Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2014/0098

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй                            

'                                                                             захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр нарыг оролцуулан хийж, Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Э-ын нэхэмжлэлтэй, тус аймгийн Боловсрол соёлын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр явагдсан Баян-Уул сумын 12 жилийн сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Боловсролын газрын дарга Р.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Баян-Уул сумын сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалтыг 21 хоногийн өмнө зарлаж 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр явуулсан сонгон шалгаруулалт нь хууль ёсны дагуу явагдсан тул давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Н.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баян-Уул сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орж өрсөлдөн 1 дүгээр байрт шалгарч улмаар аймгийн Засаг даргын захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байна.

Сонгон шалгаруулалтын талаар гаргасан иргэн Н.Э-ын нэхэмжлэл, сонгон шалгаруулалтын бүрдэл материалтай танилцлаа.

Сонгон шалгаруулалтын нэгдсэн дүнг танилцуулсны дараа ямар нэгэн гомдол санал байгаа эсэхийг тодруулсан. Мөн сонгон шалгаруулалтад оролцсон одоо Есөнбулаг сумын 3 дугаар сургуулийн захирлаар ажиллаж буй Мөнхзул нийт оролцогчдыг төлөөлж сонгон шалгаруулалт шударга, бодитой явагдсан талаар, мөн шударгаар явуулсан шалгалтын комиссын бүрэлдэхүүнд талархал илэрхийлж үг хэлсэн. Энэ үеэр хэн нэг нь үүнийг эсэргүүцэж гомдол санал гаргаагүй бүгд хүлээн зөвшөөрсөн. Энэ үед Н.Э ч байсан болно.

Миний бие сонгон шалгаруулалтыг удирдан явуулсан шалгалтын комиссын бүрэлдэхүүнд бүрэн дүүрэн итгэж байна гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр явагдсан Баян-Уул сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг аймгийн Боловсрол соёлын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн шүүхээс 2013 оны 12-р сарын 16-ны өдөр нэхэмжлэгч иргэн Н.Э-ын тус аймгийн Баян-Уул сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулж дахин сонгон шалгаруулалт явуулах тухай нэхэмжлэлтэй, хариуцагч аймгийн Боловсрол соёлын газрын дарга Р.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд 14 дугаартай шийдвэрээр 2013 оны 07-р сарын 17-ны өдөр явагдсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй юм.

Учир нь тус шүүхээс 2013 оны 07-р сарын 17-ны өдрийн Баян-Уул сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг явуулахдаа Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04-р сарын 11-ний өдрийн 60-р тогтоолоор батлагдсан *Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгуулах журам*-ын зохих заалтуудыг зөрчиж явагдсан гэж үзэж хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Үүнд:

1. Шүүхээс нэхэмжлэгч Н.Э нь сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ материалаа дутуу өгсөн нь нотлогдсон бөгөөд сонгон шалгаруулалтад бүртгэж оролцуулсан нь буруу болсон талаар дүгнэсэн атлаа Сонгон шалгаруулалтад журмын дагуу материалаа бүрдүүлж, бүртгэгдэж, шалгагдаж үнэлэгдэж 1-р байрт орж, сонгогдсон иргэн Н.Э миний эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

  1. Н.Э-ын үнэлгээг буруу үнэлсэн талаар шүүх дурдаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь сонгон шалгаруулалтад оролцох ёсгүй өөрөөр хэлбэл материал дутуу хүн сонгон шалгаруулалтад оролцуулсан гэж шүүх үзсэн байж ийнхүү энэ хүний үнэлгээ дүнгийн асуудлын талаар шүүхийн шийдвэрт үнэлж дүгнэж ийм шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Материал дутуу гэдэг асуудлаар уг хүний дипломын голч дүн буруу бичигдсэн байгаа бөгөөд ямар ч хүн тэр дундаа боловсролын газарт ажилладаг удирдах албан тушаал хашиж байсан хүн диплом нь хавсралтын хамт хүчинтэй байдгийг мэдэхгүйгээр дан ганц дипломын нүүрийг бүрдүүлэх материалдаа өгчхөөд эцэст нь шүүхэд хандаж бүртгүүлэх материалд хавсралт гэж байгаагүй гэсэн утгатай зүйл ярьж байгаа нь утгагүй ойлгомжгүй байна.

Мөн дутуу материал бүрдүүлж өгчхөөд шалгалт авсан комиссыг буруутгаж нийт сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгуулж байгаа нь хуулийн болоод бодит амьдралд нийцэхгүй асуудал гэж үзэж байна.

  1. Н.Э нь нэхэмжлэгч биш гэж үзэж байна. Учир нь иргэн миний материал дутуу байгаад сонгон шалгаруулалтын дүн ийнхүү гарсан бол Н.Э нэхэмжлэл гаргах нь зүйн хэрэг юм. Гэтэл Н.Э нь өөрөө дутуу материал бүрдүүлж өгч холбогдох журам зөрчиж шалгаруулалтад оролцчихоод ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх түүнийг нь хүлээн авч шударгаар хууль, журмын дагуу шалгаруулалтад оролцсон иргэн миний эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.

Н.Э-ын шүүхэд болон шалгаруулалтын комисст хэлж байгаа үнэлгээгээр дүгнэсэн ч бид 2-н шалгаруулалтын байр өөрчлөгдөхгүй байгаа талаар шалгаруулалтын комиссын ахлагч болон шүүхэд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцсон Амгалангийн албан бичгээр нотлогдож байгаа. Комиссын гишүүдийн дүн засагдсан Ашиг сонирхлын хуулийг зөрчсөн гэж Н.Э нь үзэж байгаа нь иргэн намайг гүтгэж байгаа асуудал гэж үзэж байна. Шүүхээс ч гэсэн энэ асуудалд эргэлзээ төрөхөөр байна гэж дүгнэсэн байна. Үнэхээр л эргэлзээтэй болоод сонгон шалгаруулалтын дүнд нөлөөлнө гэж үзэж байгаа бол уг комисст орсон дүнгээ засварласан хүмүүсийг гэрчээр асуух боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбартаа: 2013 оны 7 сарын 17-ны өдөр аймгийн Боловсрол Соёлын Газраас зохион байгуулсан Баян-Уул сумын дунд сургуулийн захирлын ажлын байран дээр удирдах ажилтныг сонгон шалгаруулсан талаар миний нэхэмжлэлийн дагуу 2013 оны 12 дугаар сарын 16-нд болсон захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны шийдвэрийг 2013 оны 12 дугаар сарын 31-нд гардан авч танилцлаа.

Шүүх хуралдааны тодорхойлолт болон шийдвэрийн хүлээн зөвшөөрч байна. Шүүгчдийн шүүх хуралдаанд бүрдүүлсэн материал, шүүх хуралдааны тодорхойлолт, шийдвэр болон Баян-Уул сумын захирал Д.Г-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар өгч байна.

                               1. Сонгон шалгаруулалт зохион байгуулсан комиссын гишүүд /2 гишүүн/

тавьсан оноогоо засварлахдаа хоёулаа миний оноог бууруулж Д.Г-ийн оноог өгсүүлэн засварласан байгаа нь тухайн хүний ашиг сонирхолд гарцаагүй нийцүүлэн оноог засварласан байна гэсэн ойлголтыг надад эргэлзээгүй төрүүлж байна.

  1. Дипломын голч үнэлгээг таамгаар 2.5 гэж тавьсан нь бүрэн нотлогдлоо. Гэвч надад бас гоомой хандсан дутагдал байсан байна гэдгийг ухамсарлаж байна. Гэхдээ сонгон шалгаруулалтад оролцогчдын бүрдүүлэх материалын жагсаалтад /диплом нотариатаар баталгаажуулсан/ гэсэн байсан. Комиссын дарга Амгалан тайлбарлахдаа: диплом хавсралтгүй бол хүчингүй байдаг гэсэн байна. Харин үүнээс эсрэг хавсралт дээр диплом бол хүчингүй гэсэн шийдвэр байгаа. Аймгийн Боловсрол Соёлын Газрын хүний, боловсон хүчний судалгааны санд бүх захирал, менежер, багш нарын сургууль төгссөн мэдээлэл байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.
  2. Сонгон шалгаруулах журмын нэгдүгээр хавсралтын 5.3-д зааснаар битүүмжлэн өгөх ёстой материалд сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл хоёулаа байх байжээ. Энэ материалтай шүүх хурлын үед танилцлаа. Бид хоёр хоёулаа бүрэн биш зөвхөн нэг нэгийг нь бүрдүүлж өгсөн байна. Ийм байтал Н.Э-т 5 оноо, надад 2 оноо тавьж ярилцлагын шалгалтыг авч эхэлсэн байна. Би ярилцлага эхлэхэд сургуулийн хөгжүүлэх хөтөлбөр бэлдээгүй. Учир нь надад Баян-Уул сумын дунд сургуулийн бичиг хэргийн ажилтан нууцын зэрэглэлд байх хөгжлийн бодлого, тоо баримт өгөхгүй учир би цэцэрлэг сургуулийн залгамж холбоог бэхжүүлэх төсөл бичсэн ярилцлагад тайлбарлаж байна” гээд эхэлсэн. Энэ асуудалд тэдний ашиг сонирхолд боломж олджээ гэж үзэж байна.
  3. Мэдээлэл технологийн мэдлэгийн түвшин, гадаад хэлний мэдлэгийн түвшин гэсэн хоёр өөр үнэлгээтэй хоёр өөр шалгалтыг хоёр тусад нь зохион байгуулж авчхаад үнэлэхдээ нэгтгэж үнэлээд, шүүхэд тайлбарлахдаа салгаж өөрсдийн зөвөөр тайлбарлаад байгаа нь ямар ч утгагүй явдал юм.

Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх болоод дотоод шалгалт шалгаруулалт гэсэн зохион байгуулахдаа дахиад л өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлэх байх гэж би бодож байна. Ер нь энэ сонгон шалгаруулалт бол нэг хүнийг захирал ажилтай болгох зорилгод нийцүүлсэн захирлыг томилохдоо ч сонгон шалгаруулалтыг үйл ажиллагаа зохион байгуулагдсаны хоёр хоногийн дараа 7 дугаар сарын 19-нд болсон юм.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Э-ын нэхэмжлэлтэй Аймгийн Боловсролын Газрын дарга Р.Б-тэй холбогдох хэрэгт гуравдагч этгээд Н.Эаас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолтой

танилцаад дараах тайлбар өгч байна.

  1. Миний тушаалаар томилогдсон комисс хууль, журмын дагуу ажилласан.
  2. Шалгалтын явц, үнэлгээнд алдаа дутагдал гаргаагүй.
  3. Н.Эийн гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Тиймээс Аймгийн Захиргааны хэргийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр шийдвэр нь үндэслэлгүй, Н.Э-ын талаар шийдвэр гаргаж, Н.Эийн эрхийг зөрчсөн байна гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий зөв дүгнэлт өгсөн байна.

Говь-Аптай аймгийн захиргааны хэргийн шүүх 2013 оны 07 дугаар сарын 17- ны өдөр явагдсан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Баян-Уул сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д нийцүүлэн явуулах ёстой байжээ. Гэтэл Боловсрол соёлын газрын дарга нь 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/33 дугаар тушаалаар эрхээ шилжүүлж ахлах мэргэжилтэн Д.Амгалангаар ахлуулсан комисс томилон ажиллуулахад дээрх журмын заалтуудыг зөрчиж шалгаруулсан байна.

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1 дүгээр хавсралтын 5.1-д заасан сонгон шалгаруулалтад орох иргэдийн бүрдүүлэх материалыг зааж өгсөн байна. Гэтэл  комиссын зүгээс сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг бүртгэхдээ нэхэмжлэгч дипломын хуулбараа өгөөгүй байхад журмын 1 дүгээр хавсралтын 5.2-т заасныг зөрчиж бүртгэл хийсэн байна.

Мөн Н.Э-ын дээд боловсролын дипломын хуулбарын дүнгийн хуудас байхгүй байхад голч дүнг 2.5 гэж дур мэдэн тооцож шалгалтыг үргэлжлүүлсэн нь журмын 2 дугаар хавсралтын 4.7-д заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн, журмын 2 дугаар хавсралтын 4.1.3-т гадаад хэлний шалгалтыг дүгнэх заалтыг зөрчсөн гэх тухайд: Гадаад хэлний шалгалтын дүнг оноогоор бус хангалттай, хангалтгүй гэсэн үнэлгээгээр дүгнэх ёстой байтал мэдээлэл технологийн үнэлгээтэй нэгтгэж нэхэмжлэгчид 0.5 оноо, гуравдагч этгээдэд 2.5 оноо өгсөн байгаа нь шалгаруулалтын эцсийн дүнд нөлөөлөхүйц байсан байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Говь-Алтай аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангалгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

Ц.ЦОГТ