| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0276/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/305 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга А.Арай, улсын яллагч Б.Гүнсэл /томилолтоор/, шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Хатиган овогт Цэрэндоржийн Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810006690173 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1950 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 30-576 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Ажилчны районы шүүхийн 1967 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64 дүгээр зүйлийн А-д зааснаар 6 сар албадан ажил хийлгэх ял,
Ардын армийн шүүхийн 1969 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 109 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 1 жил хорих ял,
Ардын армийн шүүхийн 1974 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 641 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 6 жил хорих ял,
Ажилчны районы шүүхийн 1984 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн А-д зааснаар 01 жил 06 сар хорих ял,
Октябрийн районы ардын шүүхийн 1985 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 95 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б-д зааснаар 02 жил хорих ,
Ажилчны районы ардын шүүхийн 1991 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 130 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 1-д зааснаар 02 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Х.Ц.П.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.П нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн Нэгдсэн эмнэлгийн 2 дугаар давхрын насанд хүрэгчдийн тасагт хэвтэн эмчлүүлж байх үедээ 17 тоот өрөөнөөс хохирогч Б.Б-ын “Ай фоне-6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ц.П: “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр эмнэлэгт хэвтэж, тухайн өдрийнхөө орой нь тэр хүүхдийн утсаар кино үзсэн. Маргааш нь 18 цагийн үед би кино үзэх гэхэд нөгөө хүүхэд унтаж байсан. Тэгэхээр нь би шүүгээн дээр байсан түүний утсыг нь хэлэхгүй, хулгайлан аваад явсан нь үнэн. Коридорт гараад утсаар нь кино үзэх гэхэд үзэж болохгүй, унтраад байхаар нь эргүүлээд өгье гэхэд нөгөө хүүхэд унтаж байсан. Дараа нь сэрээд намайг хулгайч гээд эмнэлгээр орилоод байхаар нь би утсыг нь хогийн саванд хийчихсэн. Дараа нь цагдаад гаргаж өгсөн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт уушгины хатгалгаа оношоор 2 дугаар давхарын насанд хүрэгчдийн тасагт хэвтсэн. ...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед өрөөний үүдэнд утсаа цэнэглэчихээд 18 цагийн үед унтаад сэрэхэд утас байхгүй байхаар нь залгаж үзэхэд дуудаад байсан мөртлөө авахгүй байсан. ...Удалгүй цагдаа ирж хажуу өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан П гэдэг хүнээс миний утсыг хурааж авч, надад хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 18-19/ гэсэн,
Шүүгдэгч Ц.П мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхдаа хажуу өрөөний хүний утсыг авсан. Тэр утсыг ашиглах гэсэн боловч чадахгүй байхаар нь уутанд хийгээд хогийн саванд хийчихсэн. Тэгээд цагдаа нар ирээд уулзахаар нь нэгэнт авчихсан нь үнэн юм чинь хүний юмыг буцааж өгье гэж бодоод гаргаж өгсөн...” /хх-ийн 38-39/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 447 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.П нь тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна.
Ц.П нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа тархины өвчин, гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
2. Ц.Пийн дээрх эмгэг нь сэтгэцийн олдмол эмгэг болно.
3. Ц.П нь юмыг зөвөөр тусган ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Ц.П нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна.
5. Ц.П нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /хх-ийн 98-100/ гэсэн дүгнэлт,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/,
- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 12/,
- Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/,
- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15-16/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30/,
- Шүүгдэгч Ц.П-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 40-47, 79-90, /
- Шүүгдэгч Ц.П-ийн хувийн байдалтай холбоотой гэрч Ч.Оюунцэцэгийн мэдүүлэг, өвчний түүхийн хуулбар, бусад баримтууд /хх-ийн 26, 54-57, 59-71/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.П-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.П нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн нэгдсэн эмнэлгийн 2 дугаар давхрын насанд хүрэгчдийн тасагт хэвтэн эмчлүүлж байх үедээ 17 тоот өрөөнөөс хохирогч Б.Бын “Ай фоне-6 плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 780,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Бын “...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед өрөөний үүдэнд утсаа цэнэглэчихээд унтаад 18 цагийн үед сэрэхэд утас байхгүй байхаар нь залгаж үзэхэд дуудаад байсан мөртлөө авахгүй байсан. ...Удалгүй цагдаа ирж хажуу өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан П гэдэг хүнээс хурааж авч, надад хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 18-19/ гэсэн,
шүүгдэгч Ц.Пийн“...Би Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхдаа хажуу өрөөний хүний утсыг авсан. Тэр утсыг ашиглах гэсэн боловч чадахгүй болохоор уутанд хийгээд хогийн саванд хийчихсэн. Тэгээд цагдаа нар ирээд уулзахаар нь нэгэнт авчихсан нь үнэн юм чинь хүний юмыг буцааж өгье гэж бодоод гаргаж өгсөн...” /хх-ийн 38-39/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15-16/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Ц.Пийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бт 780,000 төгрөгийг /хх-ийн 29-30/ хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй /10-11, 19/ гэх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйл заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Ц.Пийн үйлдэлд тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.П нь 1950 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, одоо 68 настай байх тул түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Ц.П нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэв.
Эрүүгийн 1810006690173 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц.Пийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд Ц.П зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ц.Пид анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810006690173 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Хэрэгт битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Ц.П нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР