Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/355

 

 

 

 

 

 

 

 

     2020           4         13                                       355  

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Өсөхжаргал, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Ж.Ариунаа /ҮД:1011/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 1905 0411 40007 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1959 оны 01 дүгээр сарын 19ий өдөр Завхан аймгийн Чандмань суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “Мөнхийн үйлс” эмнэлэгт зөвлөх эмч ажилтай, сард 700 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2, эхнэрийн хамт Б.

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, “СиЮү” дэлгүүрийн орчимд автомашины зам хааж, түгжрэл үүсгэлээ гэх шалтгааны улмаас үүссэн маргааны үед иргэн Э.Аийн нүүрэнд гараараа цохиж, хөмсөгний шарх гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Б мэдүүлэхдээ:

Тэр залуу хүн бүр рүү дайрч давшлаад, зам хаагаад байсан. Энэ үед түргэний машин явж чадахгүй, түгжрэлд орсон тул “зам чөлөөлж өг, миний дүү одоо бусадтай маргахаа боль, чиний буруу”  гэж иргэний хувьд шаардлага тавихад “чамд хамаагүй” гээд намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэр үед манай эхнэр машинаасаа бууж ирээд бас шаардлага тавьсан чинь “дуугүй бай” гээд хэлэх, хэлэхгүй үгээр доромжилж байгаад машины хаалгаар түлхээд унагаасан. Тэгэхээр нь би тэр залуугийн толгой хэсэг руу түлхэж машинд нь суулгасан. Өөрөөр түүнийг цохиж зодоогүй. Тэр залууд тэр хавьд байсан бүх жолооч шаардлага тавихад хүн бүр рүү дайрч давшлаад байсан. Тэгээд бид машиндаа суугаад явсан. Энэ үед түүний биед гэмтэл учирсан, шарх үүсч, цус гарсан юм харагдаагүй. Тэгээд явж байтал эхнэр маань “миний бөгж алга болсон байна” гэхээр буцаж очоод бөгжөө асуухад нөгөө залуу “би цаас гэж бодоод шидсэн” гэж хэлж байсан. Буцаж очиход тэр залуу хүмүүстэй хэрэлдээд байж байсан. Нүүрэнд нь шархи сорви байгаагүй. Гэтэл биднийг явсны дараа эмнэлэгт үзүүлж, оёдол тавиулсан гэж байгаа боловч үүнийг нотлосон баримт байхгүй байна. Тэр залуу эмнэлэг, цагдаад хандсаныг ч мэдээгүй.  Сүүлд би тэр залуутай утсаар ярихад “хуцаад бай” гээд утсаа салгасан. Хохирол төлбөр нэхэмжлээгүй тул би эмчилгээний зардал төлөөгүй. Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэхгүй байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.А мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 13-нд би гэр рүүгээ харих гээд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, СиЮү гэх дэлгүүрийн хажууд байр руугаа орох гээд явж байхад нэг машин ухраад миний машиныг мөргөсөн. Би машинаасаа буугаад мөргөсөн машины жолоочтой уулзаад байж байхад 11-11 УБХ улсын дугаартай автомашинд сууж явсан ах гарч ирээд надтай маргалдаж эхэлсэн. Гэтэл хоёр эмэгтэй гарч ирсэн. Нэг эмэгтэй нь манай эхнэрийг самардах гэхээр нь би түүнийг түлхэсэн. Уг эмэгтэй газар унасан байх. Тэгээд хэл амаар доромжлоод байсан. Эхнэрээ машинд суу гээд суулгасан бөгөөд цагдаад дуудлага өгөөд байж байхад уг эрэгтэй машиндаа суугаад явчихсан. Би машиныг маань мөргөсөн жолоочтой тохиролцоод салсан бөгөөд машинаа байрлуулчихаад гэмтлийн эмнэлэг орж оёдол тавиулсан. Миний биед учирсан гэмтлийг 11-11 УБХ улсын дугаартай автомашинд сууж явсан махлаг ах учруулсан.

Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, томографийн зураг авахуулсан, хоёр соривны тос авсан гээд нийт 600 000 орчим төгрөгийн зардал гарсан байх. Надад баримт байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.  (хэргийн 14-16, 59-60 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-У.Н мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 13-нд Баянгол дүүргийн Модны хоёрын голын замаар 11-11 УБХ улсын дугаартай улаан хүрэн өгийн “Лексус 570” загварын машинтай нөхөр Б, дүү Намуун нарын хамт явж байхад зам түгжирсэн байсан. Хажуугаар машинууд ухарч байсан. Урд урсгалаас ирж байсан машин хойшоо эргэж ороод шүргэлцэж, жолооч нь бууж ирээд уг мөргөсөн машины жолооч руу дайрч эхэлсэн бөгөөд жолооч нар түгжрэлээ зохицуулаад явж байсан. Уг мөргүүлсэн машины жолооч хүмүүс рүү дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд нөхөр Б буугаад “больцгоо” гэж хэлсэн. Уг мөргүүлсэн машин зүгээр байсан. Гэтэл тухайн залуу хаалганыхаа цаана зогсож байгаад намайг хэл амаар доромжлоод, хараал хэлээд намайг хаалгаараа түлэхсэн. Би тэр үед газар унасан бөгөөд намайг “янхан, гичий” гээд дунд хуруугаа гаргасан. Тэгэхэд манай нөхөр уг залууг цохих шиг болсон. Би газар унаад босоод ирэхэд уг залгууийн дух шалбарсан байсан. Тэр үед миний бөгж байхгүй байхаар нь манай нөхөрт цохиулсан залуу руу очоод “бөгжөө авъя” гэхэд бид нар унагасан юм уу гээд байсан гэжээ. (хэргийн 23-25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.О мэдүүлэхдээ:

2019 оны 10 дугаар сарын 13-нд нөхөр Атэй Улаанбаатар их дэлгүүрийн орчимд уулзаад Баянгол дүүргийн 18 дугар хороо, 35-б-20 тоот гэртээ харих гээд явж байсан. Тэгээд байрны хажуугийн уулзвар дээр эргэх гэж байхад урд явж байсан автомашин ухарч байгаад манай машиныг мөргөсөн. Гэтэл урдаас нэг эмэгтэй ирээд орилж байгаад цаашаа явчихсан. Гайхаад зогсож байхад манай машиныг мөргөсөн машины жолооч бууж ирээд манай нөхөртэй уулзсан. Би тэр үед машинаас буусан байсан. Тэгээд бид нар тохиролцох гэж байхад нөгөө урсгалаас ирж байсан 11-11 гэсэн дугаартай жийп машинаас нэг ах цонхоороо “сүртэй юм бэ яваач, хоёрын хооронд юман дээр яваач” гээд орилоод хэл амаар доромжлоод байсан. Тэгээд машинаасаа буугаад ирсэн. Уг машинд байсан нэг эмэгтэй бас бууж ирээд юм хэлсэн. Би юу гэж хэлсэнийг нь санахгүй байна. Тэгээд манай нөхрийг нэг эмэгтэй нь цохих гэж байгаад хөл алдсан бололтой хойшоо газар унасан. Тэгэхэд уг 11-11 машинаас бууж ирсэн ах манай нөхрийн нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Манай нөхрийн хөмсөг хэсгээс нь цус гарахаар нь би машинаа тойрч очоод нөхрөө холдуулах гээд дундуур нь орсон. Уг 11-11 улсын дугаартай машинаас дахиад нэг эмэгтэй бууж ирээд миний нуруу руу нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд нь манай нөхөр намайг татаад холдуулсан. Тэгээд байж байхад надаас эхлээд машинаас бууж ирсэн эмэгтэй “бөгж газар унагаасан, чи авсан, би харсан” гээд байсан. Тэгээд уг хүмүүс машиндаа суугаад явсан. Нөхөр цусаа тогтоогоод 7 дугаар төв ороод боолгуулж чадаагүй тул гэмтэл орж оёдол хийлгээд цагдаад өргөдөл өгсөн. Надад гэмтэл шарх байхгүй гэжээ. (хэргийн 61-63 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12509 тоот дүгнэлтэд:

1. Э.Аийн биед зүүн хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Б ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 54 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, “СиЮү” дэлгүүрийн орчимд “автомашины зам хааж, түгжрэл үүсгэлээ” гэх шалтгааны улмаас хохирогч Э.Аийн нүүрэнд гараараа цохиж, хөмсөгний шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Э.А, гэрч У.Н, Б.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12509 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд “надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул Г.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй Г.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН