| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0048/З |
| Дугаар | 128/ШШ2020/0288 |
| Огноо | 2020-05-05 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2020/0288
2020 оны 05 сарын 05 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2020/0288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.М
Хариуцагч: НДЗД,
Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/153 дугаар захирамжийн нэхэмжлэгч М.М холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь.
Нэхэмжлэгч М.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 389 дүгээр захирамжаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 20000 метр квадрат газрыг надад 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу Налайх дүүргийн Газрын албатай 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, 000432655 дугаартай гэрчилгээ авч уг газрыг хуулийн дагуу эзэмших эрх үүссэн.
Ийнхүү дээрх газрыг эзэмшиж эхэлснээс хойш хууль болон гэрээнд заасны дагуу газрыг зориулалтын дагуу эзэмшиж ирсэн. Тухайн газар дээр хаягдал төмрийн дахин боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхэлсэн бөгөөд 7 жилийн хугацаанд үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж, үйлдвэрийг байгуулахад нийт 700.000.000 /долоон зуун сая/ гаруй төгрөг зарцуулж үйлдвэрийг барьсан. 2019 оны 11 дүгээр сараас эхлэн үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон одоо үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа.
Уг газар дээр 500 метр квадрат талбай бүхий төмөр боловсруулах үйлдвэрийн барилга, 15 өрөө бүхий оффис, үйлдвэрийн ажилчид суух орон сууцны байшин, 2 ширхэг гүний худаг, 10.000 кВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, үйлдвэрлэлийн зориулалтаар зассан бетонон талбай байгаа. Мөн миний бие өөрийн эзэмшил газраа төмрөөр хашиж, хилийн заагийг тэмдэгжүүлсэн.
Налайх дүүргийн Засаг дарга 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/153 дугаар захирамжаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан журмын дагуу сонсгох ажиллагаа хийгээгүй, захирамжаа надад албан ёсоор танилцуулаагүй хууль зөрчсөнөөс гадна маргаан бүхий актыг гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй болно. Миний бие Газрын тухай хууль болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний үүргээ зөрчөөгүй, газрыг зориулалтын дагуу эзэмшиж, газрын төлбөрийг тухай бүрт төлж ирсэн.
Миний газар эзэмших эрхийг Налайх дүүргийн Засаг даргаас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/153 дугаар захирамжаар цуцалсан байгаа бөгөөд уг актын улмаас иргэн миний газар эзэмших эрх, газар дээр барьж байгуулсан 700 гаруй сая төгрөгийн эд хөрөнгөө зохих ёсоор эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсгох ажиллагаа явуулаагүй хууль зөрчсөн болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хууль бус захиргааны актын улмаас М.М миний газар эзэмших эрх, уг газар дээр байрлах эд хөрөнгийн эрх зөрчигдсөн болохыг тогтоож, Налайх дүүргийн Засаг даргаас 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/153 дугаар захирамжийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Хариуцагч нь маргаан бүхий актын талаар мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, газар чөлөөлөх тухай огт яригдаагүй. Хуулийн дагуу 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гарсан байхад түр хугацаанд газрыг эзэмшиж байгаа, газрыг чөлөөлөхгүй байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Захиргааны ерөнхий хуульд захиргааны байгууллагын хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж байдаг. Энэ утгаараа захиргааны байгууллага, эрх бүхий этгээдээс өгсөн зөвшөөрөл, эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг иргэд хуулийн дагуу итгэж үл хөдлөх хөрөнгөө байршуулсан. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэрлүүлэхгүйгээр Төрийн байгууллага өөрсдөө тухайн нутаг дэвсгэртээ иргэдэд үйлчилдэг, иргэдийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг, зохицуулалт хийдэг эрх бүхий этгээд юм. Төрийн байгууллагад хүсэлтээ өгсөн хүсэлтийн дагуу газар эзэмших эрх олж авсан байхад газар дээр барьж байгаа эд хөрөнгийг хэрхэх талаар мөн захирамж, гэрчилгээнд заасан гэрээний хугацаа дуусаагүй байхад газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь захиргааны байгууллага итгэл хамгаалах зарчмыг илтэд зөрчиж байна. Нэхэмжлэгч нь замын барилга байгуулахын тулд хийсэн суурин дээр нэхэмжлэгч нь төмөр боловсруулах үйлдвэрлэл явуулах зорилгоор үргэлжлүүлж байгаа. Шүүхэд үзүүлэх зорилгоор тоног төхөөрөмж, аж ахуйн бүх зүйл нийлүүлсэн, 10000 киловатт хүчдэл, гүний худаг гаргасан. Эдгээр хөрөнгийн асуудлыг шийдэхгүйгээр, үндэслэлгүйгээр, сонсох ажиллагаа хийхгүйгээр цуцалсан нь хууль бус юм.
Үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан бөгөөд мөнгө нэхдэг Засаг даргын үйлдлийг таслан зогсоож, үндэслэлгүй гаргасан Налайх дүүргийн Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, үйлдвэр үйлчилгээ явуулах боломжгүй, зориулалтаар нь ашиглаагүй гэж хэлчхээд одоо дуудлага худалдааны үнийг төлөөд авах боломжтой гэж байгааг анхаарч гэдгийг анхаарч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хуульд заасан үндэслэлгүй байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны А/153 дугаар захирамжийн нэхэмжлэгч М.М холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч М.М маргаан бүхий газрыг 2012 онд Зам тээвэр, хот байгуулалтын яамны санхүүжилтээр Налайх, Тэрэлжийн чиглэлийн 30.2 км авто замыг шинэчлэх ажлыг Хятадын хөрөнгө оруулалттай “Д ф” ХХК хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байсан ба дээрх ажлын хүрээнд тус газрыг зам ангийн зориулалтаар ашиглуулах хүсэлт гаргаж тус газрыг каймпийн зориулалтаар одоо байгаа газраа 6 сар ашиглах эрх авсан ба тухайн үед М.М “Д ф” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Замын ажлыг гүйцэтгэж дуусаад газрыг чөлөөлөөгүй. Өөрийн нэрээр газар эзэмших хүсэлт гаргаж газрыг эзэмшсэн.
Гүйцэтгэх захирал гэдэг нэрээр газрыг эзэмшиж явж байгаад М.М гэдэг иргэний нэрээр газраа авсан. Нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий газар зам ангийн зориулалтаар ашиглаж байсан хашаа, түр сууц зэрэг нь зам ангийн зориулалтаар ашиглаж байсан зүйлс ба нэмэгдсэн зүйл байхгүй. Хаягдал төмрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй. Захиргааны байгууллагаас зөвшөөрөл дүгнэлт гаргуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байх ёстой. Мөн татвар төлж байгаагүй зэргээс харахад 2013 оноос 2019 он хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаагүй нь харагдаж байна. Газраа хоёр жил дараалан ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзсэн. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь гэрээ хийснээс хойш 2 жилийн хугацаанд газар дээр барилга байгууламж барих, нүдэнд харагдахуйц бодит зүйл хийсэн байх ёстой. Гэтэл 6 жилийн хугацаанд эзгүй зэвэрсэн вагончиг байгаа мөн манаач ажиллуулж байгаа үүнийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй. Иймд М.М газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох, мэдэгдэх ажиллагааг удаа дараа хийсэн ба утсаар ярихад хэл амаар доромжилдог байсан. Биечлэн ирж уулздаггүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлдөггүй үлдэгдэлтэй байдаг. 5 жилийн хугацаатай хийсэн гэрээг шинэчлэх шаардлага тавихад ирдэггүй гэх мэт гэрээнд сайн дураар оролцох үүргээ биелүүлдэггүй. Өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байдаг. Тухайн газрыг зөв зохистой эзэмшүүлэх нь тухай шатны Засаг даргад байдаг үүний дагуу үйлдвэр, үйлчилгээний зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй байна гэдэг үндэслэлээр газрын эрхийг цуцалсан нь тодорхой юм. Газар эзэмших хүсэлт гаргахдаа М.М өөрөө хүсэлт гаргаагүй “Д Ф” ХКК-ийн өмнөөс хүсэлт гаргасан. 2012-2013 оны хооронд зам барьж дуусах хооронд газрыг эзэмшье гэсэн хүсэлт гаргасан байсан. 2012 оноос захирамж гарсан 2013 оны 01 дүгээр сараас гэрээ байгуулан үйл ажиллагаа эхэлсэн ба 6 жилийн хугацаа дууссан. Захирамжийн үндэслэх хэсэгт байгаа ба Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт захирамж, шийдвэр, хууль зөрчсөн бол тухайн шатны Засаг дарга хүчингүй болгох эрхтэй гэсэн зохицуулалт байгаа. Иймд М.М газар ашиглах эрхийн гэрчилгээг хуулийн дагуу цуцалж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Налайх дүүргийн Засаг даргын 389 дугаартай захирамж алдаатай гарсан захирамж. Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нь үүнийг нотолсон гэж үзэж байна. Маргаан бүхий газар нь бага газар биш 20000 м.кв газар юм. Газрын зориулалт нь онцлог буюу үйлдвэр, үйлчилгээний зориулалттай. Үйлдвэр үйлчилгээг барихад хугацаа ордог хэдий ч тухайн шатны Засаг дарга холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч суурь, хундаам цутгах зэргээр ийм зүйл хийсэн гэсэн зүйл байхгүй, хавтаст хэрэгт баримтжуулж өгөөгүй. Налайх дүүргийн Газрын албанд ч өгөөгүй. Газрын үзлэг товлогдоход газар дээр хэдэн ч зүйл аваачиж болно. Газар эзэмших эрх хүчингүй болсноос хойших ба газар дээр бодитоор үйлдвэр, үйлчилгээний зүйл байхгүй. Зам ангийн хэрэглэж байсан эд хөрөнгө байсан.
Анх 2012 онд “Д ф” ХХК буюу зам ангийн компани нь тухай газрын зам барьж дуусах хугацаанд ажилчдаа байлгах хүсэлт гаргасан. Налайх дүүргийн Газрын алба нь нэхэмжлэгчид үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар олгосон. Үүнээс хойш Налайх дүүргийн Засаг дарга газар дээр үйлдвэр, үйлчилгээ барих боломж олгосон. 2012 оноос 2020 он хүртэл 8 жилийн хугацаанд зам анги хийж бүтээсэн ажилчдын байр л байгаа өөр зүйл байхгүй. “Д ф” ХХК нь тухайн газрыг түр ашиглах гэсэн хүсэлт гаргаж байхад М.М эзэмшүүлсэн нь алдаатай. Нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэл зориг нотлогдоогүй учир хууль бус үйлдэл мөн. М.М газрыг авах байсан бол газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар авах ёстой. М.М тухайн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлж авч болох байсан. Гэтэл нэхэмжлэгчид төр 15 жил хугацаатай үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар Монгол Улсад ашигтайгаар байлгах үүднээс газрыг олгосон байгаа ба үнэгүй боломж олгосон. Энэ нь хууль зөрчсөн зүйл юм. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх” гэж заасан ба Төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгчид олгосон үүрэг юм. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй мөн Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт дүүргийн Засаг дарга энэ захирамжийг алдаатай байсан эсэхийг эцэслэн шийдвэрлэх эрхийг хуулиар олгосон. Маргаан бүхий захиргааны акт дээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хэрэглэсэн боловч хуулиар уг маргааныг алдаатай захирамж байвал тухай шатны Засаг дарга болон шүүх эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж хуульчилж өгсөн. Газрыг 2 жил дараалан ашиглаагүй, газрыг хууль ёсны эрхийн хүрээнд хүсэлт гаргаж аваагүй, дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй учир дээрх захирамжийн хүчингүй болгосон Налайх дүүргийн Засаг даргын шийдвэр буюу 2019 оны А/153 дугаар захирамж нь зөв шийдвэр юм. Маргаан бүхий газрыг үр ашигтайгаар өөр аж ахуй нэгж, төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар анхны үнийг төлөх ба нэхэмжлэгч нь дуудлага худалдааны үнийг төлөөд газрыг авах боломжтой. Хэн нэгэн этгээдэд эзэмшүүлэх эрх нь Налайх дүүргийн Засаг даргад байгаа ба 2012 оны 389 дүгээр шийдвэрийг өнөөдөр буцааж сэргээж болох үндэслэл хуулийн хүрээнд байхгүй гэж үзэж байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь “Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/153 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан ба шүүх хуралдаан дээр “...уг захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тодруулсан болно.
Нэхэмжлэгчийн зүгээс “...газрыг эзэмшиж эхэлснээс хойш хууль болон гэрээнд заасны дагуу газрыг зориулалтаар нь ашиглаж ирсэн, .... хаягдал төмрийн дахин боловсруулах үйлдвэр байгуулахад их хэмжээний хөрөнгө зарцуулсан, ... эзэмшил газраа төмөр хашаагаар хашиж хилийн заагийг тэмдэгжүүлсэн, мэдэгдэх сонсох ажиллагаа хийхгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргаж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, захиргааны байгууллага хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрсөн” хэмээн маргасан бол хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “...Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа зориулалтын дагуу ашиглаагүй”, ... гэрээ хийснээс хойш хоёр жилийн хугацаанд газар дээр барилга байгууламж барих, нүдэнд харагдахуйц бодит зүйл хийгээгүй, ... зургаан жилийн хугацаанд эзгүй зэвэрсэн вагончиг байгаа мөн манаач ажиллуулж байгаа үүнийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй, ... Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох, мэдэгдэх ажиллагааг удаа дараа хийх талаар утсаар ярихад хэл амаар доромжилдог, биечлэн ирж уулздаггүй, хууль ёсны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаагүй, дуудлага худалдааны зарчмаар газраа эзэмшээгүй” зэргээр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
Шүүх үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг харьцуулан судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэв.
Нэг. Үйл баримтын хувьд,
Маргаан бүхий газрыг 2012 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны санхүүжилтээр “Налайх Тэрэлж чиглэлийн 30.2 км автозамыг шинэчлэх ажил”-ыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хөрөнгө оруулалттай “Д ф” ХХК хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байсан ба тус компанийн дэд захирал М.М Налайх дүүргийн 1 дүгээр хороо Багануур, Тэрэлжийн зам салах уулзвараас 3 км газарт ажлын түр байр кэмп байгуулан, 2012 оны 7 дугаар сарын 23-наас 2013 оны 11 дүгээр сарын 01 хүртэл ажиллах шаардлагатай тул газар эзэмших эрх хүсч, Налайх дүүргийн Засаг даргад өргөдөл гаргажээ.
Үүний дагуу маргаан бүхий газрыг Налайх дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” 389 дүгээр захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хороонд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар 20000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар иргэн М.М эзэмшүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 000432655 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, нэгж талбарын 18673297793442 дугаартайгаар газрын байршлын кадастрын зургийг бүртгэжээ[1].
Шүүх нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд гүйцэтгэсэн, маргаан бүхий газар дээр иргэн М.М газар эзэмших эрхийг бодитойгоор хэрэгжүүлж, бусад этгээдийн болон нийтийн эзэмшлийн газраас тусгаарлан хашиж хашаа барьсан, хашаан дотор нь тодорхой тооны эд хөрөнгө байгаа нь үзлэгийн тэмдэглэлд[2] тусгагдсан байна.
Хоёр. Захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд,
Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/153 дугаар захирамжаар М.М Налайх дүүргийн 1 дүгээр хороонд үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар олгогдсон 20000 м.кв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.[3] Хариуцагч Налайх дүүргийн Засаг дарга уг захиргааны актыг гаргахдаа, Монгол Улсын засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2: “... эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргана”, 29.3: “... хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6: “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй”, 40.2: “... 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж ... мэдэгдэнэ” гэснийг үндэслэжээ.
Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу шилжүүлэх тухай шийдвэр гаргах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх гэхчлэн зохицуулалтыг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар өөртөө хадгалж хэрэгжүүлэх бүрэн эрхүүдийг Засаг даргад олгосон байна.
Ийнхүү газрын харилцааг зохицуулсан хуулиудын хүрээнд хариуцагчийн зүгээс бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ, “газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрыг хууль ёсны эрхийн хүрээнд хүсэлт гаргаж аваагүй, дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй учир газар эзэмших тухай захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй” гэх зэргээр тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч, газар эзэмшигчид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болоогүй, энэ байдал тогтоогдож хэрэгт авагдсан баримт байхгүй байна. Түүнчлэн захиргааны байгууллага буюу Засаг даргын шийдвэрийн дагуу тухайн шийдвэрт итгэн үйл ажиллагаа явуулж мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх буюу бодит хөрөнгө гаргасан байхад бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа Засаг даргаас нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон нь хууль ёсны дагуу болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хариуцагч захиргааны байгууллага зөрчсөн, өөрөөр хэлбэл, мөнгөн дүнгээр тооцогдох хөрөнгийг нэхэмжлэгчээс гаргасныг хариуцагч анхаараагүй үүгээрээ нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн, маргаан бүхий захиргааны акт хууль бус байна. Мөн захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргах явцдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулахгүйгээр шууд шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2012 оны 389 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэж буй нэг үндэслэлээ “Газрын тухай хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаа явуулаагүй” гэж байгаа нь захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйлдэл байхын зэрэгцээ маргаан бүхий актыг уг үндэслэлээр гаргаагүй, мөн Газрын тухай 61 дүгээр зүйлийг маргаан бүхий захиргааны актдаа хариуцагч нь өөрөө дурдаагүй, үндэслээгүй байхад шүүх хариуцагчийг зөвтгөж, газрын талаарх хууль бус шийдвэрийг таслан зогсоохын тулд маргаан бүхий актыг гаргасан байна гэх боломжгүй юм.
Захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийг хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр хүчингүй болгох нөхцөлийг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлээр зохицуулсан, уг зүйлийн 48.2-т: “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт”-ыг хүчингүй болгох нөхцөлийг маш тодорхой заасан ба маргаан бүхий энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-48.2.5-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нөхцөл байгаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан “Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” талаарх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдсөн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т гэж заасан ажиллагааг хариуцагч захиргааны байгууллага бүрэн зөв явуулаагүй гэж үзэж, Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/153 дугаар захирамжийн нэхэмжлэгч М.М холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/153 дугаар захирамжийн М.М холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
[1] Хавтаст хэргийн 43-48 дугаар хуудас
[2] Нотлох баримт хавтсын 68-72-р хуудас
[3] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас