Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00272

 

Ч.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00784 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 908 дугаар магадлалтай,

Ч.Ггийн нэхэмжлэлтэй

М.Эд холбогдох

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5 967 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М.Эгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Г нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өглөө 06 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Маршалын гүүрний урд уулзварт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэж миний эзэмшлийн 12-82 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг надаас зөвшөөрөл авахгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гарган миний машиныг эвдсэн бөгөөд одоог хүртэл хохирол мөнгийг төлөөгүй байна. Миний машины үнэлгээ 4 417 500 төгрөг болсон. Ослын дараа уг мөнгийг төлнө гэж тохиролцож бичиг хийж өгсөн хэдий ч одоог хүртэл нэг ч төгрөг өгөхгүй худал хэлсээр байна. Уг машиныг миний бие Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК лизингээр авсан ба сүүлийн 3 сарын зээл, хүүг төлж чадахгүй байна. Машины хувьд М.Эг засварын мөнгийг өгөхөөр засуулах гээд засуулаагүй өдийг хүртэл засварын хашаанд байлгаж байна. Энэ хугацаанд унах унаагүй, машинаа засуулж чадахгүй, зээл хүү төлж хохирч байна. Иймд үнэлгээний төвөөр оношлуулсан 150 000 төгрөг, машины засварын засварын үнэлгээ 4 417 500 төгрөг зээл хүүгийн алдангийн 1 400 000 төгрөг, нийтдээ эд хөрөнгөнд учирсан хохирол болох 5 967 500 төгрөг болсон. М.Эгаас сүүлийн гарсан үнэлгээгээр 3 955 000 төгрөгөөр тогтоосноор нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэрэг гарах үед Ч.Ггийн төрсөн хүү Э.О нь Ч.Ггийн автомашиныг авч явсан өдөр уг осол болсон. Э.Од-Эрдэнийг машины эзэн гэж бодсон. Энэ үйл явдал болоход Э.О бас буруутай гэж үзэж байгаа тул Э.Од-Эрдэнийг хамтран хариуцагчаар татмаар байна. 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай их сургуулийн ангийн хүүхдийн төрсөн өдөр болж бид нар Сансар-ын караокед уулзахад Э.О машинтайгаа ирсэн. Караокегоос 2, 3 цагийн дараа халдварт руу гарахад бүгд халамцуу байсан ба Э.О машинаа согтуугаар барьж явсан. Би 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө 06:00 цагийн үед машин барьж Маршалын гүүр-ний урд 42-15 УНК улсын дугаартай Улаанбаатар таксины элентра маркийн автомашинтай мөргөлдсөн. Хэрвээ тэр үед Э.О машинтайгаа ирээгүй бол уг осол болохгүй байх байсан. Эсвэл би биш юмаа гэхэд Э.О согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсноосоо болж асуудалд орох байсан. Хэрэг болсны дараа миний аав Машсайхан өөрийн дүүтэйгээ хамт яваад машин засварлахад гарах зардлыг захуудаар судалсан байдаг. Тэр үед 12-82 УНП улсын дугаартай автомашин 2 000 000 төгрөгт засуулахаар юм байна гэж хэлж байсан. Э.Од-Эрдэнийг өөрөө засуулна гэж бодсон. Миний бие 42-15 УНК улсын дугаартай автомашины хохирол болох 2 265 500 төгрөг, журмын хашааны төлбөр болон чирүүлж аваачин үнэлгээнд оруулахад нийт 300 000 төгрөг, тус машины жолоочийн томографийн шинжилгээний 150,000 төгрөг, 12-82 УНП улсын дугаартай автомашины журмын хашааны 42 хоногийн 210 000 төгрөг, 2 удаагийн ачилтын 130 000 төгрөг, нийт 3 055 500 төгрөг зарцуулсан. Эрүүгийн хэргийн шүүх надад оногдуулж Зөрчлийн тухай хуульд зааснаар 30 хоногийн баривчилгааны хариуцлага хүлээлгэсэн. Уг явдлаас болж би ажлаасаа ч халагдсан одоо болтол тогтсон ажилгүй байна. Э.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн жолоодох эрхгүй хүнд тээврийн хэрэгслээ шилжүүлэн бариулсан үйлдэлдээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээх ёстой гэж иргэн хүний хувьд би бодож байгаа учраас уг машины засварын зардлыг би дангаараа төлөх нь шударга бус гэж үзэж байна. Миний хувьд Ч.Ггийн бусадтай байгуулсан гэрээний өмнө би үүрэг хүлээх ёсгүй гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний төвөөр уг автомашиныг үнэлүүлэхэд 3 950 000 төгрөг болсон. Үүний 50 хувь буюу 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь би зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулж, нөгөө машины хохирол 2 265 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн хүү Э.О өөрөө архи уусаар байж жолоо барьсан. Хэрвээ тухайн үед Э.О архи уусан үедээ надтай ирж уулзаагүй байсан бол би ийм асуудалд орохгүй байсан. Тухайн үед Э.О машин барьж яваагүй, миний бие жолоо барьж яваад осол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас 2 000 000 төгрөг төлнө гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00784 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Эгаас 3 955 000 төгрөг /гурван сая есөн зуун тавин таван мянга/ гаргуулж, нэхэмжлэгч Ч.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 012 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 78 230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 908 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00784 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Э хяналтын гомдолдоо: Магадлалыг дараах үндэслэлээр эс эопшоороп гомдол гаргаж байна. ...Шийдвэрийн 3-р тал 26-32-р мөрөнд ...Ч.Г нь тухайн тээврийн хэрэгслийн давхар эзэмшигч байх тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйд зааснаар түүнийг өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь Ч.Г нь өөрийн хүү Э.Од тухайн тээврийн хэрэгслийг өгч унуулж байснаар Иргэний хуулийн 89.3-д “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна” гэж зааснаар Э.О нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч болно гэж үзэж байна. Э.О нь согтуу тээврийн хэрэгслээ унаж байсан болохоор цагдаа тааралдвал би олон удаа согтуу тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдаж шийтгүүлж байсан, бас эхнэр намайг загнана тиймээс танайд очъё, чи миний машиныг барь гэж шаардсан. Иймээс би түүний хүсэлт шаардлагын дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж машиныг нь барьсан. Иймээс Иргэний хуулийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”. 497.3-д “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэсний дагуу эзэмшигч Э.О нь өмчлөгч Ч.Гд хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасандаа би Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээсэн, мөн мөргөлдөж эвдэрсэн Улаанбаатар такси ХХК-ний 42-15 УНК машины засварт 2 265 500 төгрөг төлж барагдуулсан. Гэтэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн Э.Од ямар ч хариуцлага тооцоогүй өнгөрсөн. Анхан давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг анхаарч үзээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэв.

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч М.Эд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 5 967 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ багасгаж 3 955 000 төгрөг болгожээ.

Хариуцагч 2 000 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргахдаа “...осол гарахад нэхэмжлэгчийн хүү согтуу байсан нь нөлөөлсөн...” гэж үзсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан, зохигчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байна. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд М.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө 06 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Маршалын гүүрний урд уулзварт нэхэмжлэгчийн өмчлөлийн Тоёота приус 30 маркийн автомашиныг жолоодож явахдаа автомашин мөргөж, зам тээврийн осол гаргасан, Захиргааны зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан, бусдад учруулсан гэм хорыг төлсөн үйл баримт тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ч.Г өөрийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг шаардсан ба хариуцагч М.Эг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр машиныг жолоодсон, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай гэж тодорхойлсон байна. Хариуцагч маргаж, нэхэмжлэгчийн хүү согтуу байсан бөгөөд өмнө нь хэд хэдэн удаа захиргааны арга хэмжээ авагдсан байсан тул түүний аюулгүй байдлыг хангаж, туслах зорилгоор машиныг нь жолоодож явсан, хэрэв хүү нь эрүүл байсан бол осол гаргах ч нөхцөл бүрдэхгүй байсан гэх агуулгаар мэтгэлцсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд уг хэм хэмжээ нь нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон, хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Осол гаргах үед тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй боловч ашиглах боломж олгосон, эсхүл ашиглагчийг өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн өмчлөгч буюу эзэмшигч өөрийн шууд үйлдлээр гэм хор учруулаагүй боловч бусдад учруулсан гэм хорыг хариуцдаг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасан зохицуулалтын дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч нь бусдад учирсан хохирлыг хариуцах үүрэгтэйн зэрэгцээ өөрт учирсан хохирлоо өөрөө хариуцна.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийг үндэслэн шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд 3 955 000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоожээ.

Ч.Г нь өөрийн өмчлөлийн автомашиныг хүү Э.Од ашиглах боломж олгосон, Э.О нь согтуу байсны улмаас М.Э тухайн автомашиныг жолоодож явахдаа осол гаргасан үйл баримтыг зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч нь осол гаргасан буруутай боловч машиныг эзэмшилдээ байлгасан нэхэмжлэгчийн хүү согтуу байсан нь машиныг М.Э жолоодоход хүргэсэн нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 514.1-д заасны дагуу гэм хорыг хэмжээг багасгаж, хариуцагчийн зөвшөөрсөн 2 000 000 төгрөгийн хэмжээнд хохирлыг гаргуулж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 908 дугаар магадлал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2019/00784 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...3 955 000...гэснийг ...2 000 000... гэж, ...2 012 500...гэснийг ...1 955 000...” гэж, 2 дах заалтад “...78 230...гэснийг ...46 950 ...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                            ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА