Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1038

 

 

 

 

 

 

 

 

2020           12            16                                        1038  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч: Б.Ц,

шүүгдэгч: Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Тд холбогдох эрүүгийн 2005031551690 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Т.

 

Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бенз” нэртэй караокены гадна хохирогч Б.Цэцэгдарийг зодож, биед нь доод уруулд эдийн дутагдал бүхий шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч: Э.Т мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би тухайн үед маш их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор яагаад хохирогчийн биед халдах болсноо санахгүй байна. Миний буруу, бид уг нь сайхан хосууд байсан. Би 1 300 000 төгрөгийн хохирлыг хохирогчийг хагалгаанд орох үед төлсөн. Одоогийн байдлаар нийт 2 700 000 төгрөг төлөөд байна. Уг мөнгийг эцэг эхээсээ авч өгсөн. Хохирогч цаашид надаас хохирол нэхэмжилсэн тохиолдолд төлнө. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахиж ийм гэмт хэрэгт холбогдохгүй. Энэ миний амьдралын хамгийн сүүлчийн алдаа байх болно гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Ц мэдүүлэхдээ:

Би Тг таньдаг болоод 4 жил болж байна. Бид ихэвчлэн мессежээр харьцдаг байсан. 2019 онд Т Хятад улс руу явж, би Солонгос улс руу явсан. Би 2020 оны 01 дүгээр сард Монголд ирээд 3 дугаар сард Ттэй уулзаад бид дотноссон. Тэгээд түүнтэй уулзаад 1 сарын дараагаас аймаар хүн гэдгийг нь мэдсэн. Би 10 дугаар сарын 19-ний өдөр найзтайгаа бааранд явж байхад Тг тухайн бааранд байна гэж хамт явж байсан найз маань надад хэлсэн болохоор би Тгээс зугтаад таксинд суугаад явах гэтэл араас гарч ирээд “чи явах гэж байгаа юм уу” гэхээр нь би “явлаа” гэж хэлсэн. Гэтэл “чи найзыгаа явуул, би чамтай хамт явна” гэж хэлсэн. Тэгээд би “үгүй ээ би явлаа” гэтэл “үгүй ээ, цуг байя” гээд намайг аваад буцаад баар руу орсон. Тэгээд миний утсыг байнга шидээд эвдэлчихдэг болохоор би найздаа утсаа өгөөд явуулсан. Ингэхдээ хамт явж байсан найздаа “чи явж бай, би Ттэй жоохон байж, зохицуулчхаад зугтаагаад яваад очъё” гэж хэлсэн. Тухайн бааранд Тгийн эгч нь байсан. Тэгээд Тгийн эгч нь “хамт караоке оръё” гэж хэлсэн. Би “караоке орохгүй” гэж хэлсэн. Би архи уух дургүй, архи ууж чаддаггүй учраас би “үгүй” гэж хэлсэн. Тэгээд бид караоке орсон. Караокед ороод удалгүй би тэднээс зугтааж, такси бариад харих гээд таксинд суутал Т миний хойноос шууд такси руу дайрч орж ирээд миний уруулыг тас хазаад намайг үсдэж чирч зодсон. Мөн миний нүүр, ам руу өшиглөсөн. Тухайн үед болсон явдлын талаар ярихад надад хэцүү байна. Би энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санаагаар их хохирсон тул их гомдолтой байна. Миний доод уруулын 50 хувь нь байхгүй болсон. Одоо миний уруул их өвчтэй, хатуу болсон. Тэгээд дөрвөн сарын дараа уруулдаа хагалгаа хийлгэнэ. Эмнэлгийн зүгээс хагалгаа хийгдээгүй учир хагалгааны зардлын баримт гаргаж өгөх боломжгүй гэсэн боловч хагалгааны төлбөр 2 800 000 төгрөг болно. Би Тгээс айж байна. Цаашдаа  Монгол улсдаа тайван амьдрах хүсэлтэй байна. Т надаас олон удаа уучлалт гуйж байсан. Надад олон удаа амлалт өгч байсан ч амлалтдаа огт хүрч байгаагүй. Т надад 2 700 000 төгрөг өгсөн. Хагалгаанд ороогүй учраас хагалгааны төлбөрийн баримтыг авчраагүй. Тгийн хувьд согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө удирдах чадвартай байсан гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Э мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 02:30 цагийн үед хорооллын дунд замд байрлах “Бенз” нэртэй караокед Ц, Т, Энхзориг бид нар хамт ууж сууж байх үед би ариун цэврийн өрөө орохоор гарсан. Миний араас Ц гарч ирээд би Тг их санасан байна гэж ярилцан буцаж орсон. Тухайн үед Ц, Т хоёр 0,75 литрийн хэмжээтэй архи хувааж ууж байхад нь нэлээн тасрах шинждээ орсон байна гэж бодон, “боль” гэж хэлээд архийг нь авч буйдангийн араар нуусан. Тэрний дараа Т, Ц хоёр хамт нойл орсны дараа 15 минут орчмын дараа эрэгтэй зөөгч орж ирээд танайх хурдан тооцоогоо хийгээд гараарай, гадаа цагдаа ирээд бөөн юм болж байна, манайх хууль бус, 04 цагаас хойш ажиллаж байгаа шүү дээ гэж хэлэн Энхзориг бид хоёрыг гаргасан. Тооцоо хийчхээд караокены гадаа гарахад Ц цагдаагийн машины урд талын суудал дээр суусан, Т ард нь суучихсан харагдсан. Би цагдаагаас юу болоод байна вэ гэхэд та Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирээрэй гэсэн. Тухайн үед Цэцэгдарийг харахад амнаас нь цус гарсан шинжтэй байсан. Би урчихсан юм байх гэж бодсон гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12074 тоот дүгнэлтэд:

1. Б.Цэцэгдарийн биед доод уруулд эдийн дутагдал бүхий шарх, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь хэрэг болохоос хоёроос дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.  Доод уруулын эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун өвдөгний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Доод уруулын эдийн дутагдал бүхий шарх гэмтэл нь цаашид эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна гэжээ. (хэргийн 21 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Э.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 56 дугаар хуудас)

 

                                                                                                            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бенз” нэртэй караокены гадна хохирогч Б.Цэцэгдарийг зодож, доод уруулд эдийн дутагдал бүхий шарх үүсгэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ц, гэрч Б.Эын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12074 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Э.Тг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч нь өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд 2 700 000  төгрөг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Б.Ц нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ял оногдуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

                                                                                         

1. Шүүгдэгч Тг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Тг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний 5 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг Э.Тд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Б.Ц нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН