Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1037

 

 

 

 

 

 

 

      

2020          12          16                                            2020/ШЦТ/1037

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

хохирогч: О.Э,

шүүгдэгч: Б.А, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /0165/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Болормаагийн Аод холбогдох эрүүгийн 2005 0215 61249 дугаар, 1 хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 5, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 24 дүгээр гудамж, 602 тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УЖ 02252711, Боржигин овогт Болормаагийн А.

 

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны гадна “хамт байж архи уусангүй зугтах гэлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гар болон хөлөөрөө цохиж, зодож, насанд хүрээгүй хохирогч О.Эийн биед хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн насанд хүрээгүй хохирогч Э.Бий эзэмшлийн “Самсунг Эс-7 эдж” загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэж, 160 000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч О.Эийн Айфоне 6 Эс загварын гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэж, 226 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:

Би улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр би Ганцагаан гэдэг найзтайгаа ажилд яваад 21 цагийн ажлаа дуусаад Ганцагаан өөрийн он жав найз Улаанбаатартай уулзана гэсэн. Намайг хамт явъя гэхээр нь би тэгье гээд Улаанбаатар биднийг Сайнаа гэдэг найзтайгаа ирж авсан. Тэгээд бид хувцсаа сольж, 1-2 пиво уучхаад 3, 4 дүгээр хороололд бага зэрэг согтчихсон явж байгаад Ганцагаан Сайнаа, Улаанбаатар нар бид гурвыг буулгасан. Ганаа цааш Э нарыг дагаад явсан байсан. Тэгээд би Ганцагааныг олоод “тамхи хаанаас авсан бэ” гэтэл “хоёр хүүхдээс авсан” гэсэн. Би “тэр 2 хүүхдээ дуудчих” гэхэд “за” гээд тухайн хүүхдүүдийг дуудаад танилцсан. Гэтэл тэр “би найзтайгаа явж байгаа юм, нэг шил архи хуваагаад уучих уу” гэж хэлээд “аяга байгаа юм уу” гэхээр нь “байхгүй” гэтэл Б надад 350 төгрөг өгөөд “аяга ав” гэж хэлсэн. Тухайн үед би бага зэрэг согтолттой байсан учраас Этэй маргалдсан байсан. Тэгээд бид бие засах өрөөнд сууж байгаад Ганцагаан нөгөө 2 хүүхэдтэй үлдэж, би ТҮЦ орсон. Ганцагаан найзуудтайгаа утсаар ярих хэрэгтэй байсан болохоор Бий утсыг авч, ярьж байхад нь би “алив би яръя” гээд утсыг автал холбогдох боломжгүй байна гэсэн. Тэгээд би Бээс “уучлаарай чамд дата байна уу, чиний гар утсаар түр чат оръё” гэж хэлээд Бий гар утсаар чат орсон. Тэгээд би Бий гар утсыг мартаад халаасандаа хийсэн байсан. Би түүнийг цохисон гэдгээ санахгүй байгаа. Тухайн үед Ганцагаан бид хоёроос өөр хүн байгаагүй учраас би цохисон байх. Цаашаа явж байтал танихгүй ах нар ирээд Э, ЭнхБ, Ганаа нарыг орц руу чирч оруулаад би ганцаараа орцны гадна үлдэж яахаа мэдэхгүй сандраад одоо ингээд зодуулах юм байна даа гэж бодоод зогсож байтал Ганаа зодуулчихсан гарч ирсэн. Ганаа “аймаар байна, алах нь байна” гэж хэлсэн. Би тухайн үед Бий гар утсыг халаасандаа хийсэн гэдгээ мартаад айсандаа болоод зугтсан. Тэгээд маргааш өглөө нь миний халаасанд гар утас байгааг мэдсэн. Тэгээд би “би өчигдөр хүний утас авсан юм байна даа” гэж бодоод айсан учраас эцэг, эхээсээ нуусан. Тэгээд “чи энэ гар утсыг хадгалж байгаарай найз нь танихгүй хүүхдийн гар утас авчихсан байна” гэж хэлээд өгсөн. Би Эөөс ийм хэрэг хийсэндээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би хэрэгт холбогдохгүй гэж бодож байсан боловч ийм хэрэг болчихлоо намайг үнэхээр уучлаарай.

Эийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Ганцагаан Эийн биед халдсан зүйл байхгүй. Гар утсыг нь авахдаа дахиж нэг шил архи авч ууя гэж бодсон. Архиар солино гэж бодсон. Би тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Дээрэмдэх гэмт хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би Эийн гар утсыг авахаасаа өмнө цохисон. Ганаа Э, Б нартай ууртай, захирангуй харьцаж байсан. Мөн би бас хохирогч нартай зандрангуй харьцсан байсан. Хохирогч нарт хохирлыг манай аав төлсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-О.Э мэдүүлэхдээ:

Б бид 2 А, Ганаа нартай 2020 оны 6 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 23 цаг 40 минутын орчим гадаа байж байгаад таарсан. Эхлээд Ганаа Бээс тамхи аваад цаг асуучхаад явсан. Дараа нь А, Ганаа нар ирээд цуг явж архи ууя гэсэн. Би эхлээд хамт явахгүй гэж хэлсэн. Гэтэл А уурлаж миний гар утсыг аваад сандал дээр суусан. Намайг зодож нүдээд явуулахгүй байсан бөгөөд А намайг “гар утсаа өг” гэж хэлсэн. Би “өгөхгүй” гэтэл намайг зодоод, миний гар утсыг авсан. Миний биед учирсан хөнгөн гэмтлийг А учруулсан. Тухайн үед А нэлээн согтуу байсан. Ганцагаан намайг зодоогүй. Бээс утсыг нь авахдаа “гар утсаар чинь нэг ярьчихъя” гээд авсан. Би хамартаа эмчилгээ хийлгэсэн. Аын аав миний хохиролд 1 900 000 төгрөг төлж барагдуулсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Б мэдүүлэхдээ:

2020 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00:30 цагийн үед нэг байранд амьдардаг найз Төгөлдөрт гар утасны чихэвч өгөх гээд байрныхаа  гадаа уулзаад зогсож байтал 20-25 орчим насны буржгар үстэй залуу ганцаараа бид хоёрын хажуугаар зөрж явж байгаад буцаж ирээд танилцах уу хөгшөөн, цэргээс халагдаж ирээд удаагүй байгаа болохоор ганцаардаад уйдаад байна гээд бид хоёр хэлсэн. Тэгээд бид хоёр өөрт нь үгүй гээд татгалзсан хариу өгөөд явах гэтэл сүүлдээ бид хоёрт уурлах шинжтэй болоод байхаар нь тэр залууг дагаад 2/В байрны саравчинд хамт очсон. Тэгтэл тэнд байсан нэг 20-25 орчим насны залуу шууд “юу байна бацаануудаа, энд сууж архи уу” гээд байсан. Тэгээд бид хоёр архи уудаггүй гээд буцаад явах  гэсэн чинь нөгөө буржгар үстэй залуу нь хамт архи уусангүй гээд уурлаж байсан. Тэгсэн нөгөө залуу нь бас нөгөө залуугаа дагаад архи уусангүй гэх шалтгаанаар уурлаад байсан. Тэгээд бид хоёр тэр хоёроос зугтаах гээд арагшаа ухраад байсан чинь нөгөө буржгар үстэй залуу саравчнаас холгүй Төгөлдөрийг барьж аваад шууд толгойг нь доош дараад гараараа болон хөлөөрөө цохиж, өшиглөөд байсан. Тэрийг нь би хараад манай найзыг зодож байхаар нь би найзыгаа үлдээж чадахгүй, очиж найзыгаа авмаар байна гээд Гандөл гээд залууд нь хэлсэн чинь одоо яавал гэж, ирээд найзыгаа ав гэхээр нь дөхөөд очсон чинь өөрийгөө Гандөл гээд байсан залуу шууд миний цамцны энгэрээс барьж, саравчны хажуу талын мод руу дагуулж яваад намайг хавсарч унагаах гээд байсан. Тэгээд намайг унахгүй байсан чинь ямар овоо юм бэ гээд намайг заамдаж доош нь дараад миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд би нүүрээ гараараа дараад газар хэвтэж байтал үснээс Гандөл гэх залуу татаж босгоод миний цээж рүү нэг удаа цохиод, намайг дагуулаад 2/В байрны булан руу явсан. Тэр үед бас манай найзыг 2/В байрны доошоо подвал руу орох хэсэгт буржгар үстэй залуу  нь зодож байхыг би харсан. Тэгээд намайг байрны буланд аваачиж доош суу гээд суулгасан ба би нүүрээ гараараа дараад суусан. Тэгтэл Гандөл гээд байсан залуу нь та хоёр шиг бацаанууд ингэх болоогүй шүү гээд намайг гараараа нүүрээ хаагаад сууж байхад миний гар болон толгой руу цохиод байсан. Тэгээд бид хоёр тэр хоёр дагуулж 3 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд байдаг сандал дээр авчраад бас зодоод байж байтал хоёр танихгүй ах гудамжинд явж байгаа бид хоёрыг тэр хоёроос өмөөрөөд тэр Гандөл гээд байсан залууг 3 дугаар байрны 3 дугаар орцонд авч ороод бас бид хоёрыг ороод ир гэхээр нь бид хоёр араас нь дагаад орц руу орсон. Тэр үед Гандөл гээд байсан залуу болон нөгөө буржгар үстэй залуу хоёр бид хоёрыг зодож байхдаа гар утсаа өг гээд байхаар нь өгсөн чинь буцааж өгөхгүй байсан. Тэгээд нөгөө танихгүй ахыг байж байхад гар утсаа авмаар байна гэхэд нөгөө хоёр ах хүүхдийн утас өг гээд нэхэж байсан. Тэгээд бид хоёр тэр орцны нэг давхрын айлын хаалга онгорхой байхаар нь дотогшоо ортол 30 орчим насны эгч байсан. Тэгээд тэр эгчээс гуйж байгаад утсаар нь цагдаад дуудлага өгөөд буцаад гараад ирсэн чинь нөгөө хүмүүс бүгдээрээ алга болсон байсан. Миний алдсан гэх гар утас Самсунг Эс-7 загварын гар утас байсан. Манай аав 2020 оны 02  дугаар сард авч өгч байсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авч байсныг мэдэхгүй. Одоо ямар нэгэн гомдол байхгүй. Манай найз бид хоёрт нөгөө хоёр залуугийн аав нь гээд ах тус бүр 500 000 төгрөг өгсөн. Бас манай найзын хамар нь хугараад далийсан байсныг эмчлүүлсэн гэжээ. (хэргийн 20, 25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Э мэдүүлэхдээ:

..ажил дээрээ байж байтал А над руу утсаар яриад хаана байгаа талаар асуухаар нь би ажил дээрээ байна гэж хэлсэн чинь удалгүй ажил дээр ганцаараа ирсэн. Тэгээд уулзахад хоёр ширхэг гар утас өгсөн. Би энэ юун гар утас вэ, энэ гар утсыг чинь худалдаж авах гэж байгаа машины төлбөрт оролцуулах юм уу гэхэд хүний утас байгаа юм, удалгүй хүмүүст нь буцааж өгнө гээд буцаад явсан. Хаанаас, хэзээ авсан гэдгээ надад хэлээгүй. Аын надад хадгалуулсан гар утасны нэг нь шаргал өнгийн дэлгэцийн шилэн наалт болон ар талын шилэн наалт зэрэг нь хагарсан Самсунг Эс-7 загварын, нөгөө нэг гар утас нь болохоор Айфон 6 загварын дэлгэц хэсэг нь цагаан өнгөтэй, ар талын хэсэг нь ягаан өнгөтэй гар утас байсан гэжээ. (хэргийн 35 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Н мэдүүлэхдээ:

Манай байр нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар байрны 3 дугаар орцны нэг давхар, 73 тоотод байдаг юм. Энэ байрны 4 өрөөг хүмүүс тус тусдаа түрээслэн амьдардаг. Би тэр шөнө гэртээ унтаж байтал миний өрөөнд 18 орчим насны 2 эрэгтэй хүүхэд хүн байна уу, ахаа, эгчээ туслаарай гээд ороод ирсэн. Тэгээд би босоод юун хүмүүс вэ гэхэд тэр хоёр хүүхэд хүнд дээрэмдүүлээд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би та хоёр цагдаа, ээж, аавыгаа дууд гэхэд бид хоёр утас байхгүй, бид хоёрын гар утсыг гадаа хоёр ах дээрэмдээд авчихлаа гэж хэлсэн. ...тэр хоёр хүүхдийн нэг нь нүдэнд харагдах шарх, гэмтэлгүй, харин нөгөө хүүхдийнх нь хамар хавдаад мурийсан байсан гэжээ. (хэргийн 38 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7027 дугаартай дүгнэлтэд:

1. О.Эийн хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна гэжээ. (хэргийн 51 дүгээр хуудас)

 

 “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хадлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 386 500 төгрөгөөр үнэлэгдэв гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

 

2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд:

Болормаа овогтой Аоос хураан авсан Самсунг Эс-7 эдж загварын 357751072456731, Айфоне 6 загварын 353341075224551 имей дугаартай гар утсыг хүлээлгэн өгөв гэжээ. (хэргийн 63, 64 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 65 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны гадна “хамт байж архи уусангүй зугтах гэлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гар болон хөлөөрөө цохиж, зодож, насанд хүрээгүй хохирогч О.Эийн биед хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн насанд хүрээгүй хохирогч Э.Бий эзэмшлийн “Самсунг Эс-7 эдж” загварын гар утсыг хүч хэрэглэж, дээрэмдэж, 160 000 төгрөгийн хохирол,

насанд хүрээгүй хохирогч О.Эийн Айфоне 6 Эс загварын гар утсыг хүч хэрэглэж, дээрэмдэж, 226 500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.Э, Э.Б нарын мэдүүлэг, гэрч П.Э, Б.Н нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 7027 тоот дүгнэлт, “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.Бий Самсунг Эс-7 эдж загварын гар утсыг биет байдлаар буцааж өгсөн, О.Эийн Айфоне 6 загварын гар утсыг биет байдлаар буцааж өгч, О.Эийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой 950 000 төгрөг өгч, хохирогч нар нь гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул Б.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар сургуулийн 12 дугаар ангид сурдаг хувийн байдлыг харгалзан Б.Аод ял оногдууллаа. 

 

Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан Б.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар шүүх тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А цагдан хоригдсон хоноггүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан Б.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Аод оногдуулсан 1 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Аод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН