| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0148/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/152 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Г.Ганчимэг, хохирогч Т.О, түүний өмгөөлөгч А.Гантуяа, гэрч П.Мөнхжаргал, М.Гантулга, У.Ганбат, Т.Шинэтуяа, шүүгдэгч Ш.А, түүний өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Б.Ариунболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Толгой нүцгэн овогт Шинэтуяагийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710008770043 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, талх нарийн боовны мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Толгой нүцгэн овогт Ш А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.А нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Арцатын 4 дүгээр гудамжинд иргэн Т.Отэй маргалдан чулуу шидэж түүний биед хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Т.О: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед гэртээ цайгаа уучихаад 13 цагийн орчим гэрээсээ гарах гэж байхад зүс таних Шинээ гэдэг эгч манай гэрт орж ирээд “Пизданууд байхгүй байна” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би нөхөр М.Гантулгатай хамт араас нь гараад нүүрс, мод зарж байгаа хадам ээж П.Мөнхжаргал дээр очихоор явсан. Тэгтэл Шинээ эгч манай хадам ээж П.Мөнхжаргал руу том чулуу аваад шидсэн боловч оноогүй. Тэгээд Шинээ эгч нөхөртэйгөө хэрэлдээд явсанаа буцаж ирээд “Чи нөхрийгөө дандаа архиар угждаг” гэж хадам ээж П.Мөнхжаргал руу дайрсан. Шинээ эгч манай хадам ээжийг хараалын үгээр хэлээд байхаар нь би дундуур нь ороод “Та одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд Шинээ эгч манай нөхрийг “Эцэггүй шээс” гэж хэл амаар доромжилсон. Тэгтэл Шинээ эгчийн хүү Ш.А намайг чи зайл гэж хэлээд түлхсэн. Тэр үед манай нөхөр М.Гантулга намайг өмөөрөөд Ш.Атай барьцалдаж авсан. Ш.А манай нөхрөөс мултараад зугтаагаад гудамжны үзүүр хэсэгт зогсож байгаад чулуу шидэх гэж байхаар нь би гүйж очоод гараас нь барьсан. Тухайн үед Ш.А миний гарыг мушгихаар нь би үсдээд авсан. Тэгтэл Шинээ эгч ирээд намайг үсдсэн. Би Шинээ эгчээс өөрийгөө салгах гээд гараараа түлхсэн чинь Шинээ эгч газарт унасан. Хадам ээж намайг аваад явж байхад Ш.А миний араас чулуу шидсэн гэсэн, би өөрөө хараагүй нэг мэдэхэд би эмнэлэгт сэрсэн...” гэв.
Гэрч П.Мөнхжаргал: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн үед миний нүүрс, түлээ зардаг газрын гудамжинд зүс таних Т.Шинэтуяа, У.Ганбат хоёр маргалдаж байсан. Т.Шинэтуяа надад хандаж танай нөхөр манай нөхөртэй хамт архи уух гээд манай нүүрсийг зарж байна гэсэн юм яриад манай нөхрийг хайж гэр рүү явсан. Яг тэр хооронд манай хүү М.Гантулга, бэр Т.О хоёр гэрээс гудамж руу гарч ирсэн. Тэгтэл Т.Шинэтуяа том чулуу над руу шидэхээр нь би холдтол Т.Шинэтуяа намайг болоод манай хүүг хэл амаар доромжилж эхэлсэн, манай бэр та болиоч гэхэд үсдээд авсан. Тэгтэл манай хүү М.Гантулга эхнэрээ өмөөрөөд, нөгөө хүүхний хүү нь ээжийгээ өмөөрөөд хоорондоо маргалдаж цохилцсон. Тэгээд би бэрээ салгаад явж байхад хүүхний хүү нь 5 метр орчим зайнаас чулуу шидээд манай бэрийн толгойг оносон...” гэв.
Гэрч М.Гантулга: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ сууж байхад Т.Шинэтуяа гэж хүн орж ирээд ална аа гээд гарсан. Би гадаа гарахад чулуу шидээд зодолдоод байсан. Т.Шинэтуяа гэдэг хүн намайг хэл амаар доромжилсон, манай эхнэр намайг өмөөрч хэрэлдэхэд Т.Шинэтуяа, Ш.А нар нийлж манай эхнэрийн үснээс зулгаасан. Ш.А бид хоёрыг барьцалдаж авахад Ш.А зугатааж бид нар луу чулуу аваад шидсэн. У.Ганбат гэдэг хүн намайг тэвэрсэн байсан...” гэв.
Гэрч Т.Шинэтуяа: “...Манай нөхөр гэрийнхээ нүүрсийг зарна гэхэд би нүүрсээ өгөхгүй, Баянцагааныд орж дандаа архи уудаг, гэрийнхээ юмыг зардаг, Баянцагааных чамайг гэрээсээ нүүрс аваад ир, зарж архи ууя гэж хэлсэн үү гээд нөхөртөө уурласан, бид хоёр маргалдсан, манай нөхөр намайг нэг удаа цохьсон. Тэгээд би Баянцагаантай уулзах гээд гэрт нь очиход М.Гантулга, Т.О нар байсан. Манай нөхөр байгаагүй учир би гарахад манай нөхөр нүүрсээ тэргэн дээр тавиад явахаар нь би нөхөртэйгөө зууралдсан. Энэ үед М.Гантулга, Т.О нар гэрээсээ гараад ирсэн. Тухайн үед би П.Мөнхжаргалд чи Баянцагааныг архиар угждаг гэж хэлсэн. Тэгтэл М.Гантулга, Т.О хоёр ээжийгээ өмөөрөөд чамд ямар хамаатай юм бэ авгай минь гэж намайг элдэвээр хэлсэн. Тэгэхэд манай хүү Ш.А хаанаас юм гүйгээд ирсэн. М.Гантулга манай хүү Ш.Аыг цохих шиг болсон. О намайг үсдээд газарт унагаагаад баруун хавирга хэсэгт өшиглөсөн, би нүүрээ дараад доош хараад хэвтсэн. Тэгсэн чинь П.Мөнхжаргал, Ш.А нар Т.Оийг салгаад аваад явсан. Энэ үед Ш.А, М.Гантулга нар нэг нэг рүүгээ чулуу шидэж байснаа Оийг оночихлоо гэж орилолдож эхэлсэн. Хэний чулуунд оногдсоныг би хараагүй. Тэгэхээр нь би шууд хүүгээ аваад гэртээ ороод, түргэн дуудсан...” гэв.
Гэрч У.Ганбат: “...Би өөрөө согтуу байсан. Тэд хооронд зодолдож байхад би сууж байсан. М.Гантулга чулуу шидэхэд би боль гэж хэлсэн. М.Гантулга чулуу шидсэн ба Атай зодолдох гээд байхаар нь би барьж авсан юм...” гэв.
Шүүгдэгч Ш.А: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гудамж уруудаад үзүүр эргэхэд манай аав Ганбат, ээж Т.Шинэтуяа, П.Мөнхжаргал, М.Гантулга, Т.О нар маргалдаад зогсож байсан. Би очоод юу болсон талаар асуухад ээж надад аав чинь намайг цохисон гээд уруулаа үзүүлсэн. Тэгээд аавд яагаад ээжийг цохисон юм бэ гэж маргалдсан. Би аавтай хэрэлдэж байгаад ээжийг аваад гэртээ орох гэхэд Ц.О манай ээжийг үсдээд газар унагаасан. Тэгээд манай ээж Т.Отэй үсдэлцээд байхаар нь салгах гэж голоор нь орсон. Тэгтэл М.Гантулга хүрч ирээд цамцаа тайлаад намайг цохих гэхээр нь би бултсан. Тэр хооронд Т.О ээж хоёр үсдэлцээд цаашаа явсан. Би Гантулгаас салаад нөгөө хоёрыг салгах гэхэд Т.О миний үснээс татаад зулгаасан. Тэгээд би Т.Оээс салаад ээжийг аваад явах гэж байхад хэн шидсэн нь мэдэгдэхгүй нэг чулуу миний ойролцоо, бас нэг чулуу ээжийн хажуугаар өнгөрсөн. Гэхдээ би чулуунд оногдоогүй. Тэгээд би айлгах гээд чулуу аваад М.Гантулга руу чиглүүлээд шидсэн. Би Т.Оийг онох зорилгоор чулуу шидээгүй, манай ээжийн хажуугаар өнгөрсөн чулуу байсан учраас би чулууг холдуулах гэж шидсэн. Тэгтэл Т.О, М.Гантулга хоёр орилоод эхэлсэн ба ээж намайг гэр рүү оруулсан. Гэрт ороод түргэн дуудсан. Би Т.Отэй хэрэлдэж маргалдаагүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Т.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн үед гэртээ цайгаа уучихаад 1 цагийн орчим гэрээсээ гарах гэж байхад зүс таних Шинээ гэдэг эгч манай гэрт орж ирээд “Пизданууд хаашаа явсан юм бэ” гэж орилж хашгирч байгаад гараад явсан. Тэгээд би нөхөр Гантулгатай хамт араас нь гараад нүүрс мод зарж байгаа хадам ээж Мөнхжаргал дээр очихоор явсан. Тэгтэл Шинээ гэдэг эгч манай хадам ээж Мөнхжаргал руу том чулуу аваад шидсэн боловч оноогүй. Тэгээд Шинээ эгч нөхөртэйгөө хэрэлдээд явсанаа буцаж ирээд “Чи нөхрийгөө дандаа архиар угждаг” гэх мэтийн үг хэлж хадам ээж Мөнхжаргал, хадам аав Баянцагаан руу дайрсан. Энэ үед хүү нь өөрийнхөө аавыг барьж аваад цохиод байсан, нилээн ууртай харагдаж байсан. Шинээ эгч манай хадам ээжийг хараалын үгээр хэлээд байхаар нь би дундуур нь ороод “Чи одоо юу гээд байгаа юм бэ, давраад байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл Шинээ эгчийн хүү А намайг чи зайл гэж хэлээд түлхсэн. Тэр үед манай нөхөр Гантулга намайг өмөөрөөд Атай барьцалдаж авсан. Энэ үед А манай нөхрөөс мултараад зугтаагаад гудамжны үзүүрт зогсож байгаад чулуу шидэх гэж байхаар нь би гүйж очоод гараас нь барьсан. Тухайн үед А миний гарыг мушгихаар нь би үсдээд авсан. Тэгтэл Шинээ эгч ирээд намайг үсдээд авсан. Би Шинээ эгчээс өөрийгөө салгаж авах гээд гараараа түлхсэн чинь Шинээ эгч газарт унасан. ...Манай хадам ээж намайг аваад явж байхад А миний араас чулуу шидсэн гэсэн, би өөрөө хараагүй нэг мэдэхэд би эмнэлэгт сэрсэн...” /хх-ийн 16-18, 19-20/ гэсэн,
Гэрч М.Гантулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед би нүүрс түлээ зардаг газраа ирээд ээжтэйгээ хамт зогсож байхад Батаа ах гартаа нүүрс барьчихсан бид хоёрын хажуугаар өнгөрөхөд араас нь эхнэр болох Шинээ эгч ирээд “хөөе, чи яах гээд нүүрс авч явсан юм бэ” гээд загнасан, тэгснээ ээж дээр хүрч ирээд танай нөхөр, манай нөхөртэй хамт нүүрс зараад архи уух гэж байна шүү муу сайн хулгайчуудаа гэж хэлэхээр нь манай ээж Мөнхжаргал “чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд Шинээ эгчтэй маргалдаж эхэлсэн. Шинээ эгч газраас чулуу аваад шидэх үед манай эхнэр О ирж таараад От “Та одоо яагаад ээж рүү чулуу шидээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Шинээ эгч чамд ямар хамаатай юм бэ, танай ээж биш биздээ гэж хэлээд манай эхнэр дээр хүрч ирсэнээ шууд үсдэж авсан, араас нь Анхаа ирээд бас үсдээд авсан. Би очих гэсэн боловч Батаа ах намайг барьчихсан явуулахгүй байсан юм. Манай ээж орж ирээд Шинээ эгч, Анхаа хоёрыг болиулаад Оийг дагуулаад явах гэхэд Анхаа нь саарал өнгөтэй, зуйвандуу хэлбэртэй, хэмжээгээрээ хүүхдийн жижиг бөмбөг шиг чулуу аваад шидэхэд Оийн толгойг нь оноод шууд ухаан алдаж унасан. ...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А, түүний ээж Шинээ, аав Батаа, байсан. Манай гэр бүлээс би, манай ээж Мөнхжаргал, эхнэр О, хойд аав Баянцагаан нар байсан өөр хүн байгаагүй...” /хх-ийн 26-27, 112-113/ гэсэн,
Гэрч П.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн үед миний нүүрс түлээ зардаг газрын гудамжинд зүс таних эрэгтэй, эмэгтэй хоёр маргалдаж байснаа, эхнэр нь над руу орилоод наад нүүрс түлээгээ зарсан шиг зар гээд байсан. Тэгэхээр нь юу ч ойлгоогүй зогсож байхад тэр хүүхэн надад хандаж танай нөхөр манай нөхөртэй хамт архи уух гээд манай нүүрсийг зарж байна гэх юм яриад манай нөхрийг хайж гэр рүү явсан. Яг тэр хооронд манай хүү, бэр хоёр гэрээс гудамж руу гарч ирсэн тэгээд юу болсон талаар асуухаар нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө хүүхэн гэнэт чи дандаа нөхрөө өмөөрдөг гэж хэрүүл хийж байгаад том чулуу над руу шидэхээр нь би холдсон. Тэгэхээр нь манай бэр, хүү хоёр “яагаад манай ээж рүү чулуу шидээд байгаа юм бэ” гэсэн чинь нөгөө хүүхэн манай хүү Гантулга руу дайраад одоо л эхийгээ өмөөрдөг болж дээ гэсэн. Энэ үед О нэг үг хэлэх шиг болсон, юу гэж хэлснийг сайн сонсоогүй. Тэгсэн чинь нөгөө хүүхэн манай бэрийг алгадсан. Тэгсэн чинь манай хүү эхнэрээ өмөөрөөд, нөгөө хүүхний хүү нь ээжийгээ өмөөрөөд, хоорондоо маргалдаж цохилцсон. Тэгээд тэр ээж, хүү, хоёр манай бэр рүү дайраад байхаар нь би салгатал нөгөө хүүхний хүү нь 5 метр орчим зайнаас чулуу шидээд манай бэрийн толгойг оносон...” /хх-ийн 28-29/ гэсэн,
Гэрч Т.Шинэтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим Ганбат гэртээ орж ирээд бид нараас мөнгө нэхээд, та нар авах үедээ надаас авдаг байж надад мөнгө өгсөнгүй гэх мэтийн зүйл ярьж байгаад гарсан. ...Удалгүй манай нөхөр эргэж орж ирээд гэрийнхээ нүүрсийг зарна гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаад намайг цохьсон. Тэгээд би нүүрсээ өгөхгүй, Баянцагааныд орж дандаа архи уудаг, гэрийнхээ юмыг зардаг, Баянцагааных чамайг гэрээсээ нүүрс аваад ир, зарж архи ууя гэж хэлсэн үү гээд нөхөртөө уурласан. Тэгээд би Баянцагаантай уулзах гээд гэрт нь очиход эхнэр Мөнхжаргал, Гантулга, О нар нь байсан. Намайг Баянцагааных руу орох хооронд нөхөр нүүрсээ тэргэн дээр тавиад явахаар нь би нөхөртэйгөө зууралдсан. Энэ үед Мөнхжаргал, Гантулга, О нар гэрээсээ гараад ирчихсэн байсан. ...Тухайн үед би Гантулгад хандаад чи ээж, хойд эцэг хоёрыгоо өөрөө хүндэлчихээд өөрийгөө хүндлүүрээрэй, танай ээж Баянцагааныг архиар угждаг гэж хэлсэн. Тэгтэл Гантулга ээжийгээ өмөөрөөд чамд ямар хамаатай юм бэ авгай минь гэх мэт элдэвээр хэлсэн. ...Гантулга гүйж ирээд манай хүү Аыг цохих шиг болсон. О намайг үсдээд газарт унагаагаад баруун хавирга хэсэгт өшиглөсөн, би нүүрээ дараад доош хараад хэвтсэн. Тэгсэн чинь Мөнхжаргал, А нар Оийг салгаад аваад явсан. Энэ үед А, Гантулга нар нэг нэг рүүгээ чулуу шидэж байснаа Оийг оночихлоо гэж орилолдож эхэлсэн. Тэгэхээр нь би шууд хүүгээ аваад гэртээ ороод, түргэн дуудсан...” /хх-ийн 30-33/ гэсэн,
Гэрч Д.Насантогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн үед хашаандаа ажил хийгээд зогсож байхад хүмүүс орилж хашгираад байсан. Тэгээд гараад харахад Т.О ухаан алдаагүй сэрүүн байдалтай, баруун чамархай хэсгээс нь цус гарчихсан байсан. ...Намайг хашаанаас гарах үед Аын аав Ганбат, Гантулгын аав Баянцагаан, Гантулга, О нар байсан...” /хх-ийн 37-38/ гэсэн,
Гэрч У.Ганбат мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ...надад архины мөнгө олдохгүй байсан. Тухайн үед манайд архины мөнгө болчихоор юм нүүрс байсан. Тэгээд би хоёр шуудай нүүрс эхнэртэйгээ булаацалдаж байгаад авч гараад Арцатын 4 дүгээр гудамжны үзүүрт ирэхэд эхнэр нүүрсээ гэрт оруул гээд зууралдсан. Энэ үед хүү А ирсэн. Тэгээд А намайг гэртээ ор гэж хэлээд нэг удаа гараараа цохиход эхнэр боль, хая гээд хүүгээ аваад явсан. Би тухайн үед Арцатын 5 дугаар гудамжны үзүүрт нүүрсээ тавьчихсан сууж байхад над дээр нэг хүн ирээд тэнд бөөн зодоон болоод, танай эхнэр явж байна гэж хэлсэн. Би зодоон дээр очиход Гантулга гартаа чулуу барьчихсан, хэн нэгнийг цохих гээд явж байх шиг байхаар нь боль гэж хэлээд Гантулгыг бариад авсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ...Ухаан ороод гэртээ ирэхэд А чулуу шидээд Оийн толгойг оносон гэсэн...” /хх-ийн 41-43/ гэсэн,
Гэрч Ц.Удвалмядаг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн орчим би Яармагийн 2 дугаар гудамжны үзүүрт алхаж байхад Арцатын 3 дугаар гудамжны үзүүрт зүс таних Шинэтуяа эгч нэг охинтой маргалдаад, зууралдаад, үсдэлцээд зогсож байсан. Би Шинэтуяа эгчид хандаад та болиод хүүхдийнхээ үгэнд ороод цаашаа явчих гэж хэлээд гэртээ ирэх үед нөгөө охины толгой хагарчихлаа гээд хүмүүс орилж эхэлсэн. ...Нөгөө гартаа чулуу барьсан залуу Шинэтуяагийн хүүд хандаад “Цагдаа дуудахгүй, өөрсдөө учраа олно” гэж хэлээд орилоод байсан...” /хх-ийн 69-70/ гэсэн,
Шүүгдэгч Ш.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ...гудамж уруудаад үзүүр эргэхэд манай аав Ганбат, ээж Шинэтуяа, Мөнхжаргал эгч, Гантулга, О нар маргалдаад зогсож байсан. Би очоод юу болсон талаар асуухад манай ээж аав чинь намайг цохисон гээд уруулаа үзүүлсэн. Тэгээд аавд яагаад ээжийг цохисон юм бэ гээд толгой хэсэгт нь нэг удаа гараараа цохиход намайг бас зөрүүлээд нэг цохисон. ...Би аавтай хэрэлдэж байгаад ээжийг аваад гэртээ орох гэхэд О манай ээжтэй хэрэлдээд байсан. Би Оийг чимээгүй бай гэж хэлээд ээжийг аваад гэртээ орох гэж байхад О манай ээжийг үсдээд авсан. Тэгээд манай ээж Отэй үсдэлцээд байхаар нь салгах гэж голоор нь орсон. Тэгтэл Гантулга хүрч ирээд намайг цохих гэхээр нь би бултсан. Тэр хооронд О ээж хоёр үсдэлцээд цаашаа явсан. ...Би Гантулгаас салаад нөгөө хоёрыг салгах гэхэд О миний үснээс татаад зулгаасан. Тэгээд би Оээс салаад ээжийг аваад явах гэж байхад хэн шидсэн нь мэдэгдэхгүй 2 чулуу миний ойролцоо өнгөрсөн. Гэхдээ би чулуунд оногдоогүй. Тэгээд би уурандаа газраас атганд багтах хэмжээний чулуу аваад Гантулга руу чиглүүлээд шидсэн. Тэгтэл Оийн толгой хэсэгт оносон юм шиг байсан. ...Би Оийг онох зорилгоор чулуу шидээгүй, манай ээжийн хажуугаар өнгөрсөн чулуу байсан учраас би чулууг холдуулах гэж шидсэн. Тэгтэл О “толгой өвдөөд байна” гээд орилоод байсан. ...Би Отэй хэрэлдэж маргалдаагүй...” /хх-ийн 35-36, 71-72, 98-99/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №13899 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Оийн биед тархи доргилт, дух ясны ил хугарал, баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана, баруун гайморын хөндийн урд ханын хугарал, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөхгүй...” /хх-ийн 45 / гэсэн,
- Хохирлын баримтууд /хх-ийн 74-91/,
- Т.Оийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 115-123/,
- Ш.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/,
- Ш.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 61-63/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ш.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ш.А нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн орчим Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Арцатын 4 дүгээр гудамжинд иргэн Т.Отэй маргалдан чулуу шидэж, түүний биед тархи доргилт, дух ясны ил хугарал, баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана, баруун гайморын хөндийн урд ханын хугарал, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Оийн “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн орчим ...Шинээ эгч манай хадам ээжийг хараалын үгээр хэлээд байхаар нь би дундуур нь ороод “Чи одоо юу гээд байгаа юм бэ, давраад байгаарай” гэхэд А намайг чи зайл гэж хэлээд түлхсэн. ...Тухайн үед А миний гарыг мушгихаар нь би үсдээд авсан. Тэгтэл Шинээ эгч ирээд намайг үсдээд авсан. Би Шинээ эгчээс өөрийгөө салгах гээд түлхсэн чинь Шинээ эгч газарт унасан. ...Манай хадам ээж намайг аваад явж байхад А миний араас чулуу шидсэн гэсэн, би өөрөө хараагүй нэг мэдэхэд би эмнэлэгт сэрсэн...” /хх-ийн 16-18, 19-20/ гэсэн,
Гэрч М.Гантулгын “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 12 цагийн ...манай ээж Мөнхжаргал “чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд Шинээ эгчтэй маргалдаж эхэлсэн. Шинээ эгч газраас чулуу аваад шидэх үед манай эхнэр О ирж таараад От “Та одоо яагаад ээж рүү чулуу шидээд байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл Шинээ эгч “чамд ямар хамаатай юм бэ, танай ээж биш биздээ” гэж хэлээд манай эхнэр дээр ирээд шууд үссэн, араас нь Анхаа ирээд бас үсдсэн. Би очих гэсэн боловч Батаа ах намайг барьчихаад явуулахгүй байсан. Манай ээж ирээд Шинээ эгч, Анхаа хоёрыг болиулаад Оийг дагуулаад явах гэхэд Анхаа нь саарал өнгөтэй, зуйвандуу хэлбэртэй, хэмжээгээрээ хүүхдийн жижиг бөмбөг шиг чулуу аваад шидэхэд Оийн толгойнд оноод шууд ухаан алдаж унасан...” /хх-ийн 26-27, 112-113/ гэсэн,
Гэрч П.Мөнхжаргалын “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 14 цагийн үед ...нөгөө хүүхэн гэнэт чи дандаа нөхрөө өмөөрдөг гэж хэрүүл хийж байгаад том чулуу над руу шидэхээр нь би холдсон. Тэгэхээр нь манай бэр, хүү хоёр “яагаад манай ээж рүү чулуу шидээд байгаа юм бэ” гэсэн чинь нөгөө хүүхэн манай хүү Гантулга руу дайраад одоо л эхийгээ өмөөрдөг болж дээ гэсэн. Энэ үед О нэг үг хэлэх шиг болсон, юу гэж хэлснийг сайн сонсоогүй. Тэгсэн чинь нөгөө хүүхэн манай бэрийг алгадсан, манай хүү эхнэрээ өмөөрөөд, нөгөө хүүхний хүү нь ээжийгээ өмөөрөөд, хоорондоо маргалдаж цохилцсон. Тэгээд тэр ээж, хүү, хоёр манай бэр рүү дайраад байхаар нь би салгатал нөгөө хүүхний хүү нь 5 метр орчим зайнаас чулуу шидээд манай бэрийн толгойг оносон...” /хх-ийн 28-29/ гэсэн,
Гэрч Т.Шинэтуяагийн “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ...тухайн үед би Гантулгад хандаад чи ээж, хойд эцэг хоёрыгоо өөрөө хүндэлчихээд өөрийгөө хүндлүүрээрэй, танай ээж Баянцагааныг архиар угждаг гэж хэлсэн. Тэгтэл Гантулга ээжийгээ өмөөрөөд чамд ямар хамаатай юм бэ авгай минь гэж элдэвээр хэлсэн. ...Гантулга гүйж ирээд манай хүү Аыг цохих шиг болсон. О намайг үсдээд газарт унагаагаад баруун хавирга хэсэгт өшиглөсөн, би нүүрээ дараад доош хараад хэвтсэн. Тэгсэн чинь Мөнхжаргал, А нар Оийг салгаад аваад явсан. Энэ үед А, Гантулга нар нэг нэг рүүгээ чулуу шидэж байснаа Оийг оночихлоо гэж орилолдож эхэлсэн. Тэгэхээр нь би шууд хүүгээ аваад гэртээ ороод, түргэн дуудсан...” /хх-ийн 30-33/ гэсэн,
Гэрч У.Ганбатын “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ...Арцатын 5 дугаар гудамжны үзүүрт нүүрсээ тавьчихаад сууж байхад нэг хүн ирээд тэнд бөөн зодоон болоод, танай эхнэр явж байна гэж хэлсэн. Би зодоон дээр очиход Гантулга гартаа чулуу барьчихсан, хэн нэгнийг цохих гээд явж байх шиг байхаар нь боль гэж хэлээд Гантулгыг бариад авсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ...Ухаан ороод гэртээ ирэхэд А чулуу шидээд Оийн толгойг оносон гэсэн...” /хх-ийн 41-43/ гэсэн,
Шүүгдэгч Ш.Аын “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ...би аавтай хэрэлдэж байгаад ээжийг аваад гэртээ орох гэхэд О манай ээжтэй хэрэлдээд байсан. Би Оийг чимээгүй бай гэж хэлээд ээжийг аваад гэртээ орох гэж байхад О манай ээжийг үсдээд авсан, тэр хоёрыг салгаж гэж би голоор нь орсон, энэ үед Гантулга ирээд намайг цохих гэхээр нь би бултсан. Тэр хооронд О ээж хоёр үсдэлцээд цаашаа явсан. ...Би Гантулгаас салаад нөгөө хоёрыг салгах гэхэд О миний үснээс зулгаасан, би Оээс салаад ээжийг аваад явах гэж байхад хэн шидсэн нь мэдэхгүй 2 чулуу миний ойролцоо өнгөрсөн. Гэхдээ би чулуунд оногдоогүй. Тэгээд би уурандаа газраас атганд багтах хэмжээний чулуу аваад Гантулга руу чиглүүлээд шидсэн. Тэгтэл Оийн толгой хэсэгт оносон юм шиг байсан. ...Би Оийг онох зорилгоор чулуу шидээгүй, манай ээжийн хажуугаар өнгөрсөн чулуу байсан учраас би чулууг холдуулах гэж шидсэн. Тэгтэл О “толгой өвдөөд байна” гээд орилоод байсан. ...Би Отэй хэрэлдэж маргалдаагүй...” /хх-ийн 35-36, 71-72, 98-99/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №13899 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Оийн биед тархи доргилт, дух ясны ил хугарал, баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана, баруун гайморын хөндийн урд ханын хугарал, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 45/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нарт болон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогч, гэрч нарт хууль сануулж мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлгүүд нь агуулгын хувьд өөр хоорондоо эрс зөрүүгүйн дээр тэдгээр хохирогч, гэрч нар нь тухайн зодооныг өөр өөрийн харсан, үзсэнээр мэдүүлжээ.
Уг мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.А нь газраас чулуу авч Т.О рүү чиглүүлэн шидэж, түүний толгойнд оносон үйл явдал болсон бөгөөд Т.О чулуунд оногдож түүний биед тархи доргилт, дух ясны ил хугарал, баруун тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан дээрхи, доорхи цусан хураа, баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана, баруун гайморын хөндийн урд ханын хугарал, дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий хүнд гэмтэл учирсан нь шинжээчийн 2017 оны №13899 тоот дүгнэлтээр тогтоогдоно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Ш.Аын үйлдлийг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү, шүүгдэгч Ш.А нь Т.Оийг оноё гэж санаатайгаар түүн рүү чиглүүлэн шидээгүй, М.Гантулга руу шидсэн чулуунд нь оногдсон эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учир шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Ш.А тухайн өдөр газраас чулуу авч, хохирогч руу чиглүүлэн шидэж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т заасан санаатай гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А нь газраас чулуу авч шидэх нь хууль бус гэдгийг мэднэ гэж мэдүүлэх бөгөөд санаатайгаар чулууг шидсэн, уг санаатай үйлдлийн улмаас хохирогчид хүнд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсны улмаас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч 1.619.260 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас 786.603 төгрөгийн баримт хуулийн шаардлага хангасан бөгөөд ундаа, жүүс, жирэмсэний тест, алим, өндөг, түргэн хоолын газраар үйлчлүүлсэн баримтууд, шатахууны баримт, Мобиком, Юнител зэрэг үүрэн холбооны төлбөрийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүйн дээр уг хэрэгт ач холбогдолгүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ш.А мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 1.200.000 төгрөг төлсөн, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч хүлээн зөвшөөрөх ба хэрэгт авагдсан хохирлын баримтуудаар хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүхээс Ш.Аыг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ш.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ажил эрхлэлт, ар гэрийн нөхцөл зэрэг хувийн байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлаж хорих шаардлагагүй гэж үзэж, торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд хөрөнгийн баримтаар хураагдсан 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Толгой нүцгэн овогт Ш.А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.А-т 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ш.А-т оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ш.А нь торгох ялыг 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн чулуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
6. Эрүүгийн 1710008770043 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР