| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2018/0321/Э |
| Дугаар | 2018/ДШМ/03 |
| Огноо | 2019-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 28.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Нэргүй |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2018/ДШМ/03
| 2019 оны 01 сарын 08 өдөр | 2018/ДШМ/03 Зуунмод |
Б.Ж-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Нэргүй,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням,
Хохирогч М.Энхзул
Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Ж-д холбогдох 1834004970289 дугаартай 1 хавтас, 217 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн. 1975 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8. эхнэр, дүү, ээж, хүүхдүүдийн хамт Төв аймаг ... оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ж /РД:...72/.
Шүүгдэгч Б.Ж Төв аймгийн Эрдэнэ сум гэх мэдээллэх тэмдэгний орчим Улаанбаатар хотоос Багануур дүүргийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 2018 оны 07 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ "Портер" маркийн 85-97 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.2 дахь заалтыг тус тус зөрчин "Хонда си эйр ви" маркийн 33-83 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Г.Анандын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Энхзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Ганбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Батдагвын эд хөрөнгөнд 5929000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б.Ж-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч Б.Ж-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял здэлж дууссан үеэс эхлэн тоолохыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар болон шүүгдэгчийн бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жаргалсайханаас 1.538.494 төгрөгийг гаргуулж хохирогч М.Энхзулд олгож, хохирогч М.Энхзул нь ажилгүй байсан хугацааны цалин 4500.000 төгрөг болон хохирогч Г.Ананд, М.Энхзул нар нь цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй, иргэний хариуцагч Б.Батдагвад 6000000 төгрөг төлснийг тус тус дурдаж, хохирогч Б.Ганбатын ажилгүй байсан хугацааны цалин 2500000 төгрөг, сэтгэл санааны хохирол 3.000.000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Базарын Жаргалсайханд холбогдох 1834004970289 тоот эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн 314 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч Б.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэм буруугийн талаар ямар нэг маргаан байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ дүгнэлт хийж мөрдөн байцаалтын шатанд 10.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан 1,538,494 төгрөгийн хохирлыг хохирогч нарт төлж гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлоо бүрэн барагдуулж дуусгасан. Гэм буруугаа чин сэтгэлээсээ гэмшиж хохирогч М.Энхзул, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ганбат нартай эвлэрлийн гэрээ байгуулж, сайн дураараа хохирогч М.Энхзулд ажилгүй байх хугацааны цалин гэж 4,500,000 төгрөгийг нэмж төлж уучлалт гуйж эвлэрэн цаашид хохирогч нараас иргэний журмаар нэхэмжлэх эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн. Б.Ж нь ам бүл 8, эхнэр, 4-18 насны 4 хүүхэд. ээж. дүү нарын хамт амьдардаг ба анх удаа, болгоомжгүйгээр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирлоо бүрэн барагдуулж хохирогч нартай эвлэрсэн, хохирогч нарын зүгээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг шүүхээс хүссэн хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-г баримтлан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж, анхан шатны шүүхийн шиитгэх тогтоолд өөрчлөлт оруулж тэнсэж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанаас хойш хохирогчид нийт 6.038.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Иргэний журмаар нэхэмжилсэн цалингийн нэхэмжлэл 4.500.000 төгрөгийг барагдуулсан. Мөн хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан. Хохирогч гомдол саналгүй гэсэн. Шүүгдэгч Б.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Түүний анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирлоо бүрэн барагдуулсан зэргийг харгалзан үзэж тэнсэн харгалзаж өгнө үү.” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.Энхзул гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Ж нь гэм буруугаа хүлээж уучлалт гуйсан. Мөн эвлэрлийн гэрээ байгуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэсэн. Энэ хүнд тэнсэх арга хэмжээг авч өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нэргүй гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Давж заалдах хурал дээр хохирлоо бүрэн барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан. Ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээ учир татгалзах зүйлгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Ж-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна.
Шүүгдэгч Б.Ж 2018 оны 07 дугаар сарын 13-ны орой 21 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт /Улаанбаатар Багануур чиглэлийн замд/ “Портер” маркийн 85-97 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан ”жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.2-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиодолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “Хонда си эйр ви” маркийн 33-83 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж Г.Анандын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Энхзулын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Ганбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Батдагвын эд хөрөнгөнд 5929000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- шүүгдэгч Б.Жаргалсайханы: “...урдаас их хурц гэрэлтэй машин ирж байсан, нэг мэдэхэд машинтай мөргөлдсөн байсан. Хурд сааруулагч гараад машины араа солих гээд анхаарал сарнисан, гэрлийн гялбаанд ороод мөргөлдсөн.Согтуу машин барьсан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-29,93/,
-хохирогч М.Энхзулын: “...нөхөртэйгөө юм яриад явж байсан, нэг мэдсэн Эрдэнэ сумын эмнэлэгт ухаан орсон. Юу болсон талаар мэдэх зүйлгүй, машин 40-50 км/цаг хурдтай явж байсан байх” гэх мэдүүлэг /хх-16/,
-хохирогч Б.Ганбатын: “...урдаас ирж байсан тээврийн хэрэгсэл ирээд шууд мөргөчихсөн. Би өөрийн эгнээндээ явж байсан, гэрэл нь тусах шиг болоод юм бодож амжаагүй, би ямар ч зогсоох арга хэмжээ авч чадаагүй” гэх мэдүүлэг /хх-18/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-03/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-05/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-06/, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-07, 08-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8727, 8732, 8726 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-40,43,45/, Шүүхийн шинжилгээний албаны №580 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-48/, Төв аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн №00000083 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-84/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Ж-ны үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд шүүгдэгч Б.Ж мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Батдагвад автомашины хохирлын 6000000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч М.Энхзул, Г.Ананд нарт 4000000 төгрөг төлсөн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг 13805364 төгрөг гэж дүгнэсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага 15538494 төгрөг байна. Дээрх 15538494 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас бензин, эм тарианы зардалд 2638494 төгрөг, машин ачлагын зардалд 500000 төгрөг, асрагчийн хөлс 2400000 төгрөг, нийт 5538494 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх үнийн дүнгээс мөрдөн байцаалтын шатанд төлсөн 4000000 төгрөгийг хасч тооцон 1538494 төгрөг гаргуулж хохирогч М.Энхзулд олгохоор, М.Энхзулын ажилгүй байсан хугацааны цалин 4500000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Б.Ганбатын ажилгүй байсан хугацааны цалин 2500000 төгрөг, сэтгэл санааны хохирлын 3000000 төгрөг, бүгд 5500000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Б.Ж шүүхийн шийдвэрээр төлбөл зохих 1538494 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр, М.Энхзулын ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилсэн 4500000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр М.Энхзулд төлсөн ХААН банкны дансны хуулга болон хохирол барагдуулсан /нотариатаар гэрчлүүлсэн/ баримтыг давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Иймд шүүгдэгч Б.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулж М.Энхзулд ажилгүй байсан хугацааны цалин 4500000 төгрөгийг нэмж төлсөн, цаашид иргэний журмаар нэхэмжлэх эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, анх удаа болгоомжгүйгээр, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон ар гэр, хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, шиитгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар гаргажээ.
Шүүгдэгч Б.Ж-ны үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бодит хохирол төлсөн хэдий ч хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгчийн цусанд 2.6 промилл спирт илэрсэн буюу хүнд зэргийн согтолттой үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан хорих ялыг өөрчилж, тэнсэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын “ял хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатарын “ял хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Ж нь анхан шатны шүүх хуралдаанаас хойш 6038494 төгрөгийг хохирогч М.Энхзулд төлсөн болохыг дурьдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ц.ӨРНӨНДЭЛГЭР
Г.БОЛОРМАА