Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/167

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0163//Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч С.М, Б.С /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ийн М, Б овогт Б-н С нарт холбогдох эрүүгийн 2118000000110 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, Б овогт С-ийн М /РД: ........ /, ........  оны ....  дугаар сарын ... -ны өдөр С аймгийн ..... суманд төрсөн, ...... настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний багш мэргэжилтэй, .............  багш ажилтай, ам бүл ...., ......... нарын хамт .......  аймгийн ....... сумын ..... дугаар баг ......  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

  1. Монгол Улсын иргэн, Б овогт Б-н С /РД: ......... /, ....... оны ....  дүгээр сарын .... -ны өдөр .....  аймгийн ........  суманд төрсөн, .....  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “.... ” ХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл ....., ........-ийн хамт .........  аймгийн .....  гол сумын .............  тоотод оршин суух хаягтай, урьд ял  шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч С.М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ....  аймгийн ...  сумын .....  дугаар багт байрлах “....... ” бааранд хувийн маргааны улмаас иргэн Д.М-ыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны зүүн талын хугарал, таславчийн мурийлт, баруун зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.С нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мөн цаг хугацаанд иргэн С.М-н гарыг базаж эрүүл мэндэд нь баруун гарын 4 дүгээр хурууны хумсны толионд шарх бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Тухайн өдөр дүү, жирэмсэн эгч, ах хоёртойгоо, мөн нөхөртэйгөө төрсөн өдрөө тэмдэглэсэн. Хоёр эмэгтэй, нэг нь том гэдэстэй жирэмсэн, нөгөө нь манай эмэгтэй найз байсан. Бусад хуурай дүү нар “........ ” рүү ороод найзууд нь байсан учраас найзууд руугаа явсан. Ширээн дээр манай нөхөр, би, манай эгч, ах хоёр, тэгээд эмэгтэй найз гээд зургуулаа сууж байсан. Тэгээд манай нөхөр төрсөн өдрийн бэлэг гээд дуу захиалж өгөхөөр нь эмэгтэй найзтайгаа хамт бүжгийн талбай дээр бүжиглэсэн. Биднийг бүжиглэж байх явцад энэ залуу цагаан футболктой, шар жинсэн өмд өмсчихсөн манай эмэгтэй найз руу ойртсон. Тэр үед манай найз тэр залууг түлхсэн. Гэтэл бид хоёрын ойр хавиар эргэлдээд байсан. Тэгээд удалгүй миний араар надад ойртож хүрчхээд явсан. Тэгэхээр нь би араас нь өшиглөсөн.  Манай найз руу ойртож байх үед нь хохирогч М-д нь би “найзыгаа аваач ээ, байн байн ингээд байна” хэлэхэд “өө за, ёстой уучлаарай, би найзыгаа одоо авчихъя” гэж хэлсэн. Мөн намайг өөрийг нь өшиглөсөн чинь  энэ С гэдэг залуу над руу учир зүггүй дайрч босож ирсэн. Би өөрийн эрхгүй ухарч явж байхдаа баганын ард талын ширээн дээр тулаад зогссон. Би тухайн үед зөвхөн өөрийгөө хамгаалсан. Гэтэл энэ залуу миний хумсыг хугалчхаад яваад өгсөн. Би тухайн үед төрсөн өдөр гээд хиймэл хумс хийлгэчихсэн байсан болохоор хумс хугарч гараас цус гоожсон. Тэр өдөр манай А гээд цуг явж байсан найзаас гэрчийн мэдүүлэг бас аваагүй байсан. Тэр найз маань эрүүл хүн байсан. Би хумсаа гэмтээчхээд нөхөр дээрээ ирсэн. Тэр үед энэ С гэдэг залуугийн найз М  тайзан дээр хамраа дараад сууж байсан. Тэр үед манай нөхөр очоод толгойноос нь зуурч авахад “ах аа та хүн андуураад байна шүү дээ” гэсэн. Манай нөхөр тэр хүнд гар хүрээгүй. Тэгээд гараад доошоо буухад энэ хүн хэдий хамраас цус гарсан гэж мэдүүлэг өгч байгаа боловч тухайн үед хамраас нь цус гараагүй, харахад найзынхаа цуснаас хамартаа наасан мэт харагдаж байсан. Цагдаа дээр ирэхэд хүртэл энэ хүн найзтайгаа инээлдээд байж байсан. Намайг ганцаараа байхад банзал, янхан, гичий гээд есөн шидээр нь доромжилсон. Тухайн үед хохирогч гээд байгаа залуу юм хэлээгүй байж 4-5 хоногийн дараа гомдолтой гэж ирсэн. Нөхөр бид 2 очиж ярилцахад гомдлоо буцааж авсан. 180,000 төгрөгийн эмчилгээний зардлаа аваад болъё гэж хэлсэн боловч 20 минутын дараа нэг эгчтэйгээ хамт орж ирээд яахаараа 180,000 төгрөг л авдаг юм гээд буцаагаад гомдлоо өгсөн. Уг нь эмчилгээний зардал нь 180,000-200,000 төгрөг болно гэж хэлж байсан. Би гадаад дотоодод их сурдаг болохоор нэрийнхээ дор ямар нэг зүйл бичүүлэхийг хүсэхгүй байна. Тухайн үед л ийм зүйл болсон. Энэ хүн эхлээд миний биед гар хүрсэн. ” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 22 өнгөрөөд 23 цаг болох гэж байхад 3 найзын хамт “........ ” шөнийн клубт ороод пиво захиалсан. Тэгээд бүжгийн талбай дээр бид 3 гарч бүжиглэсэн. Тэгтэл намайг бөгс рүү нь цохисон гэж андуурсан бололтой энэ эмэгтэй намайг түлхсэн. Тэгээд би жаахан цаашаа түлхчхээд цаашаа хараад бүжиглэж байтал намайг жийж унагасан. Яагаад намайг ингэж байгаа юм бэ? гээд асуух гээд очтол тал талаас охид над руу дайраад үстсэн. Тэгээд зугтаад хамраас цус гарсан болохоор нь доошоо нойл орсон. Би М-н хумсыг хугалж гэмтээгээгүй. Би тэр гэмтлийг санаатай учруулаагүй. Мг намайг үстэхэд нь хамраа дараад зугтсан. Тэр үед өөрөө надаас зугтсан. Тэгж байхдаа гэмтсэн байж магадгүй.” гэв.

 

Эрүүгийн 2118000000110 дугаартай хэргээс:

 

С.М-н мөрдөн байцаалтад хохирогчоор 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: "...2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр миний төрсөн өдөр байсан учир хуурай эгч Г , Э  ах, манай нөхөр Ч  болон түүний дүү нарын хамт ..........-д 22 цагийн үед орсон. Тэгээд хэсэг сууж байгаад манай нөхөр надад зориулж нэг хүнээр дуу дуулуулж өгөхөд бид хоёр тайзан дээр гарч тэврэлдээд зогсож байхад дуу дуусаад манай нөхөр тайзан дээр үлдээд би ширээ рүүгээ очсон.  Ширээний ард хэсэг сууж байгаад А найзын хамт бүжгийн талбай дээр бүжиглэж байхад манай найз руу нэг цагаан цамцтай залуу ойртоод байхаар нь уурлаад түлхээд байсан. Би тоохгүй бүжиглэж байхад нөгөө үл таних залуу манай найз руу дахиад ойртоход манай найз дахиад түлхсэн. Тэгээд нөгөө залуу над руу  ойртохоор түлхсэн. Гэтэл нөгөө залуу дахиж ойртож ирснээ миний бөгсийг базахаар нь эргэж хараад өшиглөөд унагасан. Тэгээд нөгөө залуу босож ирээд намайг зодох гээд миний өөдөөс дайраад би сандал тулаад суусан. Би өөрийгөө хамгаалаад өнгөө залуугийн урдаас нүдээ аниад гараараа хий савахад миний гараас барьж аваад хазсан. Тэр үед миний хумс хугарсан. Миний гар өвдөөд гараа татаж авахад баруун гарын ядам хурууны хумс бүхэлдээ салаад уначихсан байсан. Намайг эргээд харахад тэр залуу алга болчихсон найз нь зогсож байхаар нь би нөхөртөө хумсаа харуулаад уйлсан. Тухайн үед би найзыгаа аваач ээ гэж сануулахад тэр залуу миний өөдөөс толгой дохиж харагдсан. Би тэгээд найзыг нь очиж барьж аваад нуруу хэсэг рүү нь “Найз чинь хаана байна" гэж хэлээд гараараа цохиж байхад манай нөхөр ирээд миний эхнэр гэж хэлээд хүзүүнээс нь гараараа барьж аваад тайз руу гарсан. Би тайзан дээр гараад уйлаад тэр хүнийгээ олооч ээ гэж хэлсэн. Би тухайн үед 3 шил пиво уусан. Одоо хуруу маань өвчтэй зовууртай байгаа болохоор гомдолтой байна.” гэх мэдүүлэг[1],

 

Хохирогч Д.М-ын мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 13-ны орой 23 цагийн үед өөрийн найз Д , С, Г нарын  хамтаар ............ бааранд орсон. Тэгээд хүн бүр 0,5 литрийн пиво захиалж ууж байгаад бүжиглэсэн. Энэ үед бүжгийн талбай дээр С нэг танихгүй согтуу хүүхэн эхлээд түлхээд байхаар нь бид нар анхандаа тоолгүй бүжиглэж байтал манай найз С-г нөгөө хүүхэн өшиглөөд унагачихсан чинь манай найз нөгөө хүүхэн рүү дайрахаар нь урдуур нь ороод найзыгаа авсан. Тэгээд эргээд хартал ямар ч үгийн зөрүүгүй нэг хүн миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Яг хэн цохисныг нь мэдэхгүй байна. Тэгээд би доошоо тонгойсон чинь нөгөө согтуу хүүхний нөхөр бололтой нэг залуу ирээд миний хүзүүнээс доошоо дараад ямар ч хөдөлгөөнгүй доошоо тонгойлгосон. Тэгсэн эхнэр нь болох нөгөө согтуу хүүхэд “Чи миний хумсыг хугалчихлаа” гээд орилж хашхираад миний нүүрэн тус газар 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед би тэд нарт хандаж “Та нар болиоч ээ. Хүн андуураад байна” гэж хэлэхэд нөхөр нь намайг дарчхаад огт тавихгүй байсан. Зодуулсны маргааш гэртээ ирэхэд амьсгалж чадахгүй зовууртай байхаар нь сумынхаа эмнэлэгт үзүүлэхэд Дархан-Уул аймаг руу явж үзүүл гэхээр нь Дарханд ирж үзүүлэхэд хамар хугарсан байна гэж хэлсэн. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 13-ны орой бааранд эхнэрийнхээ найзуудтай .......  бааранд байж байгаад М-тай таарсан. Тэгээд өөр өөр ширээнд сууж байхад манай эхнэр С над руу гүйж ирээд М., С хоёр хүмүүстэй муудалцаад байна гээд хүрч ирсэн. Тэгэхээр нь яваад очтол М-ыг хар өмдтэй цагаан майктай залуу хүзүүнээс нь гараараа мушгиад гараараа боосон байсан. Намайг очих гэтэл хоёр залуу намайг бариад авахаар нь би салгах гэж байна гэж хэлэхэд миний гараас тавьсан. Тэгээд намайг М руу ойртуулахгүй байсан. Би С гээд найзынхаа араас очтол манай найз хоёр Цагдаатай хамт байсан. М-ыг өшиглөж байсан хүнийг хараагүй. Хажууд нь үсээ задгай тавьсан, хар өмдтэй, хар цамцтай, махлаг эмэгтэй байсан.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Б.Ч-ий мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр .......  бааранд эхнэрийн хамт төрсөн өдөр тэмдэглэж байсан ба манай эхнэрийг найз А хамт бүжиглэж байхад цагаан фудволктой эрэгтэй найзыг нь хоргоогоод бүжиглээд байсан. Дараа нь манай эхнэрийг хоргоогоод байхаар нь манай эхнэр цаашаа гээд хоёр удаа түлхэж байхыг харсан. Намайг баарны хөгжмийн микрофоныг тохируулчхаад эргээд харахад манай эхнэрийн хумснаас цус гарчихсан над руу хуруугаа өргөөд харуулж байсан. Би эхнэр лүүгээ очих гээд бүжгийн талбай руу хүмүүсийн  дундуур ороод явахад нэг залуу бөхийсөн зогсож байхаар нь би “миний эхнэрийг яагаад байна” гэж асуухад “Та нар хүн андуураад байна” гэж хэлэхээр нь би нөгөө залууг хүзүүнээс нь тэврээд хойшоогоо тайз руу аваад явсан. Тайзны тэнд очиход миний фудволкны зүүн талын бөөр дагуу нойтон оргиод байхаар нь гайхаад хутгалуулчихсан юм болов уу гэж бодоод нөгөө залууг өндийлгөөд “Чи манай эхнэрийг яагаад байгаа юм” гэхэд “Би биш, та нар хүн андуураад байна” гэж дахиад хэлсэн. Тэгэхээр нь эргэж хараад эхнэрээсээ гарыг чинь ийм болгосон залуу хаана байна гэж асуухад мэдэхгүй гараад явчихлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Т.Х-ын мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай ах Ч-ий эхнэр М-н төрсөн өдөр гээд бид хэд караокед тэмдэглэж байгаад 22 цаг өнгөрч байхад бааранд орсон. Бүжгийн талбай дээр хэсэг хүмүүс бөөгнөрөөд байхаар нь яваад очтол нэг залуугийн нүүр хамраас цус гарсан байдалтай тонгойгоод байж байсан ба хажууд нь манай ах Ч  зогсож байхаар нь юу болсон талаар асуухад “Зүгээр зүгээр” гэж хэлсэн. Ч  ахын эхнэр М эгчийн хумс хугараад уначихсан байсан.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Х.М-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ байж байтал орой 23 цаг 18 минутын үед баарны тайзан дээр маргаан болсон. Би хамгаалагч С-ыг дуудаад очтол нэг залуугийн хамраас цус гарсан, далийсан байдалтай байсан. тэгээд би хамгаалагчийн хамт маргалдаж байсан хүмүүсийг нь үүд рүү авч гарсан. тэгэхэд нэг давхарт цагдаа нар ирчихсэн байсан. Тэр залуу “Намайг зүгээр байж байхад хүмүүс зодчихлоо” гэж хэлсэн. Тэр залуутай хамт явж байсан эмэгтэй манай найзыг зүгээр байхад нь зодчихлоо гээд маргалдсан эмэгтэйг зааж хэлсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй зодуулсан залуугийн найзынх нь гэдэс рүү хашхираад өшиглөсөн. Тэр эмэгтэй нэлээн халамцуу согтуу байсан.” гэх мэдүүлэг[6]

 

Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 13-ны орой 22 цаг өнгөрч байхад .......... бааранд орсон. Тэнд нөхөр Г-ын найз М  хэсэг хүмүүстэй явж байгаад таарсан. Тэгээд хэсэг суугаад босож бүжиглэж байхад бүжгийн талбай дээр хүмүүс бөөгнөрсөн байхаар нь очиход М-ыг хэсэг охидууд тойроод зогсчихсон нэг охин “Чи миний хумсыг хугалчихлаа” гээд манай найзыг үстээд зогсож байхаар нь би очиж нөхрөө дуудаад ирэхэд нэг том биетэй залуу тайзны дээд талд зогсчихсон М-ын хүзүүг гараараа сугадаад байж байхаар нь би наад залууг чинь аваад явъя гэж хэлэхэд дуугарахгүй байсан. Тэгээд нэг залуу түр байж бай гэж хэлэхэд М-ыг нөгөө залуу тавихаар нь би дагуулаад нойлын өрөө орж цусыг нь угаагаад нэг давхар руу очиход цагдаа нар ирсэн байсан. Тэр эмэгтэй дунд зэргийн хар үстэй, махлаг, том алаг нүдтэй эмэгтэй байсан.” гэх мэдүүлэг[7],

 

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Тухайн орой Гантуул, С, М гээд 3 найзын хамт ......... бааранд орсон. Бид дөрөв бааранд ороод пиво ууж байгаад бүжгийн талбай дээр гараад өөд өөдөөсөө хараад бүжиглэж байсан чинь С-г нэг эгч түлхсэн чинь эргэж хараад нэг юм хэлсэн. Тэгээд бүжиглэж байтал нөгөө хүүхэн араас нь өшиглөсөн. Тэгсэн манай найз уурлаад очих гэж байхад М  С-н араас бариад авсан. Тэгээд тэр эгчийн найзууд нь ирээд манай найз С-н үснээс зулгаагаад учир зүггүй зодоод байсан. М  С-г тэврээд байж байхад нэг том биетэй махлаг ах ирээд М-ын хамар руу гараараа цохиход манай найз хамраа бариад доошоо тонгойгоод сууж байхад нөгөө эгч ирээд манай найзын нүүрлрүү 2 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг[8],

 

Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Тухайн орой Д., С, М  гээд гурван найзын хамт ...... бааран дорсон. Бид дөрвийг бааранд бүжиглэж байхад манай найз С-г нэг эмэгтэй түлхэхэд бид хэд юм бодохгүй дахиад бүжиглэсэн. Тэгсэн дахиад манай найзын араас өшиглөсөн. Тэгээд манай найз яагаад юм бэ гэхэд эргээд харсан чинь  манай найзыг тэр эмэгтэй үстээд доошоо дарахад баахан хүмүүс ирээд цохисон. Манай найз М С-г очиж авах гэхэд хар цамцтай нэг залуу  М-ын нүүр лүү гараараа цохиход манай найз тонгойсон. Тэгсэн нөгөө эмэгтэй нүүр лүү нь өшиглөсөн.” гэх мэдүүлэг[9],

 

Гэрч Б.Х мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 13-ны орой 22 цаг өнгөрч байхад манай найз -, М эгч, Ч ах бас нэг найзынх нь хамт бааранд орсон. ...Баарны гэрэл асахад анайгийн гараас цус гарчихсан уйлаад зогсож байсан. Тэгээд гайхаад асуухад миний хумсыг нэг залуу хугалчихлаа гэж хэлэхэд би ямар залуу хаана байгаа юм гэж асуухад мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд нэг давхар руу буухад хоёр залуу зогсож байсан. Нэг залуугийнх нь хамраас цус гарсан. Цагдаа ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг[10],

 

Гэрч О.С-ын мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2021  оны 03 дугаар сарын 13-ны орой ......  бааранд заал хариуцаж ажилласан. Тухайн үед гаднаас нэг эмэгтэй нөхөр найзуудын хамт орж ирсэн. Тэгээд пиво захиалаад нэлээн уусан. Тэр эмэгтэйн нөхөр дижи дээр очоод дуу захиалаад тэр эмэгтэйн төрсөн өдөр гэж хэлж байсан. Бас нэг дуулдаг дижи залуу тэд нарт дуулж өгч байсан. Намайг хөргөгчний хажууд зогсож байхад нэг залуу тасраад уначихсан байхаар нь очоод босгох гээд байж байхад манай дижи хийдэг Б  намайг микрофоноор дуудсан. Намайг яваад очиход манай Х гээд залууг тэр эмэгтэй цохиход зөөгчийн хамраас цус гараад яваад өгсөн. Тэр эмэгтэйн нөхөр нэг туранхай залууг барьчихсан эхнэр нь үснээс нь зулгаагаад нүүр лүү нь өшиглөж байсан. Мөн нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг[11],

 

Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 13-ны орой 11 цаг өнгөрч байхад бааранд орж ирсэн хүмүүс маргалдаад байсан. ...Тэнд дунд зэргийн махтай, дунд зэргийн өндөртэй нэг эгч нэг туранхай залуугийн үсийг зулгаагаад доошоо дарчихсан нөгөө залуугийн хамраас цус гарсан байсан. Тэр зодуулсан залууг салгах гээд очтол тэр зодоон хийгээд байсан эгч миний хамар луу гараараа цохих гээд хальт шүргэх шиг болсон.” гэх мэдүүлэг[12],

 

Гэрч М.Б-ий мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар арын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Би ......  бааранд дижи хийдэг. Намайг 2021 оны 03 дугаар сарын 13-ны орой ажлаа хийгээд байж байгаад тайзны доошоо харахад шалан дээр цус нөж болчихсон олон хүмүүс бужигнаад хэн хэн нь мэдэгдэхгүй байхаар нь микрофоноор хамгаалагчаа дуудахад манай хамгаалагч ирээд тэр хавийн хүмүүсийг салгах гээд байхад салахгүй байсан. Тэгээд тэр хүмүүс салахгүй байхаар нь тайзны гэрлийг өгсөн. Тэр дунд байсан нэг эмэгтэй анх бааранд орж ирэхээсээ өмнө өөр танихгүй хүмүүсийг алгадаж бариад байсан. Миний таньдаг Ч гэдэг ах миний хажууд тайзан дээр байж байхад тэр хүмүүс маргалдах үеэр алга болчихсон байсан. Ч ах нэг залууг хүзүүнээс нь тэвэрсэн тайзан дээр гараад ирсэн. Би тайзны гэрлийг нь асаагаад буцаж унтаагаад хөгжим тавиад байж байхад маргаан үүсгээд яваад байсан эмэгтэй ирснээ намайг хөгжмөө ав. Миний гарыг ийм болгосон байна гэж хэлээд намайг алгадаад бас өшиглөсөн. Тэгээд манай менежер салгасан.” гэх мэдүүлэг[13],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 178 дугаартай “...Д.М-ын биед хамар ясны үүн талын хугарал, таславчийн муруйлт, баруун зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[14],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 238 дугаартай “...С.М биед 4 дүгээр хурууны хумсны толионд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт[15] болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч С.М, Б.С нарт холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.М нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ......  бааранд иргэн Д.М-тай зодож эрүүл мэндэд нь хамар ясны үүн талын хугарал, таславчийн муруйлт, баруун зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.С нь мөн цаг хугацаанд иргэн С.М-н гарыг базаж баруун гарын 4 дүгээр хурууны хумсны толионд шарх бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.М нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ........  аймгийн ....... сумын .......  дугаар багт байрлах ...... бааранд иргэн М-ыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.С нь мөн цаг хугацаанд иргэн С.Мн эрүүл мэндэд мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.С, С.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.  

 

Шүүгдэгч С.М, Б.С нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулаагүй гэж маргах боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.

Харин дээрх хуульд зааснаар хохирогч, гэрч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.М, Б.С нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй байх тул тэдний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.М, Б.С нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, мөн шүүгдэгч, хохирогч нарын зан харилцаа, ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Д.М-ын эрүүл мэндэд учирсан хамар ясны үүн талын хугарал, таславчийн муруйлт, баруун зовхинд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, мөн хохирогч С.М-н баруун гарын 4 дүгээр хурууны хумсны толионд шарх бүхий гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.М, Б.С нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг  хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, тэднийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хохирогч Д.М , С.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлын баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч С.М, Б.С нараас энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Харин хохирогч Д.М , С.М нар нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Б.С нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.М, Б.С нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээдүүд байна.

Шүүгдэгч С.М, Б.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүхээс шүүгдэгч С.М, Б.С нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч С.М, Б.С нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.М, Б.С нарт нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт С-ийн М, Б овогт Бн С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Б.С нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Б.С нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Б.С нарт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Д.М , С.М нар нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.М, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 24-25 тал

[2] Хавтаст хэргийн 29 тал

[3] Хавтаст хэргийн 33 тал

[4] Хавтаст хэргийн 35 тал

[5] Хавтаст хэргийн 37 тал

[6] Хавтаст хэргийн 39 тал

[7] Хавтаст хэргийн 41 тал

[8] Хавтаст хэргийн 43 тал

[9] Хавтаст хэргийн 45 тал

[10] Хавтаст хэргийн 52 тал

[11] Хавтаст хэргийн 54-55 тал

[12] Хавтаст хэргийн 57 тал

[13] Хавтаст хэргийн 59 тал

[14] Хавтаст хэргийн 52-53 тал

[15] Хавтаст хэргийн 72-73 тал