Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/915

 

 

 

 

 

 

 

 

 

2020          10           21                                     915

 

 

                                      

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

      

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Батгэрэл,

хохирогч: Д.Л, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан /0188/,

шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч Д.Гомбо /2130/,

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш /1487/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М,

Б нарт холбогдох эрүүгийн 1905 01444 0436 дугаартай 2 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, засварчнаар ажилладаг, сард 500 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт М.

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Лын хоолойг боож, зүүн гарыг нь мушгих явцад шүүгдэгч Б.М хохирогчийг үүрч машин руу шидсэны улмаас бүсэлхийн 4, 5, бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугаламын мөгөөрсөн цагирагийн урагдал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Б.М, Б.Б нар бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Б мэдүүлэхдээ:

Хэрэг гарсан өдрийн орой М, Алтангэрэл бид 3 машинтай Гандангийн уулзвар дээр явж байхад саарал өнгийн Т.Приус загварын машинтай хүн хажууд ирж зогсоод, машиныхаа цонхоор “яасан” гэж асуусан. Бид 3 тоохгүй байж байтал урдуур шахаж орж ирээд, цаашаа хурдтай явсан. Бид 3 манай машиныг мөргөчихөөд зугтчихлаа гэж бодоод араас нь дагаж очоод “яасан бэ ах” гэж асуухад Э машинаасаа бууж ирээд намайг цохисон. Энэ үед Л гарч ирээд Э, Л хоёр намайг хоёр талаас боож, би тэр үед ухаан алдах гэж байсан. Энэ үед М Лыг цааш авч явсан. Би Эаас салаад эргэж харахад М Лыг газар унагаасан байсан. Намайг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин би санамсаргүй Эы уруулд хүрсэн байх. Би бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэж, Лын биед хүндэвтэр гэмтэл учруулаагүй. Э намайг 1 гараараа боочихсон, Л 2 гараараа боосон байсан. Би 1 лааз жимстэй пиво уусан, согтоогүй байсан. М бид хоёр хохирогчтой очиж уулзахад тэр 10 сая төгрөг өгвөл гомдолгүй гэж хэлсэн. Би хохирогчийн биед ямар нэг гэмтэл учруулаагүй тул хохирол төлөөгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.М мэдүүлэхдээ:

Намайг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эы араас очих болсон шалтгаан нь биднийг гэрэл дохион дээр эргэж байхад тэр машинтайгаа урдуур орж ирж, шахчихаад явсан. Машиныг маань мөргөчихөөд зугтчихлаа гэж бид бодоод, араас нь дагасан. Дагаж очоод, машинаас буугаад “та яаж яваад байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр надад “яасан” гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тухайн үед Э, Бтай зууралдаж байсан. Би салгах гээд очтол Л гарч ирээд Быг заамдаж авсан. Энэ үед би Лыг татаж салгах гэтэл өөдөөс гараа далайсан тул би түүнийг үүрч унагасан. Б, Лыг боогоогүй Харин Э Быг цохиж байсан. Тэр үед би салгасан. Б Эыг барьчихсан, Э, Л нар Быг заамдсан байсан. Э намайг “машин дотроо орос хэлээр юм яриад, манай охиныг шоолоод байсан” гэж мэдүүлсэн байна. Ийм зүйл болоогүй. Тухайн үед машинд орос дуу явж байсан тул би дагаад дуулж байсан. Би согтууруулах ундааны зүйлийг бага зэрэг хэрэглэсэн байсан. Энэ хэргийн улмаас хохирогчид нийт 1 363 945 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ төлбөрийг төлнө. Өнгөрсөн хугацаанд манай ээжийн биеийн байдал муу, эмчилгээнд нь мөнгө шаардлагатай байсан тул хохирогчийн хохирлыг төлж чадаагүй. Л надаас 10 сая төгрөг өгвөл би зүгээр сална, өгөхгүй бол би та хоёрыг хангалттай шоронд хийнэ гэж хэлсэн. Би Л гуайгаас уучлалт хүсч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Д.Л мэдүүлэхдээ:

Тухайн өдөр манай дүү Э хөл нь хугарсан, шохойдуулсан байсан учраас өдрийн цагаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож чадахгүй гээд шөнийн цагаар надад багаж авчирч өгөх гэж ирсэн. Тэр манай байрны гадна ирээд “Та бууж ирээд авчихаач” гэж хэлэхэд нь би буусан. Намайг гэрээсээ гарч очиход энэ 2 хүн манай дүүг зодож байсан. Манай дүүгийн амнаас цус гарсан байсан. Энэ талаар гэрэл зураг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Б, Эыг зодож байсан ба шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, орилж байсан. Машиныг нь шүргэсэн, шүргээгүй гэдгийг мэдэхгүй. Харин Эыг араас нь хөөж ирсэн байсан. Шүүгдэгч нар тухайн үед Наран гэдэг газар руу явах гэж байгаад манай байрны гадаа ирсэн байсан. Санаатай хөөж ирсэн гэж би бодож байна. Б надад “амьдралд минь гай болов хөгшин төгцөг минь” гэж хэлсэн. Тухайн үед зодоон болж байхад би хөл нь хугархай Эыг гэмтээхгүйн тулд салгахаар оролдсон. Надад салгахаас өөр арга байгаагүй. Салгахаар очиход Б миний хүзүүг боосон. Энэ талаар гэрэл зураг хавтаст хэрэгт байгаа. Тухайн үед Алтангэрэл энэ 2 хүнийг цааш авч явсан бол ийм зүйл болохгүй байсан. Би энэ гэмт хэрэгт Алтангэрэлийг холбоотой гэж үзэж, Алтангэрэл, Б, М нарт холбогдуулж өргөдөл өгсөн боловч Алтангэрэлийг шалгаагүй. Намайг салгах гэж очиход Б намайг боож, миний зүүн гарыг мушгисан. Би Бд “чи ямар бяртай юм бэ” гэж хэлэхэд “би цэрэгт явж ирсэн учир надад юу ч биш” гэж хэлсэн. Эыг Баас салгах гэхээр над руу дайрч байсан. Энэ талаар бүх зураг нь байгаа. Б миний гарыг мушгих үед М намайг авч шидсэн. Тухайн үед Б орилж фудболкоо урж байсан. Үүний дараа Цагдаагийн байгууллагад дуудлага өгтөл эдгээр залуус зугтаж явсан. Хэсэг хугацааны дараа Алтангэрэл рүү танихгүй хүний гар утаснаас залгаж “чи бид хоёрыг танихгүй шүү. Чи таксины жолооч шүү” гэж хэлээд утсааа тасалсан. Энэ хэрэг 1 жил 7 сарын өмнө болсон. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 240 000 төгрөг төлсөн. Одоо би 1 403 000 төгрөг нэхэмжилж байна. Нийт 3 баримт гаргаж өгсөн. Хамгийн их гомдолтой нь Алтангэрэл гэдэг хүний үйлдлээр энэ хэрэг гарах шалтгаан бүрдсэн. Машин мөргөсөн, шахсанаа ч мэдэхгүй согтуу байсан болоод ийм хэрэг хийсэн байна. Намайг мөнгө нэхсэн гэж байна. Би эмчилгээний зардал ийм үнэтэй болох юм байна гэж хэлсэн. Би ажилгүй, хэвтэрт байдаг ээжийгээ асраад 5 жил болж байна. Энэ хүний өөдөөс би гар далайгаагүй. Би тийм насны хүн биш. Б фудболкоо ураад “амьдралд минь гай болов, нэг нэгээрээ үзье” гэж хэлсэн. Б нь Мд намайг авч шидэх боломж олгоогүй байсан бол би биеэ хамгаална. Энэ үйлдлийг би хамтарсан үйлдэл гэж үзэж байна. Одоо би 1 403 000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч- М.Э мэдүүлэхдээ:

2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагийн үед Маршал таунаас гараад найз охин Янжмаагийн хамт Гандангаас хороолол руу өгсдөг уулзвар дээр зогсож байтал хажууд зогсож байсан хар өнгөтэй машинаас өндөр туранхай, жолоочийн эсрэг талд сууж байсан 20 гаран насны эрэгтэй найз охин Янжмааг нүдний шил зүүсэн байсан болохоор гараараа дохиод, инээгээд юм яриад байхаар нь би цонхоо буулгаад яасан ахын дүү гэж хэлсэн чинь өөдөөс оросоор яриад байсан. Гэрэл асаад цааш явахад дараагийн уулзвар дээр гүйцэж ирээд шахаад зогсож бай гэсэн. Би урд нь гараад эх нялхас руу түрүүлээд явсан. Би хөлөө хугалсан байсан болохоор Л ахын байрны гадаа очоод бууж ирээд дрилл аваарай гээд утсаар яриад байрны өмнө зогстол нөгөө шахаад байсан машин ард ирж зогссон. Би машинаас буугаад очтол уг машинаас 3 эрэгтэй хүн бууж ирсэн бөгөөд хоёр гартаа пиво барьсан, нэг нь жолооч байсан. “Яасан ахын дүү” гэж хэлсэн чинь өндөр, туранхай эрэгтэй нь “би яахаараа чиний дүү байдаг юм” гээд маргалдаад надтай барилцаж авсан. Хамт байсан нэг эрэгтэй нь намайг уруул руу гараараа нэг удаа цохисон. Энэ үед Л ах гарч ирсэн. Тэгээд “наад өвчтэй хүүхэд зүгээр байлга” гэж хэлсэн чинь тоохгүй байсан. Надтай маргалдаад байсан өндөр эрэгтэй Л ахтай зууралдаад, үүрч аваад хар өнгийн Мурано маркийн машин руу шидээд дээр нь гараад суусан байсан. Энэ үед би хамт явж байсан эрэгтэйтэй зууралдаж байсан. Би “намайг тавиадах, би салгаадахъя гэж” уг эрэгтэйд хэлээд би гараа автал нөгөө эрэгтэй найзыгаа очиж салгасан. Салгасан эрэгтэй “нэг нэгээрээ үзье” гэж хэлсэн. Би найз охиноо “цагдаа дуудаарай” гэж хэлсэн чинь нөгөө хоёр эрэгтэй зугтсан. Жолооч нь үлдсэн байсан болохоор би “явуулахгүй, танай найз биз дээ, утас нь хэд юм” гэж асуухад “би таксины жолооч” гээд байсан. Ингээд байж байхад цагдаа ирсэн. Юу болсон талаар цагдаа асуугаад хэлтэс рүү авч явсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд Л ах өргөдөл өгсөн. Л ах шүүх эмнэлэгт үзүүлсэн. Ахыг машин руу шидсэн залуу нь 170 см өндөртэй, шар царайтай дараа нь нэрийг нь М гээд дуудаад байсан. Машин руу шидээд дээр нь гарч суусан байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 18-19, 21-23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- С.Я мэдүүлэхдээ:

2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнийн 02 цагийн үед найз залуу Э бид хоёр Маршал таунаас хөдлөөд хороололд Л ахын гэрийн гадаа дрилл хүргэж өгөх гээд гарсан. Ингээд гандангийн гэрлэн дохион дээр зогсож байтал хажуу машинаас цонхоо онгойлгоод, толгойгоо гаргаад юм яриад байсан. Машины цонх хаалттай байсан болохоор юу яриад байсан нь сонсогдоогүй. Цонхоо буулгаад яасан гэж асуусан чинь өөдөөс орос хэлээр юм яриад байсан. Тэгээд ногоон гэрэл асаад хөдлөөд явсан. Ахуйн үйлчилгээ тал руу зүүн тал руу эргэхэд зогсчих гээд заагаад хашаад байсан. Ингээд эх нялхас талруугаа эргээд цааш яваад 29 дүгээр байрны гадна талд очоод зогстол, ард ирээд машинтай зогссон байсан. Уг машины жолоочийн эсрэг талд сууж явсан 170 см өндөртэй шар царайтай, туранхай эрэгтэй бууж ирээд Эы хажууд ирээд яасан ах гэж хэлсэн чинь Э машинаас буусан. Э ахын дүү яасан гэж хэлсэн чинь өөдөөс нь маргалдаад зогсож байтал, Л ах гэрээсээ гараад ирсэн. Яаж байна, юу болж байна гэж асуусан чинь Э юу болсон талаараа хэлсэн чинь өндөр шар царайтай эрэгтэй Л ахыг өргөж аваад хажууд байсан машин руу шидсэн. Л ах газар унасан байсан. Энэ үед Э, Л ах хоёр намайг цагдаа дууд гэж хэлээд би цагдаа дуудсан. Таксины жолооч Мөнхөө болио гээд байсан. Л ах газраас босож ирсэн чинь шар царайтай эрэгтэй, намхан бор царайтай эрэгтэйг дагуулаад зугтаад явсан. Л ах араас явж харсан, машин барьж явсан эрэгтэй таксины жолооч би танихгүй гэж хэлэхээр нь би чи танихгүй юм бол яахаараа Мөнхөө гэж нэрээр нь дууддаг юм бэ гээд машины урд талын суудал дээр нь би ороод суусан. Ингээд байж байтал Л ах ирээд саяны хоёр эрэгтэй чиний найз юм биш үү, нэрийг нь хэн гэдэг юм гэсэн чинь уг жолооч нэрийг хэлээд байсан, энэ үед цагдаа ирсэн. Цагдаа юу болсон талаар асуугаад, гэмтсэн машины зургийг аваад эзнийг нь дуудсан. Л ах машины жолооч эрэгтэйтэй цагдаагийн хэлтэс дээр ирсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 23-24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч-Д.Энхтүвшин мэдүүлэхдээ:

2019 оны 3 дугаар сарын 07-ны шөнө миний 41-68 УНХ улсын дугаартай, Мурано маркийн машины арын гуперыг хагалсан. Үнэлгээгээр 350 000 төгрөгний хохирол тогтоогдсон. Үүнээс 100 000 төгрөг өгсөн байгаа үлдсэн 250 000 төгрөгийг цалин буухаар өгнө гэсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 44 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Ч.Эрдэмболор мэдүүлэхдээ:

Шинжээчийн 866 дугаартай дүгнэлтэд тусгагдсан бүсэлхийн 4, 5, бүсэлхийн 5 ууцны 1-р нугалмын мөгөөрсөн цагирагийн урагдал гэмтэл нь нуруу эвгүй хөдөлгөөн хийх үед үүсэх боломжтой юм. Харин дээрх гэмтэл нь ямар үйлдлээр үүссэнийг тогтоох боломжгүй. Шинжээчийн 866 дугаартай дүгнэлтэд тусгагдсан хүндэвтэр гэмтэл хэвээрээ байх бөгөөд гэмтлийн зэрэгт өөрчлөлт орох боломжгүй. Тус гэмтлийн үүссэн хугацааг тогтоох боломжгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 175 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 866 дугаар дүгнэлтэд:

1. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны Соронзон резонанст томографийн шинжилгээгээр бүсэлхийн 4, 5, бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугалмын мөгөөрсөн цагиргийн урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь бүсэлхий нуруу хэсгээр огцом хөдөлгөөн хийх үед үүснэ. Ямар үйлдлээр үүссэнийг тогтоох боломжгүй.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.

5. Дээрх гэмтлийн үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 171 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.М эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 52 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 158 дугаар хуудас)

  

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Лын хоолойг боож, зүүн гарыг нь мушгих үед

шүүгдэгч Б.М нь хохирогчийг үүрч машин руу шидсэний улмаас бүсэлхийн 4, 5, бүсэлхийн 5 ууцны 1 дүгээр нугаламын мөгөөрсөн цагирагийн урагдал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирлыг бүлэглэж, санаатай учруулсан гэмт хэрэг үйлсдэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Л, гэрч М.Э, С.Я, иргэний нэхэмжлэгч Д.Энхтүвшин, шинжээч Ч.Эрдэмболор нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 866 дугаар дүгнэлт, “Фэйр валуэшн” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 13227148 дугаар үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.М, Б.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд Б.М, Б.Б нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч Д.Л нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар 1 403 000 төгрөг төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч нар 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт төлнө гэж завсарлага авч, Б.Б 705 000 төгрөг, Б.М 705 000 төгрөгийг тус тус төлсөн тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Д.Л нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог харгалзан Б.Быг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр, Б.Мөнх-Эрдэнийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3 000 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч М бусадтай бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Быг бусадтай бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3 000 000 төгрөгөөр торгох ялаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2 700 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.М, Б.Б нарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М, Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.М, Б.Б нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Д.Л нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН