Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2018/ДШМ/01

 

 

 

2018 оны 12 сарын 24 өдөр                        

    2018/ДШМ/01                                                         Зуунмод

 Б.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Эрхэмбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ганбат, И.Чимэдбадам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлнямаа,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ю Энхмаа, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 50 дугаар шүүхийн тогтоолтой шүүгдэгч  Б.Б-д холбогдох 1834000000154 дугаартай 2 хавтас, 380 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, дүү, эцгийн хамт Төв аймгийн ...тоотод оршин суух хаягтай, урьд Төв аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,  Б.Б /РД:Н...5/.

 

Шүүгдэгч  Б.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг "Сөнгөрөх'" гэх газар 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Мөнхбаатарыг Винтов маркийн буугаар буудаж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч  Б.Б-ний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 50 дугаар шүүхийн тогтоолоор: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1834000000154 дугаартай шүүгдэгч  Б.Б-д  холбогдох 2 хавтас хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн 1834000000154 дугаартай хэрэг Төв аймгийн прокурорын газарт очтол  Б.Б-д авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

 

 Хяналтын прокурор Б.Эрхэмбаяр гаргасан эсэргүүцэлдээ: “ Б.Б нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг "Сөгнөгөр" гэх газар 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Мөнхбаатарыг Винтов маркийн буугаар буудаж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв Аймгийн прокурорын газраас Б.Бат-Эрдэнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2018 оны 07 дугаар сарын 23-ний өдөр 198 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

1. Шүүхийн тогтоолд: "...шүүгдэгч  Б.Б нь хохирогчийн байшингийн гадаа эхний удаа буудлага хийхэд хаалганы модон шонгоос 2 метр, 20 см зайд буюу гэрч Хадбаатараас холгүй, дахин буудлага хийхэд амь хохирогчийн ар нуруу хэсэгт туссан ба 3 дахь буудлага хийхээр бууны замгийг татаж, сумлах үйлдэл хийх явцад гэрч Хадбаатар болиулж байгаа нь шүүгдэгч өөртөө болон тухайн газарт байсан гэрч, хохирогч нарын буюу олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох нөхцөл байдал байсан эсэхийг мөрдөн байцаалтаар тодруулж, Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсэг, заалтаар давхар зүйлчлэх эсэхийг тогтоох" гэжээ.

- Шүүгдэгч  Б.Б-н 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ талийгаач М.Мөнхбаатар луу чиглэсэн шинжтэй үйлдэл хийхдээ зэвсгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах аргаар ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Хос-Эрдэнийн "...Би 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолийн дагуу 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 3742 дугаартай дүгнэлтийг гаргасан байгаа. Уг галт зэвсэг нь механик ажиллагаатай буюу гараар цэнэглэгддэг гохны нэг даралтаар 1 сум гардаг буу учраас үй олноор устгах зориулалттай зэвсэг биш учраас олон хүний амь биед нэг зэрэг аюул учруулах боломж байхгүй юм..." гэх мэдүүлгээр /хх-ийн 146-147-р хуудас/ , мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.13 дахь хэсгийг Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор тухайн зүйл ангийг тайлбарлахдаа "Нийтэд аюултай арга" гэдэгт олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан буюу учруулж болох байсан арга хэрэгслийг ойлгоно" гэж тайлбарласнаас дүгнэлт хийхэд "гэмт этгээд тодорхой хүнийг алах гэсэн санаагаа хэрэгжүүлэхдээ хохирогчоос гадна бусад хүмүүсийн амь насанд бодитой аюул учруулж болох арга буюу барилга, байшин шатаасан, дэлбэлсэн, хорт хий болон бусад үй олноор нь хөнөөх чадал бүхий хими, биологийн зэвсэг хэрэглэсэн байхыг ойлгохоор байна.

2.Амь хохирогчийн амь насыг хохироосон гэх Мосины 1891/30 загварын винтов бууг шүүгдэгч  Б.Б 3-4 жилийн өмнө үл таних хүнээс худалдаж аваад гэртээ хадгалж байгаад тухайн өдөр авч явж байгаад буудлага үйлдсэн, уг буу нь хуучин, бүртгэлгүй буу байсан, бууг бүртгүүлээгүй, гэрчилгээ аваагүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.Шинжээчийн 2018 оны 5 сарын 28-ны өдрийн 3742 дугаартай дүгнэлтэд:

Шинжилгээнд 7.62 мм-ийн 1943 онд /хуучнаар/ ЗХУ-д үйлдвэрлэсэн сангийн анги дугааргүй, замаг ВОК-740, хүхээг ЧН611 гэсэн дугаартай, гол төмрийн урдаас тайрч гар аргаар овоог суулгасан, байлдааны зориулалттай Мосины 1891/30 загварын винтов буу байна".гэжээ./хх-73 тал/

Мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч Б.Хос-Эрдэний "...Уг галт зэвсэг нь механик ажиллагаатай буюу гараар цэнэглэгддэг гохны нэг даралтаар 1 сум гардаг буу учраас үй олноор устгах зориулалттай зэвсэг биш учраас олон хүний амь биед нэг зэрэг аюул учруулах боломж байхгүй юм...", "...Учир нь тухайн буу гар цэнэглэлттэй, сумын гох дарагдсан тохиолдолд ганцхан сум гарна. Ойр орчиндоо аюултай гэдэгт үй олноор устгадаг автомат буу байсан аюултай байх байсан..." гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэнгийн "...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлд байлдааны буюу хууль сахиулагчийн хэрэглэх галт зэвсэг гэж байгаа. Энэ буу бол анх үйлдвэрлэхдээ байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн. Тэгээд сүүлд Жанжин штабын даргын тушаалын хавсралтаар байлдааны галт зэвсэг гэдэг тодорхойлолт нь хасагдсан байсан. Тэгэхлээр энэ бууг байлдааны галт зэвсэг гэж үзэх үндэслэлгүй..." гэсэн мэдүүлгүүдийг үнэлээгүй байна.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, үнэлээгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцээгүй хууль бус, үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан байна.

Иймд  Б.Б-д холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Эрхэмбаяр гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг Төв аймгийн Прокурорын газар буцаан шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүгдэгч  Б.Б 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн гэмт хэрэг үйлдэх үедээ талийгаач Мөнхбаатар луу чиглэсэн шинжтэй үйлдэл хийхдээ зэвсгийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах аргаар ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна. Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 3742 дугаартай дүгнэлт нь шинжилгээнд 7.62мм-ийн 1943 онд Зөвлөлт холбоот улсад үйлдвэрлэсэн, сангийн анги дугааргүй, замаг, хүхээг гэсэн дугаартай, гол төмрийн урдаас тайрч гар аргаар овоо болгож суулгасан, анх байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн мосини загварын винтов буу байна гэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн 3742 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч Хос-Эрдэний дүгнэлт үндэслэлтэй бөгөөд дээрх буу нь байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн боловч Засгийн газрын тогтоолоор хууль сахиулах зориулалттай галт зэвсэг болсон гэж мэдүүлсэн байдаг. Хууль сахиулах зориулалттай гэдэгт анхан шатны шүүхийн хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд авагдаагүй байдаг. Анх байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн боловч гэдгийг шүүгч тогтоол дээрээ гуйвуулж бичсэн байдаг. Шүүгдэгч  Б.Б-ний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх буу нь хууль зүйн сайд, байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд спортын сайдын хамтарсан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/250, А/379, А/437 дугаартай иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг сумны нэр төрлийн жагсаалт батлах тухай тушаалын хавсралтын 1-т зааснаар дээрх буу иргэний зориулалттай галт зэвсгийн ангилалд хамаарч байгаа. Шүүгдэгч  Б.Б-ний энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан хууль бусаар зэвсэг эзэмших гэсэн зөрчлийн шинжтэй үйлдэл байсан. Зөрчлийн шинжтэй үйлдлийг эрүүгийн хэрэг мэтээр дүгнэж прокурорт буцаасан заалт нь үндэслэлгүй байгаа. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч Хос-Эрдэнэ уг галт зэвсэг нь механик ажиллагаатай буюу гараар цэнэглэгддэг, гохны нэг даралтаар нэг сум гардаг буу учраас үйл олноор устгах зориулалттай зэвсэг биш гэж мэдүүлэг өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлд байлдааны буюу хууль сахиулагчийн хэрэглэх галт зэвсэг гэж байгаа. Энэ буу анх үйлдвэрлэгдэхдээ байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн сүүлд байлдааны галт зэвсэг гэсэн тодорхойлолтоос хасагдсан гэсэн мэдүүлгүүдийг анхан шатны шүүх үнэлээгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 зүйлд заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс бүрэн гүйцэт бодит байдлаар хянаж үнэлээгүй. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ганбат гаргасан тайлбартаа: “2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 50 тоот шүүхийн тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Энэ тогтоол гарахдаа хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн үйл баримт, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг зөв үнэлж судалсны үндсэн дээр, хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нарын саналыг үндэслэн гарсан. Улсын яллагчийн гаргаж байгаа эсэргүүцлийн гол агуулгыг хүлээн авах боломжгүй. Суурьшлын бүсэд олон хүн байхад буудсан. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Д.Ганбат өмгөөлөгчийн хэлснээр олон хүний амь нас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан 2 буюу түүнээс дээш олон хүнийг, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт заасан бүлэглэж үйлдсэн байж магадгүй гэдгийг шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.7 дугаар зүйлд зааснаар улсын яллагч эргэлзээгүйгээр, бодитой тогтоох ёстой. Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийг шалгаагүй. Улсын яллагчийн яриад байгаа тогтоол актууд хэрэгт байхгүй. Буу хаанаас гарсан бэ гэдгийг тогтоогүй. Зөрчил гэж үзээд зөрчлөөр авсан арга хэмжээ хэргийн материалд байхгүй. Гэмт хэргийн сэдэлт зорилгыг тогтоогоогүй. Шүүгдэгч 3 буудсаны нэг нь завдалт. Хүн таслан зогсоогоогүй бол буудах бүрэн боломжтой байсан. Энэ бүхнийг нарийн шалгаагүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэвэлням гаргасан тайлбартаа: Улсын яллагч бууг чухалчилж үзээд байна. Шинжээчид асуултаа зөв тавиагүй. Андруушийг шалгуулъя гэж удаа дараа хүсэлт тавьсан. Андруушаар дамжуулж  Б.Б чамайг ална гээд гэрээсээ буу авчраад буудсан. Өмгөөлөгч нарын тайлбартай санал нэг байна гэв.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

            

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр  хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч  Б.Б-ний хүнийг алах үйлдэл нь олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдэгдсэн эсэх, түүнчлэн Мосины 1891/30 загварын винтов буугаар дээрх гэмт хэргийг үйлдсэн ба уг буу нь бүртгэлгүй, түүний эзэмшилд байсан нь “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших” гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн байцаалтаар шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй ба дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж 1834000000154 дугаартай  Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн  50 дугаартай шүүхийн тогтоол нь үндэслэлтэй байна. 

 

Шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн буу нь 7,62 мм-ийн, 1943 онд ЗХУ-д үйлдвэрлэсэн, сангийн анги дугааргүй, замаг ВОК-740, хүхээг ЧН611 гэсэн дугаартай, гол төмрийн урдаас тайрч гар аргаар овоог суулгасан, байлдааны зориулалттай Мосины 1891/30 загварын винтов буу болох нь тогтоогдсон  ба шинжээч Б.Хос-эрдэнэ шүүх хуралдаанд “дээрх буу нь анх байлдааны зориулалтаар үйлдвэрлэгдсэн боловч Засгийн газрын тогтоолоор хууль сахиулах зориулалттай галт зэвсэг болсон” гэж мэдүүлсэн байна.

           

Иймд дээрх буу нь галт зэвсгийн /байлдааны, хууль сахиулах албаны, иргэний, харуул хамгаалалтын/ аль төрөлд хамаарагддаг болох нь тодорхойгүй, энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн гэрч Д.Хадбаатар “...Баагий голын дунд морьтойгоо зогсож байгаад буудахад сум хашааны хаалганы гадаа  цаахна талд газар оносон. Баагий морьтойгоо хашааны хаалга руу ойртож ирээд талийгаач руу чиглүүлж байгаад арагшаа харсан байхад нь буудсан. Би гүйж очоод бууг булааж авсан” гэж /хх-40,139/ мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байх ба “...эхний сум миний өмнө буудсан, ахиад буудаад ахыг нам буудсан, дахиад буудах гээд замаг тачигнуулж байхад нь би бууг авсан” гэж / хавтас 2, хуудас 98/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.

 

 Яллах дүгнэлтэнд “ Б.Б 2 удаа буудсан, 2 дахь буудалтаар талийгаачийг алсан” /хавтас1,  хуудас 159-164/ гэж, шүүхийн тогтоолд “шүүгдэгч  Б.Б нь эхний удаа буудлага хийхэд хаалганы модон шонгоос 2 метр, 20 см зайд буюу гэрч Хадбаатараас холгүй, дахин буудлага хийхэд амь хохирогчийн ар нуруу хэсэгт туссан ба 3 дахь буудлага хийхээр бууны замгийг татаж, сумлах үйлдэл хийх явцад гэрч Хадбаатар болиулж байгаа нь...” /хавтас 2, хуудас 119/ гэж өөр өөрөөр дүгнэсэн байна.

 

Иймд  Б.Б-н бусдыг буудсан үйлдэл, гэмт хэргийн сэдэлтийг  нарийвчлан тогтоох шаардлагатай байх бөгөөд дээрх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд хяналтын прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан  шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 50 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хяналтын прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 36 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч  Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                                       Г.БОЛОРМАА