Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

Улсын яллагч Б.Өлзийбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан

Хохирогч Х.Н

Шүүгдэгч Г.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Ш овогт Ггийн Пад холбогдох 201507000157 дугаарын эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, тусгай дунд боловсролтой, эрэгтэй, цахилгаанчин мэргэжилтэй, **настай, ам бүл *, *** хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын **** тоотод оршин суух  бүртгэлтэй, ********* регистрийн дугаартай, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 150 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон, төрөөс авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хувьдаа эд хөрөнгөгүй, Ш овогт Г-гийн П,

Яллагдагч Г.П- нь 2015 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн нутагт байсан **** ГАА улсын дугаартай автомашин дотроос 2 хайрцагтай утаат тамхи хулгайлж, хохирогч Х.Н-ад 2.212.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр давтан үйлдлээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн ****** оршин суух иргэн Ө.Ц-ийн гэрт хууль бусаар нэвтэрч хуучин ашиглаж байсан Самсунг маркын гар утас, дунд гарын шинэ цагийн мөнгөн аягыг хулгайлж хохирогч Ө.Ц-д 230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.П- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би байшингийн хажуугаар гарч байхад машин байсан дотор нь юу байгааг мэдээгүй, хажууд нь очих үед хайрцагтай юмнууд байсан. Тэгээд ойртоод харах үед хайрцагтай тамхи байсан. Машины цонхоор хоёр хайрцаг тамхи авсан. Нэг тамхийг нь татаад бусдыг нь хүмүүст зарсан. Ц-ийн гэрийн хажуугаар гараад явж байхад гэрт нь хүн байхгүй байсан. Би гэрт нь ороод мөнгөн аяга, утас хоёрыг аваад явсан. Хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна. Намайг машин дотроос тамхи авах үед 1 цаг болж байсан байх, би аваад таксигаар гэртээ аваачаад хашаа, амбаар хоёрын завсраар хийсэн тул аав, ээж 2 хараагүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хүний хохирлыг барагдуулж өгнө. Би замын ажил хийж хохирлыг нь төлөөд түүнээс хойш ажил хийнэ, дахиж хулгай хийхгүй гэв.

Хохирогч Х.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 08 дугаар сард Бигэр сумд алт гарч байсан. Би тэр тамхийг Бигэр сумын алт гарч байгаа газарт авч очиж зарах гэж “****” ХХК-с зээлж авсан байсан. Тэгээд хулгайд алдсан. “******” ХХК мөнгөө нэхээд би өөрөө төлсөн. Тамхи алдсан өглөө хүүхдээ Улаанбаатар хот руу явуулахаар тендер дээр очиж явуулаад цагдаа дээр очиж тэмдэглүүлсэн. Хоёр авдар тамхи байсан. Нэг авдарт нь 50 блок байдаг. Нэг авдарт нь Улаан шонхор нэртэй тамхи байсан. Нөгөө авдарт нь үнэтэй тамхи байсан. Нийтдээ 2.212.000 төгрөгийн тамхи байсан хохирол төлөгдөөгүй байгаа гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Н.Ж-ын мэдүүлэг /хх 68-рт/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх 120-122-рт/, О-н дэлгүүрээс эд зүйл хулгайлсан боловч хохирлын хэмжээ хүрээгүй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал /хх 154-187-рт/, 2015 онд ялыг өршөөн хэлтрүүлсэн шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтад үзлэг хийв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн хүсэлтээр: Харзат багийн Засаг даргын тодорхойлолт /хх 82-рт/, хохирогч Ө.Ц-йн мэдүүлэг /хх 124-рт/, гэрч В.Б-гийн мэдүүлэг /хх 125-рт/, гэрч Ш.Г-гийн мэдүүлэг /хх 26-рт/ зэрэг нотлох баримтад үзлэг хийв.

 

Шүүгдэгч Г.П- нь 2015 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн нутагт байсан **** ГАА улсын дугаартай автомашин дотроос 2 хайрцагтай утаат тамхи хулгайлж, хохирогч Х.Н-ад 2.212.000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр давтан үйлдлээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн ** тоотод оршин суух иргэн Ө.Ц-н гэрт хууль бусаар нэвтэрч хуучин ашиглаж байсан Самсунг маркын гар утас, дунд гарын шинэ цагийн мөнгөн аягыг хулгайлж хохирогч Ө.Ц-д 230.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж  дүгнэлээ.

Шүүгдэгч Г.П-ад холбогдох үйлдлийг аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг давтан, орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, 5 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь шүүгдэгч Г.П- нь 2015 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө **** ГАА улсын дугаартай автомашин дотроос 2 хайрцаг тамхи хулгай хийх үедээ 18 насанд хүрээгүй байсан түүнчлэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй, урьд нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан, мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан бөгөөд өөрийн хувьд ноогдох  өмч хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул эд хөрөнгө хураах ял оногдуулахгүйгээр баривчлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.П-ад Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд арван найман насанд хүрээгүй этгээд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

 

  Хавтаст хэргийн 19-р хуудсанд авагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон актанд хохирогч Х.Н-ын алдагдсан гэх эд зүйлийн нийт үнэлгээ нь 2.239.000 төгрөг болсон хэдий ч улсын яллагчийн яллах дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Н нь 2.212.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн байх тул   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.П-аас 2.212.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-ад олгох үндэслэлтэй байна.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.П- нь хохирогч Ө.Ц-д төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь тухайн хэрэг үйлдэл болсон байдлыг нотолсон, хоорондоо зөрүүгүй байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой байна гэж үнэлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Г-гийн П-ыг бусдын эд хөрөнгийг давтан, орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-ын эд хөрөнгийг хураахгүйгээр, 5 сарын хугацаагаар баривчлах ялаар  шийтгэсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.П-аас 2.212.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-ад олгосугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ө.Ц-ад төлөх төлбөргүй, ялтан нь Г.П- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Ялтан Г.П-ын ********* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

6. Ялтан Г.П-ыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА