Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2014/0097

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, гуравдагч этгээд Д.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 557 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б-ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/198 дугаар захирамжийн иргэн Ц.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.

 

%

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “...Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн байх тул Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд тухайн газрыг Д.Ч газар нь иргэн Ц.Б газартай давхцуулан олгосон байна. Тийм учраас иргэн Ц.Б-т олгосон 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 375 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд иргэн Д.Ч шүүхэд болон шүүхэд гаргасан тайлбартаа: “...иргэн Д.Ч миний бие нь 2007 оны 09 дүгээр сарын 10- ны өдөр Хан-Уул дүүргийн 284 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо "Шинэ тосгон" 5-90 тоот хаягт байрлах 0,05 га газрыг Бүгд найрамдах солонгос улсын Гуаншин дүүргийн "Шинэ тосгон сан" ТББ болон Хан-уул дүүргийн Засаг даргын хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа билээ.

Гэтэл энэхүү хууль ёсны эзэмшлийн газраа өмчилж авахаар хөөцөлдөж байх үед уг газрыг Цоогийн Бямба-очир гэгч хүнд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 357 дугаар захирамжаар олгож кадастрын зурагт оруулсан байгаа нь иргэн миний хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болсон тул энэ талаар гомдол гаргаж хууль бус захирамжийг хүчингүй болгуулсан. Иймээс нэхэмжлэгч Ц.Б гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө” үү гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Ц.Б "Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/198 дугаар захирамжийн иргэн Ц.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013.12.16 ны өдрийн 557 тоот шийдвэрийг эс зөвшөөрөх тухай

Миний бие Ц овогтой Б би Хан-Уул дүүргийн 14-р хороо “Шинэ Тосгон” Өлзийт хороолол 5-926 тоотын 578м2 хэмжээтэй газрыг Хан-Уул дүүргийн 2010.11.09-ны өдрийн 375 тоот захирамжаар одоог хүртэл эзэмшиж байгаа юм. Би энэ эзэмшиж байгаа газраа хувьчилж авахаар Хан-Уул дүүргийн газрын албанд 2012.09.10 ны өдөр холбогдох баримтаа өгсөн юм.

Гэтэл 2013 оны 07 сарын 09-ны өдрийн А/198 тоот захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг 2013.08.28-ны өдөр хүлээн авсан юм. Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийн хавсралтын 2 дахь заалтад дурдсан: Монгол улсын газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэсэн нь манайд ямар ч хамааралгүй гэж үзэж байна.

Учир нь манайх энэ газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшсэн бөгөөд авсан цагаасаа эхлэн энэ газраа хашаа барьсан. Хашаанд зуны байшинтай мөн гэр барин байнга оршин сууж байсан бөгөөд энэ нь 102267 дугаарын кодоор цахилгааны төлбөрөө сар бүр төлж байсан баримтаар нотлогдоно.

Харин захирамжийн энэ заалт нь иргэн Д.Ч-д хамааралтай бөгөөд 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл энэ хүн газраа эзэмшээгүй 7 жил болсныг нотолж байна. Гэтэл энэ маргааныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхдээ дор дурдсан нөхцөл байдал холбогдох нотлох баримт зэргийг харгалзан үзэлгүй хэт нэг талыг баримтлан шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдлоо гаргаж байна. Үүнд:

  1. Би хууль зөрчиж дураараа газар авч хашаа, зуны байшин, гэрээ бариагүй зохих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй эзэмших эрхийн бичигтэй албан ёсны кадастрын зурагтай бөгөөд Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг огт зөрчөөгүй билээ. Харин энэ маргааны гол буруутан будилааны эзэн нь 2007 оноос хойш захирамжтай боловч эзэмших эрхийн бичиг авсан эсэх нь тодорхойгүй кадастрын зурагт (мэдээллийн санд) огт ороогүй, 7 жил эзэмшээгүй, манайх эзэмшсэн 4 жилийн хугацаанд манай эзэмших газар гэж огт ирж уулзаж байгаагүй билээ. Бодит байдал ийм байхад миний эзэмших эрхийг хүчингүй болгох биш Д.Ч-ын эзэмших эрхийг хүчингүй болгох нь хуульд нийцэж байна гэж үзэхээр байна. Гэтэл шүүх энэ байдлыг анхаарч үзэхгүй хууль зөрчсөн байгааг би огт ойлгохгүй байна.
  2. Иргэн Д.Ч одоо хашаа барьж тэнд амьдрах гэж байгаа бол захирамжийнхаа дагуу өөр газар олгож кадастрт оруулах боломжтой юм. Би барьсан хашаа байшингаа буулгаж гэрээ нүүлгэх зэрэгт гарах зардал гэх мэтээс эхлэн чирэгдэл ихтэй байдлыг шүүх онцгойлон анхаарч үзэх үүрэгтэй гэж үзэж байна. Би шүүх засаглалыг хууль зөрчсөн буруутай үйлдлийг таслан зогсоож хүний эрхийг хамгаалдаг гэдэгт өдий хүртэл итгэж байсан юм. Гэтэл шүүх ийм шийдвэр гаргасанд гайхаад барахгүй байна.

Хэрэв төрийн захиргааны байгууллага түүний ажилтны хууль зөрчсөн ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй 2007 оны захирамжаар бусдад олгосон газарт давхардуулж Засаг даргын захирамж гаргасан, эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, кадастрын зургийг баталгаажуулсан буруутай үйлдлийг шүүх зөвтгөж үзээд байгаа нь шүүх эрх бүхий захиргааны байгууллагыг илт хамгаалж ямар ч эрх мэдэлгүй иргэн хүнийг хохироосон шийдвэр гаргаж байгааг мөхөс би сайн ухаж ойлгох гээд “Бодоод бодоод бодын шийр дөрөв гэх ч” болоод байна. Шүүх энэ буруутай үйл ажиллагааг олж хараагүй гэхэд итгэхгүй байна. Энд миний буруу юу байна. Шүүх үнэн зөвийг зөв дэнсэлсэн бол албан тушаалтны зүй бус хууль зөрчсөн дээрх бурууг тогтоож 2007 оны захирамжтай Д.Ч энэ газрыг заавал эзэмших ёстой эсэхийг ч бас хянан үзэх байсан гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Миний газар эзэмших эрхийг хүчингүй болголоо гэхэд дээрх төрийн захиргааны байгууллага хууль зөрчсөн байдал нь нотлох баримтаар тогтоогдоод байхад хууль зөрчөөгүй Монгол улсын хууль тогтоомжоор газар эзэмших эрхтэй иргэн надад Өлзийт хороололд газар олгохыг яагаад Захиргааны хэргийн шүүх Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын газарт үүрэг болгож болохгүй байна вэ. Би заавал хохирох ёстой болоод байгаагийн учир юу вэ. Мөн Д.Ч-д ч өөр газар олговол хэн хэндээ чирэгдэл хор хохирол багатай гэдгийг шүүх засаглал үнэн худлыг дэнслэн үзэхдээ анхаарахгүй байгааг төрийн захиргааны байгууллагад үйлчилж байгааг давхар нотлон харуулж байна гэхээс өөрөөр ойлгох боломжгүй юм. Иймд иргэн миний газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/198 дугаар захирамжийн иргэн Ц.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/198 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын 11 дүгээр сарын 09-ний 375 дугаар захирамжийн Ц.Б-т холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1 хэсгийн 40.1.6-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Учир нь 2007 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотын Гуанжин дүүргийн “Шинэ тосгон сан” -гийн хамтарсан төслийн хүрээнд Д.Ч-д тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шинэ тосгон” 5-90” тоот хаяг бүхий 500 м.кв газрыг гэр бүлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших тухай 8041/7833 дугаар гэрчилгээ олгожээ.

Гэтэл нэхэмжлэгчийн 2010 оны 09 сард гаргасан газар эзэмших хүсэлтийг дүүргийн Засаг дарга хүлээн авч түүний дагуу 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 375 дугаар захирамжаар Д.Ч-д эзэмшүүлсэн байршилд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Шинэ тосгон” 5-926 хаягаар гэр бүлийн зориулалтаар давхардуулан 578 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байгаа нь гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тиймээс Хан-Уул дүүргийн Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд гуравдагч этгээд Д.Ч-ын зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс 375 дугаар захирамжийн Ц.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үйлдэл нь хуульд нийцсэн байна.

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх зөв үнэлж, хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн байх тул

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16- ны өдрийн 557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.