| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0185/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/198 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Т.Мижиддорж /томилолтоор/, шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Т-ын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810007650220 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Дорнын гоо” ХХК-нд инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Т.Н.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд хохирогч А.Оыг хажуунаас хуруу, гараараа хатгаад зүгээр суулгасангүй гэх шалтгааны улмаас түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд шарх, хамар зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.Н: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч А.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед найз Дөлгөөн, Идэр, Улсбаатар нарын хамтаар Минт клубд орсон. Бид текний хажууд суугаад 750 граммын Балантайнсе нэртэй виски нэг шилийг хувааж уугаад бүжиглэсэн. Ингээд шөнө 03 цаг өнгөрч байхад миний баруун талын сандал дээр сууж байсан Улсбаатар ариун цэврийн өрөө орох гээд явсан. Тэр хооронд нь би Улсбаатарын сандал дээр хүн суулгахгүй гээд байж байтал баруун талд зогсож байсан хэсэг залуусын нэг нь Улсбаатарын сандлыг цаашаа аваад явсан. Тэгэхээр нь би хажууд байсан өөр нэг сандалыг өөр рүүгээ татаад Улсбаатарт хадгалж байсан боловч тэрээ шууд гэртээ харихаар явсан. Тэгээд би вискигээ ууж байгаад ариун цэврийн орох гээд босоход миний баруун гар талд сууж байсан залуу гэнэтхэн хамар орчимд баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон...” /хх-ийн 12-13/ гэсэн,
Гэрч Б.Дөлгөөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед О, Идэр нарын хамт Минт клубт очсон. ...Бид бүжиглэж байгаад суудал дээрээ буцаж суугаад байж байхад Оын баруун гар талд сууж байсан залуу Оын хамар руу баруун гараараа нэг удаа цохиход түүний хамарнаас цус гарсан...” /хх-ийн 18-19/ гэсэн,
Гэрч Д.Наранбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 02 цаг өнгөрч байхад найз Н, Баярсайхан нартай уулзаж Минт клуб руу орсон. ...Миний зүүн гар талд Н, баруун талд Баярсайхан сууж байсан. Нийн зүүн гар талд сууж байсан 28-30 орчим насны 175 см өндөртэй залуу Нийн сууж байсан сандлыг татаж чангаагаад байсан. Тэгтэл Нийн уур хүрсэн үү яасан зүүн гар талд сууж байсан залуу руу хараад баруун гараараа ...нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...” /хх-ийн 20-21/ гэсэн,
Гэрч Ц.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн үед Н, Наранбаатар нарын хамт Минт клуб орсон. ...Тэгтэл Минт клубээр байнга үйлчлүүлдэг зүс таних 27-28 орчим насны залуу Нийн сууж байсан сандлыг татаж чангаагаад байгаа харагдсан. Тэгээд би уух зүйлээ захиалчихаад сууж байхад гэнэтхэн Н би хүн цохичихлоо гээд заалнаас гараад явсан...” /хх-ийн 22-23/ гэсэн,
Шүүгдэгч Т.Н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн үед Баярсайхан, Наранбаатар нарын хамтаар Минт клуб орсон. ...Бид суудал хайж яваад текний зүүн буланд байх текний босоо 3 хоосон сандал дээр баруун талд Наранбаатар, түүний цаана Баярсайхан суусан. ...Бид зөөгчийг дуудчихаад хүлээж байхад миний зүүн гар талд сууж байсан залуу миний сүвээ бөөр орчим хуруугаараа хатгаад байсан. Тэгэхээр нь би тэр залууг болиоч гэхэд хамт явж байгаа болтой хүн нь манай ахыг уучлаарай согтуу байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би сандал дээрээ сууж байсан чинь нөгөө залуу миний сандалнаас татаж байснаа гэнэтхэн босоод ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод нүүрэнд нь нэг удаа цохисон..” /хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №4071 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. А.О-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд шарх, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-9/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-10/,
- Хохирлын баримт /хх-ийн 34/
- Шүүгдэгч Т.Н-ийн ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 43-49/
- Хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн тухай баримт /хх-ийн 53-54, 61/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Н-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Н нь 2018 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минт” бааранд хохирогч А.Оыг хажуунаас хуруу, гараараа хатгаад зүгээр суулгасангүй гэх шалтгааны улмаас түүний нүүрэнд гараараа нэг удаа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд шарх, хамар зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.Оийн “...2018 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед найз Дөлгөөн, Идэр, Улсбаатар нарын хамтаар Минт клубд орсон. ...Шөнө 03 цаг өнгөрч би ...ариун цэврийн орох гээд босоход миний баруун гар талд сууж байсан залуу гэнэтхэн хамар орчимд баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон...” /хх-ийн 12-13/ гэсэн,
Гэрч Б.Дөлгөөний “...2018 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед О, Идэр нарын хамтаар Минт клубт очсон. ...Бид бүжиглэж байгаад суудал дээрээ буцаж суугаад байж байхад Оын баруун гар талд сууж байсан залуу Оын хамар руу баруун гараараа нэг удаа цохиход түүний хамарнаас цус гарсан...” /хх-ийн 18-19/,
Гэрч Д.Наранбаатарын “...2018 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 02 цаг өнгөрч байхад найз Н, Баярсайхан нартай уулзаж Минт клуб орсон. ...Нийн зүүн гар талд сууж байсан 28-30 орчим насны 175 см өндөртэй залуу Нийн сууж байсан сандлыг татаж чангаагаад байсан. Тэгтэл Нийн уур хүрсэн үү яасан зүүн гар талд сууж байсан залуу руу хараад баруун гараараа ...нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...” /хх-ийн 20-21/ гэсэн,
Гэрч Ц.Баярсайханы“...2018 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн үед Н, Наранбаатарын нарын хамт Минт клуб орсон. ...Минт клубээр байнга үйлчлүүлдэг зүс таних 27-28 орчим насны залуу Нийн сууж байсан сандлыг татаж чангаагаад байгаа харагдсан. Тэгээд би уух зүйлээ захиалчихаад сууж байхад гэнэтхэн Н би хүн цохичихлоо гээд заалнаас гараад явсан...” /хх-ийн 22-23/ гэсэн,
Шүүгдэгч Т.Н-ийн “...2018 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн үед Баярсайхан, Наранбаатар нарын хамтаар Минт клуб орсон. ...Бид зөөгчийг дуудчихаад хүлээж байхад миний зүүн гар талд сууж байсан залуу миний сүвээ бөөр орчим руу хуруугаараа хатгаад байсан. Тэгэхээр нь би тэр залууг болиоч гэхэд хамт явж байгаа болтой хүн нь манай ахыг уучлаарай согтуу байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би сандал дээрээ сууж байсан чинь нөгөө залуу миний сандалнаас татаж байснаа гэнэтхэн босоод ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод нүүрэнд нь нэг удаа цохисон..” /хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №4071 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. А.О-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд шарх, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч А.О-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, уруулд шарх, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 53, 61/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх, хохирол төлбөргүй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Нийн үйлдэлд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосноор торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810007650220 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхийн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч А.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Н-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Н нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Эрүүгийн 1810007650220 тоот хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Т.Н нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР