Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2014/0311

 

 

 

 

 

Г.Н-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд Ц.Э, түүний өмгөөлөгч Д.Э нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Н-н нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 470 дугаар захирамжийн Ц.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй." гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2005 онд амины орон сууцны зориулалтаар газар олгосон тухай мэдэгдлийг Г.Н-д олгосон боловч 2006 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ц.Э-д шилжүүлэхийг хүссэн өргөдөл гарган иргэний үнэмлэхийн хуулбаруудыг хавсаргасан байсан. 2012 оны захирамжийг гаргахдаа холбогдох нотлох баримтуудыг үндэслэсэн бөгөөд тухайн өргөдлийн дагуу Ц.Э-д газрыг эзэмшүүлсэн. Иргэдийн хэлцлийн хүчин төгөлдөр эсэхийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ. Одоогоор энэ нь хүчинтэй хэвээр байгаа тул Засаг даргын захирамж хуулийн дагуу гарсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

0:Юоситеп15\НЕКЕӨ\Е.НаНипЬауаг\5Гшс1уег1е1\<З.Магапдеге1\0.№гапдеге1 МадасНаШосх

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Би Г.Н-с тухайн газрыг худалдаж авч, нотариатаар баталгаажуулсан. Газрын албанд өргөдлөө хамт очиж өгч байсан. Газрын албанаас эхлээд газрыг Г.Н-н нэр дээр гаргаад дараа нь шилжүүлнэ гэж байсан. Үүний дагуу аймгийн Засаг даргын захирамжууд гарсан. 2008 оны 224 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газрыг хуваарилсан гэсэн болохоос эзэмшүүлсэн агуулгагүй, Газрын албатай гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн бие даасан шаардлага гаргаж байна” гэжээ.

                       Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны

өдрийн 29 дүгээр шийдвэрээр: 1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан "Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11-р сарын 16-ны өдрийн 470 дугаар захирамжийн Ц.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн Г.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг баримтлан Ц.Э-н "бие даасан шаардлага"-ыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Г овогтой Н миний бие нь 2006 оны 09 сараас 2014 оны 06 сар хүртэл БНСУ-д амьдарч байгаад ирсэн. Миний бие нь Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 470 тоот захирамжийн Ц.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Орхон аймгийн захиргааны хэргийн шүүх иргэн Г.Н миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгч иргэнийг нь байхгүй байгааг ашиглан үнэн зөвийг нь ололгүй, хэт нэг талыг барьж иргэн Ц.Э-н талд шийдвэрлэсэн байна гэж үзэж дараах байдлаар давж заалдах гомдлын үндэслэлээ гаргаж байна.

Нэгдүгээрт, Г.Н миний бие нь 2004 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 11 дүгээр хорооллын Г-12 тоот газрыг хуваарилуулан авч, гэрчилгээний үнийг тушаан зохих ном журмынх нь дагуу Амины орон сууцны газар олгосон тухай мэдэгдэл авсан болно.

Хоёрдугаарт, 2008 оны 224 тоот Орхон аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамжид Г.Н миний нэр газар эзэмшүүлэх иргэдийн нэрсийн Г-12-т бичигдэж газар эзэмших эрх үүссэн.

Гуравдугаарт, уг захирамж нь 2008 онд гарч, үүнээс хойш эрх зүйн үр дагавар бүхий ямар нэгэн үйлдэл хийгдээгүй байхад 2012 онд гарсан Орхон аймгийн Засаг

 

&

даргын 470 тоот захирамжид Г.Н миний эзэмшлийн газрыг Ц.Э-д эзэмшүүлэхээр гарсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт, Газрын алба тайлбарлахдаа 2006 онд гаргаж өгсөн өргөдлийг үндэслэн 2012 онд шийдвэрлэсэн гэдэг. Иргэдийн санал, хүсэлтийг 30 хоногийн хугацаанд шийдвэрлэж хариу өгдөг атал 6 жилийн хугацаа өнгөрсний дараа захирамж, тушаал гаргаснаас өмнөх өргөдөл хүсэлтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүйгээр Ц.Э-г хамгаалсан тайлбар гэж бодож байна.

Тавдугаарт, миний бие нь 2006 онд хүсэлт гаргаж нотариатаар баталгаажуулж өгсөн байсан ч 2008 онд гарсан Засаг даргын захирамжид Г.Н миний нэр дээр уг газрыг эзэмших эрх нь үүссэн байхад 2006 оны баримтаар газар эзэмших эрхийг солих боломжгүй гэж үзэж байна.

Зургаадугаарт, 2008 онд гарсан Засаг даргын 224 тоот захирамжид газар хуваарилуулж авсан эзэн нь Г.Н гэж заагдчихсан байхад анхан шатны шүүх 2006 онд гаргасан хүсэлт, өргөдлийг үндэслэл болгон үзэж, бодитой үнэлэлт дүгнэлт хийж хянан үзсэнгүй.

Долоодугаарт, шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д Г.Н, Ц.Э нарын хооронд хийгдсэн тохиролцоо хэлцлийг эрх зүйн дагуух үйлдэл гэж үзэв гэжээ. Үнэн хэрэгтээ Ц.Э бид хоёрын хооронд хийгдсэн ямар нэгэн хэлцэл тохироо байхгүй ба миний бие нь Ц.Э-г мэдэхгүй, таних ч үгүй юм.

Наймдугаарт, Ц.Э нь мэдүүлэхдээ Г.Н нь БНСУ явах гээд мөнгөний хэрэгтэй байна. Энэ газрыг зарах гэсэн юм гэж яриад газраа үзүүлж зарсан гэж мэдүүлсэн нь ор тас худал хуурмаг юм. Миний бие нь Ц.Э-тэй уулзаж, учирч байгаагүй ийм үг яриа ч яриагүй. Нэг төгрөг ч энэ хүнээс аваагүй болно. Г.Н миний бие нь 2006 онд өргөдөл гаргаж хүсэлт гаргасан бодит үнэн нь би 2006 онд иргэн Б гэгч хүний ломбардаас эртний мөнгөн тоногтой хэт хутга барьцаалан 150 000 төгрөг авсан юм. Энэ үед нөхөр маань осолд орж нуруу, нугасандаа хүнд гэмтэл авч хэвтэрт орон БНСУ руу эмчилгээнд явахаар болсон байсан тул мөнгө төгрөгийн боломжгүй болж ломбардын мөнгөө төлж чадаагүй юм. Ломбардын эзэн Б гуай гэрт ирж барьцаанд тавьсан хэт хутгаа авахыг шаардаж орон нь өөр юм тавь гэсэн. Энэ үед надад өгөх өөр юм байгаагүй тул уг газар байгаагаа хэлсэн. Гэтэл Б гуай тэр газраа Ц.Э-н нэр дээр шилжүүлж өгөхийг санал болгосноор Б гуайтай хамт нотариатын газар очиж, хүсэлт бичиж өгсөн юм. Өр зээлээ төлөхгүй бол хил, гааль дээр хаалт хийлгэнэ гэж яриад байхаар нь хийж өгсөн. Одоог хүртэл уг газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа хийгдээгүй, эзэмшигч нь ч тодорхой бус байгаа болохоор нь миний бие хуваарилуулж авсан газраа өөрөө эзэмшихийг хүсэж байна. Би Ц.Э-тэй ямар нэгэн холбоо, өгөө, аваа байхгүй тул Ц.Э нь газар эзэмшлийн маргаанд оролцох хууль зүйн үндэслэл байхгүй хүн гэж үзэж байна.

 

Иймээс, иргэн Б-д ломбардын өр авлагын тооцоо хийж, хуваарилуулж авсан хуваарьт газраа өөртөө үлдээж авахыг хүсэж байна. Би 2006 оны 09 дүгээр сарын 12-нд БНСУ руу нөхрийгөө эмчлүүлэхээр авч яваад тэндээ ажиллаж, амьдарч байгаад 2014 оны 05 дугаар сарын 03-нд эх орондоо ирсэн ба тэнд амьдарч байх хугацаандаа өмгөөлөгч Р.Ц-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгож, өөрийн биеийг төлөөлүүлж байсан юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц нь 2013 оны 11 дүгээр сарын 18-нд давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан боловч тус шүүх нь гомдол гаргах эрх үүсгэхгүй шалтгаанаар гомдлыг буцаасан байгаа юм. Г.Н миний бие нь 2014 оны 07 дугаар сарын 02-нд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр гардаж авч, гомдол гаргаж байгаа тул энэ хугацаанаас давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргах хугацааг маань тооцож, хүлээж авна уу. Миний нэхэмжлэлийг хянан үзэж, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Н-д Орхон аймгийн Газрын албанаас /хуучин нэрээр/ "... 11-г хэсгийн 12 тоот газрыг амины орон сууцны зориулалтаар урьдчилан олгосон болохыг мэдэгдэж, мөн 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор Г.Н нь аймгийн Газрын албанаас тавьсан тодорхой шаардлагыг биелүүлсэн нөхцөлд, газартаа барилгын улаан шугамыг Газрын албаар тавиулах бөгөөд барилгын суурийн ажил хийгдсэний дараа, уг газрыг түүнд өмчлүүлэх” тухай “Амины орон сууцны газар олгосон тухай мэдэгдэл” 260 гэсэн хуудсыг түүнд хүргүүлжээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана”,

25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ” гэж тус тус зааснаар иргэнд газар өмчлөх эрх үүсэх нөхцөлийг тодорхой заажээ.

Тиймээс, Орхон аймгийн Газрын албаны “Амины орон сууцны газар олгосон тухай мэдэгдэл” 260 гэсэн хуудас нь иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх эрх олгосон хууль ёсны бичиг баримт /эрхийн бичиг, гэрчилгээ, шийдвэр/ биш бөгөөд харин Г.Н-г уг мэдэгдэлд тусгасан тодорхой нөхцөл, шаардлагыг биелүүлсэн тохиолдолд, түүнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх боломжтой гэдгийг мэдэгдсэн албан бичиг байна.

Гэтэл Г.Н нь уг мэдэгдлээр өөрт нь газар өмчлүүлсэн, эзэмшүүлсэн гэж ойлгож, "... өөрийн эзэмшлийн болох 11 дүгээр хорооллын Г-ийн 12 тоот катежийн газрыг хамаатан болох Ц овогтой Э-д шилжүүлэн өгч байгаа тул уг газрын эрхийн бичиг, гэрчилгээг Ц.Э-н нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн өргөдлийг Орхон аймгийн Газрын албанд 2006 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байна.

Нэхэмжлэгч Г.Н нь дээрх өргөдлийг аймгийн Газрын албанд гаргаснаар, маргаан бүхий газрыг эзэмшиж, өмчилж авахаар анх гаргасан хүсэлтээсээ татгалзсан, уг эрхээ гуравдагч этгээд Ц.Э-д шилжүүлэн, түүнээс мөнгө авсан, мөн уг өргөдлийг өөрөө гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, гэрч Л.Б-н мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа, мөн нэхэмжлэгчийн анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасны дагуу гаргасан хүсэлтээсээ Г.Н нь татгалзаж, тэр тухайгаа эрх бүхий газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдсэн гэж үзэхээр байна.

Тиймээс захиргааны байгууллага, албан тушаалтан Г.Н-г газар өмчлөх, эзэмших хүсэлтээсээ татгалзаж, Ц.Э-д шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэж, иргэн Ц.Э-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 470 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасантай нийцжээ.

Мөн Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 224 дүгээр захирамжийн хавсралтаар Хүрэнбулаг баг, “Г” хэсэгт амины орон сууцны зориулалтаар газар хуваарилагдсан иргэдийн нэрсийн жагсаалт хэсгийн “12-т Г.Н” гэж надад газар өмчлүүлсэн, тиймээс би маргаан бүхий газрыг эзэмших, өмчлөх эрхтэй гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн гомдол нь үндэслэлгүй юм.

Учир нь дээрх 224 дүгээр захирамж нь “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 11 дүгээр хороололд амины орон сууцны барилга барих зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг төсөл сонгон шалгаруулалтад орж ялагчаар шалгарсан аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлэх”, мөн “амины орон сууцны зориулалтаар газар хуваарилуулан авсан иргэдийн нэрсийг жагсаалтаар баталж”, “барилга байгууламж баригдаж дууссаны дараа амины орон сууцны бариулсан иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэхийг аймгийн Газрын алба, хотын Захирагчийн албанд үүрэг болгосон”, маргаж буй газрыг тодорхой нөхцөл болзолтойгоор, аж ахуйн нэгж байгууллагад түр эзэмшүүлсэн, зохион байгуулалтын шинжтэй гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр байна.

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Н-д газар

 

өмчлүүлэхээр, эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр биш байна.

Тиймээс Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 224 дүгээр захирамжийн хавсралтын “Г” хэсгийн 12-т Г.Н гэж бичигдсэн гэсэн үндэслэлээр, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 470 дугаар захирамжийн Ц.Э-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгч Г.Н-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн, анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ШҮҮГЧИД

Э.ХАЛИУНБАЯР

       
     
 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: