Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1059

 

 

 

 

 

 

 

 

   2020           12            22                                    1059

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль

иргэний хариуцагч: П.С,

шүүгдэгч: Ш.Т, түүний өмгөөлөгч Х.Даваахүү /0058/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн н Тт холбогдох эрүүгийн 2003 0000 00428 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, й, сард 1 700 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 5-9 насны 2 хүүхдийн хамт н Т.

 

Шүүгдэгч Ш.Т нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 02 цаг 50 минутын орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 0,95 хувийн согтолттой үедээ Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Приус Центр” төвийн хойд замд “Нет Капитал Авто” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Акуа” загварын, 06-61 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 33 настай, эрэгтэй Т.Хг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ш.Т мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирогчид нийт баримттай 4 837 650 төгрөгийн хохирол, баримтгүй 500 000 төгрөгийн хохирол төлсөн. Би уг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би дахиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй. Тухайн гэмт хэргийн улмаас миний гэр бүлийн харилцаа ч асуудалтай болсон. Би энэ хэргээс маш том сургамж авсан. Би гэм буруугаа маш сайн ойлгож байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч-П.С мэдүүлэхдээ:

Бид хэрэг болох үед салсан байсан. Бид одоо хамт амьдрахаар шийдсэн гэв. Хохирлыг бид хамтарч төлсөн гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Х мэдүүлэхдээ:

2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 19:00 цаг өнгөрөөд ажлаа тараад найз нартайгаа уулзаад 3, 4 дүгээр хорооллын тэнд /нэрийг нь санахгүй байна/ пабад сууж хоёулаа 1 шил 0.5 литрийн Эдэн нэртэй архи хувааж уучхаад, Хүүхдийн 100-ийн тэнд найзынхаа гэрт очиж, хоёулаа 1 литрийн Эвок нэртэй архи хувааж уугаад тэндээс харихаар 01:00 цаг өнгөрч байхад гараад такси зогсохгүй болохоор нь зам дагаж алхаад Гандангийн баруун хойд хэсэгт зам хөндлөн гарах үед урдаас гэнэт нэг машин гарч ирээд мөргөсөн. Би газар унаад тэндээс хойш юу болсныг мэдэхгүй, ухаан алдаад сэргэхэд Гэмтлийн эмнэлэгт байсан. Намайг зам гарах үед уг машин байгаагүй. Гэхдээ замын эргэлттэй хэсэг байсан болохоор сайн харагдаагүй байх. Би Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд баруун шилбэний арын савхан яс хугарсан, шагайны тулгуур яс хоёр газраа цуурч, зүүн хөлийн зөөлөн эд гэмтсэн гээд Гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэж, хагалгаа хийлгэсэн. 2020 оны 10 дугаар сарын 28-нд гараад үргэлжлүүлэн хувийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна. Би ганцаараа явж байсан бөгөөд нэлээн согтуу байсан болохоор гарц хаана байгааг хараагүй. Эмчилгээ, эм тарианы зардлын тооцоог гаргаж, хэрэгт хавсаргуулахаар өгье. Одоогоор тооцоо гаргаагүй байна. Эмчилгээний зардлыг гаргаад өгчихвөл гомдол, саналгүй гэжээ. (хавтаст хэргийн 46 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12176  тоот дүгнэлтэд:

1. Т.Хгийн биед баруун шилбэний тахилзуур ясны далд зөрүүтэй хугарал, зүүн мөр, цээж, хэвлий, зүүн тохойд зулгаралт, цус хуралт, зүүн шилбэ, тавхайд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хавтаст хэргийн 53 дугаар хуудас)

 

            Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн магадалгаанд:

1. Тоёота Акуа загварын, 06-61 УАВ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Ш.Т Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн.

2. Явган зорчигч Т.Х нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна гэжээ. (хавтаст хэргийн 60 дугаар хуудас)

 

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

            Ш.Т нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хавтаст хэргийн 75 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ш.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 02 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, “Приус Центр” төвийн хойд замд “Нэт Капитал Авто” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Акуа” загварын, 06-61 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 33 настай, эрэгтэй, хохирогч Т.Хг мөргөж, баруун шилбэний тахилзуур ясны далд зөрүүтэй хугарал, зүүн мөр, цээж, хэвлий, зүүн тохойд зулгаралт, цус хуралт, зүүн шилбэ, тавхайд шарх, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Х, иргэний хариуцагч П.С нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12176 тоот дүгнэлт, Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн магадалгаа, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Ш.Тын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч нь эмчилгээний зардалд баримтаар нийт 1 910 910 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ш.Т, иргэний хариуцагч П.С нар нь шүүхийн хэлэлцүүлэгт 4 837 650 төгрөгийн хохирол, 500 000 төгрөгийн хохирол төлсөн гэж байх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар нийт 3 759 351 төгрөгийг төлжээ. Иймд шүүгдэгч Ш.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Т.Х нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгч Ш.Тт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Ш.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, 329110 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Тыг согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Ш.Тыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр, 1 жил 06 сарын (нэг жил зургаан сар) хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Ш.Т нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Ш.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

5. Хохирогч Т.Х нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Тт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Ш.Тын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, 329110 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Тт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН