Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 32

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр

    Улсын яллагч Б.Өлзийбат

    Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Алтайн Хүдэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин

    Шүүгдэгч Х.Энхтөр, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хүрэлбаатарын Энхтөрд холбогдох 201307000205 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн харъяат, 1984 оны 11 дүгээр сарын 20-нд төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймаг, Сайнцагаан сум, Мандалын 2-11 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ЗЮ84112030 регистрийн дугаартай, Боржигон овогт Хүрэлбаатарын Энхтөр гэв.     

    Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Х.Энхтөр нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Алтайн Хүдэр” ХХК-ийн эзэмшлийн хүнд даацын 40-39 УНР улсын дугаартай Норд бенз маркын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ийн хүнд даацын 97-36 УНП улсын дугаартай автомашиныг зогсож байхад Х.Энхтөр нь “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан заалтыг зөрчин араас нь мөргөж зам тээврийн осол гарган “Алтайн Хүдэр” ХХК-нд 47.775.500 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Х.Энхтөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2013 оны 11 дүгээр сарын 08-нд Бургастайн боомтоос Таян нуурын уурхай руу буцаж явсан. Буцах замдаа уурхайгаас 25 дахь километрт энэ осол болсон. Тэр үед тоосжилт ихтэй байсан. Энэ ослоос болоод Монголд эмчилгээ байхгүй миний хөлийг тайрна гээд гадагшаа яв гэсэн. Би Солонгос улс руу явж 1 жил

2.

8 сар эмчилгээ хийлгэсэн. Ямар ч байсан энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.

  Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Алтайн Хүдэр” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр намайг Таян нуурын уурхайн хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байхад Цээл сумд ажлаар явж байх үед осол боллоо гэж дуудлага ирсэн. Би тэр үед Цээл сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч дэслэгч н.Даваажавыг аваад ослын газарт ирэхэд жолоочийг эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх гээд уурхай руу аваад явсан осол гарсан газрыг хамгаалалтад авсан байсан. Энэ осолд 40-39 УНР гэсэн улсын дугаартай Норд Бенз маркын манай компанийн машинийг жолоодож явсан жолооч Х.Энхтөр, мөн манайд гэрээгээр тээвэр хийж явсан “Мөст цэвэрлэх булаг” компанийн 97-36 УНП дугаартай машины араас мөргөж осол гаргасан байсан. Тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм, уурхайд мөрдөгдөж байсан Таян нуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх замд тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэх журмын зохих зүйл заалтыг зөрчсөний улмаас энэ осол гарах үндэстэй гэж үзсэн. Ослын улмаас 47.775.500 төгрөгийн хохирол учирсан гэж хөрөнгийн үнэлгээний Итгэлт Эстимэйт компанийн үнэлгээгээр тогтоогдсон. Бидний тооцоогоор 53 сая гаруй төгрөгийн хохирол учирсан тооцоо гаргасан боловч мөрдөн байцаалтын явцад 47.775.500 төгрөгөөр тогтоогдсон. Энэ ослоос хойш 3 жил өнгөрч байгаа боловч жолооч Х.Энхтөрийн зүгээс ямар нэгэн хохирол барагдуулаагүй. Хохирогчийн зүгээс жолооч Х.Энхтөрийн учруулсан хохирлыг барагдуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирлын үнэлгээ /1-р хх 73-76-рт/, Мэргэжлийн хяналтын шинжээчийн гарын үсгэнд шинжилгээ хийсэн дүгнэлт /1-р хх 208-рт/, акт тогтоосон комиссын шийдвэр /2-р хх 29-рт/, Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн чиглэлийн тодорхойлолт, байцаагч Я.Ариунболдын мэдүүлэг /2-р хх 52-рт/, байцаагч н.Бадамгэрэлийн мэдүүлэг /2-р хх 68-рт/, Зам тээврийн яамны албан бичиг, тодорхойлолт /1-р хх 161-рт/ зэрэг нотлох баримтад үзлэг хийв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн хүсэлтээр: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 5-6-рт/, хөдөлмөрийн гэрээ /1-р хх 46-рт/, эд зүйлсийн үнэлгээ /1-р хх 58-рт/, хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээ /1-р хх 76-рт/, шүүгдэгчийн гэмтлийн зэрэг тогтоох шинжээчийн дүгнэлт /1-р хх 80-рт/, ял шалгах хуудас /1-р хх 149-рт/, шүүгдэгчийн биед учирсан гэмтлийн зэргийг дахин тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хх 216-рт/, 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Улсын байцаагчийн дүгнэлт /2-р хх 18-рт/, 2013 оны 11 дүгээр сарын 08-нд Дундговь аймгийн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж эмчилгээ хийлгэж байсан баримт /1-р хх 222-242-рт/, мөн Солонгос улс руу явсан онгоцны тийзны хуулбар /1-р хх 98-101-рт/ зэрэг нотлох баримтад үзлэг хийв.

   Шүүгдэгч Х.Энхтөр нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Алтайн Хүдэр” ХХК-ийн эзэмшлийн хүнд даацын 40-39 УНР улсын дугаартай Норд бенз маркын автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад  “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан заалтыг зөрчиж “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ийн хүнд даацын 97-36 УНП улсын дугаартай автомашиныг зогсож байхад нь араас нь мөргөж зам тээврийн осол гарган “Алтайн Хүдэр” ХХК-нд 47.755.500 төгрөг буюу онц их хэмжээний хохирол

3.

учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяагийн шүүх хуралдаанд гаргасан * Өмгөөлөгчийн зүгээс дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Хоёрдугаарт ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гуравдугаарт согтууруулах ундаа уугаагүй, мөн өөртөө хүндэвтэр гэмтэл учруулж 2 жил гаруй хэвтэрт байсан. Хэрэгт үйлдвэрлэлийн осол гэсэн улсын байцаагчийн дүгнэлт байгаа учир шүүгдэгч Х.Энхтөрт холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү * гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч А.Ариунболд нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08-06-021/63/549 дугаартай Улсын байцаагчийн дүгнэлтдээ *...тус уурхайгаас ирүүлсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай материалд байгаа осолдогчийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн гүйцэтгэх ажил үүрэг, цагдаагийн байгууллагаас тухайн ослын газар байсан холбогдох гэрч нараас авсан мэдүүлэг, осол болсон газрын үзлэгийн тэмдэглэлийг үндэслэн  ... Үйлдвэрлэлийн осолд оруулан тооцно* гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч улсын байцаагч  А.Ариунболд нь хавтаст хэрэгт байгаа ямар ч нотлох баримттай танилцалгүй уг дүгнэлтийг гаргасан болох нь түүний гэрчээр өгсөн * Би хэргийн материалтай танилцаагүй, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэргийг олж үзээгүй, харин Алтайн Хүдэр ХХК-аас ирүүлсэн үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, бусад материалыг үндэслэн дүгнэлтээ гаргасан * гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэтэл *...үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.7.3-т заасны дагуу ажилтан техникийн горимыг санаатайгаар зөрчсөн гэж үзэн үйлдвэрлэлийн осолд тооцох үндэслэлгүй гэж үзэж байна* гэсэн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг улсын байцаагч А.Ариунболд нь баталж гарын үсэг, тэмдэгээ дарж баталгаажуулсан бөгөөд уг гарын үсэг нь улсын байцаагч А.Ариунболдынх мөн болох нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Түүнчлэн Монгол Улсын Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Ононгийн 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 6/2554 дугаартай Говь-Алтай аймгийн Прокурорын газарт ирүүлсэн албан бичигт *Алтайн Хүдэр ХХК-ийн барьж байгаа Таян нуурын уурхай-Бургастайн боомт чиглэлийн 168 км хатуу хучилттай авто замын төгсгөлийн 90 км авто зам нь А1104 дугаартай * Алтай-Бургастай-Улсын хил* чиглэлийн Улсын чанартай авто замын сүлжээтэй давхцаж байгаа тул улсын чанартай авто зам, эхний 78 км зам нь орон нутгийн чанартай авто замд одоогийн байдлаар харъяалагдаж байна* гэжээ.

   Иймд уг осол нь Таян нуурын уурхайд буюу үйлдвэрлэлийн замд гараагүй орон нутгийн чанартай авто замд үйлдэгдсэн байх тул улсын байцаагч А.Ариунболдын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 08-06-021/63/549 дугаартай Улсын байцаагчийн актыг үндэслэн шүүгдэгч Х.Энхтөрд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

  Шүүгдэгч Х.Энхтөр нь Уулын баяжуулах Таяннуур үйлдвэрээс Бургастайн боомт хүртэлх авто замаар тээвэрлэлт гүйцэтгэхэд мөрдөх журмын  3 дугаар зүйлийн 3.11-д заасан * Жолооч нь цуваан дахь автомашин хоорондын зай 100 метрээс багагүй байх буюу тоосжилт ихэссэн нөхцөлд тоосны үзүүрээс 50 метрээс багагүй зай барьж

4.

явна* гэсэн заалтыг, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг тус тус зөрчиж “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ийн хүнд даацын 97-36 УНП улсын дугаартай автомашиныг зогсож байхад нь араас нь мөргөж зам тээврийн осол гарган “Алтайн Хүдэр” ХХК-д 47.755.500 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан болох нь *Итгэлт-Эстимэйт *ХХК-ны Автомашины техникийн эвдрэл хохиролын үнэлгээ тогтоосон баримт, шинжээчийн дүгнэлт, гэрч хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагчын яллах дүгнэлтэд онц их хэмжээний буюу 47.775.500 төгрөгийн хохирол учруулсан гэж бичсэн хэдий ч *Итгэлт-Эстимэйт* ХХК-ны Автомашины техникийн эвдрэл хохиролын үнэлгээ тогтоосон баримтад 47.755.500 төгрөгний хохирол гарсан байх тул шүүх уг баримтаар тогтоосон хохиролыг шүүгдэгчээс гаргуулж Алтайн Хүдэр ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

  Шүүгдэгч Х.Энхтөрд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгчийн дээрхи гэм буруутай үйлдэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

  Шүүгдэгч Х.Энхтөрд Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч буюу иргэний нэхэмжлэгчид хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч Х.Энхтөр нь 27 хоног цагдан хоригдсон,  шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч Боржигон овогт Хүрэлбаатарын Энхтөрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад онц их хэмжээний буюу 47.755.500 /дөчин долоон сая долоон зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтөрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Энхтөрд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5.

 4. Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Хүрэлбаатарын Энхтөрд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтөрөөс 47.755.500 /дөчин долоон сая долоон зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж “Алтайн Хүдэр” ХХК-д олгосугай.

        6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Энхтөр нь 27 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлөгдөөгүй зэргийг тус тус дурьдсугай.

 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Энхтөрийн ЗЮ84112030 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

        8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийл эх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

        11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.МӨНХТУЯА