Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/845

 

 

 

 

 

 

 

 

2021           12           16                                         2021/ШЦТ/845

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас О овогт Б- Б.Б-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2105000001879 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймаг Булган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..... дээд сургуулийн биеийн тамирын багш мэргэжлийн ангийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эмэг эх, дүү нарын хамт Хан-Уул дүүрэг ...  хороо... дугаар гудамж ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О овогт Б- Б.Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 23-наас 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вариате” чуулгын урд талд хохирогч Б.О-ийг зодож, түүний биед дух, баруун зүүн хөмсөг, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 10 дугаар сарын 23-наас 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вариате” чуулгын урд талд хохирогч Б.О-ийг зодож, түүний биед дух, баруун зүүн хөмсөг, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулын салстад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.О-ийн “Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орой 00 цагийн үед найз Болдоо, Даваасамбуу нарын хамт нэрийг нь сайн мэдэхгүй караокед суугаад 1 шил 1 литрийн Эдэн нэртэй архи уусан. Тэгтэл Болдоогийн төрсөн дүү гэх нэг залуу ирсэн. Тэр залуу архи уухгүй пиво уусан. Тэгээд удалгүй нөгөө газар нь хаагаад бид хэд гарсан. Гараад Болдоогийн машинд суугаад дахиад нэг шил Хараа нэртэй 0,75 литрийн архи бид дөрөв хувааж уусан. Тэгтэл Болдоо надтай барилдана гэж тоглоод Даваасамбуу бас надтай барилдана гээд бид хоёр машины хажуу талд барилдаж зууралдаж байгаад би Даваасамбууг боль гээд алгадаад унагаасан. Тэгтэл Болдоогийн дүү гэх том биетэй барилддаг гэх залуу та нар манай ахыг барьж идэхгүй шүү, банди нараа гээд над руу дайраад миний нүүр, ам, шүд рүү 3 удаа цохисон. Би газар унасан. Миний толгой эргээд унасан. Тэр үед Болдоо ах голоор орж болиулсан. Намайг орхиод яваад өгсөн. Тэр Болдоогийн дүү гэх залуу чамайг өөр хүн байсан бол нохой шиг алаад хаях байсан юм гээд яваад өгсөн. Би араас нь дагаж яваад хэрүүл хийхэд намайг орхиод явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.

Миний толгой маш их эргэж байна. Уруул язрал цохиж үүдэн хоёр шүд хөдөлгөөн орсон. Миний өмсөж явсан даавуун фудволк 25,000 төгрөг, ноолууран цамц 180,000 төгрөг бүгдийг урсан. Миний цээжний доогуур өвдөөд байна.

... Одоо надад санал гомдол байхгүй. Шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

 

Гэрч Н.Энхболдын “...Тэгээд О-тэй барилдахаар болж бид хоёр барилдаад би давсан. Тэгээд зогсож байхад О- надад уурласан юм шиг байгаа юм. Тэгээд намайг цохисон. Би нилээн халамцуу байсан болохоор толгойдоо цохиулаад унасан. Тэгтэл манай дүү Б.Б- намайг цохилоо гэж уурлаад О-ийг нэг удаа цохисон юм билээ. Хаана нь цохисныг би хараагүй. Нэг харсан чинь Б.Б- О-ийг барьж авчихсан цохиж байхаар нь боль гээд голоор нь ороод салгасан юм. Тэгээд бид хэд яваад өгсөн.

... О-ийн нүүр нь хавдсан шалбарсан харагдаж байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Б.Б- О- хоёр заамдалцаад зууралдахдаа О-ийн цамцыг урсан байсан юм шиг байна лээ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 17-18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10576 дугаартай:

“1.2 Б.О-ийн биед дух, баруун зүүн хөмсөг, хамрын нуруунд зулгаралт, дээд уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

3.5 Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

Б.Б-ын яллагдагчаар өгсөн “... Тухайн караокеноос 00 цагийн орчимд гарч Энхболдын автомашин сууж дахин 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж уугаад байж байхад Даваасамбуу О- нар хоорондоо маргалдаж О- нь Даваасамбууг хавирч унагаан зодохоор нь Энхболд ах бид хоёр салгасан. Харин О- Энхболдтой барилдах уу гэж хэлээд Энхболд О- хоёр хоорондоо барилдсан. Энхболд О-ийг давсан. Харин О- уналаа гэж уурлаж Энхболдын нүүрэн тус газар дахин нэг цохиход Энхболд газарт ухаан алдан унасан. Тэгэхээр нь би О-өд та яах гэж байгаа юм, одоо боль гэж хэлээд салгахад О- над руу дайрч эхлэхээр нь би нүүр хэсэг рүү нь 3-4 удаа цохисон. Мөн О- миний толгой хэсэг рүү 3-4 удаа харилцан цохисон. Тэгээд би О-өөс салах гэхэд миний куртикнээс татаж урсан. Удалгүй О-ийг дүү нь гэх залуу ирж бид нарыг салгаж О-ийг авч явсан.

... Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хавтаст хэрэгт хохирогч Б.О-ийн “...Б.Б-той сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул санал гомдол байхгүй учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн баримт /хэргийн 64 дүгээр хуудас/ авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь оюутан бөгөөд эрхэлсэн ажилгүй, орлогогүй байдлыг харгалзан 4 сарын хугацаанд торгуулийг хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Б- Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Б-од баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ