| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2021/0036/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/137 |
| Огноо | 2021-11-01 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Т.Бямбацогт /цахимаар/,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжил,
Шүүгдэгч Л.Б,
Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л. Б, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 2019002270013 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Л.Б
Ц.Т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.Б, Ц.Т нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 12, 21, 28, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бороодой гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал буюу жонш олборлосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Т.Бямбацогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч: Тухайн газрыг малчдын зүгээс нөхөн сэргээж өгнө үү гэсэн шаардлага тавьсны үндсэн дээр нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан. Одоо тухайн газарт нөхөн сэргээлт хийгдсэн учраас нэхэмжилж байгаа зүйлгүй гэв.
Иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Т.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Бороодой гэх газрыг 2016 онд Айраг сумын Засаг даргын тамгын газраас олон улсын байгууллагын санхүүжилтээр “Хутагтын үр сад” төрийн бус байгууллага нөхөн сэргээлт хийж, орон нутагт нь хүлээлгэж өгсөн. Тухайн газарт ашигт малтмалын ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Малчдын өвөлжөө, хаваржаа, бэлчээрийн зориулалтаар ашиглаж байгаа газар юм ... Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан нөхөн сэргээлтийн төлбөрийг Айраг сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээлтийн дансанд тушаалгах саналтай байна ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Д.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Бороодой гэх газарт Төмөрбаатарын ах гэх хүн жонш ялгуулах ажил хийлгэе гэж санал тавьсан. Тухайн үед цалингийн талаар ярилцаагүй ба гарсан юмнаас нь эгч нь бодоод өгье гэж ахынх нь эхнэр хэлсэн. Тэр газар дээр 3 хоног ажиллаж жонш ялгуулахаар ярилцсан. Т, Б нарыг танихгүй, Төмөрбаатарын ах, эгч хоёр гэсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэрч Г.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Б надтай утсаар яриад “Бороодой гэх газраас 20 тонн жонш ачаад өг” гэхээр нь би “тийм бага ачаатай явахгүй” гэхэд “30 тонн ачааны үнэ өгнө” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд өөрийн эзэмшлийн 94-95 ДГО улсын дугаартай, улаан өнгийн, Хово маркийн автомашинаар тухайн газарт очиж жоншийг нь ачсан. Яг ачихад 20 тонн бол байгаагүй, бага жонш байсан. Тухайн газарт Батсуурийн шар өнгийн эксковатор байсан ба тэрүүгээр Б өөрөө машин дээр ачиж өгөөд хамт өөрийнхөө машинаар Бор-Өндөр орсон. Надад тээврийн хөлсөнд 600,000 төгрөг өгсөн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 125 дугаар хуудас/,
Гэрч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 17-43 УБЯ улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байгаа. 2019 оны наадмын дараа Бт 6,000,000 төгрөгөөр худалдсан. Би төлбөрийг Батсууриас бүрэн аваагүй байсан учир автомашины нэрийг шилжүүлж өгөөгүй байсан. Б надад 2020 оны 10 сарын үед мөнгийг бүрэн төлсөн. Уг автомашины захиран зарцуулах эрх нь Бт байгаа ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 126-127 дугаар хуудас/,
Гэрч Б.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын үед Б, Т нараас 2 удаа жонш худалдаж авсан. Эхний удаа 2 тонн орчим жоншийг 800 гаруй мянган төгрөгөөр, дараа нь 3 тонн жоншийг 1,200,000 гаруй төгрөгөөр худалдаж авсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 128-129 дүгээр хуудас/,
Гэрч Б.Саяннямбуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 08 дугаар сарын эхээр уул уурхайн хяналт, шалгалт хийх явцад Бороодой гэх газарт Л.Б, Ц.Т нар нь эксковатор, техник, хэрэгсэл ашиглан жонш олборлож байгаа нөхцөл байдлыг тогтоосон. Тухайн үед хэргийн газарт эксковатораар газраас гаргасан жоншийг шигшүүрт хийж, жонш ялгах ажиллагаа явагдаж байсныг таслан зогсоож хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэгийн явцад гарсан ойр орчмын байдлыг харуулсан. Мөн ухсан газрын хэмжээг харуулсан зураг, эксковаторын ажиллаж байсан бичлэгийг өөрийн гар утсан дээр буулгаж авч байсан ... тухайн үед Бороодой гэх газарт Л.Б, Ц.Т нар нь гэр барьсан байдалтай, ухсан нүхний орчим эксковатор ажиллаж байсан ... Пажеро маркийн автомашин байсан ба уг машин нь ардаа чиргүүлтэй, чиргүүл дээр нь жонш ачсан байж болох ул мөр үлдсэн байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 221 дүгээр хуудас/,
Гэрч О.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сард, өдрийг нь санахгүй байна ... Б бид хоёр Бороодой гэх газраас хуучин ухсан байсан газрын хөрсөн дээр байх жоншийг түүж машин дээр ачсан. Бид хоёр барагцаагаар 3,5 тонн жонш ачиж, тухайн өдрөө гэр гэртээ хоноод маргааш нь зарж борлуулахаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу явсан ... Би өөрийн эзэмшлийн 59-70 ДГА улсын дугаартай, ISUZU ELF маркийн ачааны тээврийн хэрэгсэлтэй явсан. Хүмүүс миний машиныг Кантер гэж бодоод байдаг юм ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Тын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 02 дугаар сард Айраг сумын Засаг даргатай гэрээ байгуулан, нийгмийн хариуцлагын хүрээнд Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бороодой гэх газарт өмнө нь гар аргаар жонш олборлож эвдэрсэн 1 га газрыг техникийн нөхөн сэргээлт хийж, 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн. Ингээд Бороодой гэх газрын орчим байх зүүн Бороодой гэх газарт ухагдсан нүхийг булж нөхөн сэргээхээр 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дахин гэрээ байгуулж, уг эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн. Гэрээнд нөхөн сэргээлтийн зардлыг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр тусгасан ба 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор дуусгаж хүлээлгэж өгөхөөр тохирсон байсан. Үүний дагуу нөхөн сэргээлт хийхийн тулд тэр ухагдсан газар дээрээс багахан хэмжээний жонш олборлож, мөнгө босгон нөхөн сэргээлт хийх ажилдаа зарцуулсан ... Бороодой гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны үеэр 75 хувийн агууламжтай 17 тонн жоншийг 1 тонныг нь 270,000 төгрөгөөр бодоод Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд очиж ченжид зарсан. 2020 оны 05 дугаар сарын 21-ний үеэр Гансүх гэдэг танилынхаа Кантер маркийн ачааны машинаар 3,5 тонн жонш олборлож, өөрийн эзэмшлийн 17-43 УБР улсын дугаартай, цэнхэн өнгийн Пажеро маркийн машинд чиргүүл чирж, Айраг сумын төвд Батбаяр гэдэг хүнд 1 тонн жоншийг 400,000 төгрөгөөр бодож, нийт 1,400,000 төгрөгөөр зарсан. 2020 оны 05 дугаар сарын 28-ны үеэр 2,4 тонн, 85 хувийн агууламжтай жоншийг өөрийн эзэмшлийн 17-43 УБР улсын дугаартай, цэнхэр өнгийн Пажеро маркийн машинд чиргүүл чирж, Айраг суманд Батбаярт 1 тонн жоншийг 400,000 төгрөгөөр бодож, нийт 960,000 төгрөгийг бэлнээр авсан. Нөхөр бид хоёр 3 удаагийн үйлдлээр нийт 22 тонн, 900 кг жоншийг Бороодой гэх газраас олборлож зарсан ... ” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-29, 119-120, 218-219, 2 дугаар хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгч Л.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Бороодой гэх газарт нөхөн сэргээлт хийж, 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн. Тэгээд дараагийн газарт буюу зүүн Бороодой гэх газарт нөхөн сэргээлт хийх тухай хүсэлт гаргаад сумын Засаг даргатай гэрээ байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хийж эхэлсэн. Тухайн газар нь нөхөн сэргээсэн газар байсан ба уг газрыг 82-24 УБ улсын дугаартай, өөрийн эзэмшлийн Хьюндай ЛС-2800 маркийн эксковатораар ухаж, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хүрэлбаатарын ховог түрээслэн Бор-Өндөр суманд аваачиж зарсан. Нийт 17 тонн, 75 хувийн агууламжтай жоншийг 1 тонныг 270,000 төгрөгөөр өгөөд 4,590,000 төгрөгөөр зарсан. Үүний дараа 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Айраг сумын Гансүх гэдэг найзынхаа Кантер машинаар 3,5 тонн жонш олборлож, Бор-Өндөр суманд аваачиж зарсан. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2,4 тонн жонш олборлож, уг жоншоо зарж борлуулсан. 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эхнэр Т, дүү Төмөрбаатар, Зоригоо гэх хүмүүсийн хамт Бороодой гэх газарт нөхөн сэргээлт хийхээр очсон. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр түлшний мөнгө гаргах санаа зорилгоор эксковатор ажиллуулж шороо шигшиж байтал цагдаа ирсэн ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 30-32, 113-114, 217, 2 дугаар хх-ийн 56 дугаар хуудас/,
“Сайхан ариун дэлхий” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/17 дугаартай “... Бороодой гэх газарт хууль бусаар 0,054 га талбайг эвдрэлд оруулж байгаль орчинд нийт 135,520 төгрөгийг хохирол учруулсан байна ...” гэсэн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 41-55 дугаар хуудас/,
Нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээн авсан тухай акт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Нард багийн нутаг Бороодой гэх газарт ухагдаж эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх гэрээ /1 дүгээр хх-ийн 15-16 дугаар хуудас/,
2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн: “... Үзлэг хийж байгаа газар нь Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших бөгөөд Айраг сумын төвөөс баруун урагш 60 км зайд байрлах Бороодой гэх газар байв. Уг газарт ашигт малтмалын хайгуул олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбай байх ба ухагдсан талбайн урт нь 354 метр, өргөн нь 4 метр хэмжээтэй байв. Уг газарт улсын дугаар, бичиг баримтгүй, шар өнгийн, Хьюндай ЛС-2800 маркийн эксковатор газар ухаж, шороо, жонштой шороо шигшүүрт шанагадаж хийсэн байдалтай ажиллаж байсныг зогсоолоо. Уг газрын зүүн хажуу талд монгол гэр барьсан байх ба VISTA HCX ETREX орон зайн байршил тогтоогч багажаар тогтооход Е108 57 05.2, N45 30 04.0 гэсэн солбилцолд байв. Эвдрэлд оруулсан талбай дээр шар өнгийн, Хьюндай ЛС-2800 маркийн эксковатор байсныг VISTA HCX ETREX орон зайн байршил тогтоогч багажаар тогтооход Е108 57 06.6, N45 30 05.0 гэсэн солбилцолд байв. Эвдрэлд оруулсан талбайн хэмжээг тогтооход 1.Е108 57 05.6, N45 30 01.0, 2.Е108 57 05.9, N45 30 01.2, 3.Е108 57 05.0, N45 30 01.9, 4.Е108 57 03.6, N45 30 00.7, 5.Е108 57 03.8, N45 30 57.3, 6.Е108 57 01.3, N45 30 57.1 гэсэн солбицолд байлаа ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 8-14 дүгээр хуудас/,
2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх-ийн 230-231 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01, 5/02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хх-ийн 131-143 дугаар хуудас/,
Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 8/4815 дугаартай “... 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд “Магнай-Уул” ХХК эзэмшиж байгаад 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр цуцлагдсан ашигт малтмалын хайгуулын ХВ-011170 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай, Дорноговь аймгийн Айраг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05/24 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай тус тус давхцаж байна” гэсэн албан бичиг, кадастрын тойм зураг /1 дүгээр хх-ийн 63-64 дүгээр хуудас/
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 853 дугаартай “... Монгол гэр, 1,000,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /1 дүгээр хх-ийн 150-151 дүгээр хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 023 дугаартай “... Mitsubishi-Pajero маркийн, 17-43 УБЯ улсын дугаартай, хар алаг өнгийн, Б.Батсайханы эзэмшлийн автомашин 6,000,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /1 дүгээр хх-ийн 153-155 дугаар хуудас/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 024 дугаартай “... Huindai-Robex 2800 маркийн, 82-24 УБ улсын дугаартай, 000427 арлын дугаартай, шар өнгийн, Л.Батсуурийн эзэмшлийн эксковаторын үнэ 20,000,000 төгрөг ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /1 дүгээр хх-ийн 156-157 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Тын Хаан банк дахь 5361028576 тоот дансны хуулга /1 дүгээр хх-ийн 91 дүгээр хуудас/
Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бороодой гэх газрыг ухаж, эвдрэлд оруулсан гэх гэрэл зураг /1 дүгээр хх-ийн 223-226 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 76-77 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан, талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгч Л.Б, Ц.Т нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 12, 21, 28, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бороодой гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал буюу жонш олборлосон үйл явдал болсон нь тогтоогдож байна гэж үзлээ.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь халдагдсан газар, газрын хэвлий, хууль бусаар олборлогдсон ашигт малтмал юм.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн объектив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.6-д ”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” гэж, 4.1.15-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...” гэж тус тус хуульчилсан байна.
Энэ гэмт хэргийн субьект нь эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн байх ба субьектиь тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлддэг байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн." гэж хуульчилсан бөгөөд 1992 оны Үндсэн хуулиараа Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төр өмчдөө авчээ. Монгол улсын газрын гадаргуу болон хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалд хэн ч хууль бусаар халдах ёсгүй билээ.
Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч Л.Б, Ц.Т нар нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Л.Б, Ц.Т нар нь Бороодой гэх газрын орчим байх зүүн Бороодой гэх газарт ухагдсан нүхийг булж нөхөн сэргээхээр 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Айраг сумын Засаг дарга Л.Мөнхжаргалтай гэрээ байгуулж, уг эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэх, нөхөн сэргээлтийн зардлыг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр тусгасан ба 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор дуусгаж хүлээлгэж өгөхөөр тохирсон болох нь хавтаст хэргийн 15-16 дугаар талд авагдсан гэрээгээр тогтоогдож байна.
Энэхүү гэрээнд зааснаар Айраг сумын 1-р багийн багийн “Бородой”-н газарт байрлах гар аргаар жонш олборлолтод өртсөн газрыг иргэн Л.Б нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн зардлаар, нөхөн сэргээлт хийхээр талууд тохиролцсон болохоос нөхөн сэргээлт хийхээсээ өмнө тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, хууль бусаар газрын хэвлийд халдаж олсон ашгаараа нөхөн сэргээлт хийхээр тохиролцсон болон эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгосон гэх заалт гэрээнд тусгаагүй байна. Харин уг гэрээний Дөрөвдүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “газар шинээр ухаж ашигт малтмал хайх, олборлосон тохиолдолд ашигт малтмалын тухай хуулийн дагуу холбогдох хариуцлага тооцуулах”-ыг Засаг даргын тамгын газрын эрх, үүрэг болгон тусгаж, гэрээний Тав дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Бүлгийн гишүүд нь гэрээнд зааснаас өөр ямар нэгэн ажил эрхлэхийг хориглоно” гэж гүйцэтгэгчийн үүргийг тодорхой заажээ.
Шүүгдэгч Л.Б, Ц.Т нар нь шүүх хуралдаанд “...урд нь олборлолт явуулаад эвдэрчихсэн байсан газрын ил гаргасан шорооноос жоншийг гаргаж авсан...ухсан байсан шорооноос жоншийг нь аваад нөхөн сэргээлт хийе гэж бодсон...ил гаргасан газраас жонш ялгаад борлуулсан...” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан “Сайхан ариун дэлхий” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/17 дугаартай дүгнэлтийн 2 дахь хэсгийн газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээнд “...Газрын хэвлийд үүсгэсэн хохирлыг тооцохын тулд газар дээр нь хэмжилт хийж талбай, эзлэхүүнийг тодорхойллоо. Хэмжсэн мэдээллийг фото зургаар баталгаажуулж оруулав. Энэ талбайд өмнө нь эвдрэл үүсгэсэн байсан бөгөөд бид шинээр үүсгэсэн талбайн эвдрэлийг хэмжиж зураглалаа. Газрын хэвлийд үүссэн хохирлын үнэлгээг хийхдээ Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 156 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалаар тооцож үзэхэд нөхөн сэргээлт хийх 1м3-ын зардлаар үржүүлэн тооцсон болно. Биднийг хэмжилт хийхээр очих үед малтмал олборлосон гэх шинээр эвдрэл үүсгэсэн нэг талбайд хэмжилт хийсэн...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр няцаагдаж байна.
Шүүгдэгч Ц.Тын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “...зүүн Бороодой гэх газарт ухагдсан нүхийг булж нөхөн сэргээхээр 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дахин гэрээ байгуулж, уг эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн. Гэрээнд нөхөн сэргээлтийн зардлыг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр тусгасан ба 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор дуусгаж хүлээлгэж өгөхөөр тохирсон байсан. Үүний дагуу нөхөн сэргээлт хийхийн тулд тэр ухагдсан газар дээрээс багахан хэмжээний жонш олборлож, мөнгө босгон нөхөн сэргээлт хийх ажилдаа зарцуулсан ... Бороодой гэх газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны үеэр 75 хувийн агууламжтай 17 тонн жоншийг 1 тонныг нь 270,000 төгрөгөөр бодоод Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд очиж ченжид зарсан. 2020 оны 05 дугаар сарын 21-ний үеэр Гансүх гэдэг танилынхаа Кантер маркийн ачааны машинаар 3,5 тонн жонш олборлож, өөрийн эзэмшлийн 17-43 УБР улсын дугаартай, цэнхэн өнгийн Пажеро маркийн машинд чиргүүл чирж, Айраг сумын төвд Батбаяр гэдэг хүнд 1 тонн жоншийг 400,000 төгрөгөөр бодож, нийт 1,400,000 төгрөгөөр зарсан. 2020 оны 05 дугаар сарын 28-ны үеэр 2,4 тонн, 85 хувийн агууламжтай жоншийг өөрийн эзэмшлийн 17-43 УБР улсын дугаартай, цэнхэр өнгийн Пажеро маркийн машинд чиргүүл чирж, Айраг суманд Батбаярт 1 тонн жоншийг 400,000 төгрөгөөр бодож, нийт 960,000 төгрөгийг бэлнээр авсан. Нөхөр бид хоёр 3 удаагийн үйлдлээр нийт 22 тонн, 900 кг жоншийг Бороодой гэх газраас олборлож зарсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Л.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “...зүүн Бороодой гэх газарт нөхөн сэргээлт хийх тухай хүсэлт гаргаад сумын Засаг даргатай гэрээ байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хийж эхэлсэн. Тухайн газар нь нөхөн сэргээсэн газар байсан ба уг газрыг 82-24 УБ улсын дугаартай, өөрийн эзэмшлийн Хьюндай ЛС-2800 маркийн эксковатораар ухаж, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Хүрэлбаатарын ховог түрээслэн Бор-Өндөр суманд аваачиж зарсан. Нийт 17 тонн, 75 хувийн агууламжтай жоншийг 1 тонныг 270,000 төгрөгөөр өгөөд 4,590,000 төгрөгөөр зарсан. Үүний дараа 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Айраг сумын Гансүх гэдэг найзынхаа Кантер машинаар 3,5 тонн жонш олборлож, Бор-Өндөр суманд аваачиж зарсан. 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2,4 тонн жонш олборлож, уг жоншоо зарж борлуулсан...” гэсэн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, фото зургийн үзүүлэлт, Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бороодой гэдэг газрыг ухаж, эвдрэлд оруулсан гэх гэрэл зураг зэрэг нотлох баримттай харьцуулахад болсон үйл явдлыг нотлох байдал, нотлох баримтын үнэлэмж зэргийг харьцуулан хуульд нийцүүлэн дүгнэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч Л.Б, Ц.Т нар нь бүлэглэн, эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж, байгаль орчинд нийт 135,520 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 168,600 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдах ” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх үзэн ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Иймд шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бол ял, албадлагын арга хэмжээний нэгдэл болох эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон нөхөн сэргээлтийг хийж дуусган хүлээлгэн өгсөн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдах гэмт хэргийн улмаас мал, амьтан, ургамал тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, тэдний төрөл зүйл үхэх, мөхөх, гол, горхи бохирдох, хордох, ширгэх, устах, голдирол алдагдах, байгаль экологийн тэнцэл алдагдах зэрэг нийгэмд аюултай гэмт үйлдэл юм.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт уул уурхай, байгалийн баялаг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг 2 жилийн хугацаагаар авах нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахыг даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Л.Батсуурийн эзэмшлийн 82-24 УБ улсын дугаартай, Хьюндай робекс-2800 маркийн эксковатор 1 ширхэг, 17-43 УБЯ улсын дугаартай, Мицибуши Пажеро маркийн автомашиныг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн 231 тоотод байгаа 5 ханатай монгол гэр 1 ширхэгийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Л.Батсуурийн эзэмшлийн 82-24 УБ улсын дугаартай, Хьюндай робекс-2800 маркийн, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий эксковатор, 17-43 УБЯ улсын дугаартай, Мицибуши Пажеро маркийн, 6,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар байгаль экологид учруулсан нийт хохирол 135,520 төгрөгийн тал хувь 67,760 төгрөгийг шүүдэгч Л.Батсууриас, тал хувь 67.760 төгрөгийг шүүгдэгч Ц.Тоос тус тус гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газарт олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бямбацогт нь нөхөн сэргээлтийг хийж дуусгасан тул түүний зардал 168,600 төгрөг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Б, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тт 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт уул уурхай, байгалийн баялаг ашиглахтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг 2 жилийн хугацаагаар авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Т нар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
7.Шүүгдэгч Ц.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар байгаль экологид учруулсан нийт хохирол 135,520 төгрөгийн тал хувь 67,760 төгрөгийг шүүдэгч Л.Батсууриас, тал хувь 67.760 төгрөгийг шүүгдэгч Ц.Тоос тус тус гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын тамгын газарт олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.Бямбацогт нь нөхөн сэргээлтийн зардал 168,600 төгрөг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Л.Батсуурийн эзэмшлийн 82-24 УБ улсын дугаартай, Хьюндай робекс-2800 маркийн экскеватор 1 ширхэг, 17-43 УБЯ улсын дугаартай, Мицибуши Пажеро маркийн, автомашин битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн 231 тоотод байгаа 5 ханатай монгол гэр 1 ширхэгийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5/02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Л.Батсуурийн эзэмшлийн 82-24 УБ улсын дугаартай, Хьюндай робекс-2800 маркийн, 20,000,000 төгрөгийн үнэ бүхий эксковатор, 17-43 УБЯ улсын дугаартай, Мицибуши Пажеро маркийн, 6,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг хурааж улсын орлогод оруулсугай.
11.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Л.Б, Ц.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА