| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0312/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/317 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Э.Гансугар, улсын яллагч Н.Нарангэрэл /томилолтоор/, хохирогч М.Т-, шүүгдэгч Б.Т- нарыг оролцуулсан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810009830312 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн Т,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд баригдаж байгаа иргэн М.Т-ийн эзэмшлийн барилгын харуулаар ажиллаж байхдаа, харуулын байрнаас 4,495,700 төгрөгийн эд зүйлийг хууль бусаар, нууцаар авсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч М.Т-: “...Манайх Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд хувийн орон сууц бариулж байгаа юм. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.Т-ыг манаачаар ажилд авсан. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ байж байхад Б.Т-ын ээжийнх нь дүү болох эмэгтэй над руу утасдаад “Манай дүү Б.Т- гэртээ согтуу ирээд байна. Барилгын материалаас чинь хулгай хийсэн байх. Чи зуслангийн байшин дээрээ очоод юм алга болсон байна уу. Үзээрэй” гэхээр нь би зуслангын байшиндаа очиж үзэхэд эд зүйл алга болсон байсан. Нийтдээ 4.495.700 төгрөгийн хохирол учирсан байгаа. Хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй. Хэрэв хохирлоо төлчихвөл гомдолгүй. Энэ хүнийг заавал хоригдоод яваасай гэж бодохгүй байна...” гэв
Шүүгдэгч Б.Т-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Тэргүүнтүмэн” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манайх Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байшин бариулж байгаа ба өнгөрсөн өвөл дотор заслын ажил нь түр зогссон. Тэгээд уг хугацаанд барилгаа харуулахаар Б.Т- гэх хүнийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны орчимд харуулаар ажилд авсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр харуул Б.Т-ын эгч гэх эмэгтэй залгаад манай дүү өглөө 06 цагийн орчим согтуу ирсэн, та барилга дээрээ очиж шалгаарай эд зүйл алга болсон байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь байшин дээрээ очиж үзэхэд Б.Т-ын байрлаж байсан харуулын байрнаас хаалганы цоож бариулны ком 25 ширхэг, Макита маркийн цахилгаан хөрөө 3 метрийн замтайгаа 1 ширхэг, Кен загварын гар дрилл 2 ширхэг, цахилгаан зүлгүүрийн машин 2 ширхэг, Германы гадна силикон 12 ширхэг, А-3 загварын шахдаг хөөс 15 ширхэг, сагсны шийдний төмөр кольцо тортойгоо 1 ширхэг, халаалтын тосон тень 1 ширхэг, 25 кг хэмжээтэй замаск 4 уут, 50 кг хэмжээтэй цемент 2 уут, “Томпл” загварын гэрлийн унтраалга, разетка 150 ширхэг эд зүйл алдагдсан. ...Б.Т-т харуулын байрны болон байшингийн түлхүүр байдаг...” /хх-ийн 16-17/ гэсэн,
Гэрч Б.Натаачагдаг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би М.Т-ийн баригдаж байгаа байшинд 2017 оны сүүлээс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилласан. Тэр хугацаанд М.Т-ийн баригдаж байсан байшин болон харуулын байранд халаалтын тен 1 ширхэг, цоож 25 ширхэг, макита цахилгаан хөрөө, замтайгаа, силикон 1 хайрцаг, хөөс 1 хайрцаг, замаск 17 ширхэг, цемент 4 ширхэг, шруп 8 хайрцаг, гар дрилл 2 ширхэг, цахилгаан зүлгүүр 2 ширхэг, сагсан бөмбөгийн кольцо 1 ширхэг мөн гэрлийн унтраалга, разетканууд байсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би ажлаасаа гарах болоход миний ажлыг Б.Т- авсан. Бид хоёр эдгээр зүйлүүдийг хүлээлцэж тэмдэглэл хөтөлсөн...” /хх-ийн 25/ гэсэн,
Гэрч Г.Шаравжамц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул 4 дүгээр хороо, Нүхтийн аманд баригдаж байгаа М.Т-ийн эзэмшлийн байшинд 2017 оны 03 дугаар сарын сүүлээс 2018 оны 02 дугаар сар хүртэл ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд харуулын байранд Макита загварын хөрөө, замтайгаа, цахилгаан зүсэгч, бор өнгийн хайрцагтай хаалганы цоож бариул, Макита загварын дрилл, сагсан бөмбөгийн кольцо, халаалтын тосон тень зэрэг эд зүйл байсан...” /хх-ийн 26/ гэсэн,
Шүүгдэгч Б.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр М.Т- гэх хүний эзэмшлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байх хувийн сууцны барилгын ажилд манаачаар ажилд орсон. Уг барилгын ажилд харуулаар ажиллаж байхдаа баригдаж байгаа барилгын залгаа харуулын байранд байрладаг байсан. Миний байрлаж байсан өрөөнд улаан өнгийн хайрцагтай хаалганы цоож, бариулны ком, Макита маркийн цахилгаан хөрөө, замтайгаа, Кен загварын дрилл 2 ширхэг, цахилгаан зүлгүүрийн машин 2 ширхэг, силикон, барилгын шахдаг хөөс, сагсны шийдний төмөр кольцо, халаалтын тень, 25 кг замаск, 4 уут, 50 кг цемент 2 уут, гэрлийн унтраалга, разетка хайрцагтайгаа мөн бусад зүйлүүд байсан. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Яармаг худалдааны төв рүү явж 0,75 литрийн нэг шил архи аваад харуулын байрандаа ирж ганцаараа уусан. Тэгээд нилээн согтоод хот руу явах гээд Үйлдвэр комбинат дээр явж байхдаа буцаад харуулын байр руугаа таксигаар ирсэн. Тэгээд таксины жолооч мөнгөө нэхэхээр нь би мөнгөгүй байсан учраас таксины жолоочийг харуулын байр луу дагуулж ороод надад мөнгө байхгүй, та оронд нь энэ цоожийг авчих гэж хэлээд харуулын байранд байсан улаан өнгийн хайрцагтай хаалганы цоожны комыг бүгдийг нь өгсөн. Таксины жолоочид хаалганы цоожнуудыг өгөөд 10.000 төгрөг авсан. Тэгээд 10.000 төгрөгөөрөө үйлдвэр комбинат явж дахин архи авч уугаад харуулын байран дээрээ дахин ирээд үлдсэн Макита маркийн хөрөөг замтай нь, 2 ширхэг цахилгаан дрилл, сагсан бөмбөгийн кольцо 1 ширхэг, зүлгүүрийн машин 2 ширхэг, силикон 12 ширхэг, барилгын шахдаг хөөс 15 ширхэг, халаалтын тень 1 ширхэг, замаск 4 уут, цемент 2 уут гээд харуулын байранд үлдсэн эд зүйлийг намайг хүргэж ирсэн таксины жолоочид 20.000 төгрөгөөр зарсан...” /хх-ийн 40-41, 42-43/ гэсэн мэдүүлгүүд,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30/,
- Шүүгдэгч Б.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 44-48/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 51-58/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Т-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх дараах үндэслэлээр өөрчлөн шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Б.Т- нь “Тэргүүнтүмэн” ХХК-д харуулаар ажиллаж байхдаа харуулын байранд хадгалагдаж байсан эд зүйлсийг бусдад зарж борлуулж байгаа үйлдлийг эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэж үзэхгүй, харин бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзэн энэ зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох зүйтэй.
Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Т- 2018 оны 04 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн аманд баригдаж байгаа иргэн М.Т-ийн эзэмшлийн барилгын харуулаар ажиллаж байхдаа, харуулын байрнаас 4,495,700 төгрөгийн эд зүйлийг бусдад зарж борлуулан түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Т-ийн “...Барилгаа харуулахаар Б.Т- гэх хүнийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны орчим харуулаар ажилд авсан. 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр харуул Б.Т-ын эгч гэх эмэгтэй залгаад манай дүү өглөө 06 цагийн орчим согтуу ирсэн, та барилга дээрээ очиж шалгаарай эд зүйл алга болсон байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь байшин дээрээ очиж үзэхэд Б.Т-ын байрлаж байсан харуулын байрнаас нийт 4.495.700 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алдагдсан байсан. ...Б.Т-т харуулын байрны болон байшингийн түлхүүр байдаг...” /хх-ийн 16-17/ гэсэн,
Гэрч Б.Натаачагдагын: “...Би М.Т-ийн баригдаж байгаа байшинд 2017 оны сүүлээс эхлэн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ажилласан. Тэр хугацаанд М.Т-ийн баригдаж байсан байшин болон харуулын байранд халаалтын тен 1 ширхэг, цоож 25 ширхэг, макита цахилгаан хөрөө, замтайгаа, силикон 1 хайрцаг, хөөс 1 хайрцаг, замаск 17 ширхэг, цемент 4 ширхэг, шруп 8 хайрцаг, гар дрилл 2 ширхэг, цахилгаан зүлгүүр 2 ширхэг, сагсан бөмбөгийн кольцо 1 ширхэг мөн гэрлийн унтраалга, разетканууд байсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би ажлаасаа гарах болоход миний ажлыг Б.Т- авсан. Бид хоёр эдгээр зүйлүүдийг хүлээлцэж тэмдэглэл хөтөлсөн...” /хх-ийн 25/ гэсэн,
Гэрч Г.Шаравжамцын: “...Би Хан-Уул 4 дүгээр хороо, Нүхтийн аманд баригдаж байгаа М.Т-ийн эзэмшлийн байшинд 2017 оны 03 дугаар сарын сүүлээс 2018 оны 02 дугаар сар хүртэл ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд харуулын байранд Макита загварын хөрөө, замтайгаа, цахилгаан зүсэгч, бор өнгийн хайрцагтай хаалганы цоож бариул, Макита загварын дрилл, сагсан бөмбөгийн кольцо, халаалтын тосон тень зэрэг эд зүйл байсан...” /хх-ийн 26/ гэсэн,
Шүүгдэгч Б.Т-ын: “...2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Яармаг худалдааны төвөөс 0,75 литрийн нэг шил архи авч харуулын байрандаа ганцаараа уусан. Тэгээд нилээн согтоод хот руу явах гээд Үйлдвэр комбинат дээр явж байхдаа буцаад харуулын байр руугаа таксигаар ирсэн. Тэгээд таксины жолооч мөнгөө нэхэхээр нь мөнгөгүй байсан учраас таксины жолоочийг харуулын байр луу дагуулж ороод надад мөнгө байхгүй, та оронд нь энэ цоожийг авчих гэж хэлээд харуулын байранд байсан улаан өнгийн хайрцагтай хаалганы цоожны комыг бүгдийг нь өгсөн. Таксины жолоочид хаалганы цоожнуудыг өгөөд 10.000 төгрөг авсан. Тэгээд 10.000 төгрөгөөрөө үйлдвэр комбинат явж дахин архи авч уугаад харуулын байранд ирээд үлдсэн Макита маркийн хөрөөг замтай нь, 2 ширхэг цахилгаан дрилл, сагсан бөмбөгийн кольцо 1 ширхэг, зүлгүүрийн машин 2 ширхэг, силикон 12 ширхэг, барилгын шахдаг хөөс 15 ширхэг, халаалтын тень 1 ширхэг, замаск 4 уут, цемент 2 уут гээд харуулын байранд үлдсэн эд зүйлийг намайг хүргэж ирсэн таксины жолоочид 20.000 төгрөгөөр зарсан...” /хх-ийн 40-41/ гэсэн мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Т-т нийт 4.495.700 төгрөгийн хохирол учирсан, хохирогч М.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжилнэ, хохирлоо барагдуулж авсан тохиолдолд гомдолгүй гэсэн /хх-ийн 16-17/ байх тул шүүгдэгч Б.Т-аас 4,495,700 төгрөг гаргуулж хохирогч М.Т-т олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Т- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэггүй хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810009830312 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б овогт Б-ийн Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Б-ийн Т-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Т-ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-с 4.495.700 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн таван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч М.Т-т олгосугай.
7. Эрүүгийн 1810009830312 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР