Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/66

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

         Улсын яллагчаар Г.Ганцэцэг,

         Хохирогч М.Бын өмгөөлөгч Ц.Оргил /цахимаар/,

         Шүүгдэгч Ж.Б,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Налайх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бд холбогдох эрүүгийн 2007000000181 дугаартай хэргийг хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

   Биеийн байцаалт: Ж.Б

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 07 сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” амралтын газарт хохирогч С.Бтай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч С.Бын биед эрүү ясны хоёрлосон хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн 2020 оны 08 сарын 15-ны өглөө 04 цагийн орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг .... тоотод хохирогч Э.Аыг гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2020 оны 08 сарын 29-ний өдөр мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Дэлгэрэх сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК-ийн торон хашааг давж орж харуул хамгаалалтын ажилтан хохирогч Б.Быг нүүрэн тус газарт нь гараараа 2-оос 3 удаа цохиж, унах үед нь дээрээс нь цээжин тус газарт нь өшиглөж, мөн хохирогч Ө.Мийг зүүн шанаа руу гараараа цохиж, ноцолдон унагаагаад толгой руу нэг удаа өшиглөж тус тус хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтийн хувийг гардуулж шүүхэд шилжүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         -Шүүгдэгч Ж.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Болор амралтын газарт бид 5 гэр буудал авсан. Тэр амралтын газар найз Баткагийн төрсөн өдөр болсон. Бид архи ууж согтоод унтсан. Гэтэл 2 эмэгтэй хүн хэрэлдээд байсан. Бид сэрсэн чинь хамаг юм тараагаад хаясан байсан. Манай найз Мандухайтай гэр буудлын эзэн эмэгтэй муудсан байсан. Би яагаад байгаа юм бэ гээд асуухад тэр эмэгтэй над руу нулимсан. Би зөрүүлээд нулимсан. Тэгээд маргалдаж байгаад би алгадчихсан. Батжаргалыг зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Батжаргалд учирсан хохирлын талаар өмгөөлөгч тайлбарлах байх, би сайн мэдэхгүй байна. Батжаргалын зүүн шанаа руу нь алгадсан. Хөл алдсан уу, явган арагшаагаа суусан. Азбаяр нь ээжийн төрсөн дүүгийн хүүхэдтэй суусан юм. Бид хувийн асуудлаас болж маргаантай байсан. Тухайн үед гэрийнх нь гадуур явж байсан чинь гэрт нь архидалт болж хүүхэн шуухан дуугарахаар нь дүүгээ өрөвдөөд гэрт нь орсон. Ер нь сайн санахгүй байна. Тухайн үед ОО-ын үүдийг нээж цохисон нь үнэн. Азбаяр нь намайг заазуурдсан боловч гэмтэл тогтоогдоогүй. Азбаярыг цохисон нь үнэн. Гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Би Дэлгэрэх суманд жоншны уурхай дээр ажиллаж байсан. Тэгээд Шанд руу явж байгаад замд машин эвдрээд ойрхон байсан хашаа руу очсон. Тэгээд хувийн таарамжгүй байдлаас болж хэрүүл маргаан зодоон нүдээн болсон. Тэр үед архи уусан байсан. Болсон үйл явдлаа мэдэж байгаа. Эхлээд Батбаяртай уулзаж маргалдаад цохисон. Тэгтэл нэг залуу гүйгээд ирснийг цохисноо хүлээн зөвшөөрнө. Хохирогч нарын бодит хохирлыг төлнө. Ковидоос болоод ажил зогссон. Үүнээс болж хохирол төлж чадаагүй. Ер нь архи уучхаад өөрийгөө захирч чадахгүйгээс болсон гэж бодож байгаа. Хэргээ хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй. Би урьдах шийтгэлүүдээ биеэр эдэлсэн. Ял шийтгэлээ аваад нийгэмшиж чадахгүй дахин хэрэг хийгээд байгаагаа ойлгож байна. Гэнэн аархуу зангаараа дахин гэмт хэрэгт холбогдож байгаагаа ойлгож дүгнэлт хийж байгаа. Хөнгөн ял оногдуулна уу гэсэн мэдүүлэг,

         -Хохирогч С.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Болор” амралтад хувийн амралт ажиллуулдаг юм. 2020 оны 07 сарын 26-ны өдөр 12 цаг өнгөрч байхад байшин дээр дээвэр янзлаад байж байтал өчигдрийн ирж амарсан амрагч нар амарч байсан гэрийн эд хогшлыг бусниулаад хаячихсан байсан ба хүүхэн залуу хоёр манай эхнэртэй маргалдаад зодох гээд дайраад байсан тул би дээвэр дээрээс буугаад очтол гэрийн гадаа байсан хүрз бариад эрэгтэй нь дайрсан. Тэгээд хүрзээ хаяад шууд миний эрүү рүү нэг удаа цохисон. Би газар арагшаагаа унасан, тэгтэл нэг удаа өшиглөсөн тэгээд би босож ирэхэд эрүү хөдлөхгүй болчихсон амнаас цус гарч байсан. Миний эрүү хугарсан, үүдэн 2 шүд хөдөлсөн гэсэн мэдүүлэг /хх 06-07 ху/,

            -Хохирогч Э.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...М.Б нойлын өрөөний хаалгыг тогшиж “энэ хүмүүс манийг нь зодоод байна” гэхээр нь би 00-өрөөнөөс гарахад М.Б болон манай эхнэрийн үеэл Ж.Б нар зогсож байсан. Ингээд 00 өрөөний хаалгыг хаах гэж байхад Ж.Б ямар нэгэн үг хэлэлгүй миний толгойны ар хэсэг рүү гараараа цохисон. Би сүүлдээ хоёр гараараа нүүрээ таглаж өөдөөс нь эсэргүүцэж чадаагүй. Ж.Бы доороос өндийн босоод өрөө рүүгээ орсон. Энэ үед миний хамар амнаас цус гарчихсан баруун талын нүд рүү цохисон бололтой нулимс гарч хөндүүрлээд өвдөөд байсан гэсэн мэдүүлэг /хх 60-61 ху/,

           -Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 08 сарын 29-ний өдөр хуваарьт ажпаа хийгээд байж байтал 18 цагийн орчимд улаан өнгийн приус маркийн машин ...хашааны гадна хаалган дээр ирээд тулаад зогссон. Намхан нуруутай бадриун биетэй шивээстэй нөхөр “чи тэр Д гишүүнээ дууд нутаг орон яагаад ухаад байгаа юм” гэхээр нь “гишүүн энд байхгүй би харуул хамгаалалтын ажилтан байна би нарийн ширийн зүйлийг мэдэхгүй” гэж хэлтэл нөгөө залуу шууд хашаа давж орж ирээд үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон. Зууралдаж байхдаа би газарт унасан тэр хооронд миний цээж гэдэс рүү өшиглөсөн ба толгой руу ч гэсэн хоёр удаа өшиглөсөн. Би тухайн үед нүүрээ хамгаалж байгаад завсар зайгаар нь босоод урд хаалгаар гарч зэргэлдээ компани руу зугтсан. Ө.М намайг харчихаад гүйгээд иртэл нөгөө залуу Ө.Мийг нүүр лүү нь бас хэд хэдэн удаа цохиж унагаагаад зодсон. Би гомдолтой байна зөв зүгээр ажлаа хийгээд байж байхад зодсон гэсэн мэдүүлэг /2 хх 79-81 ху/,

          -Хохирогч Ө.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 08 сарын 29-ний өдөр 18 цаг өнгөрч байх үеэр байрандаа хэвтэж байтал уурхайн хашааны гадна машин дуугарах шиг болохоор нь байрныхаа цонхоор өнгийгөөд хартал улаан өнгийн Приус-20 маркийн машинтай 4 эрэгтэй, 1 эмэгтэй нийт 5 хүн Батбаяртай уулзаад зогсож байх шиг харагдсан. Тэгэхээр нь би буцаад хэвтэж байтал төд удалгүй хүмүүс орилоод байгаа юм шиг чимээ гарч эхлэхээр нь гадуур хувцсаа өмсөөд гадагш гарсан. Тэгсэн Батбаяр над руу гүйж байсан. Харин араас нь нэг залуу цээж нүцгэн гүйж байсан, удалгүй Батбаяр миний хажууд ирээд зогссон. Нөгөө араас нь хөөж байсан залуу ч над дээр ирсэн. Тэгснээ намайг чи хэн вэ яах гээд байгаа юм гэж хэлснээ миний зүүн шанаа орчим руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр ноцолдсон ба тэр залуу намайг унагаагаад толгой руу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед түүнтэй хамт явсан хүмүүсээс нэг нь ирж түүнийг салгасан. Надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /2 хх 156 ху/,

            -Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...махлаг залуу нь манай нөхөр рүү дайраад хашаанд байсан хүрзийг бариад цохих гэж далайгаад зүүн гараараа миний нөхрийн шанаа хэсэгт нэг удаа цохисон тэгсэн манай нөхөр хойшоо унаад босож ирээд бөхийгөөд байж байгаад амнаас нь цус гарсан гэсэн мэдүүлэг /1хх 11 ху/,

            -Гэрч М.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...нэг хартал Ж.Б хүрз барьчихсан нөгөө амралтын газрын ах эгч хоёртой маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод хүрзийг нь аваад хажуу тийш нь шидсэн. Тэгээд хартал амралтын газрын ахын амнаас нь бага зэргийн цус гарчихсан байсан гэсэн мэдүүлэг /1хх 14-15 ху/,

            -Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...С.Б ах тэд нар руу хандаж “та нар чинь юу болж байна” гээд орилсон. Тэр үед улаан цамцтай залуу “чи юу гээд байгаа юм вэ чаддаг юм бол доошоо буугаад ир” гэсэн. С.Б ах буугаад очтол шууд өөдөөс нь нүүр рүү нь цохиж газар унагасан. Тэгээд босох гэтэл дундуур нь Мандуухай гэдэг хүүхэн Батцэцэгийн хамтаар салгасан гэсэн мэдүүлэг /1хх 16-17 ху/,

          -Гэрч М.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Э.Аыг нойлд орсон хойгуур хаалга тогшихоор нь нэр усыг нь асуухгүйгээр хаалга тайлтал өөдөөс цээж нүцгэн халзан толгойтой дундавтар нуруутай залуу шууд үг дуугүй миний нүүр рүү цохиод ороод ирсэн. Тэгээд би Э.А руу ирэхэд нөгөө залуу хойноос ирээд Э.Атай муудалцаж шууд цохиод ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би салгах гэсэн боловч дийлээгүй. Ингээд тэр хоёрыг арай гэж салгахад Э.Аын хамар амнаас цус гарчихсан нүүр ам нь шалбарсан баруун хөмсөгнөөс нь цус гарчихсан, нүд нь улайж хавдсан байсан. Надад учирсан гэмтэл шарх байхгүй, Ж.Б миний шанаа орчимд 2 удаа цохисон гэсэн мэдүүлэг /1хх 166 ху/,

          -Гэрч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тухайн үед миний мэдэхээр Э.Б, Э.А ах хоёр хоорондоо зодолдсон. Миний харснаар Ж.Б нь Э.А ахыг доороо хийчихсэн нүүр рүү 3-4 удаа цохисон. Үүнийг хамт байсан хүмүүс харсан гэсэн мэдүүлэг /1хх 167-168 ху/,

           -Гэрч М.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Э.А ахын гэрийн хаалгыг тогшиход хаалгыг нь М.Б ах тайлахад Ж.Б ах шууд цохиж аваад дотогшоо орсон. Тэгсэн Э.А ах нойлын өрөөнөөс гарч ирсэн тэр хоёр ямар ч үг хэлэлгүй бие биеэ шууд цохиж зодоод эхэлсэн. Ж.Б ах Э.А ахыг унагаад доороо оруулж байсан. ...Ж.Б ах босч газар уначихсан байсан Э.А ахын дээр гараараа мөн л цохиж зодоод эхэлсэн. Ж.Б ах анх явахдаа Э.А ахыг зодно гэж байсан гэсэн мэдүүлэг /1хх 172 ху/,

           -Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би буугаад цаана нь очиж бие засчхаад эргээд хартал манай ах Ж.Б, кемпийн харуул хоёр хоорондоо муудалцаж байсан. Тэгэхээр нь ахыг очиж салгах гэтэл дийлдэхгүй байсан. ...Ж.Б ах бас нэг харуулын ажилтантай маргалдаж хэрэлдэж байгаа бололтой харагдсан гэсэн мэдүүлэг /2 хх 97-98 ху/,

          -Гэрч М.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Ж.Б уурхайн харуултай юм яриад байх шиг байсан. Тэгж байгаад Ж.Б тэр хүнтэй муудалцаж тэр хүнийг зодсон. Тэр харуул Ж.Бд зодуулаад зугтаагаад хажуугийн компанийн харуулын пүтик рүү гүйж байсан. Би үүнээс цааш хараагүй гэсэн мэдүүлэг /2 хх 53-54 ху/,

               -Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүрэг дэх шинжилгээний хэсгийн шинжээчийн 576 дугаартай дүгнэлтэд:

               1.С.Бын биед эрүү ясны хоёрлосон хугарал, зүүн доод 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

               2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

               4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

               5. Дээрхи гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /1хх 27-28 ху/,

              -Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 75 дугаар дүгнэлтэд:

1.Э.Аын биед толгойн дагзны баруун хэсэгт болон дээд уруулын дотор салстын язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхины хэсгүүд болон бүсэлхий нурууны хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны дунд хэсэг болон духны зүүн хэсэг, зүүн хөмсөгний дотор дээд хэсэг, баруун хацар хэсэг, хамрын нуруу хэсэг болон хамрын баруун доод хэсэг, бүсэлхийн баруун дээд хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх толгойн дагзны баруун хэсэгт, дээд уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл болон баруун нүдний дээд доод зовхины хэсгүүд болон бүсэлхий нурууны хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4.Цаашид дээрхи гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт /1хх 175-176 ху/,

            -Дорноговь аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 02/0284 дугаартай дүгнэлтэд:

            1.Ө.Мийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт /2 хх 66 ху/,

              -Дорноговь аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 02/0283 дугаартай дүгнэлтэд:

              1.Б.Бын биед уруулын дотор талстын язарсан шарх, толгойн оройн хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

              2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

              3.Учирсан гэмтлийн үүссэн цаг хугацааг эмнэлгийн бичиг баримтаар тогтоох боломжгүй.

              4.Учирсан уруулан доторх салст язарсан шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Толгойн оройн хэсгийн зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

              5.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй  гэсэн дүгнэлт /2 хх 71 ху/,

-Яаралтай тусламжийн 2020 оны 08 сарын 29-ний өдрийн 148, 149 дугаартай хуудсууд /1хх 67-68, 72-73 ху/,

-Хохирогч С.Бын хохирлын баримт /1хх 137-150 ху/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 87-93 ху/,

-Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын “Хэрэг нэгтгэх тухай” тогтоол /1хх 209-210, 2хх 177 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 40, 2хх 112 ху/

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 32-35, 192-194, 196, 2хх 115-117, 124-125 ху/

-Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 42 тоот шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 сарын 27-ны өдрийн 12 тоот магадлал зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 07 сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болор” амралтын газарт хохирогч С.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч С.Бын биед эрүү ясны хоёрлосон хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 2020 оны 08 сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг .... тоотод хохирогч Э.Аыг гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 08 сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “......” ХХК-ийн торон хашааг давж орж харуул хамгаалалтын ажилтан хохирогч Б.Быг нүүрэн тус газарт нь гараараа 2-оос 3 удаа цохиж, унах үед нь дээрээс нь цээжин тус газарт нь өшиглөж, мөн хохирогч Ө.Мийг зүүн шанаа руу гараараа цохиж, ноцолдон унагаагаад толгой руу нэг удаа өшиглөж тус тус хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хэргээ хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй. Би урьдах шийтгэлүүдээ биеэр эдэлсэн. Ял шийтгэлээ аваад нийгэмшиж чадахгүй дахин хэрэг хийгээд байгаагаа ойлгож байна. Гэнэн аархуу зангаараа дахин гэмт хэрэгт холбогдож байгаагаа ойлгож дүгнэлт хийж байгаа. Хөнгөн ял оногдуулна уу” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Бын “...хүүхэн залуу хоёр манай эхнэртэй маргалдаад зодох гээд дайраад байсан тул би дээвэр дээрээс буугаад очтол гэрийн гадаа байсан хүрз бариад эрэгтэй нь дайрсан. Тэгээд хүрзээ хаяад шууд миний эрүү рүү нэг удаа цохисон. Би газар арагшаагаа унасан, тэгтэл нэг удаа өшиглөсөн тэгээд би босож ирэхэд эрүү хөдлөхгүй болчихсон амнаас цус гарч байсан. Миний эрүү хугарсан, үүдэн 2 шүд хөдөлсөн” гэсэн /хх 06-07 ху/, хохирогч Э.Аын “...Ж.Б ямар нэгэн үг хэлэлгүй миний толгойны ар хэсэг рүү гараараа цохисон. Би сүүлдээ хоёр гараараа нүүрээ таглаж өөдөөс нь эсэргүүцэж чадаагүй. Ж.Бы доороос өндийн босоод өрөө рүүгээ орсон. Энэ үед миний хамар амнаас цус гарчихсан баруун талын нүд рүү цохисон бололтой нулимс гарч хөндүүрлээд өвдөөд байсан” гэсэн /хх 60-61 ху/, хохирогч Б.Бын “...Намхан нуруутай бадруун биетэй шивээстэй нөхөр “чи тэр Д гишүүнээ дууд нутаг орон яагаад ухаад байгаа юм” гэхээр нь “гишүүн энд байхгүй би харуул хамгаалалтын ажилтан байна би нарийн ширийн зүйлийг мэдэхгүй” гэж хэлтэл нөгөө залуу шууд хашаа давж орж ирээд үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон. Зууралдаж байхдаа би газарт унасан тэр хооронд миний цээж гэдэс рүү өшиглөсөн ба толгой руу ч гэсэн хоёр удаа өшиглөсөн” гэсэн /2 хх 79-81 ху/, хохирогч Ө.Мийн “...хүмүүс орилоод байгаа юм шиг чимээ гарч эхлэхээр нь гадуур хувцсаа өмсөөд гадагш гарсан. Тэгсэн Батбаяр над руу гүйж байсан. Харин араас нь нэг залуу цээж нүцгэн гүйж байсан, удалгүй Батбаяр миний хажууд ирээд зогссон. Нөгөө араас нь хөөж байсан залуу ч над дээр ирсэн. Тэгснээ намайг чи хэн вэ яах гээд байгаа юм гэж хэлснээ миний зүүн шанаа орчим руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр ноцолдсон ба тэр залуу намайг унагаагаад толгой руу нэг удаа хөлөөрөө өшиглөсөн” гэсэн /2 хх 156 ху/, гэрч Б.Бийн “...махлаг залуу нь манай нөхөр рүү дайраад хашаанд байсан хүрзийг бариад цохих гэж далайгаад зүүн гараараа миний нөхрийн шанаа хэсэгт нэг удаа цохисон тэгсэн манай нөхөр хойшоо унаад босож ирээд бөхийгөөд байж байгаад амнаас нь цус гарсан” гэсэн /1хх 11 ху/, гэрч М.Мийн “...нэг хартал Ж.Б хүрз барьчихсан нөгөө амралтын газрын ах эгч хоёртой маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод хүрзийг нь аваад хажуу тийш нь шидсэн. Тэгээд хартал амралтын газрын ахын амнаас нь бага зэргийн цус гарчихсан байсан” гэсэн /1хх 14-15 ху/, гэрч Б.Гийн “...С.Б ах буугаад очтол шууд өөдөөс нь нүүр рүү нь цохиж газар унагасан” гэсэн мэдүүлэг /1хх 16-17 ху/, гэрч М.Бийн “...нөгөө залуу хойноос ирээд Э.Атай муудалцаж шууд цохиод ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би салгах гэсэн боловч дийлээгүй. Ингээд тэр хоёрыг арай гэж салгахад Э.Аын хамар амнаас цус гарчихсан нүүр ам нь шалбарсан баруун хөмсөгнөөс нь цус гарчихсан, нүд нь улайж хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /1хх 166 ху/, гэрч Г.Ггийн “...Миний харснаар Ж.Б нь Э.А ахыг доороо хийчихсэн нүүр рүү 3-4 удаа цохисон. Үүнийг хамт байсан хүмүүс харсан”  гэсэн /1хх 167-168 ху/, гэрч М.Гын “...Э.А ах нойлын өрөөнөөс гарч ирсэн тэр хоёр ямар ч үг хэлэлгүй бие биеэ шууд цохиж зодоод эхэлсэн. Ж.Б ах Э.А ахыг унагаад доороо оруулж байсан. ...Ж.Б ах босож газар уначихсан байсан Э.А ахын дээр гараараа мөн л цохиж зодоод эхэлсэн” гэсэн  /1хх 172 ху/, гэрч Ж.Бийн “...манай ах Ж.Б, кемпийн харуул хоёр хоорондоо муудалцаж байсан. Тэгэхээр нь ахыг очиж салгах гэтэл дийлдэхгүй байсан. ...Ж.Б ах бас нэг харуулын ажилтантай маргалдаж хэрэлдэж байгаа бололтой харагдсан” гэсэн /2хх 97-98 ху/, гэрч М.Огийн “...Ж.Б тэр хүнтэй муудалцаж тэр хүнийг зодсон. Тэр харуул Ж.Бд зодуулаад зугтаагаад хажуугийн компанийн харуулын пүтик рүү гүйж байсан” гэсэн /2хх 53-54 ху/ мэдүүлгүүд,  хохирогч С.Бын биед эрүү ясны хоёрлосон хугарал, зүүн доод 2-р шүдний сулрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 576 дугаартай дүгнэлт, хохирогч Э.Аын биед толгойн дагзны баруун хэсэгт болон дээд уруулын дотор салстын язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхины хэсгүүд болон бүсэлхий нурууны хажуу хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны дунд хэсэг болон духны зүүн хэсэг, зүүн хөмсөгний дотор дээд хэсэг, баруун хацар хэсэг, хамрын нуруу хэсэг болон хамрын баруун доод хэсэг, бүсэлхийн баруун дээд хэсгүүдийн зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 75 дугаартай дүгнэлт, хохирогч Ө.Мийн биед тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 02/0284 дугаартай дүгнэлт, хохирогч Б.Бын биед уруулын дотор талстын язарсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 02/0283 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоолууд болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

         Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэдгийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн, маргахгүй байгаа байдал, мөн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

         Шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 90 хоног буюу 3 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 50 хоног буюу 1 сар 20 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 5 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Ж.Б урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 50 хоног буюу 1 сар, 20 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосон байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийт 5 сар 20 хоногийн хорих ялыг Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 жил 1 сар 20 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдсан бөгөөд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 сарын 27-ны өдрийн 12 дугаартай магадлалаар шүүгдэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг заасан боловч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, цагдан хоригдсон хугацааг 2021 оны 03 сарын 25-ны өдрөөс тоолж 56 хоногоор тооцож ял эдэлсэн хугацаанд оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.

Энэ хэргийн улмаас хохирогч С.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Э.А, Б.Б, Ө.М нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд эмчилгээ унааны зардал 2.564.000 төгрөг, 2 шүд хийлгэх зардал 2.400.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн тул ажилгүй байсан хугацааны хөдөлмөрийн хөлс 1.100.000 төгрөг, нийт 6.064.000 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хохирогчоос ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад 5.282.380 төгрөгийн баримт байх бөгөөд үүнээс шатахууны зардал 218.150 төгрөг, эм тарианы зардал эмчилгээ унааны зардал 1.453.830 төгрөг, нийт 1.671.980 төгрөгийг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Үлдэх 4.392.020 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл хавтаст хэргийн 147 дугаар талд авагдсан Голомт банкны 100.000 төгрөгийн баримт нь ямар зориулалттай болох нь тодорхойгүй, 149 дүгээр талд авагдсан цалингийн тодорхойлолт нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахад хангалтгүй, эмнэлэгт хэвтсэн баримт болох эмнэлгийн хуудас /лист/ байхгүй, тухайн эмнэлэгт шүдээ эмчлүүлж байсан баримт байхгүй, энэ талаар нотлох баримт хангалтгүй байгаа тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Б нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Хохирогч Б.Бын хувьд “хохирол нэхэмжилнэ” гэсэн боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, харин хохирогч Э.А, Ө.М нар “хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар өөр хэлэлцэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Ж. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заанаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  2 жил 1 сар 20 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан  5 сар 20 хоногийн хорих ялыг /720цаг : 8цаг =  90 хоног, 240цаг : 8цаг = 30 хоног, 400цаг : 8цаг = 50 хоног, 90+30+50=170 хоног буюу 5 сар 20 хоног/ нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг  2 /хоёр/  жил 7 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бд оногдуулсан 2 жил 7 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бы цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

          7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Баас 1.671.980 /нэг сая зургаан зуун далан нэгэн мянга есөн зуун ная/ төгрөгийг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Налайх дүүрэг, .... С.Б-д олгож, хохирлын нэхэмжлэлээс 4.392.020 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

          8.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Э.А, Ө.М, нар нь хохирол нэхэмжлэхгүй гэснийг, хохирогч С.Б, Б.Б нар нь хохирлоо нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

          9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА