Төгөлдөртэй бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар сургуулийн баруун урд талд дээрмийн гэмт хэрэг үйлдэх үедээ хохирогч С.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан /Эрүүгийн 1809000000446 дугаартай/ гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас:

1. Өсвөр насны шүүгдэгч Х.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.11 дэх заалтууд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

2. Өсвөр насны шүүгдэгч Г.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.11 дэх заалтууд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

3. Өсвөр насны шүүгдэгч Ц.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.11 дэх заалтуудад зааснаар,

4. Өсвөр насны шүүгдэгч Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

5. Өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

6. Шүүгдэгч Э.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

7. Шүүгдэгч Б.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

1. Өсвөр насны шүүгдэгч Х.Т-ийг:

- бусадтай бүлэглэн, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд,

- бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Өсвөр насны шүүгдэгч Г.М-ыг:

- бусадтай бүлэглэн, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлохдоо зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Өсвөр насны шүүгдэгч Ц.А-г:

- бусадтай бүлэглэн, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Н-г:

- бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийнг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлохдоо зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Өсвөр насны шүүгдэгч Н.Б-г:

- бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлохдоо зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

- бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Э.Б-ийг:

- бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлохдоо зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

-бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Өсвөр насны шүүгдэгч Э.Э-ыг:

- бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Прокуророос өсвөр насны шүүгдэгч Г.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад зааснаар Г.М-, Э.Б- нарыг тус хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

3.  Өсвөр насны шүүгдэгч Х.Т-ийг:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.11 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зуйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Өсвөр насны шүүгдэгч Г.М-ыг

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.11 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад  зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 Өсвөр насны шүүгдэгч Ц.А-ыг:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.11-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 Шүүгдэгч Б.Н-ыг:

-   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Өсвөр насны шүүгдэгч Н.Б-ыг:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Өсвөр насны шүүгдэгч Э.Б-ийг:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Өсвөр насны шүүгдэгч Э.Э-ыг:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч Х.Т-, Г.М-, Ц.А-, Н.Б-, Э.Э- нарт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, өсвөр насны шүүгдэгч Х.Т-ийг 14 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар, Г.М-ыг 14 жилийн хугацаагаар, Ц.А-ыг 10 жилийн хугацаагаар, Н.Б-ыг 2 жил 7 сар 7 хоногийн хугацаагаар, Э.Э-ыг 1 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар биечлэн эдлэх ялын хэмжээг тус бүрээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-, Э.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Т-, Г.М-, Ц.А-, Н.Б-, Э.Э- нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Т-ийн цагдан хоригдсон 331 хоногийг, Г.М-ын цагдан хоригдсон 244 хоногийг, Ц.А-ын цагдан хоригдсон 212 хоногийг, Н.Б-ын цагдан хоригдсон 116 хоногийг, Э.Э-ын цагдан хоригдсон 46 хоногийг, Б.Н-ын цагдан хоригдсон 324 хоногийг, Э.Б-ий цагдан хоригдсон 224 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн талийгаачийн гар, толгой зэргийг хүлсэн гэх 3 хэсэг хар өнгийн уяанууд, мэдүүлгийг шалгах ажиллагааны явцад хурааж авсан 408 см урттай хар өнгийн уяа 1 ширхэг, улаан саарал өнгийн суудлын хивсэнцэр 1 ширхэг, дурсамжийн цомог гэсэн хаягтай улаан өнгийн хавтастай зураг 1 ширхэг, 20000 төгрөгний дүрс бүхий цаас мэт зүйл 1 ширхэг, бор өнгийн оосортой гар цүнх 1 ширхэг, “нокиа” загварын товчлууртай хар өнгийн гар утас 1 ширхэг, улаан өнгийн "Вест" хайрцагтай тамхи 1 ширхэг, “Тэс” шатахуун түгээх станцийн хөнгөлөлтийн карт 1 ширхэг, “Ухаалаг Улаанбаатар” гэсэн бичигтэй карт 1 ширхэг, саарал өнгийн асаагуур 1 ширхэг, шар өнгийн сормуусны будаг 1 ширхэг, 96 см урт, 2 см диаметртэй арматурын төмөр 1 ширхэг, талийгаачийн хувцас /хар хөх өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгийн цахилгаантай хантааз 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, ягаан эрээн өнгийн хүүхдийн өмд 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 8 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц /Монгол Банкинд/ хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 4 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар тус тус тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэр бүхий шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нараас хохирлыг гаргуулж нэр бүхий хохирогч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарт олгож,

- Өсвөр насны шүүгдэгч Х.Т-өөс: 4.267.523 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г-т 3.233.000 төгрөгийг, хохирогч Л.Г-д 1000 төгрөгийг, хохирогч О.М 18.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч А.М-д 96.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Ц.М-д 22.000 төгрөгийг, хохирогч П.Б-д 156.000 төгрөгийг,хохирогч Б.Б-д 81.866 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Б.Т-т 81,000 төгрөгийг, хохирогч Б.Д-д 410.427 төгрөгийг, С.А-т 168.230 төгрөгийг тус бүрт олгож,

-Өсвөр насны шүүгдэгч Д.М-с: 3.884.782 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г-т 3.443.000 төгрөгийг, М.М-с 106.250 төгрөгийг, хохирогч Л.Г-д 1000 төгрөгийг, хохирогч О.М-д 18.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч А.М-д 96.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Ц.М-д 22.000 төгрөгийг, хохирогч Ш.Э-д 52.666 төгрөгийг, хохирогч Г.И-д 64.000 төгрөгийг, хохирогч Б.Билгүүнтөгсөд 81.866 төгрөгийг тус бүрт олгож,

-Өсвөр насны шүүгдэгч Ц.А-аас: 943.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г-т олгож,

-Шүүгдэгч Э.Б-ээс: 827.544 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч М.Д-д 80.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Г.Т-д 15.330 төгрөгийг, хохирогч Д.С-д 96.833 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Н.М-д 13.866 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Л.З-д 64.333 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч М.Г-т 164.666 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Э.А-д 42.000 төгрөгийг,  насанд хүрээгүй хохирогч А.Г-д 6.250 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Э.Т-т 62.100 төгрөгийг, хохирогч Э.Г-т 165.500 төгрөгийг, хохирогч Ш.Э-д 52.666 төгрөгийг, хохирогч Г.И-д 64.000 төгрөгийг тус бүрт олгож,

 -Өсвөр  насны  шүүгдэгч Э.Э-аас: 640.760 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э.Т-т 62.100 төгрөгийг, хохирогч Б.Д-д 410.427 төгрөгийг, С.А-т 168.230 төгрөгийг тус бүрт олгохоор шийдвэрлэж, шүүгдэгч Б.Н-, өсвөр насны шүүгдэгч Н.Б- нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Н.О-ын хууль ёсны төлөөлөгч О.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие өсвөр насны шүүгдэгч Х.Т-, Ц.А-, Г.М- нарт маш их гомдолтой байна. Эдгээр хүүхдүүд нь олон удаагийн давтан, бүлэг гэмт хэрэг хийж цагдаа, прокурор, өмгөөлөгч нараас илүү мэдлэгтэй болчихсон юм шиг байна. Хуулийн цоорхой яаж ашиглах, яаж ял завших, яавал наранд 80 хонох вэ гэдгээ сайн мэддэг хүүхдүүд. Эцэг, эх, асран хамгаалагч болон эдгээр хүүхдүүдэд хүнээс уучлалт гуйж мэддэггүй, хүн чанаргүй, айж ичдэггүй, хүн чанаргүй араатнуудад маш их гомдолтой байна.

Эдгээр хүүхдүүд нь олон удаагийн давтан, бүлэг гэмт хэрэгтэй, санаатай харгис хэрцгийгээр хүн алсан, нүх ухаж хэргээ нуун далдалсан, оршуулгын зардал, хохирол барагдуулаагүй зэрэг олон зүйл ангитай байхад бага ял өгсөнд гомдолтой байна. Хүний амь нас улс оронд минь үнэ цэнэгүй болчихсон юм уу. Надад болон миний үр хүүхдүүдэд хамгийн үнэ цэнэтэй тэжээгч минь байсан. Эдгээр хүүхдүүд бидний адил эцэг, эхтэй. Эцэг, эх, асран хамгаалагч нь шүүх хуралдаанд оролцсон. Хүүхдүүдэд нь шийтгэх тогтоол уншиж байхад баярлаж инээдэг эцэг, эх гэж байхгүй байх. Миний ханийг алсан нь багадаад надаар доог тохуу хийж хохирлыг нь барагдуулахгүйгээр, биеэр бага ял эдлээд гарах нь гэж баярлаж инээлдэж байсан. Оршуулгын зардал, хохирол төлбөр авч чадаагүйдээ гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, хохирол төлбөр барагдуулж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Бидний хохирлыг бүрэн барагдуулж өгөхгүй бол энэ хэргийг мэдэхгүй хүн, радио, телевиз гэж байхгүй болно. Бид телевизэд хандах болно...” гэв.

            Насанд хүрээгүй хохирогч М.Г- хууль ёсны төлөөлөгч Ж.Монголжингоо гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гэрийн хаягаар хүлээн авсан. Хохирогч бидэнд шүүх хуралдааны тов мэдэгдэлгүй шүүх хуралдаан явуулж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно...” гэжээ.

            Өсвөр насны шүүгдэгч Э.Э- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 6 сар гаруй хугацаанд хоригдож байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед бусадтай нийлж сэтгэлийн хөөрөлд автаж, гэмгүй хүүхдийг дээрэлхэн эд хөрөнгөд нь халдаж, эд хөрөнгө болон бие сэтгэлийн хохирол учруулсан. Би мэргэжил эзэмшиж, сайн сайхан амьдрах зорилготой байсан. Гэтэл хэтэрхий хөнгөн, сагсуу, ухамсаргүй зангаасаа болж өсвөр насныхаа амьдралд хар толбо үүсгэж муу муухай, аюул эрсдэлтэй гэмт хэргийг хамтран үйлдэж байснаа ойлгосон. Би бусдын эрхэнд халдаж, өөрийн болон бусдын эрх, үүргийг ухаарч, ухамсарлалгүйгээр алдсан алдаандаа маш их гэмшиж байна.

            Сурч боловсрох насаа үгүй хийж, өсгөж өдий зэрэгт хүргэсэн эцэг, эхийнхээ ачийг хариулж чадахгүй, дүү нартаа буруу үлгэр дууриалал үзүүлж ийм байдалтай байгаадаа маш их гэмшиж байна. Хүүхэд насны сагсуу, гэнэн, бодлогогүй үйлдлээсээ болж гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Би хийсэн хэргийнхээ гэм хорыг залруулж гэр бүлээ хайрлан хамгаалж, сурч боловсорч, ажилтай болохыг маш их хүсч байна. Надад өгсөн итгэлийг алдалгүй сайн сайхан бүхний төлөө чин сэтгэлээсээ зүтгэж амьдрах болно. Дахин хуулийн зөрчил гаргалгүй эрх, үүргээ чандлан биелүүлэхээ амлаж байна...” гэв.

            Өсвөр насны шүүгдэгч Н.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид 6 сар гаруй хугацаанд хоригдож байна. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед бусадтай нийлж сэтгэлийн хөөрөлд автаж, гэмгүй хүүхдийг дээрэлхэн эд хөрөнгөд нь халдаж, эд хөрөнгө болон сэтгэлийн хохирол учруулсан. Би мэргэжлээрээ ажиллаж сайн сайхан амьдрах зорилготой байсан. Гэтэл хэтэрхий хөнгөн, сагсуу, ухамсаргүй зангаасаа болж өсвөр насныхаа амьдралд хар толбо үүсгэж муу муухай, аюул эрсдэлтэй гэмт хэргийг хамтран үйлдэж байснаа ойлгосон. Би бусдын эрхэнд халдаж өөрийн болон бусдын үүргийг ухаарч ухамсарлалгүйгээр үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Сурч боловсрох насаа үгүй хийж, өсгөж өдий зэрэгт хүргэсэн эхийнхээ ачийг хариулж чадахгүй, дүү нартаа буруу үлгэр дууриалал үзүүлж ийм байдалтай байгаадаа маш их харамсаж байна. Би хийсэн хэргийнхээ гэм хорыг залруулж гэр бүлээ хайрлан хамгаалж байна. Сурч боловсрох, ажил мэргэжилтэй болохыг хүсч байна. Надад өгсөн итгэлийг алдалгүй сайн сайхан бүхний төлөө чин сэтгэлээсээ зүтгэж амьдрах болно. Дахин хуулийн зөрчил гаргалгүй эрх, үүргээ чандлан биелүүлэхээ амлаж байна. ...” гэв.

 Өсвөр насны шүүгдэгч Н.Б-ын хууль ёсны төлөөлөгч Н.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Х.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г-ийн өмгөөлөгч Г.Баяржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Х.Т-, Ц.А-, Г.М- нарт оногдуулсан шийтгэл үндэслэлтэй гэж үзэж байна. Гэвч анхан шатны шүүх хуралдаан дээр прокурор болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирлыг өсвөр насны шүүгдэгч Х.Т-, Ц.А-, Г.М- нарын асран хамгаалагч, эцэг, эх нараас гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хангаагүй, шүүгдэгч нараас гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Бодит хохирлыг асран хамгаалагч, эцэг, эх нараас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв. 

Насанд хүрээгүй хохирогч А.М хууль ёсны төлөөлөгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн өдөр буюу 8 дугаар сарын 04-ний өдрийн орой 20 цагийн үед хүүхэд маань гэртээ ирэхэд нүүр нь битүү хөхөрч, зүүн талын хацар нь хавдчихсан байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны товыг гэнэт мэдэгдсэн тул шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Би энэ хэрэгт Цагдаагийн байгууллагын ажиллагаа удааширч, хугацаа алдсан гэж үзэж байна. Бид эрүүл мэндийн хувьд 20 орчим хоног шаналж, 600.000 төгрөг зарцуулсан. Миний хүүхдийн 2.000.000 гаруй төгрөгийн үнэтэй утсыг авахын тулд эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Өсвөр насны шүүгдэгч Г.М- “би А.Маргад-Эрдэнийг зодсон, утсыг нь авч дээрэмдсэн” гэдгээ хэлсэн. Утасны компаниас 576.000 төгрөгийн хохирлыг барагдуулна гэж гаргаад, дараа нь бүх хүнд хуваана гэсэнд гомдолтой байгаа бөгөөд өсвөр насны шүүгдэгч Г.М-оор 576.000 төгрөгийн хохирлыг гаргуулмаар байна. Нэг удаа 96.000 төгрөг төлсөн. Шүүгдэгч нарт ял хөнгөдсөн гэж үзэж байна. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Х.Т-ийн өмгөөлөгч Н.Жамъяандорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өсвөр насны шүүгдэгч Х.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандсүрэнгээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г-т өчигдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг гаргаж өгч байна. Хохирлоос нийт 3.200.000 төгрөг төлөгдсөн. Шүүх хуралдаан дээр өсвөр насны шүүгдэгч Х.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Хандсүрэн цаашид хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Анхан шатны шүүхээс хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан. Мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заасан. Үүнийг би үйлдэл болгон дээр нь ял оногдуулж, түүнийг нэмж нэгтгэсэн ялыг хоёрт хуваана гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх үйлдэл болгон дээр нь ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж нийт эдлэх ялыг оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Мөн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хорих ялын дээд хэмжээг 20 жилээс ихгүй байхаар хуульчилсан. Өсвөр насны шүүгдэгч Х.Т-т оногдуулсан ялын хэмжээ хуулийн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялын хэмжээг тогтоож өгнө үү. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Г.М-ын нийт эдлэх хорих ялыг 14 жилийн хугацаагаар тогтоосон. Шүүх нийт эдлэх ялыг тогтоосны эцэст уг ялыг хоёр дахин багасгана гэж үүрэг болгосон заалт байгаа тул шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буруугаар хэрэглэсэн нөхцөл байдал харагдаж байна. Шүүгдэгч Г.М-од оногдуулах ялыг нийт 20 жилээр тогтоож улмаар шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах ёстой байсан гэж үзэж байна. ... гэв. 

Өсвөр насны шүүгдэгч Н.Б-ын өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өсвөр насны шүүгдэгч Н.Б- давж заалдах гомдол гаргасан боловч хууль зүйн мэдлэг байхгүй тул “би гэмшиж байна” гэдэг байдлаар бичсэн. Энэ нь түүний цаашид яаж амьдрах болон гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа тухайгаа хэлж байгаа асуудал юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өсвөр насны шүүгдэгч Э.Э-ын ял хүндэдсэн гэж үзэж байна. Э.Э-ын хувьд 3 удаагийн дээрмийн үйлдэлтэй бөгөөд бусад өсвөр насны шүүгдэгч нараас бага үйлдэлтэй. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Өсвөр насны шүүгдэгч Э.Э- нь хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа байдал болон өсвөр насны шүүгдэгчийн насыг харгалзан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Э.Шинэзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Н- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хүнийг алах гэмт хэрэгт оролцоо байхгүй, дээрэмдэх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Н-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зөв хэрэглэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. Мөн прокурорын зүгээс шүүгдэгч нарын үйлдэл тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилээр тогтооно гэсэн саналыг шүүх хуралдаан дээр гаргасан. Шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч, шүүгдэгч нарын нийт эдлэх ялыг эрх хэмжээгээр тогтоож, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.5 дугаар зүйлийг журамлан 2 дахин багасгах ёстой байсан. Шүүх үүнийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ял оногдуулах хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. …” гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүгдэгч Х.Т-, Г.М-, Ц.А-, Н.Б-, Э.Э-, Б.Н-, Э.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шаардлагыг тус тус хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаас үзсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэг: Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хазгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна.

Тухайлбал, насанд хүрээгүй хохирогч М.Г- хууль ёсны төлөөлөгч Ж.Монголжингоогийн гаргасан “бидэнд шүүх хуралдааны тов мэдэгдээгүйгээр хуралдааныг хийсэн” талаарх давж заалдах гомдлын дагуу хэргийг хянахад тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаар шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хийхээр товлохдоо насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Монголжингоод хуралдааны товыг мэдэгдээгүй /утас нь холбогдохгүй байв гэсэн шүүгчийн туслахын тэмдэглэл авагдсан/ болох нь тогтоогдож байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...”, мөн зүйлийн 1.9-д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах...” зэрэг хохирогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан ноцтой зөрчилд тооцогдохоор байна.

Хоёр: Прокуророос шүүгдэгч Х.Т-, Г.М-, Н.Б-, Э.Э-, Э.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх Г.М-, Э.Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа бусад шүүгдэгч нарт дээрх зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулж биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэснийг анхаарч үзээгүй байна.

Гурав: Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйл болон 6.8 дугаар зүйлүүдийг хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн хууль зүйн үндэслэлээ заагаагүй.

Мөн түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохдоо тухайн шүүгдэгчийн хувьд ямар зүйлчлэлээр оногдуулсан ял дээр /эсхүл ялд/ ямар зүйлчлэлээр оногдуулсан ялыг хэрхэн тооцож, нэмж нэгтгэсэн талаараа зохих хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Дөрөв: Прокуророос зарим шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар давхар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүх дээрх хоёр зүйлчлэлийг нэгтгэн нэг зүйл хэсэг болгон шийдвэрлээгүй атлаа нэг зүйлчлэлээр ял шийтгэж, нэгийг нь орхигдуулсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр болжээ.

Тав: Иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй өсвөр насны шүүгдэгч нараас хохирол төлбөр гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн холбогдох хууль, тогтоомжтой зөрчилдөж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд иргэний хариуцагчаар өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг татан оролцуулахаар заасны дагуу зохих ажиллагааг шүүхийн шатанд хийж, өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг тэдний зохих хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулах нь зүйтэй.

Дээр дурьдсан ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр болсон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Г, өсвөр насны шүүгдэгч Э.Э-, Н.Б- нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 659 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.Т-, Г.М-, Ц.А-, Н.Б-, Э.Э-, Б.Н-, Э.Б- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Х.Т-, Г.М-, Ц.А-, Н.Б-, Э.Э-, Б.Н-, Э.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                               Б.ЗОРИГ