Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 149

 

Ариг  банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/1459/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 930 дугаар шийдвэртэй,    

           Нэхэмжлэгч Ариг банкны Дархан салбарын  нэхэмжлэлтэй,  

           Хариуцагч Ц.С-, С.Б-, С.Б- нарт холбогдох     

           “Бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэх”  тухай иргэний хэргийг

           Хариуцагч Ц.С-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд  нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

           2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дулмаа, хариуцагч Ц.С-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Ариг банкны Дархан салбараас:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот нь Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 535 тоот захирамжаар Ариг банк ХХК / хуучин нэрээр Эрэл банк/-ийн өмчлөлд шилжсэн бөгөөд 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №286 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн албанаас ажиллагаа явуулж 000348626 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2003013348 тоот хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан болно. Хуулийн дагуу өмчлөх эрх шилжсэн, хувийн сууцанд өнөөдрийг хүртэл Ц.С-, С.Б-, С.Б- гэх иргэд нь оршин суусаар байгаа тул банкны өмчлөлийн хувийн сууцнаас албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч С.Б-, С.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С- нараас:

Миний хүү С.Б- нь Эрэл банкнаас 15 сая төгрөгийн зээл авч Дархан сумын 15-р баг 1-85 тоот байрыг худалдан авахаар урьдчилгаа төлбөрт өгсөн. Зээл авсны дараа С.Б- нь автын осол гаргасны улмаас шүүхээс хорих ял авсан. Үүнээс болж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Маргаан бүхий хашаа байшин нь Л.Батхүү, С.Б-, С.Б-, Ц.С- бидний дундын хөрөнгө юм. Гэтэл хорих ангид очоод С.Б-гийн гарын үсэг зуруулаад явсан байсан. Гэтэл хамтран өмчлөгч 3 хүнээс зөвшөөрөл аваагүй Ариг банкны өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ц.С-ээс сөрөг нэхэмжлэлдээ:

            Уг хашаа байшинд Ц.С- миний бие өөрийн төрсөн ах Ц.Батхүү,  хүү С.Б-, С.Б- нарын хамт олон жил амьдарч байгаа бөгөөд тус хашаа байшин нь бидний дундын өмчлөлийн хөрөнгө юм. Гэтэл нэг өмчлөгч болох С.Б-гийн авсан гэх зээлийн барьцаанд бусад 3 өмчлөгчийнх нь  хувийг хууль бусаар хураагдсанд гомдолтой байна. Иймд тухайн хөрөнгө Ариг банкны өмчлөлд очихдоо хэрхэн хууль зөрчиж байсныг шалгаж С.Б-, С.Б-, Ц.С- бидний дундын  өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоож, Ариг банкны тус хашаа байшинг өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 930 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот хашаа байшинг  хариуцагч Ц.С-, С.Б-, С.Б- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.С-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бодитоор үнэлээгүй,  хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсанаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага нийцээгүй. Хариуцагч нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот хаягт байгаа улсын бүртгэлийн Н-2003013348 дугаартай орон сууц, Г.-2003003558 дугаартай газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаараа шүүхийн шийдвэрт дурдаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзсан бол энэ тухайгаа шүүхийн шийдвэр дурдаагүй, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэх талаараа шүүхийн шийдвэр тусгагдаагүй байгаа нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хариуцагч нарын эрх хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн байна.  Мөн Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас тус маргаан бүхий орон сууц, газрын талаар хийгдсэн өмнөх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж  байна. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 930 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ариг банкны Дархан салбараас давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

Иргэн Ц.С-, С.Б-, С.Б- нарын гомдол нь хууль хяналтын байгууллага болон банкны үйл ажиллагааг үл хүндэтгэж бүтэн 5 жилийн турш зээл төлөх ямар ч санал санаачлага гаргаагүй өдийг хүрлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ямар ч үндэслэлгүй хугацаа авах гэсэн бохир оролдлого гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Ариг банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.С-, С.Б-, С.Б- нарт холбогдох бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтууд болон улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр хариуцагч Ц.С- нарын дундын өмчлөлийн орон сууц нь Ариг банкны өмчлөлийн зүйл болсон нь нотлогдсон бөгөөд дээрх хүмүүсийн уг байранд оршин сууж байгаа үндэслэл нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх тул хариуцагч нарын эзэмшлийг хууль ёсны гэж үзэн өмчлөгчийн бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгөө шаардсан шаардлагыг няцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.С-   нь маргаан бүхий байр нь хариуцагч нарын дундын өмчлөлийн орон сууц болохыг тогтоолгох, Ариг банкны тус хашаа байшинг өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай сөрөг  нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан боловч  шүүх мөн өдөр 4458 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасан үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. 

Сөрөг нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий хашаа байшин газар нь хариуцагч нарын дундын өмчлөлийн зүйл болохыг тогтоолгох шаардлагыг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй талаар гаргасан шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Энэ захирамжийн талаар шүүх хуралдаанд танилцуулсан байна. /хх-149 тэмдэглэлд/

Мөн давж заалдах гомдолд дурдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р баг, цэнгэлдэхийн 3-31 тоот хашаа, байшинг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад өмчлөх эрхийг хэрхэн шилжүүлсэн тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд байгаа материал буюу хувийн хэрэгт үзлэг хийлгүүлэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой гэжээ.  

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зүйл нь өмчлөлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай бөгөөд энэ шаардлагаа шүүхэд нотлох зорилгоор нэхэмжлэгч тал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн  дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэрхэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний  хууль, Эрхийн улсын бүртгэлийн хуулийн шаардлагад нийцүүлж олж авсан талаар хэргийн материалд бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн нь нотлох баримтын шаардлага хангасан шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжтой байх тул энэ хүсэлтийг хүлээн аваагүй шүүгчийн ажиллагааг буруутгах боломжгүй юм.

            Харин  захирамжийн үндэслэх хэсэгт” .... хүсэлт нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй ...” гэж дүгнэлт хийсэн нь буруу болохыг дурдах нь зүйтэй.  

            Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан хариуцагч Ц.С- болон хариуцагчийн өмгөөлөгчийн  гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч Ц.С-, өмгөөлөгч Б.Содболд нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09  дүгээр сарын 07-ны өдрийн 930 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.   

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ц.С-ээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА                      

                                    ШҮҮГЧИД                                                      С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                           О.НАРАНГЭРЭЛ