Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 147

 

Л.Ц-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00699/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 859 дүгээр  шийдвэртэй,  

Нэхэмжлэгч Л.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Э-д холбогдох

“Зээлийн төлбөр 50.000.000  төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

2017 оны 10 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Ц-гоос:

2014 оны 11 сарын дундуур А.Э-, Б.Гансүх нар надтай уулзаж Б.Гансүх нь 2 дугаар хороололд хаус барилга бариулах гэж байгаа уг барилгаа барихад мөнгө санхүүгийн дутагдалтай байгаа талаар ярьцгаасан. Тэр үед Б.Гансүх нь 3 сарын хугацаатай 50,000,000 төгрөг зээлдүүлээч би банкнаас зээл аваад хугацаандаа төлчихнө гэж гуйж А.Э- нь түүний хэлж ярьж байгаа нь үнэн бид нэг хашаанд хаус барих юм гэж баталж надад санал тавьцгаасан. Ингээд би тэдний гуйсан саналыг хүлээн зөвшөөрч Хас банкнаас 50,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэйгээр зээлж авч өгөхөөр болсон. Би зээл хөөцөлдөж Хас банкнаас авсан зээлийн мөнгө дансаар гарах болж А.Гансүхийн дансанд 50,000,000 төгрөгөө шилжүүлэх гэтэл Б.Гансүх нь надад Хас банкны данс байхгүй та А.Э- ахын данс руу хийчих гэж хэлээд А.Э-ы дансны дугаарыг өгсөн. Би тэр дансанд нь 50,000,000 төгрөгөө хийж, Б.Гансүхтэй зээлийн гэрээг хийж нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээний гурван сарын хугацаа дуусч Б.Гансүхээс мөнгөө нэхэхэд удахгүй өгнө өө банкнаас зээл хөөцөлдөөд бүтэхгүй байна гэж хэлээд яваад байсан.

Сүүлдээ утсаа авахаа больж хаана байгаа нь мэдэгдэхгүй зугатах болсон. А.Э-ы гэрт удаа дараа очиж Б.Гансүхийг сурж байсан. Уулзах болгонд л мөнгийг чинь өгнө зээл хөөцөлдөж байна, зээл бүтсэнгүй байна гэж хэлдэг байсан. Зарим үед эхнэртэйгээ хоёулаа хамт уулзаад зээлийн гэрээний хугацаагаа сунгаач бид даруй зээлээ хөөцөлдөөд мөнгийг чинь өгнө гэж гуйж эхэлсэн.Ингэж явсаар 2017 он болсон арга ядаад би А.Гансүхийг шүүхэд өгөхөд зээлийн гэрээг би хийсэн, 50,000,000 төгрөгийг А.Э- дансаараа авсан болохоор тэр хүн л өгнө би аваагүй гэсэн тайлбарыг шүүхэд өгч шүүх ч зээлийн гэрээний зүйл болох мөнгийг Б.Гансүхэд өгөөгүй, А.Э-д өгсөн байгаа учраас тэр хүнээсээ нэхэмжил гэсэн агуулга бүхий шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Иймд А.Э-аас 50,000,000 төгрөгийг гаргуулан надад олгож намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Э-аас:

Л.Ц- нь Б.Гансүхэд 50,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талууд хуулийн хүрээнд, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж энгийн зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Л.Ц- мөнгийг Б.Гансүхэд шилжүүлэхдээ түүний хүсэлтээр өөрийнх нь захиалгаар барьж буй гүйцэтгэгч А.Э-ы дансанд шилжүүлснээр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцсон. Иймд Л.Ц-, Б.Гансүх нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ болно. Өөрөөр хэлбэл гэрээнээс үүсэх үр дагаварыг гагцхүү зээлдэгч Б.Гансүх бүрэн хариуцах үүрэгтэй болно. Энэ талаар Л.Ц-гийн нэхэмжлэлтэй Б.Гансүхэд холбогдох хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие гэрчээр асуугдахдаа маш тодорхой мэдүүлж байсан.Түүнчлэн Б.Гансүхийн Л.Ц-гоос зээлсэн 50,000,000 төгрөг өөрийнх нь захиалан бариулж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан одоо өөрийнх нь нэр дээр гэрчилгээтэй байгаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, Бурхантын 11 дүгээр гудамжны 10в тоот 141,04 мкв амины орон сууцны үнэд шингэсэн байгаа.  Б.Гансүх нь энэ хэргийн хариуцагч болох тухайд тухайн үедээ Дархан-Уул аймаг дахь ХААН банкны зээлийн газрын даргаар ажиллаж байсан Б.Гансүх, түүний эхнэр тус банкны Дархан захын салбарт ахлах теллерээр ажиллаж байсан М.Мөнгөнтуул нар нь 2014 оны сүүлчээр А.Э- миний эзэмшлийн газар дээр амины орон сууц бариулахаар гэрээ хэлцэл хийснээр уг амины орон сууцны үнэ болох 121,500,000 төгрөгийг төлж эхэлсэн түүхтэй.  2014 оны 11 сард иргэн Л.Ц-гоос 50,000,000 төгрөгийг зээлж аваад миний дансанд шилжүүлсэн. Нийт 65,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд төлснийг баталгаажуулж 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бидний дунд хийсэн гэрээ байгаа бөгөөд уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн баримт бий. Түүнчлэн захиалсан АОС-ыг барьж дуусгахын тулд миний Ариг банкнаас зээлсэн зээлийн үлдэгдэл 34,775,000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б.Гансүхийн эхнэр М.Мөнхтуул өөрийн бэлэн мөнгөөр хааж дуусгасан. Ийнхүү Б.Гансүх, М.Мөнхтуул нар нь надад АОС бариулсны үнэ хөлсөнд нийт 99,775,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 21,725,000 төгрөгийн хувьд Б.Гансүх, М.Мөнхтуул нар нь санхүүгийн хувьд хүнд байна, явцын дунд боломж гарахаар таньд 10,000,000 төгрөг өгөөд тооцоо дуусгая гэдэг хүсэлт гаргасны дагуу миний бие залуу гэр бүлийг дэмжих сэтгэлээр хүлээн зөвшөөрсөн. Гэтэл одоо болохоор үлдэгдэл мөнгөө өгөхийг оронд байрныхаа төлбөрт төлсөн 50,000,000 төгрөгөө надаар төлүүлэхээр ичгүүр сонжуургүй авирлаж байгаад маш их гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 859 дүгээр шийдвэрээр: 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А.Э-аас 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ц-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э-аас улсын тэмдэгтийн хураамж 408,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 3599 дугаартай захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.Э- давж заалдсан гомдолдоо:

            Шүүх зээлийн гэрээний зүйл болох 50.0 сая төгрөгийг зээлдүүлэгч Л.Ц- нь зээлдэгч Б.Гансүхэд шилжүүлэн өгөөгүй гэсэн үндэслэлээр дээрх зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар Т.Ц-, Б.Гансүх нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний талаар бодитой дүгнэлт хийгээгүйгээс гадна энэхүү зээлийн гэрээг хүчин төгөлдөр эсэх талаар огт шийдвэрлэлгүй орхигдуулсан атлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг баримтлан хэргийг шйидвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Л.Ц- нь 50.000.000 төгрөгийг А.Э-ы эзэмшлийн Хас банкин дахь 5000624555 тоот данс руу 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлсэн нь хэрэгт авагдсэн зээлийн гэрээ, Хас банкны орлогын маягт, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05  дугаар сарын 02-ны өдрийн 497 дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байгааг дурдаж байна гэсэн нь  зээлийн гэрээний үндсэн дээр 50.000.000 төгрөгийг зээлдэгч Б.Гансүхийн хүссэн дансанд шилжүүлснийг нотолж байна. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.Гансүх амины орон сууц бариулах захиалгын дагуу урьдчилгаанд төлсөн 50.000.000 төгрөгийн талаар шүүх бодитой дүгнэлт хийгээгүй болно. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 859 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхэр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Ц- хариуцагч А.Э-аас  50 000 000  төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа шүүхэд дараах тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Ц-гоос иргэн Б.Гансүх 50 сая төгрөг зээлүүлэхийг хүссэний дагуу зээлийн гэрээг түүнтэй  бичгээр  байгуулж улмаар 50 сая төгрөгийг Б.Гансүхийн хүссэнээр Хас банк дахь Б.Э-ы дансанд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шилжүүлжээ.

            Энэ үйл баримтын талаар  зээлийн гэрээний талууд болон хариуцагч А.Э- маргаагүй бөгөөд хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар  тогтоогдсон.  Бичгээр байгуулсан зээлийн  гэрээний дагуу Б.Гансүхэд зээлүүлсэн зээл болон хүүг нэхэмжлэгч Л.Ц- Б.Гансүхээс шаардаж улмаар шүүхэд хандсан боловч анхан шатны шүүх түүний нэхэмжлэлийг “зээлийн гэрээг байгуулсан боловч  гэрээнд заасан  мөнгийг шилжүүлэн өгөөгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдэгчийн өмчлөлд зээлийн гэрээний зүйл шилжээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ  шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна. /хх-6-8 хуудас/

Иймд зээлийн гэрээний дагуу Б.Гансүхээс зээл буюу түүний хүүг шаардах хууль зүйн боломжгүй болсон байна.

Харин Л.Ц- 50 сая төгрөгийг А.Э-ы дансанд шилжүүлснээр Л.Ц-гийн хөрөнгө энэ хэмжээгээр багассан түүнд хууль болон гэрээгээр / А.Э-тай байгуулсан / А.Э-д ийм хэмжээний мөнгөн хөрөнгө шилжүүлэх,  үүрэг үүсээгүй бөгөөд энэ мөнгийг  шилжүүлэхдээ зээлийн гэрээний зээлдүүлэгчийн үүргийг  Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн  буюу зээлдэгчийн санал болгож зөвшөөрснөөр  А.Э-ы дансанд шилжүүлсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч маргаагүй байна.

Л.Ц-гоос шилжүүлсэн мөнгийг А.Э- хүлээн авсан талаар маргаагүй боловч дээрх мөнгийг Б.Гансүхээс орон сууц бариулсны урьдчилгаанд авсан гэж тайлбарлаж шүүхэд баримт ирүүлсэн боловч энэ нь зохигчдын дунд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүссэн  маргаанд хамааралгүй юм.

Иймд энэ талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй.  Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь хууль буюу гэрээгээр тохирсон үндэслэлгүйгээр Л.Ц-гийн шилжүүлсэн мөнгөөр илүү хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар ийм хэмжээний хөрөнгө  буцаан шаардах эрх нь Л.Ц-д байна гэж үзнэ.

Ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  шаардлагыг хангасан байна.  Хариуцагч нь шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо шүүх Б.Гансүх, Л.Ц- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т нийцүүлэн зөв шийдвэрлээгүй гэж дурдсан бөгөөд  дээрх шүүхийн шийдвэр нь  хуулийн хүчин төгөлдөр болсон тул уг шийдвэрийн хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхэд дүгнэлт өгөх ийнхүү дүгнэснээр маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл хязгаарлагдсан байна.

Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо шүүх зээлийн гэрээний талуудын дунд үүссэн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтүүдийг дурдаж, Б.Гансүх нь амины орон сууцны урьдчилгаанд төлсөн  50 сая төгрөгийн  талаар шүүх бодитой дүгнэлт хийгээгүй гэсэн нь Л.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд  хамааралгүй  учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх хуульд заасан үндэслэл болохгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 859 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд:

“Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д” гэснийг “Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч А.Э-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.000 төгрөгийг  Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаарДавж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журам зөрчсөн гэж үзвэл  зохигч,  гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авахүүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.АМАРСАНАА

                                     ШҮҮГЧИД                                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                        О.НАРАНГЭРЭЛ