Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 35

 

 

 

   

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

Улсын яллагч Ц.Сайнхүү

Хохирогч С.Жаргалсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бэсүд овогт Содномдаржаагийн Одгэрэлд холбогдох 201607000094 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн 31 настай, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд амьдардаг, ам бүл 3, ээж дүүгийн хамт амьдардаг, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй Урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Бэсүд овогт Содномдоржийн Одгэрэл гэв.

С.Одгэрэл нь шунахайн сэдэлтээр, шууд санаатай ашиг олох зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багт байх хохирогч С.Жаргалсайханы гэрт тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж хууль бусаар нэвтэрч 21 кг ноолуур, Модун архи 1 ширхэг, монгол архи 1 литр, бэлэн 60.000 төгрөг зэргийг хулгайлж бусдад нийт 1.226.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Одгэрэл нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 06 сарын 29-ны орой гэрээсээ гарч яваад Хөндийн аманд орж хоноод маргааш нь 12 цаг болж байхад ахын гэрт ирж гэрийнх нь 3 бүсийг огтолж ороод 21 кг ноолуур, монгол архи, цагаан архи, түрийвчтэй 60.000 төгрөгийг нь авсан. Тэгээд Баян-Өндөрийн төв орсон. Ноолуураа 1.000.000 төгрөгөөр зарсан. Тэр үед би нэлээд согтуу байсан буцаж яваад архи, пиво 2 авсан. Түүнийг ууж байгаад нэг мэдсэн чинь тасраад унасан байсан босоод ирэхэд нөгөө мөнгө маань байхгүй байсан хаясан байх. Урдаас нэг танихгүй хүнээс ээмэг бөгж авсан. Баянтоорой орж ээмэг, бөгж авсан гэв.   

Хохирогч С.Жаргалсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 20-ны өдөр хонинд яваад ирэх үед гэр рүү хулгай орсон байсан. Сандраад гэртээ яваад орох үед 21 кг ноолуур 2 шил архи, 60.000 төгрөг авсан байсан. Дүү маань манай малыг хариулж өгсөн бөгөөд түүний төлбөр 300.000 төгрөг өгөх ёстой байсан. Гэтэл дүү маань ийм зүйл хийсэн байсан. Миний хохирлыг барагдуулсан байгаа гэв.

Улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Жаргалсайханы мэдүүлэг 30-рт, Нямсүрэнгийн мэдүүлэг 47-рт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудад тус тус үзлэг хийж шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтээр: Хавтаст хэргийн 39-40-рт гэрч Дэмбэрэлмөнхийн мэдүүлэг, 42-рт гэрч Нарангаравын мэдүүлэг, 72-рт ял шалгуулах хуудас, 83-84-рт багийн Засаг даргын тодорхойлолт, 19-20-рт хөрөнгө битүүмжилсэн тогтоол зэрэг нотлох баримтуудад тус тус үзлэг хийж шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Одгэрэл нь  машин механизм хэрэглэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багт байх хохирогч С.Жаргалсайханы гэрт хууль бусаар нэвтэрч 21 кг ноолуур, Модун архи 1 ширхэг, монгол архи 1 литр, бэлэн 60.000 төгрөг зэргийг хулгайлж бусдад нийт 1.226.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэн, орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр хуульд зааснаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

  Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч С.Одгэрэлд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар цагаан өнгийн металл бөгж 1 ширхэг, шар өнгийн металл ээмэг 1 хос, цагаан шигтгээтэй ээмэг 1 хос, ногоон шигтгээтэй цайвар металл бөгж 1 ширхэг хураагдсан бөгөөд дээрхи эд зүйлийг шүүгдэгч С.Одгэрэл нь  хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдаас хууль бусаар авсан ноолуураа зарж борлуулсан мөнгөөрөө худалдан авсан байх тул гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүд болон гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-200 маркын, рамны LXYPCML04D0417425, моторын DA1119261 дугаартай улаан өнгийн мотоцикль 1 ширхэгийг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хураан авч улсын орлого болгох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч С.Одгэрэл нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, С.Одгэрэлийн ДР85060615 регистрийн дугаартай иргэний үнэмлэх шүүхэд ирсэн зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

 

 

                   

       

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бэсүд овогт Содномдаржаагийн Одгэрэлийг бусдын эд хөрөнгийг машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Бэсүд овогт Содномдаржаагийн Одгэрэлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Одгэрэлд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан С.Одгэрэлд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Одгэрэлийн засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Б.Лхагва-Очир нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдэх болон захиргааны шийтгэл хүлээсэн бол эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг сануулсугай.

7.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-200 маркын, рамны LXYPCML04D0417425, моторын DA1119261 дугаартай улаан өнгийн мотоцикль 1 ширхэг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 20000 төгрөгийн үнэтэй зуйван хэлбэртэй толгойтой жижиг шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, 25000 төгрөгийн үнэ бүхий шар өнгийн металл ээмэг 1 хос, 30000 төгрөгийн үнэ бүхий цайвар өнгийн металл ээмэг 1 хос,  ногоон шигтгээтэй цайвар өнгийн металл бөгж 1 ширхэгийг тус тус хураан авч улсын орлого болгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар битүүмжилсэн 310 толгой ямаа, 100 толгой хонийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

9. Шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.Одгэрэлийн ДР85060615 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА