Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2020/0314

 

  2020 оны 5 сарын 12 өдөр                       Дугаар                             Улаанбаатар хот

                                                           128/ШШ2020/0314                           

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц Ц.Б .

Хариуцагч: БСШУСЯ,

Хариуцагч: НБГ.

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортьн сайдын 2019 оны 04 сарын 05 өдрийн А/200 дугаар Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалын нэг дэх заалт “Урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудаас бусад ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэгчийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай” гэсэн заалт нь илт хууль бус байсан болохыг тогтоолгох, энэхүү тушаалаас үндэслэн гарч байгаа захиргааны акт болох Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 05 сарын 09-ний өдрийн А/44 тушаалын 8. Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 3 болон 4 дүгээр хэсэгт заасан хамран сургах тойрог тогтоосон нь илт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд, нэхэмжлэгч Б.Ц хууль ёсны төлөөлөгч Ц.Б, хариуцагч Нийслэлийн боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, хариуцагч БСШУСЯ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.Ө, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Ц хууль ёсны төлөөлөгч Ц.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ :“...Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хамран сургах тойргийг жил бүр тогтоож, элсэлт зохион байгуулж ажилладаг.

Энэ жилийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 дугаар “Ерөнхий Боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаал мөн түүнийг үндэслэн гарч байгаа захиргааны акт буюу Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/44 дүгээр тушаалын хавсралтад заасан зарим сургуулиудын хамран сургах тойрог тогтоосон байдал нь иргэдийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн, ялгаварлан гадуурхсан, бусдад давуу байдал бий болгосон, гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийн хууль  ёсны эрх ашигт нөлөөлсөн, төрийн өмчийн сургуулиудын хөгжих боломжийг боосон гэж үзэж байна.

Манай хороо 2 ерөнхий боловсролын сургуультай. 2013 онд тус сургууль хамран сургах тойрог заадаггүй байсан. Гэтэл энэ жил тус сургууль хамран сургах тойрог тогтоосон. Манай хамран сургах тойргоор тогтоосон Ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд олон тооны сурагч сүрьегийн халдвар авсан нь тогтоогдож олон нийтийн хэрэгсэлээр гарах болсон. Тус сургууль нь 1710 сурагчтайгаас 3 хүүхдийн нэг нь буюу 529 сурагч сүрьегийн халдвар авсан нь тогтоогдсон байсан юм. Манай хүү Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд орох хүсэлтэй байна гэж ярьж байсан бөгөөд учир би тус сургуульд орох хүсэлт тавьж байсан. Минйи хүсэлтийг шийдэхгүй байсан тул би шүүхэд хандсан. Ингээд шүүхэд хандаж хэрэг үүссэнээс хойш 9 дүгээр сарын 01-ний өдөр болоход хүсэлтээ дахин өгсөн. Үүний хүрээнд хүүхдийг маань Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дарга н.Нямаа гэж хүн цохолт хийж хүүхэд маань тус сургуульд орсон.

Яагаад шинэ баригдсан байрны хүүхдүүд 18 дугаар сургуульд орж, харин хажуу байрны хүүхдүүд яагаад орж болохгүй хэл ам болж байж орох ёстой вэ. Би гурван хүүхэдтэй миний дараагийн хүүхэд энэ байдалд дахин орохыг үгүйсгэхгүй. Тэхээр нийгмийн янз бүрийн гарал байдалаар ялгаварлан гадуурхахгүйгээр хүссэн сургуульдаа орох үүднээс хорооны 2 сургуулиас сонгож орох эрхийг хангуулах. Мөн тойрог тогтоосон байдал нь сурч боловсрох эрх зөрчсөн, хамран сурах тойрог тогтоосноор эрх зөрчигдөж байгаа учир захиргааны хууль зөрчсөн буруу актуудын хүрээнд явж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд заасан сурч боловсрох эрхийг зөрчиж байна.

Миний бие 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Б хандаж “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 дугаар "Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай“ тушаал холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул өөрчлүүлэх, энэ тушаалаас үндэслэн гарсан гарч байгаа захиргааны акт буюу Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/44 дүгээр тушаал түүний хавсралтаар тогтоож буй гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн хамран сургах тойргийг хүчингүйд тооцуулахаар өргөдөл гаргасан боловч 2019 оны 7 дугаар сарыг 08-ны өдрийн 4/6288 дугаар албан бичгээр хариу өгсөн.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан  эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох эрхээр хангуулах эрхтэй холбоотой байсан. Гэтэл өргөдлийн хариуг Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсээс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаар тоотоор “Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар хамран сургах тойргийн дагуу бүртгэх тул таны өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Энэ нь Монгол Улсьн Үндсэн хуулийн 16 дугаар  зүйлийн 12-д “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй” гэжээ. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-д Тухайн байгууллага, албан тушаалтан өөрийн эрх хэмжээнд хамаарах өргөдөл гомдлыг үндэслэлгүйгээр өөр байгууллага албан тушаалтанд шилжүүлж болохгүй” гэсэн хууль ёсны заалтуудыг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд хуулийн дагуу ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм.

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо нь 373 га газар нутаг, 4674 өрх, 16905 хүн амтай, 2 ерөнхий боловсролын сургуультай энэ жилийн хувьд 600-аад хүүхэд 1 дүгээр ангид элсэн суралцахаар урьдчилсан тоо гарч байсан.

Хамран сургах тойрог тогтоох, тушаал батлах үед тус дүүрэг хорооны эрх бүхий албан тушаалтнууд хууль зөрчиж өөрийн хамаатан садан үр хүүхэд байгаа байрнуудыг, эсвэл хамтран ажилладаг хамаарал бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зориуд зохиомлоор 18 дугаар сургуульд хамрах байрнуудыг “Шаравын 32, 43, 43а, б, 48, Шаравын /ЧӨЧ үйлдвэр/ 41 а, б, в Чингисийн өргөн чөлөө 50, 51, 53, 61 дүгээр байр, Үйлдвэрийн 9, 9а, 17 дугаар байр” гэж хувиарласан байх бөгөөд үлдсэн байруудыг бүхэлд нь 15 дугаар сургуульд хамруулсан байна.

Хуваарилалт хийхдээ олон нийтийн оролцоо тэр дундаа Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны иргэдийн оролцоог хангаагүй шийдвэрлэсэн. Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн хамран сургах тойрогт багтах байрнууд нь зөвхөн шинэ баригдсан барилгууд” байх бөгөөд ингэж ялгавартай хандсан явдал нь иргэн бүр ижил эрхтэй байх, Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал үндэсний эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 14 дүгээр зүйл 2-д “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэсэн үндсэн хуулийн суурь зарчим алдагдсан явдал боллоо.

Нөгөөтэйгээр “Шинэ байранд орсон иргэд хүүхдээ автоматаар гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуульд суралцуулах эрхтэй болдог”, харин “Хуучин байранд амьдардаг Хан-Уул дүүргийн хүүхэд багачууд битгий хэл 3 дугаар хорооны хүүхдүүд нь ч хүсэл сонирхлоороо гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд суралцах боломжгүй, хязгаарлагдмал, хаалттай, ялгавартай байдал руу оруулж байна.

Иргэдийн дунд хөрөнгө чинээгээр ялгаварлан гадуурхах үзэл бий болж байгаа бөгөөд тус хороонд барилга барьж буй иргэд, аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдийн ашиг соинрхолд нийцсэн, хөхүүлэн дэмжсэн үйлдэл болсон байна. Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/44 тушаал гарснаас хойш Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд тэр тусмаа 18 дугаар сургуульд харьяалагдах шинэ барилгуудын борлуулалт үнэ нэмэгдэж, шилжин ирэгсдийн тоо эрс нэмэгдэж байгаа төдийгүй одоогийн байдлаар тус сургуульд бүртгүүлсэн хүүхдүүд 206 болсон. 2019-2020 оны хичээлийн жилд 150 хүүхэд элсүүлэн авах төлөвлөгөөтэй байсан боловч тус сургууль нь цаашид ч шилжин сууршсан айл өрхийн хүүхдүүдийн хамран сургах тойргийн хүрээнд хүлээн авч суралцуулахаас өөр аргагүй байдалд оруулж байна. Үүнээс үзэхэд шийдвэр гаргах түвшинд бизнесийн эрх ашиг давамгайлж байгаа нь илт байгаа бөгөөд бусдад давуу байдал бий болгосон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан байхыг үгүйсгэх аргагүй байна.

Энэ жил элсэлтийн шалгалтгүйгээр 18 дугаар сургуульд элсэж байгаа хүүхэд багачууд сургалтын цөм хөтөлбөрийн дагуу хичээл орох боловч ирэх жил буюу 2 дугаар ангиасаа гүнзгийрүүлэн судлах гадаад хэлний хичээлийн агуулга сургалтын орчин тодорхой хэмжээний өөрчлөлт орж ердийн анги болж хичээллэхээр болж байна.

Энэхүү тушаал хэрэгжсэнээр цаашид тус сургуулийн хувьд гадаад хэлийг гүнзгийрүүлэн судлах боломжгүй болж байгаа бөгөөд тус сургуулийн гүнзгийрүүлсэн сургалт явуулах эрхийг зөрчиж, статус өөрчлөгдөх сөрөг үр дагаварыг үүсгэхээр байна.

Ингэснээр тус сургуулийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох гадаад хэлний багш ажиллагсдын үр нөлөө, үүрэг хариуцлага сулрах, нийтэд тогтсон нэр хүнд буурах магадлал өндөр байна. Бага дунд боловсролын тухай хуулинд заагдсан үндсэн хэв шинж алдагдах сөрөг үр дагавар гарахаар байгаа бөгөөд гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй сургуулийн үйл ажиллагаанд хамран сургах тойрог тогтоосон нь хуульд нийцээгүй байна.

Үүнийг миний бие өмгөөлөгчийн зүгээс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 13/19 дүгээр албан тоотоор Ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд хүсэлт гаргаж олж мэдсэн болно. Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулиас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар албан бичгээр тайлбар гаргах тухай тоот өгсөн бөгөөд уг тоотод “2019-2020 оны хичээлийн жилд элсэн сурагчид ердийн анги болж байгаа учир цөм хөтөлбөрт өөрчлөлт орохгүй ч 2 дугаар ангиасаа судлах гадаад хэлний хичээлийн агуулга, сургалтын орчинд тодорхой хэмжээний өөрчлөлт орно.

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/44 дүгээр тушаалаар хамран сургах тойрог тогтоож Шаравын 32, 43, 43 а, б, 48, Шарав /ЧӨЧ үйлдвэр/ 41 а, б, в, Чингисийн өргөн чөлөө 50, 51, 53, 63-р байр, Үйлвэрийн 9, 9а, 17 дугаар байрууд тус тус хувиарлагдсан. Эдгээр байруудыг хувиарлахад манай сургуулийн зүгээс оролцсон, санал гаргасан асуудал байхгүй болно. Бид хамран сургах тойрог авахгүй гэх байр суурьтай байж, нийслэлийн Боловсролын газар, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэст санал хүсэлт гаргасан боловч шийдэгдээгүй.

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооноос авсан албан бичигт 151 хүүхдийн нэрс байгаа боловч 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар шилжиж ирсэн хүүхдийн тоо 55-р нэмэгдсэн байна. Цаашид хамран сургах байрны хүүхдийн тоог хэд болохыг сургуулийн захиргааны зүгээс хянах боломжгүй байна.

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургууль нь нэгдүгээр ангид элсэгчдийг гүнзгийрүүлсэн сургалттай үйл ажиллагаанд мөрдөх журамд заасны дагуу танин мэдэхүй- хэл ярианы хөгжил гэсэн үзүүлэлтээр шалгалт авч элсүүлдэг журамтай. Тиймээс хамран сургах тойргийн дагуу шалгалтгүй элссэн сурагчдад гадаад хэлийг гүнзгийрүүлэн судлах боломжгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд цаашид хамран сургах тойргийн хүрээнд буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны шинэ баригдсан байранд амьдарч буй хүүхдүүдэд зориулж гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх нь тус сургуулийн зорилго биш гэдгийг хэлж байна.

Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Ерөнхий боловсролын сургууль нь ердийн, төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, тусгай, олон улсын хөтөлбөрийн сургалттай гэсэн хэв шинжтэй байна”, 14 дүгээр зүйлийн 14.3 Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан цөм хөтөлбөрийн дагуу явуулж байгаа бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулга бүхий сургалтыг гүнзгийрүүлсэн сургалт гэнэ.

Маргаан бүхий тушаал хэрэгжиж эхэлснээр “Хувийн сургуулиудыг дэмжсэн үйлдэл болсон бөгөөд төлбөртэй хувийн сургуулиуд төрөлжиж, гүнзгийрч болдог Төрийн өмчийн сургуульд хүүхдийн сургуульд хүүхэд багачууд төрөлжиж, гүнзгийрүүлэн суралцах эрхгүй болгож байгаа мэт тус сургуулийн хөгжих боломжийг боосон чанарыг ялгаатай байдлыг арилгаж ижил түвшинд хүрэх биш эсрэгээрээ чанартай боловсрол олгодог сургуулиудыг доош татсан зүйл болж байна.

Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар сургуулийн хувьд хамран сургах тойргийн хүрээнд ямар нэгэн сорил, шалгалтгүй болсоноороо гадаад хэл гүнзгийрүүлэн суралцах, гүнзгийрүүлсэн сургалтын нэмэгдэл зардал төлөх хүсэл сонирхолгүй хүмүүстэй холилдож, үндсэн хуульд төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно  гэж заасны дагуу цаашид ердийн сургууль болох хандлага байна. Нөгөөтэйгөөр гадаад хэлийг гүнзгийрүүлэн судлах сонирхолтой хүүхэд багачуудад зөвхөн төлбөртэй хувийн сургуулиудыг зорих сонголт үлдэж байна. Энэ дунд баячуудын эгнээнд нэгдэж чадахгүй ч бага төлбөр төлөөд хүүхдүүддээ гүнзгийрүүлсэн сургалт олгох гэсэн нийт иргэдийн хүсэл сонирхол эрх ашгийг хөндөж байна.

Бага дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар явуулсан сургалтын нэмэгдэл зардлын хэмжээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан жишгийг үндэслэн сургуулийн зөвлөл тогтооно. Сургалтын нэмэгдэл зардлыг эцэг эх асран хамгаалагчаас гаргуулж болно” гэж заасан байх бөгөөд энэ сургуульд эцэг эхчүүд бид гүнзгийрүүлсэн сургалтын нэмэгдэл зардлыг төлж үр хүүхдээ суралцуулах хүсэлтэй байна.

Хувь хүн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлоо хамгаалуулах өмгөөлөгч авах эрхийг үл зөрчих хүрээнд үндэслэн Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Өмгөөлөгч энэ хуульд заасан нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасныг баримтлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасны дагуу нэхэмжлэгчээр нэмэгдэж, хамтран нэхэмжлэл гаргаж байна

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Сургууулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан байдаг бөгөөд Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хэдийгээр миний хүүхдийн эрх ашиг зөрчигдөөгүй боловч хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Гол үндэслэл нь цаашдаа энэ хүмүүс сургамж авч хамран сургах тойргийг яаж хэрэгжүүлэх ёстой гэдгийг бодолцож, хүүхдүүдийн эрх ашгийг ялгаварлан гадуурхахгүй зөв хамруулах, чанарын ялгаатай байдлыг аргилгах, нийтээрээ хүссэн сургуульдаа ордог байхын төлөө явж байгаа болно” гэв.

Хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ушүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

“... Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.6-д Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/200 дугаар тушаалын 4-д “Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг бүтээн байгуулалт, аймаг, нийслэлийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан, судалгаанд үндэслэн шинэчлэн тогтоох арга хэмжээ авахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай” гэж заасны дагуу хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож, мөн тушаалын 1-д “Урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэгчийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай гэж заасны дагуу элсэлтийг зохион байгуулж, нэгдүгээр ангид элсэгчийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын18 дугаар сургууль нь ердийн хэв шинжтэй, 2 дугаар ангиасаа орос, англи, япон, герман, хятад, солонгос

хэлийг гүнзгийрүүлэн судлах ба сургалтын хөтөлбөр нь 2021 он хүртэл хүчинтэй байгаа бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/200 дугаар тушаал нь нэгдүгээр ангид элсэгчдэд хамаарна.

Хамран сургах тойрог тогтоосноор гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөнд ямар нэг өөрчлөлт орохгүй бөгөөд өөрчлөлт ороогүй болно.

Нийслэлийн Боловсролын газар нь Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.6-д заасан “орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох” бүрэн эрхийнхээ хүрээнд жил бүр ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах суралцагчийн хамран сургах тойргийг тогтоодог.

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг 3 ээлжээс бүрэн гаргах чиглэлийн хүрээнд нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар албан даалгаврын 2.1-д Дүүргээс ирсэн саналыг үндэслэн хамран сургах тойргийг шинэчлэн тогтоож ... удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нарт даалгасан.

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2019 оны 02-03/1313 албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/52 дугаар тушаалаар

дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан, тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, Статистикийн хэлтсийн дарга, Бүртгэлийн хэлтсийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 1-3, 6-11, 15, 16 дугаар хороодын Засаг дарга нар, тус дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн бүх захирлууд, дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн, нарийн бичгийн даргаар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нарын бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулагдан, хамран сургах тойргийг магадлан тогтоож, 2019 оны 110 тоот албан бичгээр саналаа ирүүлсэн.

Мөн нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Дэд ажлын хэсэг байгуулах тухай” А/06 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт нийслэлийн Мэдээлэл технологийн газрын инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга, нийслэлийн Улсын бүртгэлийн газрын бүртгэлийн хэлтсийн дарга, нийслэлийн Статистикийн газрын боловсрол, худалдааны салбарын статистик хариуцсан мэргэжилтэн, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар Хан-Уул дүүргийн 18, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн захирлууд зэрэг бусад албан тушаалтнуудтай ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж хамран сургах тойргийг магадлан тогтоосон.

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/44 дүгээр тушаал нь 2019-2020 оны хичээлийн жилийн бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нэгдүгээр ангийн элсэлтийн хамран сургах тойргийг хууль тогтоомжид заасан чиг үүргийнхээ хүрээнд баталсан бөгөөд хувь хүний сурах, шилжих, шилжин суурьших зэрэг эрхэнд халдсан зүйл байхгүй.

Ерөнхий боловсролын сургууль нь элсэгчдийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/200 дугаар тушаалын үндэслэн “танин мэдэхүй-хэл ярианы хөгжил” гэх мэт үзүүлэлтээр сорил авч элсүүлэхгүй харин анги танхимын хүрэлцээ, багшлах боловсон хүчний нөөцийг харгалзан хамран сургах тойргийн сурагчдыг бүрэн хамруулан сургах үүрэгтэй болно.Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх хүүхдийг суралцах чадвараар нь ялгаварлахгүйгээр боловсролын үйлчилгээнд адил тэгш хамрагдах боломжийг бүрдүүлэх зорилгоор 6 настай хүүхдийг сургуульд элсэхэд аливаа хэлбэрийн шалгалт авахгүйгээр элсүүлэх шийдвэрийг 2019 оны А/200 дугаар тушаалаар баталсан. Энэ тушаалд хүүхдийн төрөлх авьяас чадварт суурилан бага наснаас нь хөгжүүлэх шаардлагатай урлагийн төрөлжсөн сургалттай сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлж байх агуулгыг тусгасан.

Өнгөрсөн хичээлийн жилд нийт 1435 (төрийн өмчийн 889, хувийн өмчийн 546) цэцэрлэгт 261,354 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн бөгөөд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 46305 хуүхэд хамрагдаж чадаагүй байна. Ийнхүү нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын түвшин харилцан адилгүй байгаа нөхцөлд анх сургуульд элсэх хүүхдээс шалгалт авч сургуульд элсүүлэх нь хүүхдийн хуулиар олгогдсон суралцах эрхийг ноцтой зөрчиж, суралцах хүсэл тэмүүлэл, өөртөө итгэх итгэлийг бууруулах сөрөг үр дагавартай. Ерөнхий боловсролын сургууль бүр нэгдүгээр ангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Мөн гүнзгийрүүлсэн, тусгай, олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулиуд нэгдүгээр ангид бэлтгэл болон нэгдүгээр ангийн үндсэн хөтөлбөрийг заавал хэрэгжүүлэх үүрэгтэй.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан цөм хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулга бүхий сургалтыг гүнзгийрүүлсэн сургалт” гэж тодорхойлсон. Нэгдүгээр ангид элсэх зарим хүүхэд ерөнхий боловсролын стандартаас давсан агуулгаар суралцах нь байтугай уншиж, бичиж ч сураагүй, дээр дурдсанаар сургуулийн өмнөх боловсролд ч бүгд тэгш хамрагдаагүй байдаг. Бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, сургалтын ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж, боловсролын стандартын хэрэгжилтийг шалган дүгнэнэ” гэж заасан байна. Харин нэгдүгээр ангид элсэх 6 настай хүүхдийн мэдлэг, чадвар, төлөвшлийг шалган үнэлж, гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд элсүүлэх хуулийн зохицуулалт байхгүй болно.

Хамран сургах тойргийг тогтоох нь Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 281.1.6-д “орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох” гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна. Шинэ бүтээн байгуулалтаар баригдсан орон сууцны хорооллын айл өрхийг боловсрол эзэмших хамран сургах тойргийг заавал тогтоох ёстой бөгөөд энэ нь Үндсэн хуульд заасан төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх үүргээ төр хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр юм. Түүнчлэн Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “хамран сургах тойргийн хүүхдийг сургуульд бүрэн хамруулж, тэдэнд суурь боловсрол заавал эзэмшүүлэх, иргэдэд нийтийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах” үүрэг хүлээлгэсэн тул Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуульд тухайн сургуулийн хамран сургах тойргийн хүүхдийг сургуульдаа элсүүлэх ёстой.

Энэхүү тушаалыг батлан гаргасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан иргэдийн хууль ёсны эрх ашигийг ноцтой зөрчсөн, ялгаварлан гадуурхсан, бусдад давуу байдал бий болгосон, гүнзгийрүүлсэн сургалт эрхэлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийн хууль ёсны эрх ашигт нөлөөлсөн, төрийн өмчийн сургуулиудын хөгжих боломжийг боогоогүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал гарч энэ тушаал гарсны дараа ажлын хэсэг байгуулагдаж. Ажлын хэсэг нь Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн 2019 оны 02-03/1313 дугаар албан бичгээр өгсөн чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/52 дугаар тушаалаар дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан, тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, Статистикийн хэлтсийн дарга, Бүртгэлийн хэлтсийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн Боловсрол, соёл урлагийн асуудал хариуцсан мэргэжилтэн, 1-3, 6-11,15 16 дугаар хороодын Засаг дарга нар, тус дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн бүх захирлууд, дүүргийн Боловсролын хэлтсийн бага боловсрол хариуцсан мэргэжилтэн, нарийн бичгийн даргаар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо нарын бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулагдан, хамран сургах тойргийг магадлан тогтоож, 2019 оны 110 тоот албан бичгээр саналаа ирүүлсэн.

Мөн Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Дэд ажлын хэсэг байгуулах тухай А/06 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт нийслэлийн Мэдээлэл технологийн газрын инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга, нийслэлийн Улсын бүртгэлийн газрын бүртгэлийн хэлтсийн дарга, Нийслэлийн статистикийн газрын боловсрол, худалдааны салбарын статистик хариуцсан мэргэжилтэн, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн захирлууд зэрэг бусад албан тушаалтнуудтай ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж хамран сургах тойргийг магадлан тогтоосон. Хамран сургах тойрог тогтоосон нь 2019-2020 оны хичээлийн жилийн бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог нэмэгдүүлэхгүй байх зорилгоор нэгдүгээр ангийн элсэлтийн хамран сургах тойргийг хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу баталсан бөгөөд хувь хүний сурах шилжих, суурьших зэрэг эрхэд халдаагүй гэж үзэж байна. Мөн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 05 өдрийн А/200 дугаар тушаалын үндэслэн танин мэдэхүй-хэл ярианы хөгжил гэх мэт үзүүлэлтээр сорил авч элсүүлэхгүй харин анги танхимын хүрэлцээ, багшлах боловсон хүчний нөөцийг харгалзан хамран сургах тойргийн сурагчдыг бүрэн хамруулан сургах үүрэгтэй гэж заасан байгаа.

Гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд элссэнээрээ төлбөр төлөх болж байна гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Энэ нь гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдах бол эцэг эх, сургууль хамтарсан гэрээ байгуулаад үүн дээрээ төлбөрөө тохиролцдог. Улсаас төлбөр тогтоосон зүйл байхгүй” гэв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан. Сайдын Засгийн газрын тухай хууль болон Боловсролын тухай хуулинд заасныг үндэслэж гарсан хүчин төгөлдөр тушаал байгаа. Нэхэмжлэгч хууль бус гэж үзэж байгаа нь ойлгомжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б өмгөөлөгч Ч.Ө шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн  субъектив эрх ашиг хөндөгдсөн нөхцөл байдал арилсан. Өөр хэлбэл 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Б.Ц Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд элсэн суралцаж байгаа. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нь маргаан бүхий хоёр актууд нь ялгаварлан гадуурхсан, иргэний сурч боловсрох эрх зөрчсөн, бусдад давуу байдал бий болгосон, гүнзгийрүүлсэн сургалттай тусгай зөвшөөрөлтэй сургуулиудын хууль ёсны эрх ашигт нөлөөлсөн гэдэг үндэслэлээр захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэжээ. Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургууль, цэцэрлэгт элсэн орохдоо маргаан бүхий хоёр тушаалыг энэ дөрвөн үндэслэлээр хүчингүй болгосны дараа энэ хүүхдийг элсэн оруул гэсэн зүйл биш юм. Учир нь энэ хоёр тушаал нь одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Дээрх тушаал хууль бус байсан болохыг тогтоолгох гэх нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна. Маргаан бүхий  хоёр тушаал эрх зүйн актын хувьд одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн ярьж байгаа ялгаварлан гадуурхсан, сурч боловсрох эрхийг зөрчсөн, давуу байдлыг олгосон, гүнзгийрүүлсэн сургалттай тусгай зөвшөөрөл олгосон гэх үндэслэл нь нийтийн эрх ашгийн чиглэлээр нийтийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа болов уу гэдэг нөхцөл байдал харагдаж байна. Захиргааны хэрэг үүсгэхдээ нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа гэдэг зүйл харагдахгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүхдийг сургуульд авахдаа энэ хоёр тушаалыг дээрх дөрвөн үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллага хүчингүй болгоод сургуульд оруулсан нөхцөл байдал байхгүй. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалын нэг дэх хэсэгт Урлагийн төрөлжсөн сургуулиудаас бусад гэж байгаа. Энэ нь нийгэм үүссэн хэрэгцээ шаардлагын хүрээнд гаргасан тушаал байгаа. Тухайн тойргийн хүүхдүүд нь гүнзгийрүүлсэн сургалттай шалгалт өгөөд тэнцэхгүй бол өөр дүүрэгт очих, хол явах нөхцөл байдал үүсээд байгаа учир нэгдүгээр ангид суралцагчийн хувьд гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдахын тулд ямар нэгэн шалгалт авахгүйгээр тухайн тойрогт нь өмчийн хэлбэрийн бүх сургууль шалгалтгүйгээр элсүүлнэ гэдэг нь сурч боловсрох эрхийг нь хамгаалсан, хэрэгжих бололцоог нь олгосон байгаа.

Шүүх хуралдаан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд явагдах ёстой. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашиг зөрчигдсөн асуудал яригдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дунд Б.Ц нь Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд суралцаж байгаа гэдийг нэхэмжлэгч хэлж байна. Б.Ц Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуульд элсүүлэх шийдвэрийг гаргахдаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд маргаан бүхий яригдаж байгаа 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/200 дугаар тушаалын нэг дэх хэсгийг хүчингүй болгоод нөгөө нь Нийслэлийн боловсролын газар 2019 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн А/44 дугаар тушаалын Хан-Уул дүүрэг гэсэн 4, 9 дүгээр хэсгийн хамран сургах гэсэн хэсгийг хүчингүй болгож, өөрчилж оруулсан зүйл байхгүй. Маргаан бүхий тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны акт байгаад энэ акт хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нийслэлийн боловсролын газар, Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яам бол Бага боловсролын тухай хуульд заасны хүрээнд боловсролын талаарх Монгол Улсын Засгийн газар болон Үндсэн хуульд заасан сурч боловсрох эрхийг хангах хүрээнд энэ хоёр тушаалыг батлан гаргасан. Харин нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн ярьсан ямар байдлаар явагдсан гэдэг нь ойлгомжгүй, ямар хууль зөрчиж явагдсан гэдэг нь тодорхой байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга болон нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлаж байгаа үйл баримт нь зөрчилдөөд байна. Агуулгыг харахад нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа юм шиг нөхцөл байдал, захиргааны хэрэг үүсгэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны статус өөрчлөгдөөд явж байгаа. Энэ хүний төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах эрхтэй байдаг, харин нэхэмжлэгчийн статус өөрчлөгдөнө гэж байхгүй. Нэхэмжлэгч хариуцагчийг татан оролцуулах асуудал явагддаг. Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн субъектив эрх ашиг хөндөгдөөгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн субъектив эрх зөрчигдсөн асуудал байхгүй нөгөө талаас хоёр тушаалыг хүчингүй болгосон нөхцөл байдал байхгүй. Маргаан бүхий хоёр захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нөхцөл байдал үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                                                    ҮНДЭСЛЭХ нь.

            Иргэн Ц.Б нь анх шүүхэд хандан “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 сарын 05-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/200 тушаалд өөрчлөлт оруулж, энэхүү тушаалаас үндэслэн гарч байгаа захиргааны акт буюу Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 5 сарын 09-ний өдрийн А/44 тушаал түүний хавсралтаар тогтоож буй зарим сургуулиудын хамран сургах тойргийг хүчингүйд тооцож, шинээр хамран сургах тойрог тогтоохыг Нийслэлийн боловсролын газрын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг өөрийн нэрийн өмнөөс гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хүү Б.Ц хууль ёсны төлөөлөгч хэмээн эрх зүйн байдлаа өөрчилсөн, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилснийг шүүхийн зүгээс эцсийн байдлаар тодруулж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг тэмдэглэж байна.

Нэхэмжлэгч нь хамгийн сүүлийн байдлаар тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 сарын 05-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/200 тушаалын нэг дэх заалт буюу “Урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудаас бусад ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэгчийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай” гэсэн заалт нь илт хууль бус байсан болохыг тогтоолгох, энэхүү тушаалаас үндэслэн гарсан захиргааны акт болох Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 5 сарын 09-ний өдрийн А/44 тушаалын 8. Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 3 болон 4 дүгээр хэсэгт заасан хамран сургах тойрог тогтоосон байдал нь тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэжээ.

            Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс “ ... захиргааны актууд нь ялгаварлан гадуурхсан, иргэний сурч боловсрох эрх зөрчсөн, бусдад давуу байдал бий болгосон, гүнзгийрүүлсэн сургалт эрхэлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийн хууль ёсны эрх ашигт нөлөөлсөн” зэргээр маргааны зүйлээ тодорхойлон мэтгэлцсэн бол хариуцагч захиргааны байгууллагуудын зүгээс “... маргаж байгаа захиргааны актууд хүчин төгөлдөр байгаа нөхцөлд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, ... хариуцагч захиргааны байгууллагууд холбогдох хуулиудад заасан боловсролын талаарх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, ... хууль зөрчөөгүй” хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

   Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, төлөөлөн нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/200 дугаар тушаалын нэг дэх заалтаар “... урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэгчийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгож” шийдвэрлэсэн, ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2: “Монгол Улсын сайд эрх хэмжээний асуудлаар хууль, ... бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж биелэлтийг хангана”, Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4: “иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, ... үзэл бодлоор нь ялгаварлахгүй байх ...”,  28 дугаар зүйлийн 28.1.1: “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах”, Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4: “ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхэд элсүүлэх..”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1: “хүүхдийн эрхийг хамгаалахад дараахь зарчмыг баримтлана” гэж заасныг тус тус үндэслэжээ.

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Хамран сургах тойрог тогтоох тухай” А/44 дүгээр тушаалын хавсралтаар “... нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг тэгш хамруулах зорилгоор...” нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг баталсан байна. Хариуцагч нь уг хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүсч буй захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5: “... дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах...”, Боловсролын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4: “иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, ... үзэл бодлоор нь ялгаварлахгүй байх ...”, 281 дугаар зүйлийн 281.1.1: “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах”, 281.1.4: “... үйл ажиллагаанд хяналт тавих”, 281.1.6: “орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох”, 281.3: “... дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулан хэрэгжүүлэх”, БСШУС-ын сайдын 2019 оны А/200 дугаар тушаалын 4-т: “... ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг бүтээн байгуулалт, аймаг нийслэлийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан, судалгаанд үндэслэн шинэчлэн тогтоох арга хэмжээ авахыг ... Нийслэлийн Боловсролын газрын даргад даалгах” гэж заасныг тус тус үндэслэжээ.

Төлөөлөн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1: “захиргааны акт хүчингүй болгуулах, ... захиргааны акт гаргуулахыг даалгах...” агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан ба мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3: “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасны дагуу маргаан бүхий актаар тодорхойлсон захиргааны актуудыг дээр дурдсанаар хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, ингэхдээ нэгэнт маргаж буй актууд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнт хэрэгжиж дууссан, цаашид үргэлжлэхгүй болсон гэх агуулгаар маргаж байгаа энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь “хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн хувьд тухайн маргаж байгаа захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-д зааснаар “... захиргааны актыг хүчингүй болгох”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3-д зааснаар “... захиргааны актыг цуцлах” гэж зааснаар хүчингүй болгосон, эсхүл цуцалсан шийдвэр гарсан байхыг шаарддаг, түүнчлэн бусад байдлаар хэрэгжсэн байхыг мөн тогтоох нэхэмжлэлийн хувьд шаардаж байна. Гэвч маргаан бүхий акт хэрэгжсэн гэх энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа эсэхийг шүүх анхаарах шаардлагатай юм. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.Ц нь ерөнхий боловсролын 18 дугаар дунд сургуульд суралцаж байгааг төлөөлөн нэхэмжлэгч тайлбартаа хэлсэн, энэ талаар  “... намайг маргах явцад манай хүүхдийг 18 дугаар сургуульд элсүүлж суралцуулсан” гэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болохыг нотолж байна.

Иймд маргаж буй захиргааны актууд нь нэхэмжлэгчийн суралцах эрх, нэгдүгээр ангид элсэн орох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөөгүй, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1: “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах”, мөн хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.1: “боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах”, 281.1.4: “... үйл ажиллагаанд хяналт тавих”, 281.1.6: “орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох” гэх хуульд заасан бүрэн эрхүүдийн хүрээнд хариуцагч захиргааны байгууллагууд хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 281 дугаар зүйлийн 281.1.1, 281 дугаар зүйлийн 281.1.1, 281.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц хууль ёсны төлөөлөгч Ц.Б гаргасан “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортьн сайдын 2019 оны 04 сарын 05 өдрийн А/200 дугаар Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалын нэг дэх заалт “Урлагийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулиудаас бусад ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэгчийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай” гэсэн заалт нь илт хууль бус байсан болохыг тогтоолгох, энэхүү тушаалаас үндэслэн гарч байгаа захиргааны акт болох Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 05 сарын 09-ний өдрийн А/44 тушаалын 8. Хан-Уул дүүрэг гэсэн хэсгийн 3 болон 4 дүгээр хэсэгт заасан хамран сургах тойрог тогтоосон нь илт хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан төлөөлөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           У.БАДАМСҮРЭН