Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2016/ШЦТ/02

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.Мөнхням

Улсын яллагч: Р.Очирсүрэн

Хохирогч Б.Бадрах-Ерөөл

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл   /ҮД: 0463/

Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ /ҮД:0642/

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Э.Уянгасайхан /ҮД:0173/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, С.Э, Н.Б нарт холбогдох эрүүгийн ..............дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, ...........ний өдөр Төв аймгийн .......... төрсөн, 21 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт ..........тоотод түр оршин сууж байгаа урьд ял шийтгэлгүй, Х.Б.Б /РД:............./.

 

2. Монгол Улсын иргэн, ............-ний өдөр ........төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн Барилга архитектурын 3 дугаар курсын оюутан, ам бүл .......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.С.Э/РД:............../.

 

3. Монгол Улсын иргэн, .......-ны өдөр ........... төрсөн, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Хандок” ХХК-нд засвар үйлчилгээний туслах ажилтай, ам бүл ............ тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Э.Н.Б /РД .........../. 

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Б, Н.Б, С.Э нар нь согтуугаар бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 58 дугаар гудамжны 07 тоот хашаанд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Б.Бадрах-Ерөөлийг “Хашаанд дагаж орж ирлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 85 дугаар гудамжинд найз болох Н.Б С.Э нартай уулзаж машин дотор сууж байсан. Тэгээд Н.Б бие засах гээд машинаас гарахад цаана явж байсан 3 залуу Н.Быг дуудсан байсан. Тэгээд Н.Бын араас нь С.Э буугаад явсан. С.Э Н.Б хоёр машинд буцаж орж ирэхгүй удаад байхаар нь би араас нь очоод юу болсон талаар асуухад С.Э, Н.Б хоёртой уулзаж байсан 3 залуугийн нэг нь намайг цохиод унагасан. Тэгээд намайг цохисон хойно С.Э, Н.Б бид гурав хажуу талын хашаа руу ороход нөгөө залуучууд бид нарын араас орж ирсэн. Тэгээд эргээд харсан чинь хохирогч газар унасан байхаар нь би нуруу руу нь нэг удаа өшиглөсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э  мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 85 дугаар гудамжинд Б.Б, Н.Б бид гурав машин дотор сууж байхад Н.Б бие засах гээд машинаас гарсан. Тэгээд би удаагүй араас нь гарахад 3 залуу бид хоёрыг дуудсан. Тэгээд бид хоёрын араас Б.Б машинаас гэрч ирэхэд нөгөө гурван залуугийн нэг нь Б.Быг цохиод унагасан. Тэгээд Н.Б бид хоёр Б.Быг аваад хажуу талын хашаа руу орсон чинь нөгөө залуучууд бид нарын араас орж ирсэн. Тэгээд Ууганбаяр гэдэг залуу нь над руу дайраад байсан. Тэгээд зодоон болж байхад би хохирогч Бадрах-Ерөөлийн нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд хохирогчийг газар унасан байхад нь Б.Б, Н.Б хоёр нуруу нь цохиж байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэгт: “…2016 оны 9 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 85 дугаар гудамжинд Б.Б, С.Э бид гурав машин дотор нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд би бие засах гээд машинаас буухад гурван залуу намайг дуудсан. Тэгээд нэг залуу нь Б.Бын цохиод унагасан. Тэгээд манай найз Отгондаваа бид нарыг салгаад хашаа руугаа оруулахад нөгөө залуучууд бид нарын араас дагаад ороод ирсэн. Тэгээд зодоон болж байхад хохирогч газар унасан байхаар нь хохирогчийн нуруу руу өшиглөсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бадрах-Ерөөл мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 8-наас 09-нд шилжих шөнийн 22-23 цагийн үед хоёр найзтайгаа Сонгинохайрхан дүүгийн 1 дүгээр хорооны 58 дугаар гудамжаар ороод явж байсан. Тухайн үед би гар утсаар яриад хоёр найзаасаа хойно явж байхад манай хоёр найзын урдаас нь саарал өнгийн Приус-20 загварын машин замын хажууд гэрлээ хурц асаагаад зогсож байсан. Тэгэхээр нь манай хоёр найз гэрлээ шилжүүлээч гэхэд машин дотроос 3 залуу бууж ирээд манай хоёр найзтай маргаж байсан. Тэгээд маргаж байсан залуучууд хажуу талын хашаа руу яваад орсон. Тэгэхээр нь би найз нараа дагаад хойноос нь ороход нэг залуу намайг шууд цохиод унагасан. Тэгээд би өөрийнхөө нүүрийг дараад хажуу тийшээ харж хэвтэж байсан. Би зодоон болохоос 3 цагийн өмнө 1 шил архи найз нартайгаа хамт хувааж уусан байсан” гэв. 

 

Гэрч Н.Шинэ-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 09 дүгээр сарын 08-ны Бадрах-Ерөөлийн машиныг засварт өгөөд найз Ууганбаяртай утсаар яриад Толгойтод уулзаад 0,5 литрийн Соёрхол гэдэг архийг найз Батбаярын гадаа гурвуулаа хувааж уучихаад Батбаярынхаас хойшоо Бадрах-Ерөөлийг унаанд суулгаж өгөх гээд гэр хорооллын гудамж дундуур явсан. Шөнийн 23-аас 00 цагийн орчим Толгойтын 58 дугаар гудамжинд замын голд саарал өнгийн приус-20 маркын автомашин гэрлээ асаасан, хаалга нь онгорхой зогсож байсан, хажууд нь хоёр залуу цаашаа хараад шээгээд зогсож байхаар нь согтуу машин барьлаа гээд манай найз Ууганбаяр хэлээд Ууганбаяр бид хоёр эхэлж нөгөө шээж байсан хоёр залуу дээр очсон. Бадрах-Ерөөл хойно бага зэрэг хоцроод явж байсан. Тэгээд эхлээд нөгөө хоёр залуу ойлгох шиг болсон сүүлд нь араас нь бас нэг залуу приус машинаас гарч ирээд нөгөө согтуу залуучууд хүний хэлснийг ойлгохоо болиод бид нартай маргалдаж байгаад манай хамаатны хашаа Жаргалбаатарын уруу орсон. …Тэгсэн чинь намайг нэг нь цохиод авах шиг болсон би нүүрээ дараад доошоо тонгойгоод зугтсан чинь хойно Бадрах-Ерөөл ёо ёо болиоч гээд дуугарахаар нь буцаад очсон чинь бид нарыг зодсон залуучууд Жаргалбаатарын хашаанд байсан гэр лүү гүйгээд орцгоосон. Тэгээд Бадрах-Ерөөлийг босоорой гэхэд босч чадахгүй газар суугаад байсан. Түргэний эмч ирж Бадрах-Ерөөлийг үзээд гэмтэл орсон” гэжээ /хх-53-р тал/

 

Гэрч А.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 9 сарын 08-ны өдөр үдээс хойш манайд Ууганбаяр, Шинэ-Эрдэнэ, Бадрах-Ерөөл гэх гурав найз маань ирсэн. Тэр гурав хашааны гадаа 0,5 литрийн архи хувааж уусан, би хоол хийж байсан учраас архи уугаагүй. Ингээд нилээн харанхуй ч болсон Бадрах-Ерөөл гэртээ харихаар болоод Ууганбаяр, Шинэ-Эрдэнэ 2 түүнийг дөхүүлж өгөхөөр явсан. Тэгээд шөнийн 00 цагийн үед би Шинэ-Эрдэнийн гар утас руу залгаад ярьтал цаана нь хүмүүс хэрэлдэж байгаа бололтой дуугараад байхаар нь 3 найзынхаа араас явсан. Би тэр 3-ыг хаагуур явдагыг мэддэг учраас замдаа хүмүүстэй маргалдаж байна гэж бодоод явсан замаар нь яваад очтол Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 5-07 тоот хашааны гадна хэдэн хүүхдүүдтэй маргалдаж байсан. Тэр хэдэн хүүхдүүд манай найз Шинэ-Эрдэнийг зодох гээд дайраад байхаар би салгасан. Тэгсэн манай найз нартай маргалдсан залуучууд 07 тоот хашааруу ах нараа уучлаарай гээд орцгоосон. Бид нар араас нь орсон. Хашаанд ороод нэг залуу нь Ууганааг цохиж аваад бүгд нийлээд зодсон. Тэнд бид нартай маргалддаг залуучууд хэдүүлээ байсныг би мэдээгүй. Тэгээд Бардах -Ерөөл, Шинэ-Эрдэнийн хажууд зогсож байхад нөгөө хэд нийлээд зодсон. Бадрах-Ерөөлийг арай л аймаар зодсон. …Цагдааг миний 88082067 дугаарын утсаар Ууганаа залгаж дуудсан. Бадрах-Ерөөл зодуулсан газраасаа босож чадахгүй байсан тул түргэн дуудаад, түргэний эмч ирээд Бадрах-Ерөөлийг үзээд бид нар түргэний машинд суугаад зам дөхөж, тэндээсээ такси бариад гэмтлийн эмнэлэг орсон” гэжээ. /хх-62-р тал/

 

Гэрч Д.Бямбацэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “…2016 оны 9 дүгээр сарын эхээр буюу 08-ны үеэр санагдаж байна. Тэр өдөр нилээн орой болсон байсан. Отгондаваа гэртээ орж гараад найз нар нь гадаа ирсэн гэж байсан. Тэгээд шөнийн 00 цагийн үед гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь би гарч хартал гаднаас баахан хүмүүс хашаанд орж ирсэн байсан. Нэг харсан чинь Бадрах-ерөөл гэх хүн Энхсайхантай зодолдож байсан. Тэр хохирогч гээд байгаа Бадрах-Ерөөл гэх хүн нь газар унасан байсан. С.Эдээр нь гарсан тэр Бадрах гэх хүнийг гараараа цохиж байгаа харагдсан. Хажуунаас нь Б.Б, Н.Б 2 тэр хүний хөл, нурууруу нь нэг нэг удаа өшиглөж байхыг би харсан. Тэгээд Отгондаваа тэр хэдийг салгасан санагдаж байна. Би хажуу айлын Жаргалбаатар ахыг эхнэртэй нь цонхыг нь нүдэж дуудсан. Тэгээд Жаргалбаатар ах, эхнэртэйгээ гарч ирээд тэр хэдийг салгалцсан. Дахиж өөрөөр зодоон болоогүй ээ. Зодоон болоод дууссаны дараа удаагүй байхад цагдаа ирээд Отгондаваа, Б.Б, Н.Б, С.Энарыг аваад явсан” гэжээ. /хх-49-р тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ¹12612 тоот дүгнэлтэд:

Б.Бадрах-Ерөөлийн биед сээрний 8 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, тархи доргилт, нуруунд цус хуралт, хүзүү, зүүн чихэнд зулгаралт, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жумрын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдалдуулна” гэжээ. /хх- 76-р тал/

 

Хохирлын баримт /хх-22-30, 209-213/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-145, 154, 169/, Ял шалгах хуудас /хх-133, 134, 135/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-146-148, 159-160, 170-171/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Б, Н.Б, С.Э нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 58 дугаар гудамжны 07 тоот хашаанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн Б.Бадрах-Ерөөлийг “Хашаанд дагаж орж ирлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хохирогчийн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Шинэ-Эрдэнэ /хх-53-р тал/, гэрч А.Батбаяр /хх-62-р тал/, гэрч Д.Бямбацэцэг /хх-49-р тал/ зэрэг мэдүүлэгүүдээр, хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹12612 дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн шатанд хохирогч Б.Бадрах-Ерөөл нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо гаргуулж авсан тул гомдол, саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 Шүүгдэгч Б.Б, Н.Б, С.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэм хорыг арилгасан, тэдний хувийн байдлыг харгалзан үзэж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Б.Б,

    Шүүгдэгч Борж овогт Сугардоржийн Энхсайхан,

    Шүүгдэгч Э.Н.Б нарыг бүлэглэн, согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, С.Э, Н.Б нарыг тус бүрийг 3 /гурван/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Б, С.Э, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг дурдсугай.

 

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        И.ГАНБАТ