Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0147/З |
Дугаар | 128/ШШ2020/0302 |
Огноо | 2020-05-08 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2020/0302
2020 оны 5 сарын 08 өдөр Дугаар 128/ШШ2020/0302 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: Г.Т
Хариуцагч: НОБГ Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Х.А.
Гомдлын шаардлага: “Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Х.А 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0030658 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Г.Т шүүхэд ирүүлсэн гомдол /нэхэмжлэл/-доо: “...“Миний бие Нийслэлийн шүд эрүү нүүрний төвд 1987 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Нүүр амны эмчилгээний тасгийн урьдчилан сэргийлэхийн зөвлөх эмчээр урт хугацаанд тасралтгүйгээр ажилласаар байна.
2019 оны 11 дүгээр сарын 07-ны 03 цаг 00 минутад манай байгууллагад гал түймэр гарсан байдаг. Гэтэл хэргийн материалд шууд гэм бурууг нотлон 0030658 дугаар бүхий шийтгэх хуудас бичигдсэн байх бөгөөд уг шийтгэх хуудаст 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр лаа асаасан тул гал түймэр гарсан нь шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Уг хэрэгтэй холбоотойгоор миний зүгээс Нийслэлийн Онцгой байдлын газарт 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүсэлт гаргасан боловч миний хүсэлтийг хангаагүй хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх талаар эрх бүхий байгууллагаас тодорхой арга хэмжээ аваагүй бөгөөд хариу өгөлгүйгээр шийтгэх тогтоол гардуулсан. Үүнтэй холбоотойгоор миний гаргасан хүсэлтийн шинжээч томилуулах эсэх талаар ямар нэгэн хариу гаргаагүй нь гал юунаас болж гарсан эсэх талаар эргэлзээ үүсгэдэг боловч хэрэг бүртгэгч хуулийн хугацаа дуусах дөхөж байгаа тул шууд намайг буруутган хэргээ хаах эсэх тал дээр л санаачилгатай ажилласан нь хуулийн хүрээнд хийгдэх ёстой ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2: Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.17 гал түймрийн улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйл, 7.9 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн 2.6 эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах гэсэн заалтын дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Хэргийн материалаас үзэхэд хэргийн газрын үзлэг хийхэд нотлох баримтаар тухайн лаа нь авагдаагүй мөн түүнээс болж гал гарсан эсэх нь тодорхойгүй, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэгдүгээр бүлгийн 1.13.3 дахь хэсэг, гуравдугаар бүлгийн 3.1.2.5, 3.1.2.8 болон дөрөвдүгээр зүйлийн 4.1 дүгээр зүйл Зөрчил шалгах ажиллагааг бүхэлд нь хууль бусаар хийж, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх ажиллагаа хийгээгүй байгаа нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд хариулт хэсгийн 4-т “хэргийн газрын үзлэг хийх үед түймрийн голомтыг анхны байрлалыг өөрчилж, цэвэрлэсэн, ... гал түймрийн үндсэн шалтгаан нөхцөлийг тогтооход хүндрэлтэй байсан” гэсэн нь хэргийн газарт уг лаатай холбоотой ямар нэгэн нотлох баримттай холбоотой ажиллагаа хийгдээгүй боловч шийтгэх хуудаст 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр лаа асаасан тул гал түймэр гарсан нь шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж дурдсантай холбогдохгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар бүлгийн 3.1-ийн 2.4 хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах гэсэн заалтад “Хохирогчийн гомдолд 4.965.000 төгрөг байдаггүй. Гэтэл хохирогчоор тогтоогдоогүй барилгын компанийн хохирлыг надаас нэхэмжилсэн бөгөөд шийтгэх хуудсаар надаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Үүнээс үзэхэд иргэн миний эрх хууль, ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэд хэдэн зүйл заалт зөрчигдөж шийтгэлийн хуудас бичигдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Х.А гаргасан 0030658 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагч /нэхэмжлэгч/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ хууль бусаар хийгдсэн гэж үзэж байна. Зөрчил шалгах хугацаа нь дууссан байсан боловч үүний дараа гэм буруутайг тогтоон шийтгэлийн акт гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дэх хэсгийг зөрчсөн учир Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан “Хуульд заасан үндэслэл байхгүй” гэдэгтэй нийцэж байна гэж үзэж байгаа.
Хариуцагч 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг үүсгэсэн. Үүний дараа зөрчил шалгах эрх бүхий хугацаа 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан ба зөрчлийн хэргээ сунгуулах хүсэлт өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дээр эрх бүхий албан тушаалтан 14 хоногоор сунгах эрхтэй ба сунгагдаагүй бол энэ хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөр дуусгавар болно. Албан тушаалтны тамга, гарын үсэг байхгүй баримт бичиг байна. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.
“Алтан горхи” ХХК нь н.Одбаяр инженертэй дохиолол, аюулгүй байдал угсралтын гэрээ хийсэн байна. Лаа асаасан хүнээс болсон гэж буруутгаад арга хэмжээ авч байгаа боловч гал гарсан үндсэн шалтгаан нь галын аюулгүй байдал буюу Нийслэлийн онцгой байдлын дүгнэлт гарсан байдаг ба галаас хамгаалах хэрэгслүүд бүгд ажиллаж байна гэсэн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Утаа мэдрэгчийн дагуу гал унтраагч ажиллах ёстой байсан. Барилга ашиглалтын гэрээ хийхэд гал унтраагуурын төхөөрөмж байна гэж дүгнэсэн. Дүгнэлт байна гэдэг нь гал унтраагуур хэвийн ажиллаж байна гэж ойлгож байна. Гэтэл гал гарснаас хойш байгууллагад галын дохио дуугардаг гэсэн. Энэ үед төхөөрөмж ажиллаагүй байхад нэхэмжлэгчийг буруутгаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хугацаанд шахагдсан зүйл байгаа байх.
Иргэний нэхэмжлэгч иргэний журмаар гомдол гаргах ёстой харин мөнгөн дүнг тавиад дээр нь нэмээд торгуулийн арга хэмжээ оногдуулж байгааг буруу гэж үзэж байна. Хохирогч нь шүд, эрүү, нүүрний төв харин иргэний нэхэмжлэгч биш юм. Анхнаасаа хохирогчийг зөв тогтоосон бол ийм маргаан гарахгүй байсан. Иргэний нэхэмжлэгч гэж тогтоосон, мөн хүүхдээр нь гарын үсэг зуруулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчиж явагдсан.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг, шийтгэх хуудас нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарсан байхад, зөрчил шалгах хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан байна. Иймд хуульд заасан үндэслэл байхгүй байсан гэдэг нь нотлогдож байна. Хариу өгөөгүйн дээр иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуульд дээр 14 хоногийн дотор мэдэгдэх ёстой байсан. Гэтэл мэдэгдсэн зүйл байхгүй. Лаа асааснаараа буруутай байлаа гэж бодоход Зөрчлийн хуулиараа 100,000 төгрөг төлөх ёстой гэж үзэж байна. Процесс алдаа гарч хугацаа дууссан учир шийтгэх хуудас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гарч болохгүй гэж үзэж байна” гэв.
Хариуцагч Х.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Их тойруу, 12 дугаар хороолол, 43/2 тоот Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төвийн 1 давхарт 102 дугаар өрөөнд гал түймэр гарсан гэх гомдол мэдээллээр гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Х.А би, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч ахмад Б.Дамдингийн хамт хэргийн газарт очсон.
Хэргийн газарт очиход Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төвийн 1 давхарт 101, 102 дугаар өрөөнд гал гарсан байдалтай, өрөөний доторх хана, тааз, эд зүйлс харлаж тортог үүссэн байдалтай, гал түймэр гарсан гэх өрөөнд цэвэрлэгээ хийсэн байдалтай байсан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 0030658 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Р.Туяад шийтгэл оногдуулж хэргийг хааж шийдвэрлэсэн. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зөрчлийн хэргийн холбогдогч Г.Т хэргийн материал танилцуулж 0030658 дугаар шийтгэлийн хуудасны 1 хувийг хүлээлгэн өгсөн болно.
Холбогдогч Г.Т Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан оролцогчийн эрх үүргийг танилцуулсан боловч өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө, гомдол хүсэлт гаргана гэснээр 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтийг 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн биеэр авч ирсэн. Миний бие иргэн Г.Т уг хүсэлтийг хүлээн авч 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүсэлтийг хэсэгчлэн хангах тухай тогтоол үйлдэж танилцуулсан.
Хэргийн холбогдогч Г.Т нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлнэ гэсэн боловч ажиллагаанд өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулаагүй.
Зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааны хуульд заасан үндэслэл нь нийт эрх бүхий албан тушаалтны 14 хоног, Зөрчлийн хэрэг бүртгэх удирдлагын албан тушаалтны 14 хоног шаардлагатай нэмэлт нотлох баримт хэрэгтэй гэж үзвэл харъяа хяналтын прокурор 30 хоногоор сунгадаг. Нийт 58 хоногийн хугацаа байгаа ба 58 хоног хүрээгүй байна. Хэрэг бүртгэлтийн дугаар аваад нээснээс хойш хуулийн дагуу хугацаандаа байгаа. Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нээсэн байдаг. Хугацаан дээр хууль зөрчсөн зүйл байхгүй. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүсэлттэй холбоотой материал хүргүүлсэн. Хүсэлтийг хэсэгчлэн хангаад тогтоол үйлдэж нэхэмжлэгчид танилцуулсан.
Прокурорын 30 хоногтоо ороогүй. Хугацаа сунгах тогтоолыг 2 хувь үйлддэг. Манай удирдах албан тушаалтан ахлах байцаагч 14 хоногоор сунгаж өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл. Дөрвөн асуудал бүхий хүсэлтийг өгсөн. Түүнтэй холбоотойгоор тухайн дүгнэлтийг гаргасан Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээчээс холбогдож мэдүүлэг авсан ба дахин шинжээч томилох шаардлагагүй байсан.
Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанд оролцогчоор иргэн Г.Т оролцсон байдаг. Хууль ёсны төлөөлөгч ирээгүй, надтай уулзаагүй. Миний гаргасан тайлбар, хүсэлт гэж байна, тийм зүйл байхгүй. Өмгөөлөгч авна гэж байсан харин өмгөөлөгч авсан гэрээ хийсэн, ирж уулзсан зүйл болоогүй.
Байгууллага галын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэдэг нь албан хаагчдад сургалт явуулах, холбогдох багажны хадгалах горим дээр хяналт тавих зүйлийг хийнэ. Харин гал гарсан талаар байгууллага бусдын буруутай үйл ажиллагааг дотоод журмаараа энэ үйл ажиллагаанд оролцохгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шалгаж шийдвэрлэх хугацаа дууссан байхад шийтгэл оногдуулсан нь илт хууль бус” хэмээн маргасан бол хариуцагчийн зүгээс “хяналт шалгалтыг хуулийн хүрээнд явуулсан, хууль зөрчөөгүй” хэмээн гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.17, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.17-д: “гал түймрийн улсын хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.14, ... 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.17, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн холбогдох хуулиудад зохицуулж өгчээ.
Хариуцагч эрх бүхий гал түймрийн улсын хяналтын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдлийг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.
Энэ утгаараа, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.17-д заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, мөн хуулийн 4.8 дугаар зүйлд зааснаар зөрчил гарсан байдлыг тодруулахаар холбогдогчоос мэдүүлэг авах, мөн хуулийн 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-т зааснаар зөрчлийн хэргийг нээх, шийтгэл оногдуулах зэргээр гүйцэтгэхдээ хариуцагч гал түймрийн улсын хяналтын байцаагч нь хууль зөрчөөгүй, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэж, энэ байдал нь 1902000657 дугаартай зөрчлийн хэргийн материал түүнд авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.
Тодруулбал, зөрчлийн хэргийн холбогдогч, гомдол гаргагч Г.Т өөрийн ажлын байран дээрээ лаа асаасны улмаас гал түймэр гарсан болох нь шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан камерын дүрс бүхий бичлэг, үзлэгийн тэмдэглэл[1], гэрчүүдийн мэдүүлэг[2], хохирлыг үнэлсэн үнэлгээний тайлан[3], шинжээчийн дүгнэлт[4]-ээр болон фото зургаар нотлогдож байна.
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д: “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн, үүнд нь мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хяналт тавих үүргийг хариуцагч захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлсэн, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д заасны дагуу хариуцлага хүлээлгэх талаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д: “иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, шийтгэл оногдуулсан, үүгээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчмыг, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангаж шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан, гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Эрх бүхий албан тушаалтан 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээж тогтоол[5] үйлдсэн ба 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зөрчлийн хэргийн хугацаа сунгах тухай санал[6]-ыг гаргасан энэ тохиолдолд “зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоол[7] албажаагүй үүгээрээ эрх бүхий албан тушаалтан буюу гал түймрийн улсын хяналтын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг баримтлаагүй, илт хууль бус акт гаргасан” хэмээн нэхэмжлэгч тал үзэж байгаа. Харин шүүх, зөрчлийн хэргийг нээснээс хойш эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, хэргийн материалд зөрчлийн хэргийн хугацаа сунгах тогтоол албажиж хийгдээгүй байгаа нь гаргасан зөрчилд шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл болохгүй, тэр дундаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Х.А 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0030658 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн зүйлийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
[1] Хавтаст хэргийн 34-36-р хуудас
[2] Хавтаст хэргийн 46-82-р хуудас
[3] Хавтаст хэргийн 90-93-р хуудас
[4] Хавтаст хэргийн 87-89-р хуудас
[5] Хавтаст хэргийн 24-р хуудас
[6] Хавтаст хэргийн 96-р хуудас
[7] Хавтаст хэргийн 25-р хуудас