Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Самбуу,

улсын яллагчаар П.Даваасүрэн,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мт холбогдох эрүүгийн 2034004910048 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой Газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.М

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 29-нд хохирогч А.Оийг хуурч иргэн А.Навчаатогтохын нэр дээрх тус сумын Үдлэг 4 дүгээр баг Хустай 1-164 тоот 2.000 мк.в хэмжээтэй газрыг өөрийн газар мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулан А.Оээс 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бэр эгч Д.Булын Хаан банкны 5006537515 дугаарын дансаар 8.000.000 төгрөгийг,  мөн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хаан банкны 5721547251 дугаарын харьцах дансаар 1.000.000 төгрөгийг буюу нийт 9.000.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.М нь: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Шүүгдэгч Б.М хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Б.М нь Төв аймгийн Батсүмбэр сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 29-нд хохирогч А.Оийг хуурч иргэн А.Навчаатогтохын нэр дээрх тус сумын Үдлэг 4 дүгээр баг Хустай 1-164 тоот 2.000 мк.в хэмжээтэй газрыг өөрийн газар мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулан А.Оээс 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бэр эгч Д.Булын Хаан банкны 5006537515 дугаарын дансаар 8.000.000 төгрөгийг,  мөн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өөрийн хаан банкны 5721547251 дугаарын харьцах дансаар 1.000.000 төгрөгийг буюу нийт 9.000.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

            -Хохирогч А.Оийн мэдүүлэг /1-р хх-ийн 193-194 тал/,

            -Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/171 дугаартай захирамжаар Авирмэд овогтой Навчаатогтох нь Үдлэг 4 дүгээр баг Хустай 1-164 тоотод 2.000 мк.в газрыг эзэмшиж, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Г-1403003758 дугаарт бүртгэн гэрчилгээ олгогдсон баримт /1-р хх-ийн 196-210 тал/,

            -Гэрч М.Саранчимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 214-216, 234-235 тал/,

            -Гэрч Ц.Мөнхсайханы мэдүүлэг /1-р хх-ийн 237-238,

            -Гэрч А.Навчаатогтохын мэдүүлэг /1-р хх-ийн 217-219 тал/,

            -Шүүгдэгч Б.Мын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 240-241, 243-245 тал/,

            -Гэрч Д.Будын мэдүүлэг /1-р хх-ийн 247-249 тал/,

            -Гэрч Э.Пүрэвбатын мэдүүлэг /2-р хх-ийн 1-3 тал/,

            -Гэрч Н.Эрдэнэчулууны мэдүүлэг /2-р хх-ийн 5-7, 9-10 тал/,

            -Гэрч Б.Цэлмэгсувдын мэдүүлэг /2-р хх-ийн 12-14 тал/,

            -Гэрч М.Одончимэгийн мэдүүлэг /2-р хх-ийн 16-18 тал/,

            -Гэрч А.Навчаатогтохын мэдүүлэг /2-р хх-ийн 27-28 тал/,

            -Гэрч М.Өлзийзаяагийн мэдүүлэг /2-р хх-ийн 30-31 тал/,

            -Дансны хуулга /2-р хх-ийн 38-62 тал/,

-Шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 208 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М нь 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /3-р хх-ийн 12 тал/

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 52 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /3-р хх-ийн 21-22 тал/ 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.М нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Мт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.М хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж, 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4 “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж, 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”гэж заасанд шаардлагад тус тус нийцсэн гэж үзэн прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлөхийг тогтоохоор заасан боловч энэ прокурорын санал болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хүсэлт гаргаагүй тул торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.  

 

 

            Хор хохирол, бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Мыг албан тушаалын байдлаа ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Мыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн 2034004910048 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА