Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2119000240040 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Ч.Т

Холбогдсон хэргийн талаар;

Яллагдагч Ч.Т нь 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрх чөлөөний 12-08 тоотод О.Сод-Эрдэнийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хохирогч О.Сод-Эрдэнийн эрүүл мэндэд баруун дээд 1, 2 дугаар шүд, зүүн доод 2 дугаар шүдний булгарал, баруун дээд 3 дугаар шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт; “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлсэн, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч О.Сод-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дахь төв уурын зуухны зүүн талын хашаанд Ганмөнхийн гэрт нь Ганмөнх, Уртнасан, Т, Баттогтох нарын хамтаар архи уусан. ...би Тгийн араас нь гарч байхдаа цээжээрээ мөргөсөн юм, тэгсэн Т ямар нэгэн юм хэлж ярилгүй шууд цохисон. Баруун гараараа миний дээд талын 3 шүдийг мулт цохиж унагаасан.” гэсэн мэдүүлэг /хх-6/,

Ч.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Би Сод-Эрдэнийг юунаас болж цохиж, зодож гэмтээсэн гэдгээ мэдэхгүй байна. Би маргааш нь бил үү нөгөөдөр нь Сод-Эрдэнэтэй уулзсан. Уртнасан маргааш нь “чи Сод-Эрдэнийг цохисон” гэж хэлсэн, би өөрөө бол мэдэхгүй байна. Намайг Сод-Эрдэнийг цохиход Уртнасан харсан юм шиг байна лээ.” гэсэн мэдүүлэг /хх-16/,

Гэрч Б.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Т, Ганмөнхийн гэрээс гарч байгаа харагдсан, тэгсэн Сод-Эрдэнийн нүүр рүү Т нэг удаа тохойлдох шиг харагдсан. ...Маргааш нь манайд Сод-Эрдэнэ ирээд миний гурван шүд байхгүй болчихсон байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-28/,

Иргэн О.Сод-Эрдэнийн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-3/, амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-29-30/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 02/030 дугаартай “...О.Сод-Эрдэнийн биед баруун дээд 1, 2 дугаар шүд, зүүн доод 2 дугаар шүдний булгарал, баруун дээд 3 дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт 10% нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-32/,

Хохирогч О.Сод-Эрдэнийн “...2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Санаа гэдэг залууд шүдээ цохиулсан, гомдол саналгүй тул хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү. Хохирлыг бэлэн мөнгөөр барагдуулсан. 50.000 төгрөгөөр шүд хийлгэсэн.” гэсэн хүсэлт /хх-35/,

Ч.Тгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-40/ болон түүний нэр, регистрийн лавлагаа /хх-41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/,

Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 109 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-69-72/,

Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-73-76/,

Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 175 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-77-83/,

Ч.Тгийн “...би хохирогч О.Сод-Эрдэнийн хохирол, мөнгийг бүрэн барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэсэн хүсэлт /хх-84/,

Хохирогч О.Сод-Эрдэнийн “...Одоогоор надад гомдол санал байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.” гэсэн хүсэлт /хх-85/ зэрэг болно.

          Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

          Шүүгдэгч Ч.Т нь 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Эрх чөлөөний 12-08 тоотод О.Сод-Эрдэнийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд 1, 2 дугаар шүд, зүүн доод 2 дугаар шүдний булгарал, баруун дээд 3 дугаар шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн;

шүүгдэгч Ч.Тгийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

          хохирогч О.Сод-Эрдэнийн “...Т ямар нэгэн юм хэлж ярилгүй, шууд цохисон. Баруун гараараа миний дээд талын 3 шүдийг мулт цохиж унагаасан.” гэх,

Ч.Тгийн “...Уртнасан маргааш нь “чи Сод-Эрдэнийг цохисон” гэж хэлсэн, би өөрөө бол мэдэхгүй байна. Намайг Сод-Эрдэнийг цохиход Уртнасан харсан юм шиг байна лээ.” гэх,

гэрч Б.Уртнасангийн “...Т, Ганмөнхийн гэрээс гарч байгаа харагдсан, тэгсэн Сод-Эрдэнийн нүүр рүү Т нэг удаа тохойлдох шиг харагдсан. ...Маргааш нь манайд Сод-Эрдэнэ ирээд миний гурван шүд байхгүй болчихсон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүд, болон иргэн О.Сод-Эрдэнийн Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Анхбаярын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 02/030 дугаартай дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгчдийн карт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

          Хохирогч О.Сод-Эрдэнийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно. 

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Ч.Тг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах нь гэм буруугийн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч Ч.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувьд удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдал болон улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан,

          “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчмуудад нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Бусад асуудлын талаар;

Шүүгдэгч Ч.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тэрээр цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч. Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Тд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч Ч.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба тэрээр цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

          6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХТУНГАЛАГ