| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2017/0588/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/87 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1711005560231 дугаартай хэргийг 2018 оны 1 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Б.Б , 1999 оны 7 сарын 1-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрхан 4 дүгээр гудамж, 40 тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Б.Б нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнө бааранд” Г.Оийг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Г.Оөөс Мөрдөн байцаалтын шатанд хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-7-8, 18-19/, Б.Б гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-22, 37-39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11156 дугаар тогтоол, гэрч Б.А /хх-24-25/ мэдүүлэг, гэрч Ш.Ж /хх-26-27/ мэдүүлэг, гэрч Г.О мэдүүлэг /хх-28-29/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/, Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-46/, хохирогчийн гомдол саналгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт /хх-57/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 8 сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнө бааранд” Г.Оийг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Оийн /хх-7-8, 18-19/: “..2017 оны 8 сарын 25-ны орой 22 цагийн орчимд нөхөр болон дүүгийн хамт 5 буудал орчим байрлах “Өнө” Пабаар үйлчлүүлсэн улмаар тэнд бага зэрэг архи дарс уугаад сууж байгаад би нөхөртэйгөө маргалдаж байхад хажуу ширээнд сууж байсан 3 охин биднийг шоолон ярьж байхыг сонсоод тэр гуравт хандаж та хэд болиоч гэж хэлсэн, улмаар тэдэнтэй маргалдаж эхэлсэн, энэ үед зөөгч залуу тэднийг өмөөрч манай нөхөртэй маргалдаж зодолдсон. Би нөхрийгөө өмөөрч дундуур нь ороод салгах гэтэл зөөгч залуу нь намайг хүчтэй түлхэж би унахдаа зүүн гараа эвгүй дарж унасан..” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Б.А /хх-24-25/ “..Би 2017 оны 8 сарын 25-ны өдөр Өнө бар төвийн караокед зөөгчөөр ажиллаж байхад орой 22:00-23:00 цагийн хооронд байхаа хүмүүс хоорондоо маргалдаад байна Баагий чамайг дуудаад байна гэж Болороо эгч надад хэлэхээр нь би яваад ороход нэг эрэгтэй хүн нилээд ууртай хүн амьтан руу дайраад хөргөгчнөөс пиво авч шидэх гээд байхаар нь би түүнийг боль гээд хөргөгчнөөс салгаад түүнтэй ноцолдсон. Тэгж байхад хамт явсан эмэгтэйчүүд нь дайраад цохиод өшиглөөд байсан, улмаар тэр эрэгтэйг гадагшаа үүдрүү гаргачихаад буцаад караоке руу орсон. Харин удалгүй хүн орилох чимээ гарахаар яваад ороход миний гаргасан буцаад ороод ирсэн хүмүүс рүү пивоны бакал барьсан дайрч байхаар нь болиулаад коридорд маргалдаж байгаад буцаад ороод ирсэн чинь хамт явсан эмэгтэй нь гараа барьсан уйлаад газар хэвтэж байсан. Улмаар би цагдаа дуудаж цагдаагийн албан хаагч нар ирсэн. Цагдаа нар ирээд түргэн дууд гээд дуудаж эмч ирж үзсэн.Тэр хүмүүс өөрсдөө маш их агсам хүмүүс байсан..” гэх мэдүүлгээр,
Гэрч Г.О /хх-28-29/ “..2017 оны 8 сарын 25-ны өдөр гэртээ харих гээд явж байхад манай эгч Г.О над руу залгаад Өнө бар төвд Ал ахтай сууж байна чи хүрээд ирээч гээд надад хэлэхээр нь би явж очсон чинь ах Алтантулга, эгч О хоёр нь тухайн үед гэр бүлийн маргаантай байсан, тэгээд ах эгч хоёр хэл амаа ололцохгүй ганц нэг ам мурийх зүйл гараад хэрэлдэж байсан чинь хажуу ширээнд сууж байсан үл таних 3 эмэгтэй ах, эгч хоёрыг доромжлоод шоглоод айхаар нь би тэсэлгүй, та нар одоо өөрсдийн чинь ээж, аав шиг хүмүүс ярилцаж байхад та нарт ямар хамаатай юм бэ гээд хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд байж байсан чинь манай ах Л.Алтантулга нь үйлчилгээний төвийн зөөгч гэх залуутай нилээд хоорондоо маргалдаад байж байгаад дээр доороо ороод явж байгаад манай эгчийг зөөгч гэх арай бага насны залуу нь манай эгч Г.Оийг түлхээд унагаасан, тэгээд манай эгч газар унаад шалан дээр хэвтээд, босохгүй миний гар хугарчлаа гээд байсан, тэгсэн чинь хажуу шрээнд үйлчлүүлж байсан охидууд шоглоод инээгээд худлаа баашлаад гээд байсан. Тэгээд 103-н эмч дуудаад эмч нар ирээд чиг тавьж өгөөд явсан. Тэггээд гэмтлийн эмнэлэг явж үзүүлээрэй гээд хэлсэн учир бид нар гэмтлийн эмнэлэг явж үзүүлээд тэр өдрөө цагдаагийн байгууллагад хандаагүй маргааш нь амралтын өдөр таараад ажлын өдөр эхлэнгүүт цагдаа дээр ирсэн..” гэсэн мэдүүлээгээр,
Б.Б гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-22, 37-39/ “..Би 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өнө баарны ресторанд ажил үүргэ гүйцэтгээд байж байхад 21 цагийн үед хохирогч Г.О нь нөхөр болон өөр нэг эмэгтэй үйлчлүүлэгчийн хамтаар орж ирээд №3 ширээнд суугаад захиалга өгсөн. Манайхаас үйлчилгээ авахдаа 0,5 литрийн савлагаатай Алтан Чингис архи 1 шил, цэвэр ус, 0.33 кола ундаа 1 лааз, зэргийг аваад уугаад сууж байгаад 23 цагийн үед өөр 3 эмэгтэй үйлчлүүлэгч орж ирээд яг хажуу талынх нь ширээ болох №1 дугаартай ширээнд сууж үйлчлүүлж байгаад 0,5 литрийн 6 шил Сэнгүр аваад ууж сууж байгаад 1 эмэгтэй нь хохирогчтой цуг явсан эмэгтэй үйлчлүүлэгчтэй маргасан. Тэгээд би очоод ингэж болохгүй гээд шаардлага тавьсан чинь хохирогч эмэгтэй хажуу ширээнд сууж байсан 3 үйлчлүүлэгчийн нэгэнтэй маргаж байгаад нэгийг нь алгадаад авсан. Алгадуулсан үйлчлүүлэгч босч ирээд одоо битгий давраад байгаарай гээд босч ирээд барьцалдаад авсан. Болиулах гээд дундуур нь ороод салгах гэсэн боловч хохирогчийн нөхөр гэх залуу босч ирээд над руу чи одоо манай эхнэр лүү томроод байх шаардлага байхгүй гээд над руу дайраад янз бүрээр доромжлоод байсан. Тэгээд би байдал хэцүүдлээ гээд доод талын караокед ажиллаж байсан цуг ажилладаг үйлчлэгч ах Б. дуудсан. орж ирээд салгах гэсэн боловч хохирогчийн нөхөр Ар ахын үснээн зулгаагаад араас нь өшиглөөд унагаах гээд байхаар нь хохирогч эгчийг та ингэж болохгүй гээд түлхсэн чинь цаашаа плитан шалан дээр унаад гар эвгүй болчлоо гээд хэвтээд байсан” гэх мэдүүлгээр, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11156 тоот дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч гэмтэл авсан талаараа мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогч түлхэж унагаан уг гэмтэлийг учруулсан талаараа мөрдөн байцаалтанд сайн дураар мэдүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11156 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Оөд учирсан гэмтэл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Б дээрх байдлаар хохирогч Г.Оөд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б хүний эрүүл хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Б “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Г.О нь шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Энэ нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дпүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б уг торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР