| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2022/0057/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/131 |
| Огноо | 2022-03-29 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,
Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,
Шинжээч Д.Энхтүвшин,
Шинжээч А.Цэнд-Аюуш,
Иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэцогт,
Шүүгдэгч Ш.Э, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Эд холбогдох эрүүгийн 2134000310132 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Ш.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Э нь “2019 оны 08 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэлгэрхайрхан уулын баруун ам” гэх газар нөхөн сэргээлт хийх нэрийн дор урьд нь хөндөгдөж байгаагүй эрүүл газарт зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 33.428.014 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ш.Э нь: “Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас нэмж ярих зүйлгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэцогт нь: “Иргэний нэхэмжлэгчийн хувьд мэргэжлийн байгууллагаас тогтоосон 33.428.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж оролцож байна. Мөн хуульд зааснаар уг хохирлыг 3 дахин нэмэгдүүлж төлүүлэх саналтай байна” гэв.
Шинжээч Д.Энхтүвшин нь: “Манай компанийн зүгээс газар дээр нь очиж хэмжилт хийж дүгнэлтээ гаргасан. Өмнөх компани нь нэлээн том талбай дээр үзлэг хийсэн байсан. Бид нар хариуцагчийн төлөөлөгчтэй явж үзлэг хийсэн. Өмнө нь гар аргаар алт олборлогчдын ухаж сүйтгэсэн талбайг зааглаж үзлэг хийсэн учраас манайхаас гарсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ болсон нийт талбай нь 2.052 га газраар бодогдсон. Хохирлын үнэлгээ тооцох аргачлалын дагуу хөрс ургамал, эдэлбэр газрын хохирлын үнэлгээг тооцоогүй. Яагаад гэвэл тухайн газар эвдэгдээд удсан. Тухайн аргачлал дээрээ шимт хөрснөөс дээж аваад тэрний ялзмагийг тодорхойлоод тухайн хохирлын тооцох ёстой. Гэтэл ямар ч тийм боломж байгаагүй. Байгалийн 6 үзүүлэлтээр хохирлын тооцдог. Гэтэл 3 нь тооцогдоогүй учраас үнэлгээ бага гарсан. Хамгийн их хохирол нь усан орчны экологи эдийн засгийн үнэлгээ байгаа” гэв.
Шинжээч А.Цэнд-Аюуш нь: “Манайх дүгнэлтээ гаргахдаа мөрдөгчийн хэргийн газрын үзлэгээр авагдсан зургуудыг үндэслэж гаргасан. Мөрдөгчийн хэргийн газарт авагдсан зургуудаас үзэхэд талбайн хэмжээ нь тэгж гарч байсан. Дараагийн шинжээчийн талбайг би ойлгохдоо хариуцагч нь манай дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэтэрхий том талбайг хамруулсан байна. Би өөрөө байлцаж байгаад дахин шинжээч томилуулмаар байна гэж хүсэлт гаргаад прокурор шинжээч томилсон. Хариуцагч нь үйл ажиллагаа явуулсан талбайгаа зааж өгөхөд мөрдөгчийн анхны талбайгаас нь хамаагүй бага талбай байсан учраас хохирлын хэмжээ багассан. Хөрс, ургамал зэргийг тооцоогүй гэж байна. Талбайн хэмжээ багассан, өмнө нь эвдэгдсэн газар учраас хөрснөөс дээж авах боломжгүй байна гэсэн шалтгаанаар хөрс, ургамлын хохирлын тооцоогүй байх боломжтой. Манай хувьд мөрдөгчийн тогтоолоор авагдсан зургуудын дагуу үзлэг хийхэд талбай нь тийм хэмжээтэй байсан. Өмнө гар аргаар нинжа нар ухаж байсан ч гэсэн техникээр ухсан юм шиг түрж ухаагүй. Цооноглож ухсан учраас нийт талбайн 50 хувьд хөрс ургамлын тооцоод хохирлын үнэлгээ гаргасан. Д.Энхтүвшин шинжээчийн дүгнэлтээр талбай нь хөндөгдсөн газар дээрээс нь нинжанууд талхлаад эвдсэн газруудыг нь хэмжсэн учраас хөрс ургамал тооцох боломжгүй байсан болов уу гэж бодож байна” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2134000000462 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Ш.Э нь “2019 оны 08 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэлгэрхайрхан уулын баруун ам” гэх газар нөхөн сэргээлт хийх нэрийн дор урьд нь хөндөгдөж байгаагүй эрүүл газарт зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 33.428.014 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ш.Э нь “2019 оны 08 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэлгэрхайрхан уулын баруун ам” гэх газар нөхөн сэргээлт хийх нэрийн дор урьд нь хөндөгдөж байгаагүй эрүүл газарт зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 33.428.014 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.
Шүүгдэгч Ш.Эы холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-үүд нь байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Шүүгдэгч Ш.Эы Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Дэлгэрхайрхан уулын баруун ам” гэх газарт зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэх шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Тэрээр энэхүү тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлосон өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч нарын санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос тэдэнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Ш.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.Эыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч Ш.Э нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулахдаа улсын дугааргүй Хьюндай эксковатор 150 маркийн тээврийн хэрэгсэл ашигласан байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ш.Эы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Хьюндай эксковатор 150 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 5.580.000 /таван сая таван зуун наян мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ: “...Шүүгдэгч Ш.Э нь байгаль экологид учруулсан хохирол 98.862.610 төгрөгийг хохирол учруулсан гэж шүүхээс дүгнэсэн. Үүнээс шүүхийн шатанд 33.428.034 төгрөг төлсөн. Завсарлагын авсан хугацаанд 7.000.000 төгрөг төлж нийт 48.2428.034 төгрөгийн хохирлын төлсөн бөгөөд үлдэгдэл хохирол болох 58.434.776 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Мөн шүүгдэгч Ш.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоосон. Шүүгдэгч Ш.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид биечлэн эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгч Ш.Э өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Шүүгдэгч Ш.Э нь гэмт хэрэг үйлсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 33.428.014 төгрөгийг төлсөн. Байгаль экологид учруулсан хохирол нийт 98.832.814 төгрөг төлөхөөс өнөөдрийн байдлаар 40.428.034 төгрөгийг төлсөн. Үлдсэн хохирол болох 58.434.776 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч Ш.Эы хувьд хувиараа бизнес эрхэлдэг. Уг бизнес нь улирлын шинжтэй. Үлдсэн хохирлыг 5-6 сарын хугацаанд төлөх боломжтой гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн. Иргэний нэхэмжлэгч талаас хугацаандаа хохирол төлбөрөө төлбөл гомдол саналгүй гэж мэдэгдсэн. Эдгээр байдлыг харгалзан үзэж улсын яллагчаас оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. Албадлагын арга хэмжээ авч хохирол төлөх хугацааг тогтоож өгөх шүүхийн эрх мэдлийн асуудал” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Ш.Эд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа байгаль орчинд учруулсан хохирлоо тодорхой хэмжээнд төлж байгаа байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгчийн хувийн байдлын харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар болон оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах хугацааг 2022 оны 12 ?? өдрөөр тогтоох нь зүйтэй байна.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ш.Эы гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд болон экологи эдийн засгийн нөхөн төлбөрт нийт 98.832.814 /ерэн найман сая найман зуун гучин хоёр мянга найман зуун арван дөрөв/ төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Ш.Э нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлын 40.428.034 /дөчин сая дөрвөн зуун хорин найм мянга гучин дөрвөн/ төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 58.434.776/тавин найман сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгч Ш.Эаас 58.434.776/тавин найман сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн 2134000310132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ш.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Эыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулан ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ш.Эыг гэмт хэргийн хор уршгийг 2022 оны 12 дугаар сарын 1-ны дотор арилгахыг, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Эд тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 2 /хоёр/ хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Э нь 40.428.034 /дөчин сая дөрвөн зуун хорин найм мянга гучин дөрвөн/ төгрөг төлсөнг дурьдаж, 58.434.776 /тавин найман сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй “Хьюндай эксковатор 150” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох нийт 5.580.000 /таван сая таван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн 2134000310132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ш.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА