| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 105/2017/0135/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/742 |
| Огноо | 2020-11-06 |
| Зүйл хэсэг | 10.1.2.5., 10.1.2.11., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол
2020 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/742
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Б.Батболор, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч А.Сайнбаяр, иргэдийн төлөөлөгч О.Цогбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баян-Очир, Д.Туяа, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүгдэгч Б.Ө-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А- овогт Б-гийн А-, Д овогт Б-ы Ө- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625012681 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1996 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт Б-ы Ө,
2. Монгол улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, А- овогт Б-гийн А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А- нь Б.Ө-, Б.Батням нартай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний доор А.Ц-г Б.Батнямд эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу унадаг дугуйны төлбөрийн асуудлаас болж алахаар бэлтгэсэн,
Шүүгдэгч Б.Ө- нь Б.А-, Б.Батням нартай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршаллын гүүрний доор А.Ц-г Б.Батнямд эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу унадаг дугуйны төлбөрийн асуудлаас болж алахаар бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүд:
Шүүгдэгч Б.А-: “...Энэ хэрэг гарахаас өмнө 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Батням, Ө- бид 3 хамт барилгын туслахын ажил хийдэг байсан. Батням бид хоёрт “энэ дугуйг 1.000.000 төгрөгөөр Цэцэгээс худалдаж авсан. Мөнгийг нь хурдан өгөхгүй бол намайг цагдаад өгнө гээд байна. Та хоёр дугуй зарсан хүүхэдтэй хамт очиж уулзаад мөнгийг нь удахгүй өгнө” гэж гуйгаад өгөөч гэж хэлж байсан. Бид гурав ажлаа тараад Маршалын гүүрний доор очсон. Батням тэнд очоод цаана зогсоод гар утсаараа зурвас бичээд зогсоод байсан. Хэсэг хугацааны дараа ирэхгүй юм байна гэж хэлэхэд нь бид гурав явсан. Бид хоёрт холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Ө-: “...2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр А-, Батням бид гурав 3, 4 дүгээр хорооллын эцэст барилга дээр ажилладаг байсан. Батням ирээд “хүүхдийн дугуйны мөнгө өгөхгүй бол намайг цагдаад өгөх гээд байна. Цалин буухад 7 хоног дутуу байгаа юм чинь цалингаа буухаар мөнгөө нийлүүлээд дугуйны мөнгийг өгье гээд хэлээд өгөөч” гэж хэлсэн. Бид гурав орой нь Маршалын гүүрэн дээр очсон боловч нөгөө хүүхэд нь гарч ирээгүй учраас бид гурав буцаад явсан. Хэсэг хугацааны дараа цагдаагийн албан хаагч нар намайг барьж авсан. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би А- овогтой Ц-гийн төрсөн эцэг нь байгаа юм. А.Ц- нь миний том хүү, А.Ц- нь 1996 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой. ...Энэ хэрэг бол зохион байгуулттай аллага байна. ...Миний хайрт хүү Ц-г 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 10-12 цагийн хооронд гэгээн цагаан өдөр бусдын нүдэн дээр зориуд санаатайгаар, урьдаас бэлдэж тодорхой эд хөрөнгийг дээрэмдэж булаах, зорилго тавьж бүлэглэж амь насыг хэрцгийгээр хөнөөсөн. ...Зориуд санаатайгаар хөнөөсөн нь хэрэгт авагдсан материал талийгаач хүүгийн гар утсанд ирсэн мессеж, 3 удаагийн оролдлогоор уулзахаар зохион байгуулсан оролдлого, уулзахаар төлөвлөхдөө цаг байрлал, уулзах тов, уулзуулахаар бэлдсэн хүмүүсээ сольж байгаа зэргээс илт мэдэгддэг. Урьдаас бэлдсэн гэдэг нь 2013 оны 8 дугаар сарын 06-ны орой 21 цагаас эхлэн Маршалын гүүрэн доор хүрээд ирээчээ, миний ах найзтайгаа ирээд гүүрэн доор амарч байна, чиний мөнгийг бүгдийг өгнө гэж байна гэж мессеж бичин гэрээс нь шөнө гаргаж ирэхийг оролдсон. Өмнөх өдөр нь буюу 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Туулын бургасанд уулзья гэж дуудахад дүүтэйгээ хамт очсон байдаг. Ингээд маргааш нь буюу 2013 оны 8 дугаар сарын 07-ны өглөө Бага тэнгэрийн амны баруун хойд талын уулан дээр олон хүний нүдэнд ил газар гэгээн цагаан өдрөөр маш зэрлэгээр амь насыг хөнөөсөн нь зохион байгуулж урьдаас бэлдсэн гэдгийг нотлоод зогсохгүй нарийн төлөвлөж санаатайгаар амь насыг хороосон нь хөдлөшгүй баримтаар нотлогддог. ...Бүлэглэж амь насыг нь хөнөөсөн гэдэг үндэслэл нь уулын орой дээр хэрэгт авагдсан материал болон газар дээр нь хийсэн шинжилгээнээс харахад 60 гаран метр хүч тэнцвэргүй зодолдож ноцолдсон нь ил харагддаг, талийгаач хүүгийн биед дүүрэн шарх сорви гарсан байхад хөнөөсөн алуурчны биед хумсны үзүүрийн чинээ шарх байгаагүй нь ганцхан Батням биш өөр хүн байсныг тов тодорхой нотолдог. Хэрэгт авагдсан материал дотор 60 метрийн дээр хаягдсан футболка маш их олон урагдсан, сунасан, мөн хэн нэгэн нь хүч хэрэглэж тайлж хаясан гар утасны чихэвчээр хоолойг нь боосон, том чулуугаар нүдний ухархайн ясыг цөм цохисон нь нэгдүгээр их хүчтэй хүн цохьсон, хоёрдугаарт алуурчны мэдүүлж байгаа шиг хутганы ишээр биш үзүүртэй чулуугаар цохьсон нь илт байхад шинжээчийн үзлэгээр нотолж чадаагүй. Шинжээч эмч нь ажлын туршлагагүй, залуу эмч байсан бөгөөд хэрэг гарснаас хойш хоёр сарын дараа ажлаасаа халагдсан нь чадваргүй эмч байсан нь нотлогдоно. Миний аав, ээж нар насаараа эмнэлгийн газарт ажилласан, одоо ч ажиллаж байгаад хүний их эмч бөгөөд хэргийн газарт очиж хүүгийн цогцосны байрлалыг хараад том чулуугаар цохисон болохыг хөтөлбөргүй нотолж хэлж байсан. ...Батнямын цаана хэрэгтнийг олж тогтоон, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” /1-р хх-ийн 129-130, 7-р хх-ийн 64/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч А.Дамдинсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 8 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг 40 минутын үед талийгаач ах Ц- босоогүй байхад ах руу Нямка гэх найз нь залгахад ах “ирчихсэн үү, за яваад очьё” гэж хэлээд босч “мөнгө ирчихлээ яваад ирье” гээд дугуйгаа унаад явсан. Ах утсаа гэртээ орхисон байсан ба хэн ч залгаагүй. Тэгээд хоёр цаг орчим болоод ах ирэхгүй болохоор нь айгаад эмээ, өвөө хоёрт хэлсэн. Тэгээд Нямка гэж хүн ирээд явсан, ах ирдэггүй гэж хэлээд ахын утсыг аваад Нямка гэсэн нэрээр хадгалсан дугаар руу нь залгахад утсаа унтраасан байсан. Тэгээд 14-15 цагийн үед дахиж Нямка гэх дугаар луу залгаад, авахаар нь ахыг асуухад Цэцэ бид хоёр өглөө уулзаж би дугуйны сэлбэгний өртэй байсан учир гар утсаа өгөөд сим картаа авч үлдсэн, 11 цагаас хойш уулзаагүй гэж хэлсэн. Тэгээд 16 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь хайсан, Нямка гэгч рүү дахиж залгахад утас нь холбогдохгүй байсан. Талийгаач ах Нямка гэгчид 300.000 төгрөгийн дугуйны сэлбэг өгсөн байсан ба мөнгөө авч чадахгүй явж байсан. 2013 оны 8 дугаар сарын 05-нд ах бид хоёр Нямкатай уулзаад мөнгө өгсөнгүй гэж уурлаад Нямкагийн дугуйг авч явах гэтэл маргааш өгнө гэж гуйгаад байсан. Тэгээд ч орой болсон болохоор яваад өгсөн. Талийгаач ах гэрээс гарахдаа дээгүүрээ футболктой, цэнхэр шорттой явсан, өөр ямар нэг эд зүйл авч яваагүй, Нямка гэгч ямар хувцастай байсныг санахгүй байна, ганцаараа байсан...” /1-р хх-ийн 137, 195/
Гэрч С.Дорлиг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2013 оны 8 дугаар сарын 07-ны өглөө 8 цаг 20 минутад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Нью тур” ХХК-ийн Бага тэнгэрийн аманд ажил дээрээ ирсэн. Тэгээд би уурын зуухны хажуу талын гүний худгаас барилга барьж байгаа компаниудад усыг нь өгөөд 11 цаг болж байхад худгаас баруун тийшээ миний харснаар өндө, нам хоёр залуу хоёулаа дугуйтай өөд өгсөөд явж байсан. Тэр хоёр залуу хоорондоо маргалдаад хэрэлдээд байгаа бололтой бие бие рүүгээ чанга чанга юм яриад байсан. Тэгээд хоёулаа уул даваад харагдахаа больсон...” /1-р хх-ийн 145-146/ гэсэн,
Гэрч Б.Дагвадорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 12-13 цагийн орчим Бага тэнгэрийн ам гэх газрын ертөнцийн зүгээр бага тэнгэр талаас баруун дээд уулын овоо хэсэг буюу уг уулын чанх харалдаа ар зам дээр ажиллаж байхад зүүн урд хэсэг овооны ойролцоо 2 том хүний нэг нь нэгийгээ хөөгөөд араас нь юм шидчих шиг болоод нөгөө урд явсан нь эргэн тусаад унах шиг харагдсан. Тэгээд нөгөө юм шидсэн залуу унасан хүн дээр гүйж очоод удалгүй хажуунаас нь холдоод овооны баруун урд харагдах хар шороон зам дээрээс унадаг дугай босгоод түрээд цаашаа хэсэг модтой газрыг чиглээд явсан. Тэр хүн доошоо буугаагүй. Тэр хоёр хүнээс өөр машин болон хүн байгаагүй...” /1-р хх-ийн 147/,
Гэрч Б.Батсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 8 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг 30 минутын үед унадаг дугуйтай талийгаачийн үеийн бор царайтай нэгэн залуу хашааны үүдэн дээр зогсож байсан. Ойролцоогоор 30 орчим минутын дараа талийгаач гарч ирээд тэр дугуйтай залуутай уулзаж байсан. Тэгээд би талийгаачийг тэр залууг дагуулаад хашаа руу ороод урагшаа явсан гэж бодсон. Яагаад гэвэл тэр унадаг дугуйтай залуу миний ээлжин дээр өмнө нь хоёр удаа ирж байсан. Тухайн үед ээлж хүлээлцэж байсан болохоор сайн анзаараагүй...” /1-р хх-ийн 152/ гэсэн,
Гэрч О.Цогнэмэх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 40 минутын үед захирлын аав Цогт-Очир гуайн машин дээшээ явж байснаа замын голд гэнэт зогсоод машинаа хаяад баруун тийшээ уул руу бага ачтайгаа хамт гүйхээр нь би мотоциклоо асаагаад араас нь очиход “шууд дээшээ яв, хүүхэд хутгалаад хаячихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоциклтой явах гээд болохгүй болохоор нь мотоциклоо хаячихаад дээшээ алхаад очиход Цогт-Очир гуайн эхнэр хоёр малчинтай хамт овооны хажууд зогсож байсан ба тэдний хажууд захирлын том хүү нил цус болчихсон газар хэвтэж байсан...” /1-р хх-ийн 154-156/ гэсэн,
Гэрч Ж.Энхтайван мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 8 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн орчим ажлаа хийж байхад хүмүүсийн ярьдгаар амьжиргаа цагаан гэдэг машинд прүүс мод ачиж ирсэн байсан. Тэр модыг захирал Баярмагнай ачуулж явуулсан байсан. Уг машины жолооч нь 60 гаран насны хүн байсан. Модыг буулгаад байж байхад Баярмагнай ирээд арматурын төмөр хэрэгтэй байна, төмөр ачаад ир гээд Эрдэнэ-Очир Чанарав ах хоёрыг цагаан машинтай ахтай явуулсан. Үүнээс хойш хоёр цагийн дараа цагаан өнгийн машинтай ах ганцаараа буцаж ирсэн. Ирээд байж байхад бөөгийн модны тэндээс засмал зам дагаад хар, цагаан өнгийн рамтай унадаг дугуй, цэнхэр өнгийн рамтай унадаг дугуй хоёр талдаа хөтөлсөн 18 орчим насны, хар үүргэвч үүрсэн, дугуйны зориулалтын бололтой хувцастай дугуйны малгай өмссөн хүүхэд манай хийж байсан хоолойг чиглэн ирээд бидний босгосон далангаар уруудаж бууж ирж байсан. Тэр залууг хаашаа яаж явсныг хараагүй, тэр залуу бидэн дээр 12 цагийн үед л ирсэн болов уу гэж бодож байна. Бид 13 цагт хоолонд ордог, тэр үед хоолондоо ороогүй байсан...” /1-р хх-ийн 215-216, 12-р хх-ийн 22/ гэсэн,
Гэрч Б.Цогтоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай “Эсто” компани 2013 оны 6 сараас Зайсангаас Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн ам, Баянзүрх дүүргийн товчоо хүртэлх Туул голыг дагасан замыг шинэчилж шинээр тавих ажлыг гүйцэтгэж байгаа юм. Бага тэнгэрийн аманд хүн амины хэрэг гарсан гэх орой тэнд их олон цагдаа, машин цугласан байсан. ...Тухайн өдөр 12.30-13.00 цагийн үед манай компанийн ажилчид Бага тэнгэрийн амны урд талд Бөөгийн модны хажууд ажлаа хийж байхад Бага тэнгэрийн амны Сод Монголын хашааны баруун талын хэсгээс дээгүүрээ цагаан өнгийн футболктой, доогуураа бараан өнгийн өмдтэй 18-19 орчим настай эрэгтэй хүүхэд бараан өнгийн спорт загварын дугуй уначихсан, бас өөр нэг бараан өнгийн спорт загварын дугуйг зүүн талдаа барьчихсан /хөтөлгөө морьтой юм шиг/ явж байсан. Бид нарын урдуур 60-70 метр зайтай зөрөөд өнгөрсөн. Энэ хүний ирсэн чиглэл нь Бага тэнгэр талаас замын хажуу талын шороон замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд “Их тэнгэр” чиглээд явсан. Энэ хүн бол тэр үед ганцаараа дугуйгаа унаж явсан ба бидний хажуугаар гараад явах үед машинтай явган, дугуйтай ямар нэгэн хүн яваагүй. Тэр залууг явах үед хөл хөдөлгөөн бага байсан...” /1-р хх-ийн 168-168/,
Гэрч Ч.Чинбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компани өглөө 08 цагаас орой 19 цаг хүртэл ажилдаг. ...2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд Батбаясгалангийн хамт барилга дээр байж байхад дүү Батням нь залгаж ярьсан. Утсаар ярьж дууссаныхаа дараа чи намайг түр аргалж байгаа ч, манай дүүгийн найз хүнд хутгалуулчихсан гэнээ, дүү Бага тэнгэрийн аманд байна гэнэ, та хүрээд ир гээд уйлаад байх юм гэж хэлээд гараад явсан. ...Ө-, А- гэдэг хоёр хүүхэд түр ажиллаж байсан. 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа ирээд ажлаа хийж байсан. Батням л ганцаараа байхгүй байсан...” /1-р хх-ийн 227-228, 9-р хх-ийн 207-208/ гэсэн,
Гэрч С.Онон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 5 дугаар сараас Баатар гэх хүний захиалгаар Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Говь” сауны ажилчдын 6 давхар 48 айлын орон сууцны каркас барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байсан. ...Би өөрөө компанийн захирал хийж байсан, мөн барилгын даамал Чинбат /8914****/, мөн туслах ажилтан Амарбат /8960****/, туслан ажилтан Жангар /9662****/, туслах ажилтан Бат-Эрдэнэ, Батбаясгалангийн дүү нар гэх А-, Ө-, Батням гэх хүүхдүүд туслах ажилтнаар ажиллаж байсан.
Батбаясгалан захиалагч тал буюу иргэн Баатарын талаас хяналтын инженер хийж байсан залуу. ...Ямар ч байсан А- Ө-, Батням нар 2013 оны 7 дугаар сүүлээр манайд туслахаар ажилласан санагдаж байна. Энэ гурван хүүхэд гадаа элс шигшиж зөөдөг ажлыг хийдэг байсан. Туслах ажилтан өдрийн 30.000 төгрөгөөр цалинждаг байсан. Ажлын цаг өглөө 07 цагаас эхлээд цайны цаг 12-13 цагт завсарлаад, орой 17 цаг 30 минут хүртэл ажиллаад тардаг байсан. Хагас бүтэн сайн өдөр амралтгүй ажиллаж байсан ба дунд нь ажилтан нар өөрсдөө шаардлага гарвал чөлөө авах асуудал байдаг байсан. Манайх цалингаа 14 хоног тутамд даамал Чинбат, хятад талын инженер Цай гэх хүн энэ хоёрын цагийн бүртгэлийг үндэслэж олгодог байсан. ...2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр А-, Ө-, Батням нар ажилдаа ирсэн, ирээд ажлаа хийж байгаад орой тараад явсан. Энэ гурван хүүхэд ажилдаа ирж очихдоо унадаг дугуйтай ирдэг байсан. ...Миний хувьд орон гаран ирж очин байдаг, гадуур явах, хөөцөлдөх ажилтай байдаг. Манай ажилчид бол өглөө 07 цагт ажилдаа ирэх ёстой байдаг боловч уван цуван ирсээр 08 цаг гээд ажил эхэлдэг. Би 2013 оны 8 дугаар сарын 07-ны өглөөний 08 цагт ажил дээрээ ба намайг очиход Батбаясгалангийн дүү Батням ажилдаа ирээгүй, өндөр нуруутай А- ганцаараа ирчихсэн элсээ зөөж байсан, Ө- ажилдаа ирээгүй байсан. Ингээд би тухайн үед Батбаясгаланд хандаж танай дүү нар чинь яасан бэ, ажилдаа ирэхгүй алга болчихлоо гэж Батням, Ө- нарыг хэлэхэд яг тухайн үед 4 хүн ирсэн, бусад ажилчид ажилдаа ирээгүй байсан, тэгээд уурласан. Цагийн бүртгэлийг барилгын даамал Чинбат бүртгэдэг байсан, хятад инженер Цай болохоор хажууд нь хятадаар бүртгэдэг байсан. Үүнээс хойш Батбаясгалан, Батням нар нэг хэсэг ажилдаа ирэхгүй байсан. Тэгээд Чинбатаас энэ хоёр яагаад ажилдаа ирэхгүй байгааг нь 7 хоногийн дараа асуухад Батнямыг гэмт хэрэгт холбогдсон гэж хэлсэн, тэгээд Батбаясгалан тэрнээс болоод ажилдаа ирэхгүй байсан юм билээ. ...Ө-ыг ажилдаа ирж байсныг огт санахгүй байна. Аптанбагана нь алдаг оног ажилдаа ирж байсан санагдаж байна. ...Би 2013 оны 8 дугаар сарын 07-ны өглөө 08 цагийн орчим ажил дээрээ очоод удаагүй 08 цаг 30 минутын орчим ажлаас гараад явсан, намайг явсанаас хойш Батням, Ө- нар ирсэн эсэхийг мэдэхгүй байна, мэдвэл Чинбат мэдэх байх Чинбат өөрөө ажилдаа ирчихсэн байсан...” /9-р хх-ийн 185-188/ гэсэн,
Гэрч Чай Юун Ли мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би БНХАУ-ын Хэбэй мужийн Чихуандау хотын Чинлунманзү дүүргийн иргэн. Барилгын инженер мэргэжилтэй, одоо би барилгын ажлыг хянадаг ажил хийдэг. ...Хамгийн анх Монголд 2013 оны 4 дүгээр сард ирж байсан. 2013 оны 11 дүгээр сард нутаг буцсан. Тэгээд 2015 оны 3 дугаар сард дахин Монгол улсад ирээд 2 cap гаруй барилга дээр ажиллаад нутаг буцаад 2015 оны 5 дугаар сард дахин орж ирсэн. Үүнээс өөрөөр ирж байгаагүй. ...2013 оны 8 дугаар сард 3, 4 хороололд орон сууцны барилга дээр ажиллаж байсан, барилга дээр хурдан баригдах барилгын материалыг орж гарахыг хянах, чанарыг хянах зэрэг ажпыг хийдэг байсан. Би барилга дээр ажиллаж байсан хятад хүмүүсийг хариуцан ажиллаж байсан. ...Тийм ээ, энэ миний 2013 оны 8 дугаар сард барилга дээр ажиллаж байхдаа тэмдэглэл хөтөлдөг байсан дэвтэр мөн байна. ...Би энэ дэвтэрт тэмдэглэл хийдэг байсан ба ихэнх тэмдэглэлийг нь би өөрөө хийсэн, хийхдээ заримдаа цөөхөн тохиолдолд намайг эзгүй үед манайд ажиллаж байсан орчуулагч Наянтай гэх хүн гар хүрч тэмдэглэл хийдэг байсан. Миний ажлын ширээн дээр ил байдаг байсан, ажлын ширээн дээр дандаа л байдаг байсан. Энэ дэвтэр дээр бичсэн ажилчдын нэрсийг Монгол ажилчид өөрсдөө өглөө ажилдаа ирээд нэрээ бичиж тэрийг нь манай орчуулагч Наянтай надад Монгол нэрийг орчуулж хэлж өгөөд би хятадаар хэлж өгсөн нэрийг бичдэг байсан. Тэр өдөр ажилдаа ирсэн ажилчдын нэрсийн тоогоор хараад өдрийн хоолны мөнгийг нь захирлаас авч Чинбатад өгөөд Чинбат цаашаа хүний тоогоор олгож өгдөг байсан. Чинбат бас Монгол ажилчдыг хянадаг байсан учраас бас бүртгэж байсан. Ийм л журмаар явдаг байсан. 2013 оны 8 дугаар сарын 01-нээс 2013 оны 8 дугаар сарын 20-ны хооронд Чинбат өөрөө тусдаа дэвтэрт ажилчдын цагийг бүртгэдэг байсан. Мөн би өөрөө энэ улаан өнгийн дэвтэрт орчуулагчаараа дамжуулаад Монгол нэрийг орчуулаад бүртгэдэг байсан ба үндсэн цагийн хуваарь бол өглөө 08 цагаас орой 19 цаг 30 минут хүртэл. Монгол ажилчид хятад ажилчдаас бага ажилладаг. Монголчууд цаг баримталдаггүй, байнга хоцордог, эсхүл ажлаасаа эрт буугаад явчихдаг байсан. Энэ дэвтрийн хамгийн эхний нүүрийг би өөрөө бичиж тэмдэглэл хийсэн байна. 2013 оны 8 дугаар сарын 01, 02, 03, 04, 05-ны өдрийн хятад бүртгэлийг би бичсэн. 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Сампил гэсэн нэрийн ард байгаа хятад бичиг минийх бишээ, бусад хүмүүсийн нэрсийг би өөрөө бичсэн байна. 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр би өөрөө бүртгэл хөтөлсөн байна, гэхдээ 15 гэх дугаарт байгаа Сампил гэх нэрийг би бичээгүй байна. 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр нийт 14 хүн 70.000 төгрөг гэж тэмдэглээд мөнгө авсан гэж тэмдэглэл хийсэн байхад доор нь нэмээд 15 бичээд Сампил гэж бичсэн байна, үүнийг мэдэхгүй байна, магадгүй манай орчлуулагч бичсэн байх. ...Хэн гэдгийг нь би мэдэхгүй байна аа, орчуулагч надад хэлээд л би Баясгалан гэж бичсэн байх, гэхдээ дэвтэр дээр бичсэн Баясгалан гэх нэр бол захиалагч талын Баясгалан бишээ өөр хүн, захиалагч талын Баясгалан бол энэ дэвтэрт нэрээ бичүүлж бүртгүүлэхгүй шүү дээ. Батбаатар бол Батнямын ах бишээ Баагий гэж дууддаг хүн байсан. 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Монгол ажилчид өөрсдөө ирээд нэрээ бичсэн, тэгээд ард нь орчуулагч хэлээд би хятадаар бичсэн байна, миний бичиг мөн байна. Ажил тарсан цаг нэрийг Монгол ажилчид өөрсдөө бичсэн. ...Дээрх хүмүүсийг өглөө ажилдаа ирэх үед нь би ажил дээрээ байсан учраас дээрх хүмүүс ажилдаа ирсэн. Орой тарсан цагийг нь харин санахгүй байна, орчуулагч маань Монгол ажилчдын гарын үсгийг зуруулаад тэгээд надад нэрийг нь орчуулж хэлж өгөөд би хятадаар бичдэг байсан. Чинбат Монголчуудын цалинг өгдөг байсан учраас хэн нь ажилдаа ирсэн, хэн нь ажилдаа ирээгүйг бүртгэдэг байсан, Батням энэ дэвтэр дээр нэр нь бичигдсэн байна. Тэр хүн өөрөө ажил дээрээ ирээгүй гэж та нарт хэлсэн бол нэрийг нь өөр хүн бичсэн байхаа, би бол орчуулагчийн хэлснийг хятадаар бичсэн. Орчуулагчийг одоо хаана байгааг нь мэдэхгүй байна, холбоо тасраад удаж байна, Хятадууд бол байрлаж ажиллаж байсан, Монголчуудыг байрлан ажиллаж байсныг мэдэхгүй. Дандаа л гэртээ харьдаг байсан шдээ. ...8 хятад, Монголчууд тодорхой биш, заримдаа 13 хүн, заримдаа 14 хүн, заримдаа 15 хүн гээд янз янз ирдэг байсан. ...Монголчуудыг хэн хэнтэйгээ найз гэдгийг би мэдэхгүй, бүгдээрээ л найзууд юм шиг харагддаг байсан. ...2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр бол Батням ажилдаа ирсэн гэж бүртгэгдээгүй байна. Миний санаж байгаагаар өглөө Ө- ажил дээрээ байсан, Баганаа нь харагдаагүй, ажилдаа ирсэн эсэхийг мэдэхгүй байна, харин орой ажил тарах үед Баганаа байсан, Ө- бол орой байгаагүй санагдаж байна. Өдрийн цайны цагаар ихэнх монголчууд гадагшаа гараад дэлгүүрээс юм авч идэх гээд явчихдаг байсан шүү дээ. Ө-, Баганаа нарыг тэр өдөр ажил дээрээ бүтэн ажилласан эсэхийг санахгүй, мэдэхгүй байна. Би тэр хүмүүсийг хянахгүй Чинбат хянадаг байсан шүү дээ. Би өглөөнөөс орой хүртэл ажил дээрээ байдаг, ажил тасалж үзээгүй. Чинбат бол Монгол ажилчдыг хариуцаж ажилладаг байсан, бүх ажлыг нь хийлгэх, ажлыг нь хувиарлах, цалинг нь өгөх зэргийг хариуцдаг байсан. Чинбатад бол ажлын дэвтэртэй байдаг байсан, тэрийгээ байнга биедээ авч явдаг, би тэр дэвтрийг нь доторхийг нь үзэж байгаагүй, жижиг дэвтэр байдаг байсан. 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн ажилчдын нэрс бол 14 хүний тоогоор байх нь зөв юм аа. Сүүлийн 15 дахь хүн болох Сампил гэх хүний нэрийг би бичээгүй ба энэ хүн өөрийнхөө нэрийг сүүлд нь нэмж бичсэн байна. Ирцийн тэмдэглэлийн өмнөх хуудсанд 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн ажлын талаар тэмдэглэлд байгаа, туслах ажилтан байхгүй байна гэж бичсэн нь шал өөр хүн байгаа юм аа, энэ хүн ирцийн бүртгэлтэй ямар ч хамаагүй хүн байгаа юм. Драгон гэх газрыг хариуцдаг Өлзий гэх /манай захиралтай найзууд/ хүний явуулсан нэмэлтээр ажиллах ёстой туслах хүн ирээгүй, тэгээд тэрийг тэмдэглэсэн байна л даа. Ө-, Баганаа гэх хүмүүс биш, эдгээр хүмүүстэй ямар ч хамаагүй. Би өөрөө зассан 2013 оны 9 дүгээр cap гэж андуурч бичээд 2013 оны 8 дугаар cap гэж зөв болгож бичсэн. ...2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Өлзий, Баганаа гэсэн нэрийн ард байгаа 8:30 гэсэн тоог би бичээгүй, миний бичиг биш байна. Өлзий гэсэн нэрийн ард Ө- гэж хятадаар бичсэн, Багана гэсэн нэрийн ард нь Баясгалан гэж бичсэн байна, орчуулагч л надад нэрийг нь хэлсэн. Тэгээд би орчуулагчийн хэлсний дагуу хятадаар бичсэн. Энэ цагийг манай орчуулагч л бичсэн байх, миний бичиг биш байна. Орчуулагч бид хоёроос өөр хүн энэ дэвтэрт ямар нэгэн зүйл бичихгүй ээ. Яагаад энэ цагийг бичсэн талаар манай орчуулагчаас асуусан нь дээр байх.
Би ямар нэгэн хүний шахалтаар ямар ч хүний нэрийг өөрчилж бичиж байгаагүй. Энэ бүртгэлийг манай орчуулагчаас асуусан нь дээр байх, би энэ талаар хэлж мэдэхгүй байна. 9 гэсэн тооны ард яагаад 14 гэсэн тоог оруулсан талаараа би мэдэхгүй, гайхаж байна. Манай орчуулагч хэлэх байх. 15 гэсэн нэрийг би бичээгүй. ...Миний санаж байгаагаар 2013 оны 8 дугаар сарын 07-ны өглөө Ө- ажил дээрээ байсан тэмдэглэл дээр бичсэн цагийг би бүртгээгүй мэдэхгүй байна. ...2013 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 14 хүн гэж бүртгэсэн бол 14 хүн л байсан. Хамгийн сүүлийн 15 дугаар гэж бичээд Сампил гэж бичсэнийг би мэдэхгүй байна, миний бичиг биш ээ, би баттай баттай хэлнэ, 15 гэсэн тооноос бусдыг нь би өөрөө гараараа бичсэн байна...” /2-р хх-ийн 109, 9-р хх-ийн 199-202/ гэсэн,
Б.Батням мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2013 онь 8 дугаар сарын 07-ны өглөөний 10 цаг 30 минутын үед би тэдний гэрийн доод талд очоод түүн рүү залгаад “би ирсэн” гэж хэлсэн. ...Тэгээд тэндээсээ ертөнцийн зүгээр баруун тийш уул руу гарахаар болсон. ...Ингээд бид нарын хооронд дугуйны мөнгөний талаархи асуудал хурцдаж хоёулаа уурласан. Тэгээд Ц- намайг мөнгө өгсөнгүй гээд миний толгой хэсэг рүү болон нүүр рүү 2 гараараа ээлжлэн алгадсан. Тэгэхээр нь би хойшилж байгаад дугуйны запас хийдэг хар өнгийн жижиг цүнхэн дотор байсан хар өнгийн хуйтай эвхдэг хутгыг гаргаж ирээд баруун гартаа бариад түүнийг айлгах зорилгоор хутгаа авсан. Тэгсэн Ц- намайг хутгатай байна гэхээс айгаагүй, хүрч ирээд миний шилэн хүзүүнээс бариад авсан. Тэгэхдээ би баруун гартаа хутга барьсан байсан тул түүнийг хутгалсан.
...2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр намайг ажил дээрээ байхад Ц- над руу “өнөөдөр ирж уулзаарай” гэсэн мессеж бичсэн. Тэгээд би орой ажлаа тараад хоёр найзыгаа гуйгаад хамт Бага тэнгэрийн аманд 19 цагийн үед очсон. Тэгэхэд замдаа Маршалийн гүүрэн дээр явж байхдаа хоёр найздаа “Ц- бид хоёр уулзахаар та хоёр миний унадаг дугуйг аваад явчих, тэгвэл дугуйгаа алдсан гээд мөнгө нэхэх нь хойшлох байх” гэж бодоод хоёр найздаа хэлэхэд тоохгүй байсан. Тэгээд Маршалын гүүрний доор очоод Ц-г дуудвал ирэхгүй байх гэж бодоод “чиний мөнгийг авчирлаа” гэж мессежээр худлаа хэлсэн. Тэгтэл Ц- “орой болсон байна, маргааш 12 цагаас өмнө ирж уулзаарай” гэж хэлсэн. Тэгээд бид нар гэр рүүгээ харьцгаасан. Маргааш өглөө нь Ц-тэй уулзахад намайг хашаа руугаа авч ороод саравчинд дагуулж очоод мөнгөө нэхээд байсан. Тэгээд бид хоёр мөнгөний талаар жаахан маргалдаж байгаад больсон. Тэгээд Ц- уул руу дугуй уная гэж хэлсэн. Тэгээд бид хоёр уул руу дугуйгаа түрж гараад тэндээ бид хоёр маргалдсан. Тэгээд л ийм хэрэг болсон...” /2-р хх-ийн 126-128, 6-р хх-ийн 244-247, 10-р хх-ийн 212/ гэсэн,
Шүүгдэгч Б.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 8 дугаар сарын 06-ны орой ...Батням л Ө- бид хоёрыг ханиндаа яваад ирье гэхээр нь хамт явсан. ...Талийгаач нь Батнямыг цагдаад өгнө гэж хэлсэн, тэгээд Ө- бид хоёрын санаа бол дугуйны мөнгө өгөх хугацааг нь хойшлуулж өгөөч гэж гуйна гэж бодож байсан. ...Батням өөрөө Ө- бид хоёрт хэлэхдээ Ц-тэй уулзаж байхад миний дугуйг аваад зугтаачих гэж хэлэхээр нь би Батнямыг тоглоод хэлж байна гэж бодсон, тэр яриаг нь тоогоогүй...” /7-р хх-ийн 118, 14-р хх-ийн 220-221/ гэсэн,
Шүүгдэгч Б.Ө- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ ...байхад Батням нь А- бид хоёрт Ц- дугуйныхаа мөнгийг нэхээд цагдаад өгнө гээд байна, ганцаараа очихоор нөгөө Ц- Батнямыг айлгана гэж хэлсэн, тэгээд орой ажил тараад 19 цагийн үед ажлаасаа гараад гурвуулаа дугуйтай яваад Маршалын гүүрэн дээр очсон. Тэгээд Батням нь нөгөө хүүхэд рүүгээ өөрийнхөө гар утсаар мессеж бичээд залгаад байсан, учир нь Ц- гэх хүүхдийг тэнд дуудаад байсан чинь нөгөө хүүхэд нь ирээгүй. Мөн Батням ажлаасаа гарахаасаа өмнө миний барьж байсан Скай А-810 маркийн гар утсыг хорооллын эцэст байдаг ломбарданд 40,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Батням энэ мөнгийг цалин буутал түр өгч байя гэж хэлж байсан. Тэгээд миний гар утсыг цалин буухаар аваад өгье гэж байсан юм л даа, угаасаа 7 хоногийн дараа манай ажлын цалин буух гэж байсан учраас би гар утсаа өгсөн. Маршалын гүүрэн дээр голын эрэг дээр түрүү жил бид гурав очиж амарч байсан газартаа очсон, очихдоо идэх юм авч очсоныгоо идэж дуусгасан. Батням Цэцэ гэх хүүхэд рүү мессеж бичээд байсан. Тэгээд нөгөө дуудсан хүүхэд нь гарч ирээгүй. Ингээд бид гурав тэндээсээ төв замаар Монгол 3 дугаар сургуулийн писи орж нэг цаг тоглосон.
...Батням хэлэхдээ би Ц-тэй уулзаад байж байхад та хоёр ирээд миний дугуйг аваад зугтаачих гэж хэлж байсан, би лав тэр яриаг нь худлаа яриа гэж бодож, ойлгож авсан. Тэгээд ч тийм зүйл огт болоогүй. ...Ямар нэгэн хутга заазуур байгаагүй...” /7-р хх-ийн 126-127, 14-р хх-ийн 215-216/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №2567 дугаартай дүгнэлтэд: “..Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хутга, 2 ширхэг заазуур дээрээс гарын мөр илрээгүй байна...” /2-р хх-иийн 63-65/ гэсэн дүгнэлт,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-27, 123-127, 14-р хх-ийн 14/,
- Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 28-33/,
- Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 36-52, 87-96/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 118-120/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дангаар болон бүрэлдэхүүнтэй гаргасан №6066, №702, №5388, №3487 , №2227, №6695, №6694 дугаартай дүгнэлтүүд /2-р хх-ийн 28-41, 6-р хх-ийн 231-231-236, 7-р хх-ийн 95-99, 8-р хх-ийн 225-250, 9-р хх-ийн 1-23, 12-р хх-ийн 57-63, 72-76/,
- Утасны дуудлагын дэлгэрэнгүй лавлагаа /3-р хх-ийн 89-154/
- Полиграф ашиглаж асуулга явуулсан үр дүнгийн тухай магадлагаа /7-р хх-ийн 81-82, 98-99/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8-р хх-ийн 76-84, 11-р хх-ийн 179-184/,
- Хутга заазуур олдсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хх-ийн 185-189/
- Таньж олуулах ажиллагааны тухай тэмдэглэл /9-р хх-ийн 193-197/,
- Шүүгдэгч Б.Алтанбаганын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /7-р хх-ийн 140/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /7-р хх-ийн 141/,
- Шүүгдэгч Б.Ө-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /7-р хх-ийн 142/, ял шийтгэгдэсэн эсэхийг шалгах хуудас /7-р хх-ийн 143/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.А-, Б.Ө- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Ө-, Б.А- нарыг Б.Батнямтай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний доор Б.Батнямд эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу унадаг дугуйны төлбөрийн асуудлаас болж амь хохирогч А.Ц-г алахаар бэлтгэсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Б.А-, Б.Ө- нарын холбогдсон хэрэгт хууль ёсны болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэсэн болно.
Хэргийн талаар болсон үйл явдал:
Б.А-, Б.Ө-, Б.Батням нар нь 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Б.Батнямын авсан унадаг дугуйны үнийг төлөх хугацааг хойшлуулах зорилгоор амь хохирогч А.Ц-тэй уулзахаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний доор очсон, Маршалын гүүрний доор очсон байхдаа Б.Батням, амь хохирогчийг гарч ирээд уулзаж, ярилцахаар дуудахад амь хохирогч цаг орой болсон, гарах боломжгүй талаар тэд гар утсаараа ярилцсан, амь хохирогч Маршалын гүүрний доор гарч ирэхгүй учир Б.Батням, Б.А-, Б.Ө- нар дугуйнуудаа унаж, гэр гэртээ харьж амарсан тухай үйл баримт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд өгсөн Б.А-, Б.Ө-, Б.Батням нарын мэдүүлгүүд /6-р хх-ийн 244-247, 7-р хх-ийн 104, 106-107, 115-116, 117-118, 129-138, 248, 8-р хх-ийн 15, 16, 10-р хх-ийн 45, 113/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр /1-р хх-ийн 35-52, 89-94, 95-96/ амь хохирогч, Б.Батням нарын гар утасны зурвасууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.А-, Б.Ө- нарыг Б.Батнямтай хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний доор ийнхүү очихдоо Б.Батнямд эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор амь хохирогч А.Ц-г алахаар бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцсон, бусдын амь насыг хохироохоор хэн, хэрхэн яаж оролцох талаар үүргээ хуваарилсан, урьдаас заазуур бэлтгэсэн гэх нөхцөл байдал болон шүүгдэгч Б.А-, Б.Ө- нарын гэмт хэрэг үйлдэх болсон санаа зорилго, сэдэлт нь нотлогдон тогтоогдохгүй байна.
Маршал таун хотхоноос 20 метрийн зайд байх овоолсон шорооноос олдсон гэх 3 ширхэг заазуур нь хэрэг үйлдэгдсэн буюу 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 8 хоногийн дараа олдсон, заазуурууд дээрээс хурууний хээ болон цус, биологийн ул мөр илрээгүй, шүүгдэгч нарыг энэ эд зүйлсийг ашиглаж гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн гэж үзэх шалтгаант холбоо, хамаарал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Б.А-, Б.Ө- нарыг Б.Батнямтай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний доор Б.Батнямд эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу унадаг дугуйны төлбөрийн асуудлаас болж амь хохирогч А.Ц-г алахаар бэлтгэсэн гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримт цуглуулах талаар бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч нарыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн болохыг хөдөлбөргүй тогтоосон өөр бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Б.А-, Б.Ө- нарыг дээрх гэмт хэрэгт холбогдуулан болсон үйл баримттай хамааралтай бүхий л нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан боловч тэдний гэм буруутай болох нь тогтоогдохгүй байх тул тэдэнд ашигтайгаар шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Гэм буруугүйд тооцох” зарчимд нийцэж байна.
Иймд Баянзүрх дүүргийн Прокуророос Б.А-, Б.Ө- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.А-, Б.Ө- нарыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн 201625012681 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дугуй /Нийслэлийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, нууцын дардас бүхий дугтуйтай баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Б.А-, Б.Ө- нар 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл сэжигтнээр /7-р хх-ийн 113, 124/, шүүхийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад нийтдээ 654 /зургаан зуун тавин дөрөв/ хоног /10-р хх-ийн 211-237, 11-р хх-ийн 142, 175, 242-244, 246-247, 13-р хх-ийн 12/ цагдан хоригдсоныг, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д овогт Б-ы Ө-, А- овогт Б-гийн А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Б-ы Ө-, Б-гийн А- нарыг цагаатгасугай.
2. Цагаатгагдсан этгээдүүд болох Б.Ө-, Б.А- нар энэ хэрэгт тус бүр 654 /зургаан зуун тавин дөрөв/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
3. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 /хоёр/ ширхэг дугуй /Нийслэлийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, нууцын дардас бүхий дугтуйтай баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, Б.А-, Б.Ө- нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.А-, Б.Ө- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-, Б.Ө- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР
ШҮҮГЧИД Б.БАТБОЛОР
Х.ОДБАЯР