Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 37

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч,            

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                       С.Оюунцэцэг

                                                                    Г.Давааренчин

 

                      Оролцогчид

                                 Нэхэмжлэгч                                     Д.Жаргалсүрэн           

                                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч          Б.Цэрэнбат

                                 Хариуцагч                                       А.Пүрэвсүрэн

                                 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш

                                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар  оролцож,  Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн   2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 142 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор Д.Жаргалсүрэнгийн нэхэмжлэлтэй А.Пүрэвсүрэн, Ш.Төрмөнх нарт холбогдох “6.080.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

      

Нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан  тайлбартаа: “...Иргэн Д.Жаргалсайхан би А.Пүрэвсүрэн, Ш.Төрмөнх нарт мөнгө зээлсэн, бид зээлийн гэрээндээ хугацаа тогтоогоод гэрээ байгуулаад гарын үсгээ зурсан байсан. Энэ хүмүүсээс зээлийн гэрээний хугацаандаа тариа, ногоогоо хурааж дуусахаар нь зээлсэн мөнгөө авах гэсэн боловч өгөөгүй тул үндсэн зээл 4.000.000 төгрөгийг хүү 2.080.000 төгрөгийн хамт  нэхэмжилж байна. Зээлийн гэрээнд хүү тохироогүй боловч зээл төлөх талаар харилцан тохирч  тогтоосон  хугацаанд мөнгийг нь төлөхгүй бол 4 хувийн хүү тооцно гэж  тохирч  бичгээр үйлдэн  бүгдээрээ хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Энэ гэрээ хэрэгт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвсүрэн шүүхэд болон  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх ногоо тарьдаг, жаахан малтай тэрийгээ маллаж амьдардаг. Би 4.000.000 төгрөг авсан нь үнэн. Зээлсэн мөнгөө  төлөх болонгуут Д.Жаргалсүрэнгийн нөхөр нь орж ирээд та хоёр энэ жил ногоо тариад яах юм бэ. Ногоо тариад хэрэггүй. Бид хоёр бүх зүйлээ авъя та хоёр манай ногоог тарьж өг. Та хоёрыг манайх өргүй болгоё гэж хэлэхээр нь бид хоёр өөрийнхөө ногоогоо тарихаа болиод энэ хоёр хүнд зорьж ногоог нь бүтэн хаваржингаа тарьж, бүтэн зунжингаа усалж, хор цацаж, ургуулж бүхэл бүтэн 1000 шуудай төмс авч өгсөн.

 Бид хоёрын төлөхгүй гээд дайраад байгаа ганцхан шалтгаан нь тэр. Бид нар тэрнээс цалин мөнгө юу ч үгүй хоцорч байгаа. Энэ хүний тэрэг техникээр нь төмс ногоог нь хурааж өгсөн. Бүх зүйлийг нь далд хийж өгсөн. Нэг ч зүйл талбай дээр үлдээгээгүй. Тийм учраас манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж  байгаа юм” гэжээ.

 

Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 142 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар хариуцагч Ш.Төрмөнх, А.Пүрэвсүрэн нараас 4.650.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.430.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Д.Жаргалсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112.250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид А.Пүрэвсүрэн, Ш.Төрмөнх нараас 89.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Пүрэвсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 07-р сарын 28-ны өдөр болсон шүүх хуралд хариуцагчаар оролцохдоо миний бие хууль мэдэхгүй улмаас өмгөөлөгчөөс энэ хэргийн талаар асууж мэдэх хэрэгтэй байна, өмгөөлөгч авмаар байна гэхэд өмгөөлөгч авах хугацаа хангалттай байсан, одоо боломжгүй гээд миний өмгөөлөгч авах эрхийг зөрчиж хэргийг хариуцагчийн талд шийдэж өгсөнд гомдолтой байна. Иймд хуулинд заасан өмгөөлөгч авах эрх зөрчигдсөн учир 2017 оны 07-р сарын 28 өдрийн дугаар 142 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Тэрбиш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх ямар нотлох баримтыг үндэслэн хариуцагч нараас мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байгаа. А.Пүрэвсүрэнгийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн. 3-4 удаа “өмгөөлөгч авмаар байна” гэхэд “боломжгүй” гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж  ирүүлсэн 2016 оны 04 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээнд Ш.Төрмөнх, А.Пүрэвсүрэн нар нь  гарын үсэг зураагүй байхад хуурамчаар үйлдсэн.  Үүнийг хавтас хэргээс харах боломжтой. Гэрээн дээр гарын үсгийг дуурайлгаж зурсан гэж үзэж байгаа тул уг гэрээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр А.Пүрэвсүрэнгийн зээлсэн мөнгөний үлдэгдэл гэдэг дээр анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Хэдэн төгрөг төлөөд, хэдэн төгрөг төлөөгүй талаар асуугаагүй. Зөвхөн “4.000.000 төгрөг авсан уу, мөнгөө буцааж өгсөн үү” гэдэг талаар байн байн асууж байсан. 2016 оны 11 сард зээлсэн  мөнгөө төлчихсөн, харин төлөгдсөн талаар баримт байхгүй.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү” гэв.

   Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   Хариуцагч “өмгөөлөгч авах уу” гэхэд “би өмгөөлөгчгүй орно” гэж хариулж байсан. Гэтэл одоо гомдолдоо эсрэгээр нь бичиж “өмгөөлөгч авъя” болсон байна. Гарын үсгийн хувьд өөрийнх нь гарын үсэг, шүүх түүнийг шинжлэн судлах зүйл байдаг байх. А.Пүрэвсүрэнд “гарын үсэг чинь мөн үү” гэхэд “мөн” гэсэн, одоо биш болж хувирлаа, би хариуцагчийг худлаа ярьж байна гэж бодож байна. Би энэ хүнд бэлэн мөнгө өгсөн, түүнийгээ авмаар байна… Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр болсон процессыг тодорхой ярьлаа. Хариуцагчаас шүүх хуралдаан дээр “өмгөөлөгч авах уу” гэж 2-3  удаа асуухад “өмгөөлөгчгүй орно” гэсэн. Хэрэг үүгсээд 05 сараас 7 сар хүртэл 2 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд өмгөөлөгч авах боломж байсан. 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 142 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                 Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн нь хариуцагч А.Пүрэвсүрэн, Ш.Төрмөнх нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 6.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч мөнгө зээлсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн боловч  төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнгийн  нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцааны зохицуулалтад хамааралтай байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл хариуцагч нар нь  2013 оноос эхлэн өөрсдийн хэрэглээнд зориулан нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнгээс тодорхой хэмжээний мөнгө зээлж буцаан төлдөг байнгын харилцаатай байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдээр тогтоогдож байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4.000.000 төгрөгийг   хариуцагч нар нь 2015 оны 11 сард зээлж авсан талаар талууд маргаагүй  байна.

Харин нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн нь  нэхэмжлэлийн шаарлагын үндэслэлээ хариуцагч нар зээлийг хугацаанд нь төлөөгүй  тул хугацаа хэтэрүүлсэн сар тутам 4 хувийн хүү төлөхөөр тохиролцсон гэсэн үндэслэлээр хариуцагч нараас  зээл 4.000.000 төгрөг, зээлийн  хүүд 2.080.000 төгрөг, нийт 6.080.000 төгрөг  гаргуулна гэж тайлбарладаг бол хариуцагч нар нь зээлсэн мөнгөө төлж барагдуулсан гэж тус тус   тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар  зохигчид нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргийг тус тус  хүлээдэг.

 Нэхэмжлэгч Д.Жаргалсүрэн  шаардлагатайгаа холбогдуулан  талуудын хооронд байгуулсан гэх  2016 оны 04 сарын 30-ны өдөр үйлдсэн зээлийн гэрээг ирүүлсэн /хэргийн 4-р  хуудас/  бөгөөд тухайн гэрээг шүүх  нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Учир нь талууд тус гэрээг нөхөж хийсэн талаар маргадаг бөгөөд  гэрээний  хүү тооцох талаар бичсэн хэсгийн бичвэрийн хэсэг нь үндсэн хэсэгтэй бичгийн хэв тохирохгүй /өөр гараар өөр өнгийн бэхээр бичигдсэн/,  хариуцагч нар гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар тус гэрээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж байгаа боловч тухайн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй  бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т  ”зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр  хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан бөгөөд  талууд зээлийн гэрээгээр хүү тооцсон гэж үзэх үндэслэлгүй тул  нэхэмжлэгчид хариуцагчаас зээлийн гэрээний хүү шаардах эрх үүсэхгүй гэж үзлээ.

Мөн зохигчид нь  зээл авсан огноо болон зээлийн хугацааны талаар  өөр өөрөөр тайлбарладаг, хэрэгт энэ талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй тул талууд зээлийн гэрээгээр  хүү төлөх болон зээлийг буцааж төлөх хугацааг  нарийн тогтоогоогүй буюу  зээлийн гэрээг тодорхой хугацаагүй байгуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

         Иймд хариуцагч А.Пүрэвсүрэн, Ш.Төрмөнх нарыг  зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул  Д.Жаргалсүрэнгийн  зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хүүд 2.080.000 төгрөг  гаргуулахаар гаргасан шаардлага үндэслэлгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээг үндэслэн хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж хүү тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Харин хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж маргадаг боловч зээлийг хэзээ, хэрхэн төлж барагдуулсан талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа  нотлоогүй тул үндсэн зээл 4.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь давж заалдах гомдлынхоо үндэслэлийг хууль мэдэхгүй улмаас нотлох баримтаа гаргаж өгөөгүй,  шүүх өмгөөлөгч авах эрхийг хангаагүй гэж тайлбарладаг боловч хэрэгт баримтуудаас үзэхэд хариуцагчид эрх үүргийг нь тайлбарлан өгсөн,  хариуцагч нь өмгөөлөгч авах тухай хүсэлт бичгээр  гаргаж байгаагүй, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх үед  өмгөөлөгч авах эсэхийг шүүхээс тодруулсан байх тул түүний өмгөөлөгч авах эрхийг шүүх хангаагүй гэсэн тайлбар нь  үндэслэлгүй байна.

         Мөн хариуцагчийн хуулийг мэдэхгүй, буруу ойлгосон гэх явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй бөгөөд энэ нь хуулийг хэрэглэхгүй байх хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул түүний давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтад  тухайн хэрэгт хамааралтай, үнэ зөв эргэлзээтэй талаас нь үнэлэлгүй эргэлзээ бүхий баримтыг үндэслэн хариуцагчаас зээлийн хүү тооцон гаргуулахаар  шийдвэрлэсэнийг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт  зохих өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг Сайхан  сум дахь сум  дундын шүүхийн 2017 оны 07 сарын   28-ны  өдрийн 142 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн:

1 дэх заалтыг:  

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч А.Пүрэвсүрэн, Ш.Төрмөнх нараас 4.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.080.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2  дахь заалтыг:

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.250 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Пүрэвсүрэн, Ш.Төрмөнх нараас 78950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Жаргалсүрэнд олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад  заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Пүрэвсүрэнгээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 89.350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                      ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН