Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2020/00297

 

Д.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00697 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 856 дугаар магадлалтай,

Д.Цын нэхэмжлэлтэй

Б.Г, П.Ёнарт холбогдох

П.Ёаас ковшны үнэ 15 000 000 төгрөг буцаан гаргуулах, Б.Гоос ковшны үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөг, алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, ZL50 маркын ковш ачих үеийн зардал 350 000 төгрөг, зогсоолын төлбөр 360 000 төгрөг, оношилгоо татвар 292 500 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр 21 510 000 төгрөг, нийт 22 512 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч П.Ёын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Ца шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б.Гтой Зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг нийт 3 хувь үйлдэн, нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний 2.2, 2.3-т 2007 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл буюу 5 сарын хугацаатай зээлийг хүүгүй төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Б.Гоос зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч ямар нэг арга хэмжээ авдаггүй. Иймд гэрээний үүрэгт заасан 28 000 000 төгрөг, алданги 14 000 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөгийг Б.Гоос гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний дагуу бодитоор 28 000 000 төгрөг олгоогүй ба дараах үндэслэлээр зээлийн гэрээг Б.Гын зөвшөөрснөөр байгуулсан. Нэхэмжлэгч Д.Ца нь 2015 оны 5 дугаар сард иргэн П.Ёаас 74-22 УБ улсын дугаартай ковшийг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 15 000 000 төгрөгийг урьдчилгаанд өгөхөөр болж 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг П.Ёын Хаан банк ХХК-ийн 5033128777 тоот дансанд шилжүүлж, 2015 ны 5 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хаан банкны 5946271731 тоот данснаас 12 000 000 төгрөгийг бэлнээр авч П.Ёад өгсөн. Үлдэгдэл 15 000 000 төгрөгийг хайрга олборлож өгөхөөр ямар нэгэн хугацаагүй тохиролцсон. Уг ковшийг авснаас хойш Шувуун фабрикт ордтой Далайн элч ХХК-ийн хайргыг олборлох байсан боловч хайрга нь чанарын шаардлага хангахгүй гэсэн шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулаагүй ба тэр жилдээ Далай элч ХХК-ийн талбайд өнжсөн. 2016 оны 8 дугаар сарын эхээр Б.Г уг ковшийг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож Б.Ганбод нь 15 000 000 төгрөгийг Б.Д.Цад, 15 000 000 төгрөгийг П.Ёад тус тус өгөхөөр тохиролцсон ба энэ тухай П.Ё, Б.Г эхнэрийн хамт, Д.Ца нар уулзаж тохиролцсон. Б.Г нь уг ковшийг өөрийн Шувуун фабрик дахь Бөхчулуун орд ХХК-ийн карьер дээр мөн Шарын голын алтны уурхайд тус тус ажиллуулж байсан. Энэ хугацаанд удаа дараа мөнгөө нэхэж байсан боловч өгөөгүй. Мөн Б.Г нь Д.Цаас өмнө нь буюу 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр XGMA.951.3 ковшийг 35 000 000 төгрөгөөр худалдан авч гэрээ байгуулан зарсан ба 10 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдэгдэл 25 000 000 төгрөг төлөх дутуу байснаас Д.Ца нь 12 000 000 төгрөгийн хайргыг Бөх чулуун орд ХХК-ийн талбайгаас ашигласан ба үлдэгдэл 13 000 000 төгрөг авах дутуу байсан. Дээрх худалдсан хоёр ковшны үлдэгдэл төлбөр болох 74-22 УБ улсын дугаартай ковшийн үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөг, XGMA.951.3 ковшийн үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөгийг төлөх нэмэлт хугацаа тогтоон 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Д.Ца, Б.Г нар тохиролцон Зээлийн гэрээ байгуулж хугацаандаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр тохиролцсон. П.Ёнь ковшны төлбөрөө нэхэмжилж 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Цыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Түүний дараа 2017 оны 10 дугаар сард Б.Г ковшийг авч ачиж хот руу оруулж явах замд 22-ын товчоонд П.Ётаарч ковшийг Б.Гоос авч явсан. Б.Г өөрөө төлбөрт өгөх мөнгөө хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ хэлбэрээр нэмэлт хугацаа тогтоон төлөхөөр тохиролцон зээлийн гэрээ байгуулсан. Б.Гын гаргасан тайлбарт дурдсан экскаватор нь уг зээлийн гэрээнд ямар ч хамааралгүй ба Б.Г нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уг экскаваторыг гал алдаж шатаасан ба уг хэрэг маргаан цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа болно. Дээрх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ П.Ёыг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч П.Ёнь өөрийн худалдсан 74-22 УБ улсын дугаартай ковшоо буцааж авч худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан тул урьдчилгаанд төлсөн 15 000 000 төгрөгийг гаргуулж. хариуцагч Б.Гоос XGMA.951.3 ковшны үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөгийг гэрээгээр алданги төлөхийг хүлээн зөвшөөрсний дагуу 50 хувьтай тэнцэх хэмжээний алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Цаас 28 000 000 төгрөг зээлж аваагүй учраас түүнд мөнгийг өгөх үндэслэлгүй. Учир нь 2016 оны 8 дугаар сарын эхээр Д.Цаас ZL50 маркийн ковшийг 15 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч ковшийг нь авч Шувуун фабрикийн Бөхчулуун орд ХХК-ийн карьер дээр ажиллуулахаар аваачсан боловч тэр ковш нь эвдэрч ажиллаж болохгүй байсан тул 2017 оны 10 дугаар сард буцааж өгсөн. Уг ковш Д.Цын ковш биш өөр хүний ковш байсан тул тэр хүн нь Д.Цаас ковшоо авсан. 2016 оны 8 дугаар сард Жугант Өргөө ХХК-ийн захирал н.Болдбаатараас Д.Цаар зуучлуулж экскаватор худалдаж авахаар тохирч дээрх ковш, экскаватор хоёрын барьцаанд Д.Ца зээлийн гэрээ гэгчийг хийлгэж гарын үсэг зуруулсан. Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллаж байхад экскаватор нь гал алдсанаас болж шатсаныг Д.Ца сэлбэгэнд өгөхөөр авсан. Д.Ца бид хоёр нийлж Жугант Өргөө компанийн захиралд үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохирсон. 2014 онд Д.Цаас XGMA.951.3 ковшийг 35 000 000 төгрөгөөр худалдан авч төлбөрт нь 10 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл төлбөрт нь 2 газрыг хайрга олборлуулахаар өгч төлбөр тооцоо дууссан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч П.Ёшүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сард 74-22 УБ улсын дугаартай ковшийг Д.Цад 30 000 000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед Д.Ца бүрэн бүтэн тээврийн хэрэгсэл хүлээн авч өөрөөр нь унаж явсан. Худалдан авч байхдаа урьдчилгаа болгон 15 000 000 төгрөгийг өгч, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг 14 хоногийн дотор төлж барагдуулна. Хоёр сарын дотор төлбөрөө төлж барагдуулахгүй бол урьдчилгаа болгон өгсөн 15 000 000 төгрөгийг түрээсийн мөнгө болгон тооцож ковш буцаан өгөхөөр тохирсон. Тохирсон хугацаа 2015 оны 7 дугаар сард дуусгаад ярихад ямар ч ажил хийгээгүй боломж олгооч, энэ жилдээ багтаан үлдэгдэл төлбөрөө төлж дуусгана гэж гуйсан. Түүнээс хойш огт холбогдохгүй байсан. Д.Ца нь 2016 оны 8 дугаар сард ...Б.Г гэдэг хүнтэй хамт ирж ковшоо энэ хүнд 1 сарын 15 000 000 төгрөгөөр түрээсэлж байгаа. Надад 2 сарын дотор үлдэгдэл 15 000 000 төгрөгийг төлж барагдуулна гэж хэлээд явсан. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Д.Цад холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гээд нэхэмжлэл буцсан. Үүнээс хойш төлбөрөө төлөхгүй явсаар 2017 оны 10 дугаар сард 74-22 УБ ковш нь 22-ын товчоонд эвдэрсэн байсныг би өөрөө машин хөлсөлж ачиж авч явсан. Үүнээс хойш нэг удаа Д.Ца нь утсаар ярьж Б.Г намайг хуурсан би Б.Гыг шүүхэд өгч байгаа Б.Гоос чиний мөнгийг гаргаж өгнө гэж хэлсэн. Одоог хүртэл төлбөр тооцоо хийгдээгүй байгаа. Гурван жилийн дотор Д.Ца нь огт ажил хийгээгүй гэдэгт итгэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч П.Ёшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Ца нь миний 2015 оны 5 дугаар сард 74-22 УБ улсын дугаартай ZL50 маркын ковшийг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 15 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн боловч 2017 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул 22-ын товчооны тэнд ковш эвдэрсэн байхад нь очиж ачиж авсан. Иймээс нэхэмжлэгч Д.Цаас ковш ачих үеийн траллер, краны зардал 350 000 төгрөг, зогсоолын мөнгө 360 000 төгрөг, оношилгоо татвар 292 500 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр 21 510 000 төгрөг, нийт 22 512 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д.Ца нь 74-22 УБ улсын дугаартай ZL50 маркын ковшийг анх П.Ёаас авахдаа хүлээж авсан акт гэж байдаггүй. Сөрөг нэхэмжлэлд дурдсан эвдрэл гэмтэл нь хэзээ үүссэн болох нь тодорхойгүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00697 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Ёаас 15 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цад олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Цын хариуцагч Б.Год холбогдуулан гаргасан XGMA.951.3 ковшийн үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөг, алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Ёын нэхэмжлэгч Д.Цад холбогдуулан гаргасан 74-22 УБ улсын дугаартай ZL50 маркын ковшийг буцаан авах үедээ гаргасан ачих үеийн траллер, краны зардал 350 000 төгрөг, зогсоолын мөнгө 360 000 төгрөг, оношилгоо татвар 292 500 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр 21 510 000 төгрөг, нийт 22 512 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэхээс татгалзаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Цаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ёаас улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Цад олгож, хариуцагч П.Ёаас улсын тэмдэгтийн хураамжид Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот дансанд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тушаасан 236 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тушаасан 125 390 төгрөгийг тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 856 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00697 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 112 дугаар зүйлийн 112.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн хариуцагч П.Ёын 232 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Ёхяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Үүнд: Д.Ца нь 2015 оны 5 дугаар сард иргэн П.Ёаас 74-22УБ улсын дугаартай ковшийг 3 жилийн хугацаанд ашигласан, уг ковшийг одоо огт ашиглах боломжгүй болсон тул авсан 15 000 000 төгрөгөө П.Ёнь түрээсэндээ суутган авсан. 2016 оны 8 сарын ихээр Д.Ца нь Б.Год уг ковшийг түрээслэж 15 000 000 төгрөг гаргуулж өгнө гэсэн боловч П.Ёийн ковшийг Б.Год давхар түрээсэлж ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. П.Ёби Б.Гыг огт танихгүй, Д.Ца олдохгүй алга болсон учраас машинаа олж авсан, сөрөг нэхэмжлэлийг зохигчдод гардуулсан атлаа сүүлд хурал дээр хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.Ца миний ковшийг аваад цааш нь худалдаж, түрээсэлж мөнгө олсон нь Б.Гын тайлбар, худалдах худалдан авах гэрээ, миний Б.Гоос ковшоо олж авсан зэрэг үйл баримтаар тогтоогдож байгаа. Д.Ца миний ковшийг худалдан авах биш надаас түрээсээр авсан гэтэл түрээсийнхээ мөнгийг төлөхгүй алга болохоор би ковшоо танихгүй хүнээс олж авсан, гэтэл шүүх намайг худалдсан гэж түрээсийн мөнгө гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.Ца миний дансаар хийсэн мөнгө 3 сая төгрөг орж ирсэн, өөр надад орж ирсэн мөнгө байхгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж, шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй, шүүхийн шийдвэр хуульд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж хяналтын гомдол гаргаж байна. Д.Ца нь хүний хөрөнгийг түрээсэлж байсан атлаа өөрийн хөрөнгө шиг цааш нь давхар түрээсэлж мөн худалдсан асуудалд шүүх дүгнэлт өгөөгүй. Д.Ца бид хоёрын хооронд ковшийг худалдсан асуудал огт байхгүй, ковшийн өмчлөгч нь одоо хүртэл П.Ёби хэвээрээ байгаа, Д.Ца руу шилжээгүй. Гэтэл Б.Год худалдаад явсан байна. Эцэс сүүлд нь би түрээсийн мөнгө ч үгүй, ковш ч байхгүй эвдэрсэн машинтай үлдэж байна. Д.Ца миний ковшийг 3 жил Б.Год түрээслээд мөнгийг авч ашигласан атлаа надаас бас дахин мөнгө нэхэж түүнийг шүүх учрыг нь ололгүй, хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шийдвэрлэхгүй нэг талыг барьж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Ца нь хариуцагч П.Ёад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 74-22 УБ улсын дугаартай ковшоо П.Ёбуцааж авсан тул шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч Б.Год холбогдуулан XGMA.951.3 ковшийн үлдэгдэл төлбөр 13 000 000 төгрөг, алданги 6 500 000 төгрөг, нийт 19 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг тус тус зөвшөөрөөгүй бөгөөд хариуцагч П.Ёковш ачсан зардал 350 000 төгрөг, зогсоолын төлбөр 360 000 төгрөг, оношилгоо, татвар 292 500 төгрөг, засвар үйлчилгээний төлбөр 21 510 000 төгрөг, нийт 22 512 500 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг  гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч П.Ёаас 15 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагч Б.Год холбогдох нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Д.Ца нь хариуцагч Б.Год холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаагүй юм.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд Д.Ца нь 2015 оны 5 дугаар сард П.Ёаас 74-22 УБ улсын дугаартай ковшийг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 15 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлж, ковшийг хүлээн авсан, төлбөрийн үлдэгдэл 15 000 000 төгрөгийг төлөөгүйгээс П.Ёнь 2017 оны 10 дугаар сард ковшоо буцаан авсан үйл баримт тогтоогдсон байна.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх гэрээний төрлийг үндэслэлтэй тодорхойлжээ.

Гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний талууд үүргээ харилцан биелүүлэх ёстой бөгөөд нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, үүргээ зөрчсөн тул худалдагч болох П.Ёгэрээнээс татгалзаж, эд хөрөнгөө буцааж авсан, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан хэм хэмжээг оновчтой хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасан, гэрээний нэг тал нь ковшийг буцаан авсан тул Д.Ца нь шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй юм. Хариуцагч нь уг мөнгийг түрээсийн төлбөрт суутгахаар тохирсон гэж тайлбар гаргасан боловч татгалзлаа нотлоогүй байв.

Нэхэмжлэгч Д.Ца нь ажил олдоогүйгээс ковшийг авахаа больсон, уг ковшийг Б.Г авахаар болсон учраас 15 000 000 төгрөгийг надад, 15 000 000 төгрөгийг П.Ёад өгөхөөр болсон, энэ талаар П.Ётохирсон гэж тайлбар гаргасан боловч тайлбараа баримтаар нотлоогүй байна. Тэрээр ийм тохиролцоо байсан бол ковшийн үнэд шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг Б.Гоос нэхэмжлэх байтал  П.Ёаас нэхэмжилсэн нь дээрх тайлбараа үгүйсгэжээ.

Шүүх гэрээний талууд, худалдан авагч буюу Д.Ца үүргээ зөрчсөн гэх үйл баримт, гэрээнээс татгалзсны улмаас талууд авсан зүйлээ харилцан буцааж өгөх эрх зүйн асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Харин хоёр шатны шүүх хариуцагчийн шүүхэд гаргасан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг хэрэгжүүлээгүй, сөрөг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй байх ба хэрэгт байгаа баримтын хэмжээнд сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө хариуцагч П.Ёаас шаардсан бол хариуцагч нь хохирлоо Д.Цаас шаардах эрхтэй юм. Гэрээний талууд харилцан шаардлага гаргасан, шаардлага аль аль нь гэрээтэй холбоотой байхад сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зохистой болоогүй байна.

Д.Ца нь 2015 оны 5 дугаар сард П.Ёаас ковшийг авсан,  П.Ёнь 2 жилийн дараа буюу 2017 оны 10 сард ковшийг буцааж авсан, ийнхүү авахдаа өөрөөсөө зардал гаргасан, эд хөрөнгөд хамаарах хураамжийг төлж, эд хөрөнгийн гэмтлийг засч сэргээсэн талаарх баримтуудыг сөрөг нэхэмжлэлдээ хавсарган гаргасан байна.

Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдсон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл хохиролд хамаардаг болохыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус заасан ба эдгээр хэм хэмжээ сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон байна.

Хариуцагч нь эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн үеийн фото зураг, эд хөрөнгөө буцааж авсан үеийн фото зургийг хавсаргаж, ковшийн шанага 90 хувь элэгдсэн гэж засварын үнэ 8 000 000 төгрөг, автозамын хураамж 180 000 төгрөг, агаарын бохирдолд төлөх ёстой 28 500 төгрөг, тээврийн хэрэгслийн хураамж 54 000 төгрөг, ачих краны хөлс 350 000 төгрөг, зогсоолын үнэ 360 000 төгрөг нийт 8 972 000 төгрөгийн хохирлыг нотолсон байх тул /хх-50-59/ сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 856 дугаар магадлалын 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШШ2019/00697 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дах заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч П.Ёаас 15 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Цад олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримтлан сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Д.Цаас 8 972 000 төгрөгийг гаргуулж П.Ёад олгон, сөрөг нэхэмжлэлээс 13 540 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 4 дэх заалтыг “...буцаан олгосугай.” гэснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 158 502 төгрөгийг гаргуулж П.Ёад олгосугай.” гэж тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т  зааснаар хариуцагч П.Ёаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 232 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА