Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1008

 

 

 

 

 

 

 

 

  2020         12          08                                      1008   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Онон,

шүүгдэгч: Н.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Лд холбогдох эрүүгийн 2005027911611 дугаар хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тоотод оршин суух,

урьд 2008 оны 6 дугаар сарын 27-нд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/42а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял,

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 900 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон, Л.

Шүүгдэгч Н.Л нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин Хайпермаркет” худалдааны төвийн гоёл чимэглэлийн лангуун дээрээс хохирогч Б.Огийн ээмэг, бөгж зэрэг нийт 102 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1 186 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Н.Л мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед архи уучихаад толгой өвдөөд байсан. Тэгээд супермаркет ороод ил байсан эд зүйлийг хулгайлсан. Би дахиж хэзээ ч хулгайлах гэмт хэрэг хийхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би цаашдаа өндөр настай эх дээрээ очиж амьдрах бодолтой байна. Гэм буруу дээр маргахгүй. Надад нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч-Б.О мэдүүлэхдээ:

Би 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин Хайпермаркет” худалдааны төвийн 1 давхарт гоёл чимэглэлийн лангуун дээрээ ажлаа хийж байсан. Тэгээд 14 цаг 30 минутын орчимд эд зүйлээ зараад лангуун дээрээ худалдан авагч нартайгаа харилцаад байж байх хооронд урд талын лангуун дээрээс суурьтай ээмэг бөгжнүүд хулгайд алдагдсан байсан. Худалдан авагч нартай хойд талын шилэн лангуун дээрээ харилцаад байж байх хооронд араар хулгайч ирсэн байсныг мэдээгүй. Харин сүүлд эд зүйлээ бүртгэхэд нэг суурь ээмэг, бөгж алдагдсан байсныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний алдсан ээмэг бөгж нь дандаа гоёлын шармал металлан ээмэг бөгж байсан. Бөгжнүүд нь том цэцэг болон сарнайн дүрс загвартай нийт 21 ширхэг бөгж, жижиг хээтэй 41 ширхэг бөгж байсан. Уг бөгжнөөс том цэцэг, сарнайн загварын бөгжийг тус бүрд нь 20 000 төгрөгөөр, жижиг хээтэй бөгжийг тус бүрд нь 15 000 төгрөгөөр үнэлэж байгаа. Мөн нийт 40 хос шармал металл ээмэг байсан. Үүнийг тус бүрд нь 15 000 төгрөгөөр үнэлэж байна. Би алдсан зүйлээ тоо ширхэг, бүрэн бүтэн хүлээн авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хэргийн 17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч-Д.Б мэдүүлэхдээ:

Би 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хархорин худалдааны төвийн үүдэнд самар зараад сууж байхад манай хогийг 1000 төгрөгөөр цэвэрлэж өгдөг Л гэгч залуу миний хажуугаар явж байгаад хоёр хүнийг “бөгж авах уу” гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би “чи юу хулгай хийсэн юм бэ” гэсэн чинь “би хулгай хийгээгүй” гэхээр нь би “наадхаа өг, чи хулгай хийсэн байна. Хүнд нь өгнө гэсэн чинь надад мөнгө өг” гээд 15 000 төгрөг надаас авсан. Би тэр үед ойр хавийн хүмүүст “би Лгээс энэ эд зүйлийг авлаа шүү, буцааж хүнд өгөх үедээ 15 000 төгрөгөө буцааж авна” гэж хэлсэн. Тэгээд эзэн нь олдохгүй байхаар нь Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өөрөө авчирч өгсөн. Л  өмднийхөө хоёр халаасанд баахан ээмэг, бөгж хийсэн байсан. Би уутанд хийж авсан гэжээ. (хэргийн 13, 19 дүгээр хуудас)

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1 186 000 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.Л нь 2008 оны 6 дугаар сарын 27-нд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/42а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял,

2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 900 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон гэжээ. (хэргийн 93 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Н.Л нь 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин Хайпермаркет” худалдааны төвийн гоёл чимэглэлийн лангуун дээрээс хохирогч Б.Огийн ээмэг, бөгж зэрэг нийт 102 ширхэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1 186 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.О, гэрч Д.Бын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хулгай хийсэн ээмэг, бөгжийг хохирогчид биет байдлаар нь буцаан өгч хохиролгүй болгосон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Л нь мөрдөн байцаалтын явцад ээмэг, бөгжийг хохирогч Б.Од хүлээлгэн өгч, хохиролгүй болгосон, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Лг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Лг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Лг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Лд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН