Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 150

 

З.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00866/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 936 дугаар шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Б- овогтой З-ын А-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Б овогтой Ч-ын Э-д холбогдох

          “Эх байх эрхийг хасуулж, хүүхдийн асрамжийг өөрчлөн тогтоолгох” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Ч.Э-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч З.А-ээс:

Ч.Э- бид 2 1999 онд танилцан гэр бүл болсон ба бидний дундаас А.Алтаншагай 2004 оны 12 дугаар сарын 18-нд төрсөн. Би амьдралаа дээшлүүлэх зорилгоор Япон улс руу 2005 оны 07 дугаар сарын 09-нд явсан. Тэрээр намайг Япон явсны дараахан хүүхдийг миний ээж дээр орхиод өөрийнхөө дагавар хүүхэд П.Анужинг Төв аймгийн эмнэлэгт өвчтэй байхад нь хаяад шинэ нөхөр дагаад Дархан руу явсан байдаг. 2013 онд гэрлэлт цуцлах нэхэмжлэл гаргасан байдаг ба миний хүүхэд ээжийнхээ барааг 8-н жил огт хараагүй огт таних ч үгүй юм. Шүүх гэр бүлийг цуцалж миний хүү А.Алтаншагайг огт танихгүй ээжийнх нь асрамжинд өгч тэтгэлэг гаргуулах шийдвэр гаргасан. Ч.Э- нь 2013 онд миний хүүхдийг надаас аваад өөрийнхөө эгч дээр орхиод Дархан руу явсан байдаг. Би 2005 оноос 2016 он хүртэл Ч.Э-ыг барааг хараагүй. Миний хүүхэд хаана байгааг би олон сар хайж байгаад 2-р  сургуульд сурдаг болохыг олж мэдсэн. Ч.Э- Гэр бүлийн тухай хуульд                                                                                заасан  хүү  А.Алтаншагайг  тэжээж  тэтгэх,  асран  хамгаалах,   сурган  хүмүүжүүлэхээс татгалзсан учир эх байх эрхийг хасуулж одоо бүтэн өнчирсөн байгаа хүү А.Алтаншагайгийн асрамжийг тогтоолгохоор нэхэмжилж байна. Иймд Ч.Э-ыг А.Алтаншагайгийн эх байх эрхийг хасаж хүүхдийн асрамжийг шинээр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Э-аас:

Миний бие Ч. Э- нь З.А-тэй 2001 онд гэр бүл болж 2004 оны 12 дугаар сарын 18-нд хүү А.Алтаншагай төрсөн. Хамт амьдарсан 4 жилийн хугацаанд огт ажил төрөл хийж байгаагүй, мэргэжил боловсролгүй нэгэн байсан. Миний төрсөн эгч Ч.Энхтайван биднийг гэртээ байлгаж ах дүү нар минь харж хандаж тусалдаг байсан. 2004 онд З.А-ийн төрсөн эгч Мөнхцэцэг нь Япон явж, 2005 онд З.А-ийг татсан. Япон явахдаа З.А- нь миний төрсөн ах эгч нараас их хэмжээний мөнгийг зээлж намайг өр ширтэй үлдээгээд явсан. Явснаасаа хойш мөнгө төгрөг явуулж, амьдрал ахуйгааа дээшлүүлнэ гэсэн боловч энэ нь худлаа болж дууссан. Төрсөн эгч Мөнхцэцэгтэйгээ муудалцан миний төрсөн ах эгч нар дээр очиж амьдарч байхдаа ажил төрлөө хийхгүй, архи дарс ууж ар гэр лүүгээ мөнгө явуулахгүй байсан. З.А- огт сураггүй болсон. Дараа нь асууж сураглахад ...архи дарс ууж ажилаасаа хөөгдсөн тэр ч байтугай өөр эмэгтэйтэй амьдарч байгаа нь тодорхой сонсогдсон юм. Үүнийг сонсоод энэ хүнтэй амьдрах итгэлгүй болж шууд салахаар шийдсэн юм. Гэтэл 2006 оны 6 дугаар сард З.А-ийн төрсөн дүү З.Нямдорж нь миний эгч Энхжаргалынд хүү А.Алтаншагайг байж байхад нь “Ах хүүгээ өөр дээрээ авна” удахгүй ирэх гэж байгаа, иртэл ээж бид 2-ыг хүүгээ аваад байж бай гэсэн гэж хэлээд аваад явсан. Энэ хооронд би хүнтэй сууж амьдралтай болсон юм. Үүнээс хойш 7 жил өнгөрсөн. Гэтэл 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эгч Энхжаргалын гэрийн гадаа хашааны үүдэнд дүү З.Нямдорж нь хүү А.Алтаншагайг орхиод явсан байсан. 2013 оны 05 дугаар сарын 3-нд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхэд гэрлэлтээ цуцлуулна хүүгээ өөр дээрээ авч, З.А-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанаар хүүг над дээр үлдээж З.А-ээс тэтгэлэг гаргуулахаар шийдвэр гарсан. Одоо би мал маллаж, хөдөө  суурьшиж амьдардаг, тог цахилгаангүй сургууль цэцэрлэгээс хол байдаг тул хүү З.Алтаншагай өнөөдрийг хүртэл 5 жил эгч Энхтайваныд Улаанбаатар хотод амьдарч хичээл сургуульдаа явдаг. Одоо 7 дугаар ангид элсэн орж байгаа. З.А- өнөөдрийг хүртэл 4 жилийн хугацаанд нэг ч төгрөг өгч байгаагүй. Нэхэмжлэлийн дагуу хүү А.Алтаншагайг аавд нь өгөхөд хүү том болсон учраас татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 936 дугаар шийдвэрээр:

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 30 дугаар зүйлийн 30.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2004 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Алтаншагайг эцэг З.А-ийн асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эх Ч.Э-аар тэжээн тэтгүүлж, эх байх эрхийг хасуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг З.А-, эх Ч.Э- нарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1–д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч Ч.Э-аас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.А-д, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 28.209 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.Э- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх З.А-ээр хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гаргасан хэдий ч З.А- нь өдийг хүртэл мөнгө төлөөгүй. З.А- нь А.Алтаншагайгийн эх байх эрхийг нь хасаж, хүүхдийн асрамжийг шинээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж надаас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би өвчний улмаас ажил хөдөлмөр эрхлэх чадамжгүй тул тэтгэлэг өгөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн надаас тэтгэлэг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:      

Нэхэмжлэгч З.А- хариуцагч Ч.Э-ын эх байх эрхийг хасуулах, хүүхдийн асрамжийг өөрчлөн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            З.А- нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Ч.Э- нь 2013 онд миний хүүхдийг надаас аваад өөрийнхөө эгч дээр орхиод Дархан руу явсан байдаг, миний хүүхэд хаана байгааг би олон сар хайж байгаад Улаанбаатар хотын 2 дугаар сургуульд сурдаг болохыг олж мэдсэн. Ч.Э- нь Гэр бүлийн тухай хуульд заасан хүү А.Алтаншагайг тэжээж тэтгэх, асран хамгаалах, сурган хүмүүжүүлэхээс татгалзсан учир эх байх эрхийг хасуулж одоо бүтэн өнчирсөн байгаа хүү А.Алтаншагайгийн асрамжийг өөрчлөн тогтоолгохоор нэхэмжилж байна гэж тодорхойлсон байна.

            Урьд нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1348 дугаар шийдвэрээр З.А-,  Ч.Э- нарын гэрлэлтийг цуцалж, 2004 оны 12 дугаар  сарын 18-ны өдөр төрсөн хүү Алтаншагайг эх Ч.Э-ын асрамжид үлдээж шийдвэрлэж байжээ.

            Хариуцагч Ч.Э- хүү А.Алтаншагайг том болсон тул нэхэмжлэгч З.А-ийн асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар талууд маргаагүй болно.

Бодит байдал дээр эцэг эхийнхээ хэн нэгний асрамжинд бус хариуцагчийн эгч Ч.Энхтайваныд 5 жил амьдарч байсан хүү А.Алтаншагайг нэхэмжлэгч З.А-ийн асрамжинд өгөх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул хүүгийн асрамжийг өөрчлөх нь зүйтэй гэж үзнэ. /хэргийн 8-11, 24-25 дугаар хуудас/

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д ...”Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 16 дугаар зүйлийн 3-т Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж мөн бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй”, Хүүхдийн эрхийн конивенцийн 7 дугаар зүйлийн 1-д “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Хүүхэд төрөөс эмнэлгийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй” гэж заасан байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3-т “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг шаардаагүй боловч шүүх хүүхдийн эрх ашгийн үүднээс тэтгэлэг тогтоосон нь үндэслэлтэй байна.

Эх байх эрх хасуулах тухай шаардлагын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаагүй шаардлага хүүхдийн тэтгэлгийг хүүхдийн дээд эрх ашиг, эцэг эхийн хуульд заасан үүргийн дагуу шүүх гаргуулсан нь хууль зөрчөөгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлого болгохоор шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 936 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                        ШҮҮГЧИД                                                  Л.АМАРСАНАА

                                                                                                           С.ОЮУНЦЭЦЭГ