Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ ШЦТ/904

 

    2020         12         17                                   2020/ШЦТ/904

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн,

хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг,

шүүгдэгч Ю.Э, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Дархад овогт Ю.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811023010887 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 50 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж байсан,

  •  1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан хотын ардын шүүхийн 8 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сар 18 хоногийн хорих ял шийтгүүлж байсан,
  •  2001 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 130 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан,

 2005 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж байсан. Дархад овогт Ю.Э

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Ю.Э нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ю.Э нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “....” гэх нэршилтэй худалдааны төвийн гаднах тээврийн хэрэгслийн зогсоолд байсан автомашин дотроос хохирогч Д.Бгийн өмчлөлийн нийт 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 22 ширхэг үнэртэй усыг “ “....” худалдааны төвд орж, худалдан борлуулахаар хүнд үзүүлчхээд ирье” хэмээн худал  хэлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт үйлдэл хийсэн  болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

- шүүгдэгч Ю.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Д, Б нар нь “..” худалдааны төв дээр над дээр ирж уулзсан. Ингээд би таньдаг худалдагч нарт зарим нэг барааг үзүүлэхээр хамт орсон. Тэгтэл тэнд байсан хүмүүс үнэртэй уснуудыг үнэтэй байна гэж хэлээд нэг нь ч аваагүй. Тэгээд тухайн өдрөө би дэлгүүрээс архи авч уугаад гэртээ очиход Бгаас болоод гэр бүлийн маргаан үүсээд би гэрээс согтуу гараад Дархан явсан байсан. Нэг мэдэхэд л би Дарханд сэрсэн. Тухайн үед надад ямар нэгэн үнэртэй ус байгаагүй. Дараа нь Бгаас авсан үнэртэй уснуудаа гэртээ үлдээсэн байснаа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/,

- хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн орчимд Франц улсад амьдарч байх үедээ танилцаж байсан Д нь залгаад үнэртэй уснуудыг минь хүнд зарж өгнө гэж хэлэхээр нь би 3, 4 дүгээр хороололд Дтай уулзаж Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “..” төв дээр ирэх үед Т гэгч хүлээж байсан. Тэгээд би Т гэгчийн хамт орж 2 давхраар нь үзүүлсэн. Үзүүлэх үед авах гэж хүлээсэн хүн байгаагүй. Тэнд байсан хүмүүсээс нэг нь ч аваагүй. Тэгээд Дын машинд орж иртэл Т гэгч наад үнэртэй усыг чинь 4 давхрын хүнд үзүүлэх байсан мартчихсан байна гэж хэлээд авч орсон 30,40 минут өнгөрсний дараа залгах үед энэ хүний эгч нь ирж үзнэ гээд ирж байгаа гэж хэлсэн хүлээж байсаар байтал төв хаасан би залгаад зараагүй ч байсан хамаагүй авч ирж өг гэхэд яасан сүртэй юм бэ маргааш ав гэж хэлсэн. Д нь намайг за би маргааш аваад өгнөө чи гэртээ хариад байж бай гэж хэлсэн. Маргааш нь залгах үед Д Улаан-Үүд явж байна аа гэнэт ажил гараад Т чамд өгчих байх гэж хэлсэн. Тэрнээс хойш Длуу залгах үед одоо өгнө гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүргэж байна. Намайг ер нь брэндийн үнэртэй ус авчирч зардаг талаар олон хүмүүс мэдэж байгаа бөгөөд хамгийн сайн мэдэж байгаа нь Э.Д нар мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30х/,

- гэрч Ч.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Франц, улсад амьдарч байхдаа танилцсан Б надруу залгаад хүрээд ир гэхээр нь би бичил хороололд очтол хувцас, гутал, ээмэг, үзгэн бал гэх мэт маш их зүйл авч ирсэн байсан. Тэгээд тэрийгээ намайг зараад өгөөч гэхээр нь Тд таньдаг хүн их шүү дээ гээд “...” төв дээр ирээд уулзсан. Ингээд Т Б 2 төврүү ороод гарч ирсэн. Үүний дараа Т ганцаараа үнэртэй уснуудыг аваад удаад байхаар нь Б залгаад хэсэг ярьж байснаа за явцгаая гэхээр нь 10 дугаар хороололд гэрт нь хүргэж өгөөд гэрлүүгээ явсан.

...Б нь Францад амьдарч байхдаа хулгай хийгээд тухайн бараагаа нааш Монгол руу явуулдаг байсан. Тэгээд тэр бараануудаа зарж байсан. Францаас авч ирсэн үнэртэй уснууд гэж хэлж байсан. Би таньдаг хүмүүсээ дагуулаад Бгийн гэрт очиж барааг үзүүлж байсан. Тэр үед хүмүүс барааг нь үзээд үнэтэй гээд аваагүй. Б надад нэг ус бэлэглэж байсан. Тэр нь ориг ус байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32х, 184-185х/,

- гэрч П.Шийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...одоогоос нэг жил орчмын өмнө 84 дүгээр сургууль дээрээ ажил дээрээ байж байтал надтай хамт ажилладаг Д гээд багш үеэл эгчийнхээ Францаас авч ирсэн үнэртэй уснуудыг зарж байсан. Тухайн үед Б Channel, Miss Dior, Gucci гэх мэт олон төрлийн үнэртэй уснуудыг зах зээлийн үнээс бага зэрэг бага үнээр зарж борлуулж байсан учраас би өөрөө 2,3 ус авч байсан. Үнэртэй уснууд нь ихэнх нь 150.000-350.000 төгрөгийн үнэтэй байсан. Манай ажилтнуудаас ч бас авсан хүн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 35х/,

- гэрч Г.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 09 дүгээр сард Францаас ирчихсэн байгаа найзад нь зарах гэж байгаа оригинал үнэртэй уснууд байгаа гэхээр нь гэрт нь очтол нэлээн олон төрлийн 20 гаруй үнэртэй уснууд байсан. Тэгээд би тэндээс нь өөртөө болон ажлын хүмүүсийг авна гэхээр нь 4 ширхэг үнэртэй ус авч байсан. Тухайн үед 4 ширхэг үнэртэй ус 1 сая орчим төгрөг болж байсан. Ер нь Бг үнэртэй ус зардаг гэдгээр нь мэддэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36х/,

- гэрч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2010 оноос хойш Б Франц улсаас илгээмжээр бараг сардаа 1 удаа үнэртэй уснууд /хайрцаг савтай, гадна талаараа гялгар ууттай, бүрэн бүтэн, цоо шинэ нэлээн үнэтэй дандаа Channel, Сосо мөн эрэгтэй уснууд/ явуулдаг байсан. ...Францаас үнэртэй ус ирэх үед манай охины ангийнхан хүүхдүүд ирээд заримдаа 1 ширхэг үнэртэй усыг 350.000 төгрөгөөр төгрөгөөр хүртэл худалдаж авдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 223х/,

- гэрч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б 2007 оны үед шиг санаж байна, Франц руу явсан. Нэг удаа Францаас ирэхдээ үнэртэй ус, гутал, хувцас зэрэг дандаа брэндийн зүйл авч ирж зарж байсан. Францаас бараа явуулсан гээд надруу хэлэхээр нь би Бгийн ээжтэй уулзаж ирсэн бараанаас худалдаж авдаг байсан. Зарж байгаа ус нь дандаа брэндийн үнэртэй ус байсан. Сүүлд 2018 онд ирэхээр нь найз найртайгаа хамт гэрт нь очоод гутал, хувцас, үнэртэй ус худалдаж авч байсан. ...250-300 мянган төгрөгийн хооронд худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 228х/,

 - “....” ХХК-ний Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 169-175х, 208-213х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Ю.Эыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч Д.Бгийн өмчлөлийн 5.000.000 төгрөгийн үнэ бүхий үнэртэй уснуудыг “худалдан борлуулахаар хүнд үзүүлээд өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн залилан авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Ю.Э болон түүний өмгөөлөгч нарын зүгээс: “тус үнэртэй уснууд нь өндөр үнэтэй байгаагүй, европын сүлжээ дэлгүүрээр зарагддаг, 1 ширхэг нь 20.000-30.000 төгрөгийн үнэтэй үнэртэй уснууд байсан” гэж эд зүйлийн үнэлгээнд маргасан ба хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч Ю.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Д, Б нар нь “...” худалдааны төв дээр над дээр ирж уулзсан. Ингээд би таньдаг худалдагч нарт зарим нэг барааг үзүүлэхээр хамт орсон. Тэгтэл тэнд байсан хүмүүс үнэртэй уснуудыг үнэтэй байна гэж хэлээд нэг нь ч аваагүй...” гэх мэдүүлэг,  гэрч Ч.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд тэр бараануудаа зарж байсан. Францаас авч ирсэн үнэртэй уснууд гэж хэлж байсан. Би таньдаг хүмүүсээ дагуулаад Бгийн гэрт очиж барааг үзүүлж байсан. Тэр үед хүмүүс барааг нь үзээд үнэтэй гээд аваагүй. Б надад нэг ус бэлэглэж байсан. Тэр нь ориг ус байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32х, 184-185х/, гэрч П.Ш, Г.Д, Д.Д, Л.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр хохирогч Д.Бд хавтас хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангуудад заагдсан үнэ бүхий брэндийн үнэртэй уснууд байж худалдан борлуулдаг байсан нь тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

Хохирогч Д.Бд нийт 5.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх ба хохирогч нь уг мөнгөө нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ю.Э нь уг мөнгийг төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч Даваасүрэнгийн Бд /РД:УС691006../-д олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 шүүгдэгч Ю.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, 70 хувийн групп-д байдаг эрүүл мэндийн байдал болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “.... madame glamour” гэсэн бичиглэл бүхий /50мл/ дундуур үнэртэй ус 1 ширхгийг шүүгдэгчийн талаас эд зүйлийн үнэлгээнд маргаж хэрэгт хавсаргагдсан эд зүйл байх тул хэрэгт үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Дархад овогт Ю.Эыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгө залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эд 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эд оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эгаас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулан, хохирогч Даваасүрэнгийн Бд /РД:УС691006../-д олгож, 5 /тав/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “.... madame glamour” гэсэн бичиглэл бүхий /50мл/ дундуур үнэртэй ус 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

           7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.БАТГЭРЭЛ